Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 204/МА2023/000008

 

 

******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Нямдорж даргалж, ерөнхий шүүгч Н.Энхмаа, Архангай аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч В.Цэцэнбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар

 

******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 145/ШШ2023/00107 дугаар шийдвэртэй

 

******* аймгийн ******* газрын хүсэлттэй *******ыг архины албадан эмчилгээнд хамруулах тухай иргэний хэргийг албадан эмчилгээ хийлгэх хүн *******ы гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Л.Нямдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Б.Болортуяа оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

   1. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан хүсэлтэндээ: ******* нь Арвайхээр сумын 05 дугаар багт оршин суугаа газраа болон гадуур архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэж, нийгмийн хэв журам зөрчиж улмаар зөрчлийн тухай хууль болон эрүүгийн хуулийг зөрчих үйлдлүүдийг гаргадаг. Мөн гэмт хэрэг зөрчилд холбогдож удаа дараа эрүүлжүүлэхэд саатуулагдаж байсан. Зөрчлийн хуулиар тус ******* газарт баривчлах шийтгэлийг шүүхийн шийдвэрийн дагуу удаа дараа эдэлж байсан. Мөн гэр бүлийн харилцаа хамаарал бүхий хүнд архи уусны улмаас агсан согтуу тавьж амгалан тайван байдал алдагдуулж мөн зөрчлийн хуулиар шүүхээр шийдэгдэн захиргааны журмаар саатуулагдаж байсан. Байнгын архи согтууруулах ундаа хэрэглэж бусдын амгалан тайван байдал алдагдуулдаг учраас энэ хүнийг архины албадан эмчилгээнд хамруулах шаардлагатай гэж үзэж байна. ******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ урьд өмнө нь хулгайн гэмт хэрэг болон бусад төрлийн гэмт хэрэгт холбогдож байсан гэжээ.

 

            2. *******  тайлбартаа: Би сүүлийн үед архи уугаагүй. Таксинд явж байгаа. Би болон манай эхнэр ч өөрөө хүсэлт бичиж өгсөн. Архины эмчилгээнд явуулахгүй гээд хүсэлтээ бичиж өгсөн байгаа. Архи дарс уухгүй байгаа. Би сэтгэцийн эмчийн хяналтанд байдаг гэжээ.

 

            3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д зааснаар Сайхан овгийн Осорын Дэмбэрэлсайханыг архины албадан эмчилгээнд явуулж албадан эмчилэхээр, Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6-д зааснаар Сайхан овгийн Осорын Дэмбэрэлсайханыг албадан эмчлэх газарт хүргэхийг ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалган, Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т зааснаар *******ыг эмчлэх хугацаа нь эмчлүүлэгчийн эмчилгээний үр дүнг харгалзан мэргэжлийн эмч нарын зөвлөгөөний дүгнэлтийг үндэслэн гаргасан шүүхийн шийдвэрээр дуусгавар болохыг мэдэгдэж,  Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.7-д зааснаар *******ыг албадан эмчлэх тухай шүүхийн шийдвэр гарсан талаар тухайн хүний гэр бүлийн гишүүн болон төрөл садангийн хүнд ажлын таван өдрийн дотор мэдэгдэхийг цагдаагийн албан хаагчид үүрэг болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хүсэлт гаргагч байгууллагыг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсөн дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, ******* нар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдаж, давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдаж шийдвэрлэжээ.

            4. Архины албадан эмчилгээнд эмчлүүлэх хүн ******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ******* миний бие ******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 107 дугаартай шийдвэрийг гардаж аваад дараах гомдлыг гаргаж байна. Миний бие архи согтууруулах ундааны зүйл хэрэглэхээ больсон хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа сэтгэцийн эмчийн хяналтад 60 хувьтай группт байдаг. Мөн манай хүүхэд барилгын грашруу унаж тархины хүнд гэмтэл авсан. Эмч нар миний хүүхдийг гадаад улс руу эмчилгээ хийлгэх талаар зөвлөсөн. Манай эхнэр Мөнхтогтох архины эмчилгээнд явуулахыг зөвшөөрөхгүй байгаа. Иймд намайг архины эмчилгээнд явуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

           5. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.

           Анхан шатны шүүх маргааныг шийдвэрлэхдээ хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг болон зохигчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн байна.

           6. ******* аймаг дахь ******* газраас иргэн *******ыг архины албадан эмчилгээнд хамруулах тухай хүсэлт гаргасныг архины албадан эмчилгээнд эмчлүүлэх хүн болох ******* эс зөвшөөрч маргажээ.

            7. Иргэний хэрэг үүсгэсний дараа шүүгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан хэргийн оролцогчид хуулийн 25 дугаар зүйлд заасан эрх үүргийг хуулийн 67.1.1-д заасны дагуу тайлбарлан өгнө.

           Энэхүү ажиллагааг хэрхэн  үр дүнтэй явуулснаас шалтгаалан маргааны талаарх талуудын мэтгэлцээн хуульд заасны дагуу явагдах, хууль зүйн үндэслэл бүхий нотлох баримт бүрдүүлж цуглуулах, улмаар хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шүүхээс хэргийг хуульд нийцүүлэн шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой.

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийг хүлээн авч хэрэг үүсгэсэн шүүгч зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчид шаардлага ба татгалзлаа үндэслэж буй нотлох баримтаа өөрөө гаргаж нотлох үүрэгтэйг танилцуулж, эдлэх эрхийг нь тайлбарлан өгөх үүрэгтэй. Гэтэл архины албадан эмчилгээнд эмчлүүлэх хүн болох *******д эрх, үүргийг нь тайлбарлах ажиллагаа хийгдээгүй байна. Энэ ажиллагааг хийгээгүй тохиолдолд хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн гэж үзнэ. 

            Мөн ******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 145/Ш32023/00485 дугаар захирамжаар ******* аймаг дахь  ******* газрын хүсэлттэй иргэн Ж.Эрдэнэбатыг архины албадан эмчилгээнд хамруулах тухай иргэний хэргийн шүүх хуралдааныг 2023 оны 02 дугаар сарын 28-ний өдөр хийхээр товложээ.

           Иргэн *******д холбогдох хүсэлтийг шийдвэрлэх атал Ж.Эрдэнэбатад холбогдох хүсэлтийг хэлэлцэхээр хурал товлосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн  76.1.1.-д “хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт хангалттай бүрдсэн гэж шүүгч үзсэн, эсхүл энэ хуулийн 71.1-д заасан хугацаа дууссан, түүнчлэн шаардлагатай гэж үзсэн бусад тохиолдолд шүүгч уг хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай захирамж гаргаж, шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг товлох;” гэснийг зөрчсөн байна.  

            8. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т зааснаар зохигчдын хуулиар олгогдсон эрхийг хангалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байх тул шийдвэрийг хүчингүй болгох хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

           9. Давж заалдах шатны шүүхээс  маргааны талаар эрх зүйн дүгнэлт хийгээгүй, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэсэн үндэслэлээр хүчингүй болгосон тул *******аас давж заалдах гомдол гарахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг буцаан олгохоор шийдвэрлэв.

           Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-т  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. ******* аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 145/ШШ2023/00107 дугаар шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

           2. *******аас давж заалдах гомдол гарахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.       

           3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

            4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.