| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхорлоогийн Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 105/2019/0152/Э |
| Дугаар | 161 |
| Огноо | 2019-01-22 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | И.Ариунсанаа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 161
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Алтанзаяа,
Улсын яллагч И.Ариунсанаа,
Шүүгдэгч Ц.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Бд холбогдох 1906 00029 0086 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг харъяаллын дагуу 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:
Монгол Улсын иргэн, Ховд аймагт 1986 оны 12 дугаар сарын 12-ны өдөр төрсөн, эрэгтэй, 32 настай, дээд боловсролтой, менежер мэргэжилтэй, “Хот тохижилт” төвлөрсөн хогийн цэгийн ахлах мэргэжилтэн ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 109 дүгээр гудамжны 19 тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 1387 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь заалтад тус тус зааснаар 3 жил 1 сар хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, бие эрүүл, ухаан саруул гэх, Б овогт Цийн Б /РД: /,
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:
Ц.Б нь 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Скай бааранд иргэн С.Билгүүнтэй маргалдаж улмаар түүний нүүр лүү гараараа цохисны улмаас үүдэн шүд хугарч, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Бн өгсөн: “... Хэрэг гардаг орой “Скай” бааранд үл ойлголцол үүсч цамцнаасаа таталцаж түлхэлцчихээд хэсэг хугацааны дараа би буруугаа ойлгоод очиж уучлалт гуйж эр хүмүүс шиг ойлголцъё гээд гар гараа бариад салаад явж байтал гаднаас гадны хувцастай хүн орж ирээд намайг хужаагийн ялгадас, янханы хүүхэд гэж хэл амаар доромжлоход миний уур маш их хүрч тэсэлгүй, өөрийгөө барьж чадалгүй зодоон болсон. Хийсэн хэрэгтээ би маш их гэмшиж байна. Тэр орой зүгээр л гэртээ халуун ам бүлээрээ хүүхдүүдтэйгээ гэр бүлийнхэнтэйгээ байж байсан бол ийм зүйл болохгүй байх байсан...” гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч С.Билгүүний өгсөн: “... 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хамт ажилладаг Мөнхбаатарын Скай бааранд сууж байсан. Бид 2 бүжгийн талбай дээр бүжиглээд зогсож байтал үл таних эрэгтэй хүн найз Мөнхбаатарын хэвлий тус газар цохьчихсон. Тэгээд бид хэд маргаан үүсгэхгүй гээд би найз Мөнхбаатарыг аваад ширээн дээрээ очиж суугаад ... гарах гэтэл манай найз Мөнхбаатар нөгөөх эрэгтэйг дуудчихсан байсан. Тэгээд Мөнхбаатар тэр залууд “Чи яагаад намайг цохиж байгаа юм бэ” гэхэд үгийн зөрүүгүй Мөнхбаатарыг мөргөчихсөн. Тэгээд Мөнхбаатар угаалгын өрөө рүү яваад орохоор нь би араас нь дагаад орсон. Гэтэл тухайн эрэгтэй хүн дагаж орж ирээд маргалдаад эхэлсэн. Тэгээд намайг цохьчихсон. Нүүрэн тус газарт хоёр удаа гараараа цохисон. Өөр бусад газарт цохиогүй. Би үүдэн шүдээ авахуулсан. Одоо суулгадаг шүд хийлгэнэ...” гэх мэдүүлэг /хх.18/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч У.Эрдэнэцэцэгийн өгсөн: “... Эсрэг талын ширээний задуучууд хүрч ирээд тулаад хамт бүжиглэе гээд байсан. Тэгээд бид эхэндээ анзаараагүй байтал дахин дахин ирээд бүжиглэх гээд наалдаад байсан. Би найз охин Цэндээгийн хамт бүжгийн талбай дээр бүжиглэж байтал манай хамт явсан хоёр найз угаалгын өрөө орсон байсан. Тэгээд үүдэнд цагдаа ирээд бужигначихсан байж байхаар нь бид хоёр гэнэт гайхаад 2 найзыгаа хайгаад очтол Бг аваад явах гэж байсан. Тэгээд очоод учир шалтгааныг асуутал Б нэг залуу руу заагаад би энэ хүний шүдийг цохичихсон юм гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх.42/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Б.Даваасүрэнгийн 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 483 дугаартай “... С.Билгүүний биед үүдэн нэгдүгээр шүдний хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. Шүүх эмнэлгийн гэмтэлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтэлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 5 хувь алдагдуулна...” гэх дүгнэлт /хх.15/
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Ц.Б нь 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Скай бааранд иргэн С.Билгүүнтэй маргалдаж улмаар түүний нүүр лүү гараараа цохисны улмаас үүдэн шүд хугарч, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч С.Билгүүний өгсөн: “... Тэгээд намайг цохьчихсон. Нүүрэн тус газарт хоёр удаа гараараа цохисон... Би үүдэн шүдээ авахуулсан...” гэх мэдүүлэг /хх.18/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч У.Эрдэнэцэцэгийн өгсөн: “... Тэгээд очоод учир шалтгааныг асуутал Б нэг залуу руу заагаад би энэ хүний шүдийг цохичихсон юм гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх.42/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Б.Даваасүрэнгийн 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 483 дугаартай “... С.Билгүүний биед үүдэн нэгдүгээр шүдний хугарал гэмтэл тогтоогдлоо... гэмтэлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх.10/
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.
Ц.Бн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдэлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ц.Бд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгчийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан гэмт үйлдэлд нь гэм буруутайд тооцов.
Ц.Б нь хохиролд 1,100,000 төгрөг нөхөн төлсөн, хохирогч С.Билгүүн нь гомдолгүй, өөр нэхэмжлэх зүйлгүй гэсэн учир шүүүгдэгчийг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Ц.Б нь “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага түүнд хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Ц.Бн үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Ц.Бд эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар учруулсан хохирлоо нөхөн төлсөнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Ц.Бд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.
Ц.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдвал зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Б овогт Цийн Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ц.Бд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Ц.Бд сануулсугай.
5. Ц.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хохиролд 1,100,000 төгрөг нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч С.Билгүүн нь гомдолгүй, өөр нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ц.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ С.ӨСӨХБАЯР