Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 218/МА2023/00011

 

 

Ц.Бийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Т даргалж, шүүгч Р.М, Ц.О нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар 

Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ганчимэг даргалж, шүүгч Д.У, Г.Б нарын бүрэлдэхүүнтэйгээр шийдвэрлэсэн 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 139/ШШ2023/00.. тоот шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Ц.Бийн нэхэмжлэлтэй, хариуцагч М.Бд холбогдох гэм хорын хохиролд 4384700 төгрөг гаргуулах тухай хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Ц.Оийн илтгэснээр хянан хэлэлцэв.

  Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М, хариуцагч М.Б, хариуцагчийн өмгөөлөгч Ч.С, нарийн бичгийн дарга Ж.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

   1.Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга: “... Нэхэмжлэгч миний бие 2020 оны 3 дугаар сард Солонгос улсаас орж ирсэн Хьюндай Соната-7 маркийн 19-.. ДУА улсын дугаартай тээврийн хэрэгслийг өөрийн нэр дээр худалдаж авч байсан. Тус тээврийн хэрэгслээр Дундговь аймгийн С суманд таксинд явдаг. 2022 оны 2 дугаар сарын 18-ны өдөр намайг гэртээ байж байхад хүүхдийн төлөө төв оруулаад өгөөч гээд манай урд айлын хоёр хүн гуйгаад аймгийн Хүүхдийн төлөө төв рүү гараад явсан. Тэгээд М зочид буудлын уулзвараар ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлтэй, төв замаар явж байсан. Төв замаар явж байсан тул чигээрээ уулзвар нэвтэрсэн. Гэтэл ертөнцийн зүгээс хойд талаас буюу миний баруун гар талаас Портер маркийн 65-.. ДУА улсын дугаартай тээврийн хэрэгсэл гэнэт орж ирээд бидний машинууд мөргөлдсөн. Мөн тус тээврийн хэрэгслийг М.Б гэх хүн жолоодож явсан. Надтай хамт явж байсан хоёр хүн болон миний хувьд ил харагдах гэмтэл шархгүй байсан тул шүүхийн шинжилгээний албанд үзүүлээгүй. Гэхдээ одоо надад толгой өвдөх, баруун тохой, баруун өвдөг өвдөх зовиурууд байнга илэрч байна. Тус зам тээврийн ослоор намайг хохирогчоор тогтоон 22220000.. дугаартай зөрчлийн хэрэг нээж, тус хэрэг эцэслэн шийдвэрлэгдсэн тул өөрт учирсан хохирлоо гаргуулахаар шүүхэд хандаж байна. Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн Замын хөдөлгөөний дүрмийн багш Ц.Нын 2022 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 02 дугаар шинжээчийн дүгнэлтээр Портер маркийн 65-.. ДУА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч М.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.9. Гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэсэн дүрмийн заалтыг зөрчсөн байна. Соната-7 маркийн 19-.. ДУА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Ц.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.2.11. “Давуу эрх” гэж бусад замын хөдөлгөөнд оролцогчоос хөдөлгөөнөө урьтан хийх эрхийг хэлнэ гэсэн заалтын дагуу замын хөдөлгөөний замын хөдөлгөөнд давуу эрхтэй оролцож яван. Уг зам тээврийн осол болсон шалтгаан нь Портер маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч нь гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэсэн дүрмийн заалтыг зөрчсөнөөс үүссэн талаар дүгнэлт гаргасан. Миний тээврийн хэрэгсэл 2022 оны 2 дугаар сарын 18-ны өдрөөс хойш эвдэрсэн байдалтай манай хашаанд байна. Хариуцагч М.Б нь осол болсноос хойш нэг ч удаа надтай холбогдоогүй. Хохирол төлбөрийг төлөх ямар ч арга хэмжээ аваагүй. Би байнгын орлогогүй, эрхэлсэн тодорхой ажилгүй тул тээврийн хэрэгслээ засуулж чадалгүй өнөөдрийг хүрч байна. Ямар ч байсан бие махбодь минь тухайн үед гайгүй байсанд баярлаж байна. Гэхдээ автын ослын хор уршиг сүүлд нь гарч ирдэг гэдэг үнэн юм байна. Өнөөдрийн байдлаар мөргөлдсөн талаар тохой, өвдөг өвдөж байгаа. Энэ талаар эмнэлгийн байгууллагад хандаж, дүгнэлт гаргуулна. Тээврийн хэрэгслээрээ хохироод өнөөдрийг хүртэл 3 сарын хугацаанд шүүхэд хандтал хохироосон этгээд нь ямар ч хохирол төлбөр төлөхгүй явж байгаад туйлын харамсаж байна. Иймд миний бие өөрийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирол болох А ХХК- ийн үнэлгээгээр тогтоогдсон 4.125.000 төгрөг болон үнэлгээний зардалд төлсөн 241700 төгрөг, мөн нотариатын зардалд төлсөн 18.000 төгрөг, нийт 4.384.700 төгрөгийг М.Бээс нэхэмжилж байх тул шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

2.  Хариуцагчийн хариу  тайлбарын  агуулга: ...Ц.Б надаас 4384700 төгрөг нэхэмжилсэн байна. Дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь: 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр С сумын 7 дугаар багийн нутаг М зочид буудлын урд талын 4 замын уулзвар дээр гарсан зам тээврийн ослын асуудал дээр аймгийн Цагдаагийн газраас шалгаад Соната-7 маркийн 19-.. ДУА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ц.Б ч тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ машин барьж жолоодсон нь Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэж түүнийг 200000 төгрөгөөр, намайг 100000 төгрөгөөр торгож шийдвэрлэж байсан.

Энэ асуудлыг шалгасан байцаагч Т ч та хоёр хоёулаа буруутай гэж надад тайлбарлаж өгсөн. Хэрвээ буруу шийдвэрлэсэн бол шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарлаж өгөөгүй, хэрвээ намайг буруутгасан шийдвэр гарсан байсан юм бол би гомдол гаргах байсан, шүүхэд гомдол гаргадаг гэж би огт мэдээгүй.

Би болсон асуудлыг үнэн зөвөөр нь шалгуулах гэж удаа дараа шалгаж байсан байцаагч болон прокурорын байгууллагад хүсэлт, гомдол гаргаж байсан, шалгасан материалд байгаа гэж найдаж байна...

Ингээд би аль аль нь буруутай юм байна гэж ойлгоод өнгөрсөн, гэтэл одоо Ц.Б нь надаас 4384700 төгрөг нэхэмжилж байгааг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Хэрвээ Ц.Б нь надад холбогдуулан нэхэмжлэл гаргаж байгаа бол надад учирсан хохирлыг ч мөн адил тэр хариуцах ёстой гэж би үзэж байна. Материалд авагдсан баримтуудыг хянаж үзвэл дутуу шалгагдсан нь бүрэн дүүрэн харагдах болно.

Иймд Ц.Бээс нэхэмжилсэн 4384700 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ

3. Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

3.1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч Б овогт Мийн Б /РД:/-ээс 1.770.000 /нэг сая долоон зуун далан мянган/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О овогт Цийн Б /РД:/-Д олгож, нэхэмжлэлээс үлдэх 2.614.700 /хоёр сая зургаан зуун арван дөрвөн мянга долоон зуун/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

3.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч М.Б нь гэм хорын хохиролд 2.075.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож,

3.3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.Бийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 85.105 /наян таван мянга нэг зуун таван/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Бээс 43.270 /дөчин гурван мянга хоёр зуун далан/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Бд олгож, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 48.150 /дөчин найман мянга нэг зуун тавин/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мын давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон тайлбарын агуулга: ... Анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх эсэхийг хангахгүй орхисныг эс зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах нь зүйтэй гэж үзэж байна.

Учир нь,

  1. Хууль буруу тайлбарлан хэрэглэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн тухайд:

Нэхэмжлэгч Ц.Б нь 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Дундговь аймгийн С сумын 7-р багийн нутаг дэвсгэр Дөрвөн замын уулзварт зам тээврийн осолд өртөж эд хөрөнгө буюу тээврийн хэрэгслээрээ хохирсон...

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.8 дахь хэсэгт Цагдаагийн байгууллагын эрх бүхий албан хаагч Зөрчлийн тухай хуулийн ...14.7 дахь... хэсэгт заасан зөрчлийг шалгаж шийдвэрлэнэ. Энэ шийдвэрт мөн хуулийн 1.12 дугаар зүйлд зааснаар Прокурорт гомдол гаргах эрхтэй.

Гэвч М.Б нь эрх бүхий албан хаагчийн түүнд Зөрчлийн тухай хуулийн дугаар зүйлийн 51 дэх хэсэгт заасан зөрчилд ногдуулсан 0025425 дугаар шийдвэр /шийтгэлийн хуудас/-т прокурорт гомдол гаргаагүй, тус шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон.

Мөн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Эрүүгийн хэргийн шүүх нь энэ хуулийн 1.8 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт заасан зөрчлийг харьяаллын дагуу, энэ хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.1, ...6.8, ... дахь заалтад заасан эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан, шийтгэлээс чөлөөлсөн шийдвэрт гаргасан оролцогчийн гомдол, прокурорын дүгнэлтээр анхан шатны журмаар, оролцогчийн гомдол, прокурорын эсэргүүцлээр давж заалдах шатны журмаар зөрчил хянан шийдвэрлэнэ, мөн хуулийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ...шийтгэл оногдуулсан шийдвэрийг эс зөвшөөрвөл тухайн шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдрийн дотор Эрүүгийн хэргийн шүүхэд гомдол гаргана гэж тус тус заасан.

Дээрхээс үзэхэд маргааны зүйл болсон авто тээврийн хэрэгслийн осолтой холбоотой асуудлыг Цагдаагийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан шалган шийдвэрлэх бөгөөд тус шийдвэр нь оролцогчдын гомдлоор эцсийн байдлаар Эрүүгийн хэргийн шүүхэд харьяалагдан шийдвэрлэгдэхээр байна.

Гэвч энэ хэргийн оролцогчид нь гомдол гаргаагүй тул Цагдаагийн байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр эцсийн байдлаар хүчин төгөлдөр болсон...

Хууль мэдэхгүй нь хуулийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.

Нэхэмжлэгч нь иргэний хэргийн анхан шатны шүүхэд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр хохиролд үнэлгээ хийсэн “А” ХХК-ийн үнэлгээгээр тогтоогдсон 4 125 000 төгрөг болон үнэлгээний зардалд төлсөн 241 700 төгрөг, мөн нотариатын зардалд төлсөн 18 000 төгрөг, нийт 4 384 700 төгрөгийг өөрийн эд хөрөнгө учирсан хохирол хэмээн тооцож шүүхэд хандсан.

Хариуцагч нь дээрх “А” ХХК-ийн тогтоосон үнэлгээг эс зөвшөөрч, дахин өөр компаниар үнэлгээ хийлгэх хүсэлтийг шүүхэд гаргасны шүүх хангаж шийдвэрлэсэн.

Энэ нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн шийдвэр юм. Энэ талаарх шийдвэрт нэхэмжлэгч тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар гомдол гаргаж байсан нь хэргийн материалд авагдсан байдаг...

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт Хэрэг хянан шийдвэрлэхэд шинжлэх ухаан, тооцоо, тоо бүртгэл, урлаг, утга зохиол, техникийн зэрэг тусгай мэдлэг шаардагдах асуудлыг тодруулахын тулд хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүхийн санаачилгаар шүүгч захирамж гарган шинжээчийг томилно гэж заасан.

Гэвч нэгэнтээ зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад эрх бүхий албан хаагчийн шийдвэрээр хийгдсэн “А” ХХК-ийн хууль ёсны үнэлгээ гарсан нь иргэний хэрэгт авагдсан.

Өөрөөр хэлбэл дээрх хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэхэд тусгай мэдлэг шаардагдах асуудал нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад тодорхой болсон байтал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх заалтыг буруу тайлбарлан хэрэглэж мөн хуулийг ноцтой зөрчсөн шийдвэр гаргасан.

Ийнхүү хууль зөрчиж шийдвэрлэсэн шийдвэрийн үндсэн дээр “Х” ХХК нь нэхэмжлэгчийн Соната-7 маркийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирлын үнэлгээг 3 540 000 төгрөг гэж тогтоосон.

Анхан шатны шүүхийн тогтоолын үндэслэх хэсгийн 7.2 дахь хэсэгт Нэхэмжлэгч талын хүсэлтээр шүүхийн оролцоогүйгээр гэрээний үндсэн дээр хийгдсэн “А” ХХК-ийн үнэлгээний тайлан нь хуулийн дээрх шаардлагыг /Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 17 дугаар зүйл/ хангасан эсэх нь эргэлзээтэй тухайн байгууллага тусгай зөвшөөрөлтэй эсэх талаар хэрэгт баримт авагдаагүй зэрэгцээ Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гараагүй шинжээчийн дүгнэлт нь тухайн нөхцөл байдлыг бүрэн дүүрэн, үнэн зөв илэрхийлэх нь эргэлзээтэй тул уг үнэлгээний тайланг үнэлэх боломжгүй байна гэсэн.

“А” ХХК нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад үнэлгээ гаргасан. Тухайн цаг хугацаанд, тухайн зөрчил үүссэн хугацаанд бодит дүгнэлтийг гаргасан. Энэ дүгнэлт нь зөрчлийн хэрэгт авагдсан байдаг.

Тус компани нь үнэлгээ хийх тусгай зөвшөөрөлгүй бол үнэлгээ хийхгүй байх нь зүйн хэрэг. Энэ нь компани нь тус аймагт олон олон хэрэгт үнэлгээ хийж, энэ компани үнэлгээ хийдэг гэдэг нь бүрэн тогтоогдсон.

Мөн үндэслэх тус хэсэгт “...шүүхийн оролцоогүйгээр...” тус компани нь нэхэмжлэгч талын хүсэлтээр хийгдсэн гэдэг.

Энэ хэрэгт Иргэний хэргийн шүүх оролцох шаардлагагүй. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг тогтоолгоогүй шүүхэд хандсан бол иргэний хэргийн шүүхийн оролцоо яригдана.

Нэхэмжлэгч нь мөн иргэний хэргийн шүүхэд хандахдаа хохирлын үнэлгээ хийлгээгүй, шүүхийг заавал оролцуулж үнэлгээ хийнэ гээд шүүхэд нэхэмжлэлээ тооцохгүй оруулбал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл болно.

Ийм илтэд хуулийг буруу тайлбарлаж, шүүхийн оролцоотой үнэлгээ, шүүхийн оролцоогүй үнэлгээ гэж үнэлгээг ялгаж шийдвэрлэж байгаа нь илт хууль бус үндэслэл байна.

Мөн 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөж буй Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 17 дүгээр зүйлд Хөрөнгийн үнэлгээний үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох буюу тусгай зөвшөөрөл хүсэгчид тус зөвшөөрлийг авахад шаардагдах баримтыг бүрдүүлэн санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх талаар зохицуулсан болохоос тайланд тусгай зөвшөөрөл заавал хавсаргах талаарх хуулийн зохицуулалт биш юм.

Ийнхүү хэрэгт хамааралгүй хуулийн заалтыг хэрэглэж, үндэслэлгүй дүгнэлт гаргасан байна.

Мөн Шүүх шинжилгээний тухай хууль 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөж байгаа.

Шүүхийн үндэслэл болгосон Х ХХК-ийн үнэлгээ нь 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр гарсан.

Дээрх хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д Шинжилгээг шинжилгээний байгууллагаар, эсхүл шинжилгээ хийх эрх бүхий бусад этгээдээр хийлгэнэ, 8.3-т Шинжилгээний байгууллагад хийх шинжилгээний жагсаалтыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална, 8.4-т Шинжилгээ хийх эрх бүхий бусад этгээдээр хийлгэж болох шинжилгээний жагсаалтыг шинжилгээний байгууллагын саналыг үндэслэн хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална гэж тус тус заасан.

Гэвч энэ жагсаалт өнөөдрийн байдлаар болон хэрэг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүх хуралдааны шийдвэр гарах үед ч гараагүй байсан.

Мөн дээрх хуульд энэ хууль буцаан хэрэглэх тухай хуулийн зохицуулалт байхгүй.

Иймд өмнөх буюу 2022 оны 02 дугаар сарын 28-ний өдрийн “А” ХХК- ийн үнэлгээгээр шийдвэрлэх нь зүйтэй байна.

Мөн энэ дүгнэлтийг хууль бус, үгүйсгэсэн дүгнэлт, шийдвэр хэргийн материалд байхгүй болно.

Дээрх байдлаар иргэний хэргийн шүүх нь хуульд заагаагүй үндэслэлээр Зөрчлийн хэрэгт хөндлөнгөөс оролцож Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан эрх бүхий албан хаагчийн хуулийн хүчин төгөлдөр болсон шийдвэр /хохирлын хувьд/-т дахин шинжээч томилуулсан нь хууль бус тул “Х” ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн үнэлгээгээр хэргийг шийдвэрлэх үндэслэлгүй байна.

  1. Иргэний хуульд заасан гэм хорын ойлголт /хууль/-ыг буруу тайлбарлаж хэрэглэсэн тухайд:

Зөрчлийн хэргийн хохирогч /нэхэмжлэгч/ Ц.Бг Зөрчлийн тухай хуулийн дугаар зүйлийн 1 дэх Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн тээврийн хэрэгсэл жолоодсон, холбогдогч /хариуцагч/ М.Бийг мөн хуулийн 14.7 дугаар зүйлийн 51 дэх Жолооч замын хөдөлгөөний дүрэм зөрчиж бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулсан гэж тус тус эрх бүхий албан хаагч үзэж харилцан шийтгэл ногдуулсан.

Гэхдээ ослын талаарх шинжээчийн дүгнэлтээр холбогдогч М.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд заасан Гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчсөн талаар дурдагддаг.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “Жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүнийг хэлнэ гэж заасан.

Тухайн тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүнийг эрхийн үнэмлэхтэй, үнэмлэхгүй гэж ялгаж хуульчлаагүй.

Иймд Ц.Б нь замын хөдөлгөөнд оролцож буй жолооч юм

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 497 дүгээр зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т тус тус заасны дагуу хариуцагчаас гэм хороо шаардах эрхтэй.

Гэтэл шүүх үндэслэх хэсгийн 6.2 дахь хэсэгт Нэхэмжлэгч Ц.Б тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно гэсэн Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн нь осол гарсан шалтгаан бус осол гарахад нөлөөлсөн байх тул хариуцагчийн гэм хорын хэмжээг багасгах нь зүйтэй гэж үзсэн.

Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт Гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно гэж заасан байна.

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд зааснаар эрхийн үнэмлэхтэй эсэхээс үл хамаарч тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүнийг жолооч гэж үздэг.

Жолооч Ц.Б нь дээрх хуулийн заалтад заасны дагуу гэм хор учрахад буюу өөрөө туслах замаар зорчих явцдаа гол замаар явж буй тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөөгүй, хурд хэтрүүлж явсан, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зэрэг гэм хор учрахад шууд чиглэсэн идэвхтэй үйлдэл хийгээгүй. Мөн хэтэрхий болгоомжгүй буюу хурд тааруулаагүй, гэрлэн дохио зөрчсөн зэрэг үйлдэл гаргаагүй. Энэ талаар зөрчлийн хэрэгт тогтоогдоогүй.

Өөрөөр хэлбэл дээрх хуулийн заалтад хохирогчийн осол гарахад нөлөөлсөн хурд хэтрүүлэх, гэрлэн дохио зөрчсөн, тэмдэг тэмдэглэгээ зөрчсөн зэрэг гэм хор учрахад өөрөөс нь шууд шалтгаалах үйлдэл, хэтэрхий болгоомжгүйгээр эс үйлдэл гаргасан зүйл /зөрчил/ байхгүй, энэ талаар хэргийн материалд баримт авагдаагүй.

Дээрхээс үзэхэд Ц.Бийн жолооны үнэмлэхгүй /хүчингүй болгосон/ тээврийн хэрэгсэл жолоодсон нь осол гарахад, гэм хор учрахад шалтгаан бус осол гарахад нөлөөлсөн гэдэг нь үндэслэлгүй, хууль буруу тайлбарлаж хэрэглэснийг илтгэж байна.

Судлаач /шүүгч/ Ж.Оийн “Гэм хор учруулснаас үүсэх тусгай төрөл” сэдэвт бүтээлд энэ талаар нарийн судлагдахуун авагдсан байдаг.

Жолооч Ц.Б нь тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа хурд хэтрүүлсэн, урсгал сөрсөн, гэрлэн дохио зөрчсөн зэрэг түүний гэм хор учрахад санаатай хүргэсэн үйлдэлд Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийг хэрэглэх нь зүйн хэрэг. Гэвч тэрээр жолооны үнэмлэхгүй тээврийн хэрэгсэл жолоодохдоо энэ төрлийн гэм хор учрахад санаатай буюу болгоомжгүй үйлдэл гараагүй юм.

Мөн анхан шатны шүүх нь үнэлгээний хөлс, нотариатын зардал зэргийг яагаад хангаж шийдвэрлээгүй үндэслэлээ шийдвэртээ дурдаагүй. Энэ тодорхойгүй байна.

Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-т Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр төлнө гэж заасны дагуу нэхэмжлэгч нь өөрт учирсан хохирлоо хэд болохыг тогтоолгохын тулд тодорхой хөлс, шүүхэд хуулийн шаардлага хангуулсан нотлох баримт өгөхийн тулд нотариатын үйлчилгээ авч байгаа нь өөрт учирсан гэм хорыг арилгуулахад чиглэсэн зардал учир үүнийг шүүх хангах нь зүйтэй. Мөн нэхэмжлэгч нь өөрийн эд хөрөнгөд учирсан хохирлоо тогтоолгохгүйгээр шүүхэд гэм хороо нэхэмжлэхгүй боломжгүй талаар дахин дурдая.

Иймд Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн .. дугаар тогтоолын зарим хэсэг буюу нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэсгийг хэрэгсэхгүй болгосныг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн “А” ХХК-ийн үнэлгээгээр нэхэмжилсэн /тогтоогдсон/ 4 125 000 төгрөг болон үнэлгээний зардалд төлсөн 241 700 төгрөг, мөн нотариатын зардалд төлсөн 18 000 төгрөг, нийт 4 384 700 төгрөгийг бүхэлд хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар хариуцагч талын давж заалдах гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, талуудын хооронд байгуулсан гэрээний агуулгад зөв дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэсэн байх тул шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.

1 .Нэхэмжлэгч: “Мандал зочид буудлын уулзвараар ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлтэй, төв замаар Соната маркийн тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцон чигээрээ уулзвар нэвтэртэл ертөнцийн зүгээс хойд талаас буюу миний баруун гар талаас Портер маркийн 65-.. ДУА улсын дугаартай тээврийн хэрэгсэл гэнэт орж ирээд бидний машинууд мөргөлдсөн. Иймд миний бие өөрийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирол болох А XXК- ийн үнэлгээгээр тогтоогдсон 4.125.000 төгрөг болон үнэлгээний зардалд төлсөн 241700 төгрөг, мөн нотариатын зардалд төлсөн 18.000 төгрөг, нийт 4.384.700 төгрөгийг М.Бээс нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргасан байна.

Шинжээчийн дүгнэлтээр Портер маркийн 65-.. ДУА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч М.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.9. Гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэсэн дүрмийн заалтыг зөрчсөн гэм буруутай гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлаж, Цагдаагийн байгууллагад бүртгэсэн Зөрчлийн хэргийн материалд авагдсан А ХХК- ийн үнэлгээгээр нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнг тодорхойлсон байна.

Хариуцагч М.Б татгалзлын үндэслэлээ тайлбарлахдаа Ц.Б тухайн үед жолоодох эрхгүй үедээ машин барьсан нь замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн. Ослыг шалгасан байцаагч бид хоёрыг хоёулаа буруутай гэсэн. Би уулзвар дээр зогсож байгаад хөдөлтөл тэр их хурдтай ирж миний машиныг мөргөж онхолдуулсан гэжээ. Тэрээр өөрийн тээврийн хэрэгсэлд учирсан 2.075.000 төгрөгийг Ц.Бээс гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзжээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан үндэслэлээ нотлуулах зорилгоор нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл болсон А ХХК-ны үнэлгээг эс зөвшөөрч, Соната-7 маркийн автомашины эд ангиудад дахин үнэлгээ хийлгэх хүсэлт гаргасныг шүүх хангаж, шүүгчийн захирамжийн дагуу Үл хөдлөх, хөдлөх хөрөнгийн үнэлгээ, зөвлөх үйлчилгээний “Х” ХХК-ий хөрөнгийн үнэлгээний тайлангаар автомашинд учирсан хохирлын үнэлгээ 3540000 төгрөг болохыг тодорхойлсон байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх дахин шинжээч томилж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх заалтыг буруу тайлбарлан хэрэглэж мөн хуулийг ноцтой зөрчсөн шийдвэр гаргасан гэжээ. Энэхүү хуулийн 25 дугаар зүйлд заасан хэргийн оролцогчийн хүсэлтийн дагуу хийгдсэн анхан шатны шүүхийн дээрх ажиллагаа хууль зөрчөөгүй байх тул гомдол үндэслэлгүй.

Шүүх хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар 2022.02.18-ны өдрийн 12 цаг 15 минутын үед Дундговь аймгийн С сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэр М зочид буудлын уулзварт “Портер” маркийн 65.. ДУА улсын дугаартай автомашин, “Соната-7” маркийн 19- .. ДУА улсын дугаартай автомашинтай мөргөлдөн зам тээврийн осол гарсан үйл баримт тогтоогдсон, Дундговь аймаг дахь цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгаас шалгаж “Портер” маркийн 65-.. ДУА улсын дугаартай автомашины жолооч М.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.9. “Гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэснийг зөрчсөн үндэслэлээр М.Бэд Зөрчлийн тухай хуульд зааснаар 100.000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан талаар дүгнээд энэхүү шийдвэрийг эс зөвшөөрч М.Б нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу эрүүгийн хэргийн шүүхэд гомдол гаргаагүй тул тухайн шийдвэр хүчин төгөлдөр гэж үзсэн. Тухайн өдөр болсон Зөрчлийн шинжтэй үйл баримтад талууд маргаагүй байна.

Шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар ослын улмаас нэхэмжлэгчид учирсан гэм хорыг М.Б хариуцан арилгах үүрэгтэй, гэхдээ Ц.Бнь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. “Жолоочид тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/ үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалтыг мөн зөрчсөн нь осол гарахад нөлөөлсөн гэж үзэн Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсгийг баримтлан хариуцагчийн хариуцах гэм хорын хэмжээг багасган шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгохоор тогтов.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 139/ШШ2023/00.. тоот шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсгийг баримтлан давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 56786 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.

4. Давж заалдах шатны шүүхийн магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл  зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын  журмаар  гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ                              Ш.Т

   ШҮҮГЧИД                               Р.М

                                                  Ц.О