Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 1315

 

Хийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатын шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Т.Туяа, шүүгч С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

            Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

            2016 оын 5 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШШ2016/03986 дугаар шийдвэртэй,

 

 Нэхэмжлэгч Хийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч ХХХ-т холбогдох

 

ХХХын 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 19 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах, ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох тухай иргэний хэргийг,

 

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХы гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ХХХХ, ХХХХХХ,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХ, ХХХХХ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

            Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд гаргасан тайлбартаа: Х би 2009 оны 4 дүгээр сард Улсын Бүртгэлийн ерөнхий газрын дэд даргаар, 2012 оны 9 дүгээр сард Улсын Бүртгэлийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр, 2013 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн Засгийн газрын 110 дугаар тогтоолоор Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргаар томилогдон ажиллаж ирсэн. Гэвч 2016 оны ХХХын 19 тоот тогтоолоор намайг Улсын Бүртгэлийн ерөнхий газрын даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн. Энэхүү тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд ажлаас чөлөөлсөн захиргааны акт нь Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтууд, Улсын Их Хурлын 2003 оны 13 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журмыг зөрчин төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, баталгааг зөрчсөн хууль бус шийдвэр болсон гэж үзэж дараах хууль зүйн үндэслэлээр уг тогтоолыг хүчингүй болгуулж, өмнө эрхэлж байсан ажилдаа эгүүлэн томилуулахаар нэхэмжлэл гаргаж байна. Үүнд:

1. Улсын Бүртгэлийн Ерөнхий газрын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн ХХХын 2016 оны 19 тоот тогтоолд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-г үндэслэл болгожээ. Өмнө нь буюу Улсын Бүртгэлийн ерөнхий газар, Үндэсний Статистикийн хороо гэсэн 2 байгууллага тус тусдаа байх үед Улсын Бүртгэлийн ерөнхий газар нь Хууль Зүйн яамны харьяаны Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг статустайгаар үйл ажиллагаа явуулдаг бол статистикийн байгууллага нь бие даасан, хараат бус, шинжлэх ухааны үндэслэл бүхий арга зүйтэй, үйл ажиллагаагаа Улсын Их Хуралд шууд тайлагнадаг төрийн байгууллага байсан. Тэгвэл Монгол Улсын Их Хурлын 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 100 дугаар тогтоолоор Хууль Зүйн сайдын эрхлэх асуудлын хүрээнд “Улсын Бүртгэлийн ерөнхий газар” гэснийг “Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газар” гэж өөрчилсөн.

Энэ нь Хууль Зүйн яамны харьяанд үйл ажиллагаа явуулж байсан Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын үндсэн чиг үүрэг хэвээр хадгалагдаж, үүн дээр статистикийн чиг үүрэг нэмэгдсэн. Өөрөөр хэлбэл дарга нь УИХ-аас томилогддог, албан хаагчдынх нь албан тушаалын ангилал, зэрэглэлийг УИХ-аас тогтоодог Засгийн газрын бүтцийн биш байгууллага болох статистикийн байгууллага татан буугдаж чиг үүрэг нь Засгийн газрын бүтцийн биш байгууллага болох статистикийн байгууллага татан буугдаж чиг үүрэг нь Засгийн газрын бүтцийн буюу Хууль Зүйн сайдын эрхлэх асуудлын хүрээний Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын Бүртгэлийн ерөнхий газарт нэмэгдэж ирсэн. Монгол Улсын Дээд шүүхийн 2010 оны 08 тоот тогтоолоор Төрийн албаны тухай хуулийг тайлбарласан албан ёсны тайлбарт: “...орон тоо хасагдсан...” гэдгийг “Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” Улсын Дээд шүүхийн 2006 оны 33 дугаар тогтоолын 15.1.1, 15.1.2-т зааснаар тус тус ойлгоно.” гэж, Улсын Дээд шүүхийн 2006 оны 33 дугаар тогтоолын 15.1.1-т “орон тоо хасагдсан гэдэгт тухайн хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын ажлын байр үгүй болсныг ойлговол зохино. Энэ тохиолдолд ажил олгогч зөвхөн хасагдсан орон тооны ажлын байранд ажиллаж байгаа ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцална.” гэж тус тус заажээ. Тэгэхээр Засгийн газрын бүтцийн биш байгууллага болох Үндэсний статистикийн хороо татан буугдаж Засгийн газрын бүтцийн буюу Хууль Зүйн сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллага болох Улсын Бүртгэлийн ерөнхий газрын чиг үүрэг дээр статистикийн хорооны чиг үүрэг нэмэгдэж Улсын Бүртгэл, статистикийн ерөнхий газар байгуулагдсанаар Үндэсний статистикийн хорооны /хуучнаар/ даргын албан тушаалын орон тоо хасагдсан болох нь харагдаж байна. Үүний бас нэг илрэл нь УИХ-ын 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 116 дугаар тогтоолоор Үндэсний статистикийн хорооны дарга ХХХХХХХыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн явдал юм. Иймд Засгийн газрын тогтоолын Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т заасныг үндэслэн Улсын Бүртгэлийн ерөнхий газрын даргын албан тушаалаас чөлөөлсөн Засгийн газрын 2016 оны 19 тоот тогтоол нь төрийн жинхэнэ албан хаагч миний хуулиар хамгаалагдсан төрийн албан хаагчийн баталгааг алдагдуулж хууль зөрчсөн үйлдэл болох нь харагдаж байна.

Х нь Улсын Бүртгэлийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр 2012 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр томилогдон ажилласан. Ийнхүү даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байх хугацаанд 2013 онд Төрийн албаны зөвлөлөөс Улсын Их Хурлын 2003 оны 13 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журмыг баримтлан зохион байгуулсан нээлттэй сонгон шалгаруулалтад оролцон хууль, тогтоомжийн шаардлагыг бүрэн хангаж тэнцэн 2013 оны Засгийн газрын 110 дугаар тогтоолоор Улсын Бүртгэлийн ерөнхий газрын даргаар томилогдсон төрийн жинхэнэ албан хаагч, удирдах албан тушаалтан. Төрийн жинхэнэ албан хаагчийн ажиллах нөхцөл, баталгааг Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу зохицуулдаг. Ингэхдээ хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-т “энэ хуулийн 25 дугаар зүйл, 26.1.3-т зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх”, 27.2.3-т төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх) эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах,...” гэж заасан байдаг. Монгол Улсын 2016 оны Төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан УИХ-ын 2015 оны 100 дугаар тогтоолоор “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч батлах тухай” УИХ-ын тогтоолын хавсралтад өөрчлөлт орсноор “Улсын Бүртгэлийн ерөнхий газар”-ыг “Улсын Бүртгэл, статистикийн ерөнхий газар” гэж өөрчилсөн. Хэдийгээр байгууллагын нэр өөрчлөгдөж, байгууллагын үйл ажиллагааны үндсэн чиглэлд зөвхөн шинээр статистикийн чиг үүрэг нэмэгдэж, Улсын Бүртгэлийн ерөнхий газрын даргын албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдсаар байтал Засгийн газрын 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 19 тоот тогтоолоор намайг Улсын Бүртгэлийн ерөнхий газрын даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-ыг зөрчсөн шийдвэр байна. Хэрэв Улсын Бүртгэлийн ерөнхий газрын дарга болон Үндэсний Статистикийн хорооны дарга нарын аль нэгийг Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.4-т заасан “...төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан...” гэх шалтгаанаар Хууль Зүйн сайдын эрхлэх асуудлын хүрээнд байгуулагдсан Улсын Бүртгэл, статистикийн ерөнхий газрын даргаар томилох байсан юм бол Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасан тодорхой хуулийн зохицуулалт байсаар байтал үүнийг зөрчиж ямар нэгэн шалгаруулалт явуулалгүйгээр Үндэсний Статистикийн хорооны дарга ХХХХХХХыг томилсон байна. Гэвч миний бие Улсын Бүртгэлийн ерөнхий газрын дэд даргаар ажиллаж байх хугацаандаа төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүнгийн гэрээгээр тогтмол A, В үнэлгээтэй дүгнэгдэж, төрийн албан хаагчийн ёс зүйн болон бусад ямар нэгэн зөрчлийг гаргалгүй төрийн албаны удирдлага, хэм хэмжээг чанд баримтлан хариуцлагатай ажиллаж байсан болно. Ийнхүү 2 даргын хооронд ямар нэгэн сонгон шалгаруулалт явуулалгүйгээр ХХХХХХХыг томилсон нь Төрийн албаны тухай хуүлийн 27 дугаар зүйлийн 27.2.3-ыг зөрчсөн үйлдэл байна. Түүнчлэн Үндэсний Статистикийн хорооны даргаар ажиллаж байсан ХХХХХХХыг УИХ-ын 2015 оны 116 дугаар тогтоолоор үүрэгт ажлаас нь чөлөөлсөн тогтоолоос харахад ХХХХХХХ нь төрийн албанаас төрийн албаны нөөцгүй чөлөөлөгдсөн нь харагдаж байна. Өөрөөр хэлбэл төрийн жинхэнэ албан хаагч төрийн албанд томилогдохтой холбоотой заавал авч үздэг нөөцийн асуудлыг Төрийн албаны зөвлөлийн 2009 оны 99 дүгээр тогтоолоор батлагдсан Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журмаар зохицуулдаг. Энэхүү хүчин төгөлдөр үйлчилж байгаа журмын зохицуулалтаар ХХХХХХХ нь төрийн албаны нөөцгүй болсон байна.

Гэвч төрийн албаны нөөцгүй иргэнийг төрийн албаны удирдах албан тушаалд томилсон нь Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.3 болон УИХ-ын 2003 оны 13 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журмыг зөрчиж, хууль дээдлэх, ил тод байх зарчмыг алдагдуулсан үйлдэл болох нь ч харагдаж байна. Үүрэгт ажлаас чөлөөлсөн Засгийн газрын газрын 19 тоот тогтоол, шийдвэрийг надад албан ёсоор өгөөгүй бөгөөд миний ажлыг энэ оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээлцсэн. Ингээд миний бие өргөдөл, гомдол шийдвэрлэх хуулийн хугацаанд зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар намайг Улсын Бүртгэлийн Ерөнхий газрын даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн Засгийн газрын 2016 оны 19 тоот тогтоолыг эс хүлээн зөвшөөрч Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.4-д заасны дагуу гомдлоо төрийн албаны төв байгууллага болох Төрийн албаны зөвлөлд энэ оны 02 дугаар сарын 03-ны өдөр гаргасан. Төрийн албаны зөвлөлөөс ХХХын хэрэг эрхлэх газрын дарга ХХХХХод 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 112 дугаар албан бичиг хүргүүлж, хувийг мөн надад ирүүлсэн. Гэвч энэхүү албан бичигт дурдсанаас үзэхэд төрийн албаны төв байгууллага нь Төрийн албаны тухай хуулиар олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд миний зөрчигдсөн эрхийг хамгаалах талаар зохих шийдвэрийг гаргалгүйгээр гомдлыг Засгийн газарт шууд шилжүүлсэн асуудлыг эс зөвшөөрч Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.7-д заасны дагуу шүүхэд гомдол гаргаж байна. Иймд ХХХын 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 19 тоот тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын даргын ажилд эгүүлэн томилуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд гаргасан тайлбартаа: Улсын Их Хурлаас 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Статистикийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг баталсан бөгөөд уг хуулиар Үндэсний статистикийн хорооны хэрэгжүүлж байсан чиг үүргийг Статистикийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хэрэгжүүлэхээр хуульчилсан байна. Түүнчлэн Улсын Их Хурлын 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 100 дугаар тогтоолоор “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчд өөрчлөлт оруулж, Хууль зүйн сайдын эрхлэх асуудлын хүрээнд “Улсын бүртгэлийн ерөнхий газар” гэснийг “Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газар” гэж өөрчлөн энэхүү тогтоолыг 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр заасан. Дээр дурдсан хууль, Улсын Их Хурлын тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд Засгийн газрын агентлаг, төрийн байгууллагуудын бүтэц, зохион байгуулалтын талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 501 дүгээр тогтоолоор Засгийн газрын тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлагийн жагсаалтын “Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг” гэсэн хэсгийн “Улсын бүртгэлийн ерөнхий газар” гэснийг “Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газар” гэж өөрчилсөн болно. Нэхэмжлэгч Х нэхэмжлэлийн шаардлагын 1 дэх хэсэгт “ ...Үндэсний статистикийн хороо татан буугдаж, тус хорооны чиг үүрэг Улсын бүртгэлийн ерөнхий газрын чиг үүрэгдээр нэмэгдэн Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газар байгуулагдсанаар Үндэсний статистикийн хорооны дарг Үндэсний статистикийн хорооны даргын албан тушаалын орон тоо хасагдсан болох нь харагдаж байна.

Төрийн байгууллагыг өөрчлөн байгуулсан асуудал нь Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 6.1-д “Агентлагийг нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх замаар өөрчлөн байгуулна” гэж, мөн хуулийн 6.3-т “Хуульд өөрөөр заагаагүй бол агентлагийг өөрчлөн байгуулах, татан буулгах асуудлыг Улсын Их Хурлаас зөвшөөрсөн төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийн дагуу Засгийн газар шийдвэрлэнэ” гэж тус тус хуульчилсны дагуу Засгийн газар хуулиар өөрт олгосон эрхийн хүрээнд авсан арга хэмжээ юм. Иргэний хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасны дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газрыг нэгтгэх замаар өөрчлөн байгуулсан бөгөөд Үндэсний статистикийн хорооны үйл ажиллагааг зогсоож, түүний хэрэгжүүлж байсан чиг үүргийг Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газарт шилжүүлсэн болно.

Улсын бүртгэлийн ерөнхий газрыг өөрчлөн байгуулснаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга гэсэн албан тушаал үгүй болж, Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын даргын албан тушаал шинээр бий болсон бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасны дагуу ХХХХХХХыг уг албан тушаалд тавигдах шаардлагыг илүү хангаж байна гэж үзэн, шалгаруулж улмаар Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын даргаар томилсон болно. Статистикийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2-т “статистикийн үйл ажиллагаа гэж статистикийн бүртгэл хөтлөх, мэдээлэл гаргаж өгөх, дамжуулах, нэгтгэн боловсруулах, тооллого, судалгаа явуулах, дүгнэлт гаргах, мэдээлэл, судалгааны үр дүнг хэрэглэгчдэд тараах, хэвлэн нийтлэх, мэдээллийн үнэн зөв байдлыг хангах, сан байгуулах, хадгалахыг ойлгоно” гэж тодорхойлсны дагуу Статистикийн байгууллагын даргын албан тушаал нь нарийн мэдлэг, мэргэжил шаарддаг бөгөөд Үндэсний статистикийн хорооны даргаар ажиллаж байсан ХХХХХХХ нь математикч мэргэжилтэй, математикийн ухааны магистрын зэрэгтэй ба статистикийн үйл ажиллагааны чиглэлээр мэргэшсэн бөгөөд төрийн албанд 29 жил ажилласан, үүнээс 21 жилд нь удирдах албан тушаал хашсан, ажлын дадлага туршлагатай төрийн албан хаагч болно.

Харин нэхэмжлэгч Х нь эрх зүйч мэргэжилтэй бөгөөд төрийн албанд 11 жил ажилласан, үүнээс удирдах албан тушаалд 9 жил ажилласан байна. Түүнчлэн нэхэмжлэгч Х нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргаар ажиллаж байх хугацаандаа албан үүргээ хангалтгүй биелүүлсэн тул Төрийн албаны тухай хуулийн 26.1.2-т заасны дагуу албан тушаалын цалинг 6 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулах тухай саналыг Хууль зүйн сайдын 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 1/4746 тоот албан бичгээр ирүүлж байсан болно. Иймд үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргээр нь шалгаруулж, ХХХХХХХыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын даргаар томилсон Засгийн газрын 2016 оны 24 дүгээр тогтоол нь Төрийн албаны тухай хуулийн 27.2.3-т нийцэж байх тул нэхэмжлэгч Хийн “Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын албан тушаалаас чөлөөлсөн нь хууль зөрчиж байна” гэсэн тайлбар нь үндэслэлгүй байна.

Статистикийн тухай хууль, Улсын бүртгэлийн ерөнхий хуульд Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газар нь бүртгэл, статистикийн хууль тогтоомжийг биелүүлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулах бөгөөд энэ хүрээнд статистикийн бүртгэл хөтлөх, мэдээлэл гаргаж өгөх, дамжуулах, нэгтгэн боловсруулах, тооллого, судалгаа явуулах, дүгнэлт гаргах, мэдээлэл, судалгааны үр дүнг хэрэглэгчдэд тараах, хэвлэн нийтлэх, мэдээллийн үнэн зөв байдлыг хангах, сан байгуулах, хадгалах, иргэн, хуулийн этгээдийн болон эд хөрөнгийн эрх, үүрэг үүсгэх, өөрчлөгдөх, дуусгавар болохтой холбоотой бүртгэлийн үйл ажиллагааг эхлэх зэрэг чиг үүргийг хэрэгжүүлэхээр хуульчилсан. Гэтэл нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын 2 дахь хэсэгт “... Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдсаар байтал Засгийн газрын 2016 оны 19 дүгээр тогтоолоор намайг Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн нь Төрийн албаны тухай хуулийн 27.2.3-г зөрчсөн шийдвэр байна” гэж тайлбарласан нь үндэслэлгүй байна. Улсын бүртгэлийн ерөнхий газар нь Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газар болж өөрчлөн байгуулагдсантай холбогдуулан Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга гэсэн албан тушаал байхгүй болсон бөгөөд шинээр Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын даргын албан тушаал бий болсон. Тиймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан шиг Улсын бүртгэлийн ерөнхий газрын албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн гэсэн нь үндэслэлгүй юм. Түүнчлэн төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсантай холбогдуулан албан тушаал байхгүй болсон тул нэхэмжлэгч Хийг төрийн албанаас чөлөөлсөн бөгөөд энэ нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон Төрийн албаны тухай хуулийн 27.2.1-д заасантай хамааралгүй юм. Төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсантай холбогдуулан төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгаагаар хангахтай холбоотой харилцааг Төрийн албаны тухай хуулийн 27.2-т зааснаар зохицуулж байгаа бөгөөд уг хуулийн 27.2.4-т заасныг үндэслэн Засгийн газрын 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 19 дүгээр тогтоолоор Хийг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын үүрэгт ажлаас чөлөөлж, Хууль зүйн сайдын 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн Б/04 дүгээр тушаалаар Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын Улсын бүртгэлийн асуудал хариуцсан дэд даргаар томилсон. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн ажиллаж байсан байгууллага өөрчлөн байгуулагдаж, түүний албан тушаал байхгүй болсон хэдий ч хариуцагч ХХХ нэхэмжлэгч Хийг Төрийн албаны тухай хуулийн 27.2-т заасан төрийн албан хаагчийн нэмэгдэл баталгаагаар хангасан бөгөөд энэ хүрээнд мэргэжил, мэргэшлийн дагуу Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын Улсын бүртгэлийн асуудал хариуцсан дэд даргаар томилон ажиллуулж байна.

Улсын бүртгэлийн ерөнхий газар өөрчлөн байгуулагдсан нь Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын даргын албан тушаалын сул орон тоо гарсан гэж үзэхгүй юм. “Сул орон тоо гарсан” гэдгийг Төрийн албаны тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай Улсын Дээд шүүхийн 2010 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 8 дугаар тогтоолын 4-т “Хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д заасан “...сул орон тоо гарсан...” гэж хуулийн 23, 24, 25 дугаар зүйл, 26 дугаар зүйлийн 26.1.3-т заасан үндэслэлээр төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаалаас нь бууруулсан, төрийн албанаас чөлөөлөгдсөн, халагдсан болон төрийн жинхэнэ албан хаагч нас барсны улмаас тухайн албан тушаалын ажлын байр суларсан байхыг хэлнэ ...” гэж тайлбарласан байна. Түүнчлэн Төрийн албаны тухай хуулийн 27.2.3-т заасны дагуу ХХХХХХХыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын даргаар томилсон Засгийн газрын 2016 оны 24 дүгээр тогтоол нь Улсын Их Хурлын 33 оны 13 дугаар тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ыг зөрчөөгүй болно. Иймд дээр дурдсан үндэслэл, шаардлагыг харгалзан нэхэмжлэгч Хийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар ХХХын 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 19 дүгээр тогтоолыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Хийг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Улсын бүртгэл, Статистикийн ерөнхий газрын даргын ажилд эгүүлэн тогтоож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХ давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шийдвэрийг дараах үндэслэлээр энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна.

Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн буюу хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.

1. Улсын Их Хурлаас 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өлөр баталсан Статискийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиар Үндэсний статистикийн хорооны хэрэгжүүлж байсан чиг үүргийг статистикийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хэрэгжүүлэхээр хуульчилсан бөгөөд мөн өдрийн Улсын Их Хурлын 100 дугаар тогтоолоор “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч”-д өөрчлөлт оруулж, Хууль зүйн сайдын эрхлэх асуудлын хүрээнд “Улсын бүртгэлийн ерөнхий газар” гэснийг “Улсын бүртгэл, статискийн ерөнхий газар” гэж өөрчлөн, энэхүү тогтоолыг 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр заасан. Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 6.1-д “Агентлагийг нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх замаар өөрчлөн байгуулна” гэж, мөн хуулийн 6.3-т “Хуульд өөрөөр заагаагүй бол агентлагийг өөрчлөн байгуулах, татан буулгах асуудлыг Улсын Их Хурлаас зөвшөөрсөн төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийн дагуу Засгийн газар шийдвэрлэнэ” гэж тус тус заасны дагуу “Засгийн газрын агентлаг, төрийн байгууллагуудын бүтэц, зохион байгуулалтын талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 501 дүгээр тогтоолоор Улсын бүртгэлийн ерөнхий газрыг Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газар болгон өөрчлөн зохион байгуулсан.

2. Төрийн албаны тухай хуулийн 27.2 дахь хэсэгт төрийн жинхэнэ албан хаагчийг нэмэгдэл баталгаагаар хангахтай холбогдсон харилцааг зохицуулж байгаа бөгөөд уг хэсгийн 27.2.3-т төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсантай холбогдуулан тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ,мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна гэж хуульчилсан байна.

1. Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын даргын албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтын ерөнхий шаардлагад дээд боловсролтой, математикч, эдийн засагч-статистикч мэргэжилтэй, төрийн албанд 10-аас доошгүй жил, үүнээс 5-аас доошгүй жил удирдах албан тушаалд ажилласан байх, хэл бичгийн дүрэм,найруулга, албан хэрэг хөтлөлтийн стандартын мэдлэг, ур чадвартай байх,статискийн тооцооны арга зүйн мэдлэгтэй, компьютерийн өргөн хэрэглээний программ, нээлттэй эхийн системийг ашиглах, дотоод гадаад сүлжээнээс мэдээлэл авч, илгээх чадвартай байх, НҮБ-ын албан ёсны аль нэг хэлний мэдлэгтэй байх; мэдээллийн технологийн програм хангамж, сүлжээний үйл ажиллагааг удирдах чадвартай байх;бизнесийн болон стратеги зорилгоо тодорхойлох, хүрэх арга, технологи боловсруулах чадвартай байх, тусгай шаардлагад төрийн албаны ёс зүйн хэм хэмжээг хэлбэрэлтгүй сахих, төрийн болон байгууллага, хувь хүний нууцыг чанд хадгалах шаардлага тавигдсан болно.

Иймд Үндэсний статистикийн хорооны даргаар ажиллаж байсан ХХХХХХХ, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Х нарын үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг харгалзан үзээд дээр дурдсан албан тушаалын тодорхойлолтод заасан ерөнхий болон тусгай шаардлагыг илүүтэй хангаж буй байдлаар нь ХХХХХХХыг шалгаруулж, Улсын бүртгэл статистикийн ерөнхий газрын даргаар томилсон байна.

Тухайлбал, ХХХХХХХ нь ОХУ-ын Эрхүү хотын Улсын их сургуулийг математикч мэргэжлээр төгссөн, математикийн ухааны магистрийн зэрэгтэй ба төрийн албанд 29 жил ажилласан, үүнээс 21 жилд удирдах албан тушаал хашсан, статистикийн үйл ажиллагааны чиглэлээр мэргэшсэн, орос, англи хэлтэй эзэмшсэн бөгөөд албан хаагчийн хувьд мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага туршлагаас гадна Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын даргын албан тушаалын тодорхойлолтын ерөнхий шаардлагад тавигдсан математикч, эдийн засагч-статистикч мэргэжилтэй; статистикийн тооцооны арга зүйн мэдлэгтэй, дотоод гадаад сүлжээнээс мэдээлэл авч, илгээх чадвартай байх, НҮБ-ын албан ёсны аль нэг хэлний мэдлэгтэй байх, мэдээллийн технологийн програм хангамж, сүлжээний үйл ажиллагааг удирдах чадвартай байх, бизнесийн болон стратеги зорилгоо тодорхойлох, хүрэх арга технологи боловсруулах чадвартай байх, тусгай шаардлагад тавигдсан төрийн албаны ёс зүйн хэм хэмжээг хэлбэрэлтгүй сахих шаардлагуудыг Хоос илүү хангаж байсан болно.

2. Уг хэргийг хянан шийдвэрлэсэн шүүгч хэргийг үнэн зөв шийдвэрлэхэд чухал нотлох баримтууд болох “Шалгалтаар илэрсэн зөрчил арилгуулах тухай” Хууль зүйн сайдын 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 1/2 дугаартай албан даалгавар, “Гадаадад томилолтоор ажиллуулах тухай” Хууль зүйн сайдын 2015 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн А/162 дугаартай тушаал, “Шалгалтын дүнгийн тухай” Хууль зүйн яамны Хяналт-Шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 09 тоот албан бичиг (дотоод албан бичиг) болон холбогдох бусад баримтыг үнэлээгүй, эдгээр баримтуудад хууль зүйн дүгнэлт хийгээгүй байна. Тухайлбал, шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “…хэрэгт цугларсан баримтуудаас үзэхэд Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга, Үндэсний статистикийн хорооны дарга нараас чухам ямар шалгуур үзүүлэлтээр Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Хийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тогтоол гаргасан нь ойлгомжгүй болжээ” гэсэн байна.

Дээр дурдсан хэргийн бичмэл нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий үйл баримтыг илэрхийлж, агуулсан, тухайн хэрэгт холбогдох нөхцөл байдлыг үнэн зөв үнэлж, тогтоох хамгийн чухал баримт мөн бөгөөд шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заасныг зөрчиж байна.

Дээрх нотлох баримтуудад Х нь 2015 оны 7 дугаар сарын 21-ний өдөр ХБНГУ-ын “Гизэкэ энд дэвриент” компанитай гадаад паспортын бэлдэц худалдан авах гэрээ байгуулахдаа Хууль зүйн сайдаас зөвшөөрсөн хязгаарыг хэтрүүлэн удирдлагын шийдвэрийг зөрчсөн, тус газрын даргын 2015 оны 229, 259, 262, 291, 388, 392, 506, 534, 755 дугаар тушаалууд нь хууль зөрчсөн, нэр бүхий улсын бүртгэгч, ахлах бүртгэгч нарыг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн, халсан болохыг хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрүүдээр тогтоосон зэргээр хууль тогтоомж зөрчиж байсан тухай дурдсан бөгөөд тэдгээр нөхцөл байдлыг Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын даргын албан тушаалд шалгаруулж авахдаа харгалзсан болно.

3. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасны дагуу Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын даргыг томилох эрх бүхий этгээд нь Засгийн газар юм.

Гэтэл шүүгч хэргийг хянан шийдвэрлэхдээ Улсын дээд шүүхийн 2010 оны 8 дугаар тогтоолоор баталсан “Төрийн албаны тухай хуулийн 27.2.3 дахь заалтын тайлбар”-тай холбон шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “…ажилтны тоог цөөрүүлж байгаа бол энэ үед ажиллаж байгаа ажилтнуудаас аль нь чадвартай мэргэжилдээ илүү сайныг нь үлдээх зарчмыг баримтлах ба ингэхдээ аттестатчиллын дүнг харгалзах юм” гэж дүгнэлт хийсэн нь зарчмын хувьд алдаатай,буруу гэж үзэж байна. Учир нь Улсын дээд шүүхийн уг тогтоолын 15-д “…шалгаруулж авна” гэж эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр томилогдсон бүрэлдэхүүн, ажлын хэсэг /комисс/-ийн дүгнэлтийг үндэслэн ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа ажилтныг сонгохыг хэлнэ гэж тайлбарласан нь Монгол улсын Үндсэн хуулийн Гучин наймдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “ХХХ бол төрийн гүйцэтгэх дээд байгууллага мөн” гэж, 3 дахь хэсэгт “Засгийн газрын тодорхой бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно” гэж, ХХХын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 2-т “Засгийн газар нь асуудлыг хамтран хэлэлцэж олонхийн санаа бодолд түшиглэн цөөнхийн саналыг хүндэтгэн үзэж шийдвэрлэх, гарсан шийдвэрийн биелэлтийг дангаар хариуцах, үйл ажиллагааныхаа талаар Улсын Их Хурлын өмнө хамтын хариуцлага хүлээх, нутаг дэвсгэрийн болон салбарын зарчмыг хослуулах үндсэн дээр ажиллана” гэж, 29 дүгээр зүйлийн 1-д “Засгийн газар нь энэ хууль, бусад хуульд заасан бүрэн эрхийнхээ асуудал, түүнчлэн Улсын Их Хурлаас даалгасан, Ерөнхийлөгч санал болгосон асуудлыг хуралдаанаараа хэлэлцсэний үндсэн дээр шийдвэрлэнэ” гэж тус тус хуульчилсантай нийцэхгүй байна.

Мөн түүнчлэн уг тайлбар нь Засгийн газрын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 3-т “Засгийн газар үйл ажиллагаагаа танхимын зохион байгуулалтаар хэрэгжүүлнэ” гэж, 4-т “Танхимын үйл ажиллагааны зохион байгуулалтын үндсэн хэлбэр нь Засгийн газрын хуралдааны нарийвчилсан дэгийг энэ хуулийн дагуу Засгийн газар тогтооно” гэж заасны дагуу Засгийн газрын танхимын зохион байгуулалтын үндсэн дээр хуралдаанаараа асуудлыг олонхийн саналаар шийдвэрлэх, хуралдааны дэгийг өөрөө тогтоох бүрэн эрхийг хязгаарласан шинжтэй байна. Засгийн газар эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр томилогдсон ажлын хэсэг /комисс/-ийн дүгнэлтийг үндэслэн агентлагийн даргыг томилох шаардлагыг зохигчид тавьж, хуулиас өөр журам тогтоосон, хуульд нийцээгүй тайлбарыг үндэслэн шүүгч шийдвэрээ гаргасан нь ойлгомжгүй байна.

Монгол улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4-т заасны дагуу Улсын дээд шүүх нь Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах бүрэн эрхийг хэрэгжүүлдэг бөгөөд уг зүйлийн 2 дахь хэсэгт “Улсын дээд шүүхийн тайлбар хуульд харшилбал хуулийг дагаж биелүүлнэ” гэж заасны дагуу энэ тохиолдолд шүүгчийн зүгээс Төрийн албаны тухай хуулийн 27.2.3 дахь заалтын зохицуулалтыг хууль тогтоогч хуульд хэрхэн томьёолж, бичсэний дагуу буюу түүний утга агуулгыг гажуудуулахгүйгээр зөв хэрэглэх учиртай байсан гэж үзэж байна.

Нэмж хэлэхэд, Монгол улсын шүүхийн тухай хуулийн 7.3-т “шүүх хүчин төгөлдөр болсон, албан ёсоор нийтлэгдсэн хууль, Монгол улсын олон улсын гэрээг хэрэглэнэ” гэж хуульчилсны дагуу шүүгчийн зүгээс хэргийг хянан шийдвэрлэхдээ төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсантай холбогдуулан албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсний улмаас албан хаагчийг шалгаруулж авах Төрийн албаны тухай хуулийн 27.2.3 дахь зохицуулалтыг зөв ойлгож, хэрэглэх шаардлагатай болжээ.

Иймд дээр дурдсан үндэслэл, шаардлагыг харгалзан Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 03986 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Х нь хариуцагч ХХХт холбогдуулан ХХХын 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 19 тоот тогтоолыг хүчингүй болгуулах, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын даргын ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч Статистикийн тухай хуулинд өөрчлөлт орж, Улсын Их Хурлын 100 дугаар тогтоолоор хоёр байгууллагыг Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газар гэж өөрчлөн байгуулагдсантай холбогдуулан, тухайн хоёр байгууллагын даргын орон тоо цөөрч нэг даргатай болсон тул албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг ур чадвар, ажлын дадлага туршлага зэргийг нь харгалзан ХХХХХХХыг уг албан тушаалд тавигдах шаардлагыг илүү хангасан гэж үзэж шинээр бий болсон Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын даргаар томилж, Хийг Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын Улсын бүртгэлийн асуудал хариуцсан дэд даргаар томилсон нь хууль зөрчөөгүй гэж маргажээ.

 

Хэрэгт цугларсан баримт болон талуудын тайлбараас үзвэл, Монгол Улсын Их Хурлын 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 100 дугаар тогтоолоор “Улсын бүртгэлийн ерөнхий газар” гэснийг “Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газар” гэж тус тус өөрчилсөн ба үүнтэй холбогдуулан Монгол Улсын Хууль зүйн сайдын 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А/16 тоот “Бүтэц, орон тоо, үйл ажиллагааны стратеги, хөтөлбөр шинэчлэн батлах тухай” тушаалыг мөн сайдын 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/304 дугаар тушаалаар хүчингүй болсонд тооцжээ. /хэргийн 39-67 дугаар тал/

 

Монгол Улсын Хууль Зүйн сайдын 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/304 дугаар тушаалын 2 дугаар хэсэгт... Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын удирдлагын орон тоог ерөнхий газрын дарга-1, дэд дарга-2, нийт 1457 төрийн албан хаагчтай байхаар тогтоосон ба тус газрын даргын албан тушаал нь ангилалын хувьд тэргүүн түшмэл, зэрэглэлийн хувьд ТЗ-13, дэд даргын албан тушаал нь ангилалын хувьд эрхэлсэн түшмэл, зэрэглэлийн хувьд ТЗ-12-т тус тус хамаарч байна.

 

Нэхэмжлэгч Хийг ХХХын 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 19 дүгээр тогтоолоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын албан тушаалаас чөлөөлж, Монгол Улсын Хууль зүйн сайдын 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн А/31 дүгээр тушаалаар түүнийг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын Улсын бүртгэлийн асуудал хариуцсан дэд даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр, мөн оны 3 дугаар сарын 01-ний өдрийн Б/04 дүгээр тушаалаар уг дэд даргын албан тушаалд тус тус томилжээ.

 

Нэхэмжлэгч нь Үндэсний статистикийн хороо татан буугдаж, Улсын бүртгэлийн ерөнхий газарт нэгтгэгдсэн учир өөрийн ажлын байр хэвээр хадгалагдаж байгаа гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарласныг хариуцагч үгүйсгэж, хоёр байгууллага нийлж, шинээр өөрчлөн байгуулагдсан тул нэхэмжлэгчийн ажлын байр байхгүй болсон гэж маргаж байх боловч, тус байгууллагууд өөрчлөн байгуулагдахаас өмнө уг байгууллагуудын даргын ажлын байрны ангилал зэрэглэлийг тогтоосон баримт, ажлын байр /албан тушаал/-ын тодорхойлолтууд хэрэгт авагдаагүй байх тул нэхэмжлэгчийн ажлын байр, албан тушаал хэвээр хадгалагдаж байгаа эсэхэд давж заалдах шатны шүүх дүгнэлт хийх боломжгүй байна.

 

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлэх замаар дээрх байдлыг тодруулалгүй хэргийг шийдвэрлэсэн нь буруу болжээ.

Иймд давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оын 5 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШШ2016/03986 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Хариуцагч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

                                   

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           А.МӨНХЗУЛ

 

                                                           ШҮҮГЧИД                            Т.ТУЯА

 

                                                                                                        С.ЭНХТӨР