Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 001/ХТ2017/00757

 

Р.Гэрэлийн нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 182/ШШ2016/00103 дугаар шийдвэр,    

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 649 дүгээр магадлал,

Нэхэмжлэгч : Р.Гэрэл,

Хариуцагч : Ч.Оюун-Эрдэнэ,

Нэхэмжлэлийн шаардлага :  нийт 24.288.322 төгрөг гаргуулах тухай

Хариуцагчийн гаргасан гомдлоор

Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн өмгөөлөгч Л.Золзаяа, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2016.5.30-ны өдөр Ч.Оюун-Эрдэнэд 10.000 ам.доллар зээлүүлсэн. Хариуцагч 1920 ам.долларыг буцааж төлж, үлдэгдэл 8080 ам.долларыг 2016.8.10-ны өдрийн дотор төлж барагдуулах, зээлийг хугацаанд нь барагдуулаагүй бол 0,5 хувиар алданги тооцох тухай тохирч, 2016.8.01-ний өдөр  бичгээр гэрээ байгуулж, нотариатаар батлуулсан.  Иймд  8080 ам.доллар буюу 19.561.276 төгрөг, алданги 8.802.574 төгрөг, нийт 28.363.850 төгрөг нэхэмжилсэн. Шаардлага ам.долларын ханштай холбоотойгоор буюу 2016.8.01-ний өдрийн Монголбанкны ханшаар тооцож, үндсэн зээл 8080 ам.доллар 16.750.567 төгрөг, алданги 7.537.733 төгрөг нийт 24.288.322 төгрөгийг гаргаж өгнө үү  гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:  8.080 ам.долларыг  зөвшөөрч байна. 2016.5.30-ны өдрийн ханшаар тооцож төлөх саналтай. Шүүхэд долларыг  нэхэмжлэл гаргасан өдрийн ханшаар алданги тооцсоныг зөвшөөрөхгүй, гэрээ байгуулсан өдрийн ханшаар алданги тооцох ёстой. Би сэтгэл санааны хувьд хохирсон тул алданги төлөхийг зөвшөөрөхгүй. Тэгэхдээ би төлөхгүй гэж татгалзаагүй. 2016 оны 8 дугаар сарын сүүлээр намайг дарамтлаагүй бол би алданги төлөх байсан гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 182/ШШ2017/00103 дугаар шийдвэр гаргаж, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан Ч.Оюун-Эрдэнээс 24.288.322 төгрөг гаргуулж Р.Гэрэлд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 299.769 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Ч.Оюун-Эрдэнээс  279.392 төгрөг гаргуулж Р.Гэрэлд олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 649 дугаартай магадлал гаргаж, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 182/ШШ2017/00103 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.  

Хариуцагч хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Зээлийг 2016.5.30-ны ханшаар буюу гэрээ байгуулагдсан өдрийн ханшаар тооцож төлөх хууль зүйн үндэслэлтэй. Энэ өдрийн ханшаар тооцвол 16.119.279 төгрөг болж байгаа. Алданги дээр санал нийлэхгүй байна. Учир нь тухайн үед би жирэмсэн байсан бөгөөд биеийн байдал муүдаж эмнэлэгт хэвтэн эмчлүүлсний улмаас үүргээ биелүүлж чадаагүй. Миний бие тус шүүхэд гэрээний үүрэг үүсэх үеийн ам.доллартай харьцах төгрөгийн ханшийг Монгол банкнаас лавлагаа аван хэрэгт нотлох баримтаар гарган танилцсан. Гэтэл шүүх хурлыг нээж нотлох баримт гаргаж өгөх, хүсэлт хэлэлцэх шатанд нэхэмжлэгчийн итгэмжилсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлага 4.075.528 төгрөгөөр багасгаж үлдэх 24.288.322 төгрөгийг нэхэмжилж буйгаа шүүхийн хэлэлцүулэгт шаардсан. Ингэхдээ Монгол банкны 2016.8.01-ний өдрийн ам.доллартай харьцах  лавлагаа бүхий нотлох баримтыг гарган өгсөн. Тухайн нотлох баримттай танилцуулаагүй атлаа тэрхүү нотлох баримтыг үнэлж хэрэг маргаамыг шийдвэрлэсэн нь ИХШХШТХ-н 25.1.1, 25.1.2, 38-г зөрчиж,шүүх мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлэх нөхцөл боломжоор хангаагүй. Иймд ам.долларын ханшийн зөрүү болох 631.290 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

                                                                ХЯНАВАЛ :

Р.Гэрэл нь Ч.Оюун-Эрдэнэд 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 10.000 америк доллар зээлүүлсэн бөгөөд хариуцагч үүргээ биелүүлээгүй тул үндсэн зээлийн үлдэгдэл  8080 ам.доллар буюу 16.750.567 төгрөг, алданги 7.537.733 төгрөг нийт 24.288.322 төгрөг гаргуулахыг шаардсан, америк долларыг бичгээр гэрээ байгуулсан өдрийн ханшаар тооцож нэхэмжилсэн байна.  Ч.Оюун-Эрдэнэ нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө  алданги төлөхгүй, америк долларын ханшийг зээл авсан өдөр буюу 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдрөөр тооцно гэж маргажээ. 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүрэн хангасныг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн байна.

Хариуцагч хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа “...Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн дагуу ханшийг гэрээ байгуулагдсан өдрөөр тооцно... шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч ханшийн талаархи Монголбанкны 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн лавлагааг гаргаж өгсөн бөгөөд уг баримттай би танилцаагүй... иймд шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлээс 631.290 төгрөг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.

Хариуцагч Ч.Оюун-Эрдэнийн гомдол үндэслэлгүй байна гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Ч.Оюун-Эрдэнэ нь Р.Гэрэлээс 10.000 ам.долларыг 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдөр зээлж, 1920 ам.доллар буцааж төлсөн, үлдсэн зээлээс 8080 ам.доллар төлөөгүй үлдсэн, 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдөр зээлийн гэрээг бичгийн хэлбэрт оруулахдаа алдангийн талаар тохиролцсон тухай нэхэмжлэгчийн тайлбарыг  үгүйсгээгүй тул энэ үйл баримтыг хариуцагч зөвшөөрсөн буюу тогтоогдсон гэж шүүх үзсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т нийцсэн байна.

Талуудын хооронд байгуулагдсан 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан гэрээний дагуу зээлдэгч нь 8080 ам.долларыг 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдөр төлөх, төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 %-р алданги төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 56, 281, 323 дугаар зүйлийг зөрчөөгүй, Ч.Оюун-Эрдэнэ үүргээ биелүүлээгүй тул үндсэн зээлийг алдангийн хамт Р.Гэрэл шаардах эрхтэй. Шүүх нэхэмжлэлийг бүрэн хангаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх бөгөөд хариуцагч үндсэн зээлийн үлдэгдлийг алдангийн хамт төлөх үүрэгтэй байна.

Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1-д Монгол Улсын үндэсний мөнгөн тэмдэгт болох төгрөгийн өөрийн үнэлгээ болох ханшны тухай зохицуулсан, уг зүйлд гадаад валюттай харьцах ханшны талаар заагаагүй тул энэ тухай хариуцагчийн гомдлоор шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах хууль зүйн үндэслэлгүй.  8080 америк долларыг монгол төгрөгт хөрвүүлэхдээ ханшийг зээл авсан өдрийн ханшаар тооцох нь  Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-т нийцэхгүй. Хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй юм. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь төлбөрийг америк доллараар төлөхийг шаардах эрхтэй.    

Нэхэмжлэгч нь үүргийг америк доллараар төлөхийг хариуцагчаас шаардах эрхтэй ч зээлийг монгол төгрөгт хөрвүүлэн нэхэмжилсэн, нэхэмжлэхдээ америк долларын ханшийг бичгээр байгуулсан үеийн ханшаар тооцсон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 26 дугаар зүйлийн 26.2-г зөрчөөгүй байна. Түүнчлэн, шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн гаргасан баримттай хариуцагч танилцсан /хх 30/ байх тул энэ тухай гомдлыг үндэслэлгүй гэж үзнэ.

Дээр дурдсан үндэслэлээр  шийдвэр, магадлалыг  хэвээр үлдээж, хариуцагчийн    гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 182/ШШ2016/00103 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 649 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч Ч.Оюун-Эрдэнийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр төлсөн 19.600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                       ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                       ШҮҮГЧ                                                    Б.УНДРАХ