Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 0001

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай    

      Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Б.Мөнхжаргал би Баяннуур сумын иргэн Ц.Мягмарын П.Рэгзэдмаад холбогдуулан гаргасан “Баяннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдааны товыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг 2016\ оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 158/2016/0027/3 дугаарын индекстэй захиргааны хэрэг үүсгэн,  хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад

ТОДОРХОЙЛОХ нь:

     Нэхэмжлэгч Баяннуур сумын иргэн Ц.Мягмараас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Булган аймгийн Баянуур сумын ИТХ-ын ээлжит 2016 оны сонгуулиар батлагдсан сумын ИТХ-ын анхдугаар хуралдаан 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хуралдсан. Хуралдааныг товлон зарлах, түүний бэлтгэлийг хангах зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбогдсон санал, шийдвэрийн төсөл боловсруулж хэлэлцээгүй, хурлын дарга байсан П.Рэгзэдмаа нь дур мэдэн хурлын товыг зарлан анхдугаар хуралдааныг зохион байгуулсан нь хууль зөрчсөн байна. ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон хүмүүс нь хуралдаа 100 хувь хамрагдсан боловч, хууль бус хуралдаан болсныг тухайн үед мэдээгүй хуралдаанд оролцсон нь сумын Засаг дарга, ИТХ-ын дарга нарыг сонгох шийдвэр оновчтой биш гэж үзэж байна.

      Иймд Баяннуур сумын ИТХ-ын сонгуулийн анхдугаар хуралдаан буюу сумын Засаг даргыг томилох, ИТХ-ын даргыг томилох хуралдааныг хүчингүй болгож өгнө үү.”

     Булган аймгийн Баяннуур сумын иргэн Ц.Мягмар шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “Миний бие Ц.Мягмар нь 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр “Баяннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдааны товыг хүчингүй болгуулах”-аар П.Рэгзэдмаад холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргасан. Энэ нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

     Нэхэмжлэгч Ц.Мягмар нь 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр “Баяннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдааны товыг хүчингүй болгуулах”-аар П.Рэгзэдмаад холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан тухай хүсэлтээ 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр бичгээр ирүүлсэн байх тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, Ц.Мягмараас тус сумын иргэн П.Рэгзэдмаад холбогдуулан гаргасан “Баяннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдааны товыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлтэй Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 158/2016/0027/3 дугаарын индекстэй хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

      Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5-д “ нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзвал шүүхийн зардлыг нөхөн төлнө”, 50 дугаар зүйлийн 50.5-д “Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа багасгах, энэ хуулийн 50.4-т зааснаас бусад тохиолдолд нэхэмжлэлээсээ татгалзах, нэхэмжлэгч, хариуцагч эвлэрэх замаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болсон бол улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүй.” гэж тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид Төрийн сангийн 041400941 дугаарын дансанд 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр ХААН банкинд төлсөн 70200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

       Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2 дахь заалтуудыг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:

        1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч Баяннуур сумын иргэн Ц.Мягмарын нэхэмжлэлээсээ  татгалзасныг баталж, П.Рэгзэдмаад холбогдуулан гаргасан “Баяннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдааны товыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлтэй Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 158/2016/0027/3 дугаарын индекстэй хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

          2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5, 50 дугаар зүйлийн 50.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид Төрийн сангийн 041400941 дугаарын дансанд 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр ХААН банкинд төлсөн 70200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

     3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил журмаар биелүүлэхийг дурдсугай.

      4. Захирамжийн хувийг нэхэмжлэгч, хариуцагчид хүргүүлэхийг шүүгчийн туслах Д.Булганчимэгт даалгасугай.

 

 ШҮҮГЧ                                  Б.МӨНХЖАРГАЛ