Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2023/00869

 

2023 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2023/00869

 

С.А-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан, даргалж, шүүгч Д.Нямбазар, шүүгч Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 184/ШШ2023/00803 дугаар шийдвэртэй,

 

С.А-ын нэхэмжлэлтэй,

Х.Б-, Л.В- нарт холбогдох,

 

Гэм хорын хохиролд 2,405,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй,

Гэм хорын хохиролд 2,000,050 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Базардорж, хариуцагч Х.Б-, түүний өмгөөлөгч Р.Пүрэвлхам, хариуцагч Л.В-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбарын агуулга:

1.1. С.А- нь 2020 оны 07 дугаар сарын 05-ны өдөр өөрийн **** УНЛ улсын дугаартай тоёота приус 30 маркийн машинтай Нийслэлийн цагдаагийн Ерөнхий газрын уулзвар дээр зүүнээс баруун чиглэлтэй явж байхад **** УАВ улсын дугаартай тоёота приус маркийн автомашиныг жолоодож явсан жолооч Х.Б- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10 дугаар зүйлийн 10.5-д заасныг зөрчсөний улмаас тухайн зам тээврийн осол гарсан. Зам тээврийн ослоос нэхэмжлэгч С.А-ын эзэмшлийн **** УНЛ улсын дугаартай тоёота приус 30 маркийн машинд хохирол учирсан.

1.2. Зөрчил шалган шийдвэрлэгдэх явцад томилогдсон шинжээчийн үнэлгээгээр С.А-ын **** УНЛ улсын дугаартай тоёота приус 30 маркийн машинд 2,200,000 төгрөгийн хохирол учирсан болохыг тогтоосон. Үүнд нэмээд хохирлын үнэлгээ гаргуулахад гарсан зардал 118,000 төгрөг, машины оношилгооны төлбөр 55,000 төгрөг, нотариатын зардал 32,000 төгрөг, нийт 2,405,000 төгрөгийг жолооч Х.Б- болон уг тээврийн хэрэгслийн хууль ёсны өмчлөгч Л.В- нараас  гаргуулж нэхэмжлэгч С.А-од олгож өгнө үү.

1.3. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Замын цагдаагийн хэлтэс тухайн зам тээврийн осол дээр зөрчлийн 2011000851 дугаар хэрэг нээж, шалгасан ба эрх бүхий албан тушаалтны 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн ОС-152/156 дугаартай магадлагаа, шинжээчийн 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 14/23 дугаар дүгнэлтээр Х.Б-ыг замын хөдөлгөөний дүрмийн 10.5-дах заалтыг зөрчсөн улмаас тухайн осол гарах шалтгаан болсон ба нэхэмжлэгч С.А-ыг замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчөөгүй болохыг тогтоосон.

Иймд С.А-од холбогдуулан гаргасан Л.В-гийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

2. Хариуцагч Х.Б-ын татгалзал, тайлбарын агуулга:  

2.1. Тухайн үед би машин барьж явсан нь үнэн боловч энэ зам тээврийн осол гарахад буруугүй. С.А- өөрөө хурд хэтрүүлсэн. Би эгнээ сэлгэж явсаар байгаад эргэлт рүү орсон. Энэ үед миний машины араас С.А- машинаараа мөргөсөн.

2.2. Хэрэг бүртгэлийн хэргийн материалыг харахаар би машинаараа мөргөчихсөн агуулгатай харагддаг. Тиймээс би хэргийн газрын үзлэг анхнаасаа С.А-ын талд гарсан, таньдаг цагдаагаа дуудсан гэж сэрдэж байна.

2.3. Тухайн үед Л.В- эгч машинаа зарах гээд явж байсан бөгөөд машин худалдаж авах хүн нь арын суудалд сууж явсан. Осол гарснаар Л.В- эгч цочролд ороод салгалж, машинаа цаашлуул гэж орилсон. С.А- машинаа цаашлуулж хөдөлгөсөн. Тэрнээс болоод хэргийн газрын үзлэгт өөрчлөлт орсон байх гэж бодож байна.

2.4. С.А- машиныхаа хаалгыг онгойлгохгүй, цонхоороо орилж яриад байсан. Би С.А-ыг тухайн үед хэвийн бус байдалтай байсан гэж өнгөрсөн хойно нь бодсон. н.Ж- хэргийн газрын үзлэгийн талаарх тодорхойлолтдоо “хоёр хүнийг үлээлгэж согтуурлын зэргийг шалгасан хоёулаа эрүүл байсан” гэж бичсэн байсан. Гэхдээ надаас тийм зүйл шалгаж үлээлгээгүй. Худлаа зүйл бичсэн байсан. Анхнаасаа энэ хэргийг С.А-од ашигтай байдлаар шийдвэрлэсэн учраас би энэ шийдвэрийг буруу гэж үзэж байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

 

3. Хариуцагч Л.В-гийн татгалзал, сөрөг нэхэмжлэл, тайлбарын агуулга:

3.1. 2020 оны 07 дугаар сарын 05-ны орой миний **** УАВ улсын дугаартай тоёота приус маркийн автомашиныг Х.Б- жолоодож яваад Улсын дээд шүүхийн барилгын хойд талын замын баруун, зүүн тийш эргэдэг тойрог руу орж явахад араас **** УНЛ улсын дугаартай тоёота приус маркийн автомашин гэнэт ирж жолоочийн хажуу талын хаалга руу мөргөнгүүтээ машинаа цааш 1-2 метрийн зайд холдуулж  зогссон. Миний машинд 2,0 сая гаруй төгрөгийн хохирол учруулсан юм. Энэ зам тээврийн зөрчлөөс болж миний даралт ихсэж, тархи хөдөлж, бие муудаж, хувийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. Энэ зөрчил гарахад С.А- жолоочийн шууд буруутай үйлдлээс болсон. Тэрээр тээврийн хэрэгслийн хурд хэтрүүлсэн, замын зорчих хэсэгт байрлуулсан зогс тэмдгийг эс анхаарч зогсолт хийгээгүй, орчны аюулгүй байдлаа хангаагүй, тээврийн хэрэгсэл хоорондын зай бариагүй, зөрчил гаргангуут тээврийн хэрэгслээ зөрчлийн байрнаас хөдөлгөж явсан, С.А- нь өөрийн таньдаг цагдаагаа дуудсан, зөрчил болсон газрын хэмжилтийг үнэн зөв хийгээгүй зэргээс болж, зүүн гар тал руугаа эргэх дохио өгөөд эргэлтийн тойрогт орсон манай машины араас давхар эргэлт хийж миний машиныг мөргөсөн.

3.2. Нэхэмжлэгч нь Зам тээврийн ослын тэмдэглэлийг Чингэлтэй дүүргийн Замын цагдаагийн дэслэгч н.Ж-атай хуйвалдаж буруу гаргуулсан. С.А- миний **** УАВ автомашиныг мөргөсөн атлаа өөрийнхөө **** УНЛ машиныг мөргүүлсэн мэтээр ослын акт бичүүлсэн байгаа нь шударга бус асуудал юм.

Би өөрийнхөө машиныг өөрөө засуулсан. Эрүүл мэндээ эмчлүүлсэн болоод мартсан. Гэтэл надтай ямар ч холбоогүй Х.Б-ын эмээ нь гэж үзэж жил гаруй хугацааны дараа зам тээврийн ослын зөрчлийн гэм хорын хохирол 2,405,000 төгрөг нэхэмжилж байна. Би тухайн үед тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцоогүй, зам тээврийн ямар нэгэн зөрчил гаргаагүй. Харин ослын улмаас өөрөө бэртэж эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирсон тул С.А-ын нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Шүүх тухайн үйлдэгдсэн зөрчил, болсон үйл явдалд үнэн бөгөөд бодитой дүгнэлт хийж, С.А-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

3.3. С.А- нь 2020 оны 07 дугаар сарын 05-ны өдөр миний **** УАВ улсын дугаартай Тоёота приус 41 жи маркийн сувдан цагаан өнгөтэй автомашиныг зам дээр хойд талын баруунаас зүүн тийш эргэдэг тойрог руу дохиогоо өгөөд эргэж байхад араас **** УНЛ дугаартай Тоёота приус 30 маркийн цагаан өнгийн автомашинаараа маш их хурдтай давхин ирж мөргөсөн болно. Тэр жолооч мөргөнгүүтээ машинаа цааш хөдөлгөн 1-2 метрийн зайд холдуулан зогссон. Энэ ослын улмаас миний машинд 2,0 сая гаруй төгрөгийн хохирол учирч би өөрөө эрүүл мэндээрээ хохирсон тул С.А-оос 2,000,050  төгрөгийг гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү.

 

4. Иргэдийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтийн агуулга: Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдэл нь Х.Б-ын буруутай үйлдлээс шалтгаалсан тул үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох хэрэгтэй гэж үзэж байна.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.3, 499.4, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Х.Б-, Л.В- нараас гэм хорын хохиролд 2,405,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч С.А-од олгож, С.А-од холбогдох 2,000,050 төгрөг гаргуулах тухай Л.В-гийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 53,430 төгрөгийг, хариуцагч Л.В-гээс төлсөн 46,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 53,430 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.А-од олгож шийдвэрлэжээ.

 

6. Хариуцагч Х.Б-ын гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

6.1. Шүүх нэхэмжлэгчийн үгэнд хэт хөтлөгдөн нэхэмжлэгчийн талд үйлчилж тухайн хэргийн үнэн зөвийг бодитойгоор тогтоогоогүй, шүүхэд урьдаас үнэн зөв хөдөлбөргүй үнэн гэж үзсэн ямар ч нотлох баримт байж болохгүй гэснийг зөрчсөн.

Тухайлбал, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтанд урьдчилсан дүгнэлт хийж зөвхөн үнэлгээний байгууллагын гаргасан үнийн дүнг үндэслэн 2,405,000 төгрөгийг надад хариуцуулсан нь үндэслэлгүй болсон бөгөөд хэргийн бодит байдалтай нийцээгүй.

6.2. Шүүх тухайн хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүйд гомдолтой байна. Учир нь, миний барьж явсан Л.В- эгчийн машинд С.А-ын буруутай үйлдлээс болж 2,0 сая гаруй төгрөгийн хохирол учирсан бөгөөд энэ талаар холбогдох нотлох баримтаа хуулийн дагуу гаргаж өгснийг хэрэгсэхгүй болгож хэт 1 талыг барьж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

6.3. Тус шүүх хуралд хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж хууль ёсны өмгөөлөгчөөр оролцож байгаа миний өмгөөлөгч Р.Пүрэвлхам өөрийн биеийн эрүүл мэндийн байдал дордон эмнэлгийн магадлагаа, өмгөөлөгчийн хүсэлтээ шүүхэд өгсөөр байхад өмгөөлөгчийн хүндэтгэн үзэх шалтгааныг хүлээн аваагүй. Намайг өмгөөлөгчгүй тус хуралд оролцуулан, мэтгэлцэх эрхийг хязгаарласан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар  зүйлийн 14-т заасны дагуу "Өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах, өмгөөлөгчөөр өмгөөлүүлэх" эрхийг эдлүүлээгүй нь Үндсэн хууль болон Эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчил гаргасан байна.

6.4. Иймд энэ хэргийг хянан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, өөр бүрэлдэхүүнээр хэргийг дахин шийдвэрлүүлж өгнө үү.

 

7. Хариуцагч Л.В-гийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

7.1. Анхан шатны шүүхийн шийдвэр нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой эргэлзээгүй талаас нь үнэн зөв бодитойгоор үнэлж дүгнээгүй, шүүх хуралд талуудыг өөрөөр хэлбэл хариуцагч намайг өвчтэй, хүндэтгэн үзэх шалтгаантай байхад түүнийг эс анхаарч, биечлэн оролцож нэхэмжлэгчийн нэхэмжлэлд тайлбар хэлэх мөн өөрийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хамгаалан дэмжиж, үг хэлэх мэтгэлцэх боломж олгоогүй.

Энэ хэргийн хамтран хариуцагч Х.Б-ын хууль, эрх зүйн туслалцаа авч гэрээ байгуулсан өмгөөлөгч нь өвчний учир эмчийн магадлагаа, өмгөөлөгчийн хүсэлтийн хамт өгсөн байхад нь түүнийг үгүйсгэсэн нь хүн өөрөө өөрийгөө өмгөөлөх, өмгөөлөгчөөс хууль эрх зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх эрхийг нь ноцтой зөрчсөн.

Шүүх нэхэмжлэгчийн үгэнд хэт хөтлөгдөн, нэхэмжлэгчийн талд үйлчилсэн. Хариуцагчийн гаргасан тайлбар мэдүүлгийг сонсож хүлээн аваагүй, тэдний тайлбар болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон.

“Хүн хууль шүүхийн өмнө эрх тэгш байх” тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4, 6 дугаар зүйлүүдэд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн суурь тулгуур зарчмуудыг зөрчсөн. Мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 40.3-т заасан хуулийн шаардлагуудыг ноцтой зөрчин хууль буруу хэрэглэсэн. Хариуцагчаас үндэслэлгүйгээр их хэмжээний төлбөр гаргуулж шийдсэн шүүхийн шийдвэрт гомдолтой байна.

7.2. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны болсон үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй. Учир нь 2020 оны 07 дугаар сарын 05-ны өдөр миний сууж явсан **** УАВ улсын дугаартай цагаан өнгийн тоёота приус маркийн авто машинаар Монгол Улсын дээд шүүхийн хойд талын баруун зүүн тийш эргэдэг тойрог руу дохиогоо өгөөд иргэж байхад бидний араас **** УНЛ улсын дугаартай цагаан өнгийн тоёота приус маркийн автомашин маш хурдтай ирж, миний сууж явсан /жолоочийн эсрэг/ талын хаалга руу хүчтэй мөргөж манай машиныг баруун гар талын замын хашлаганд тултал мөргөж хойш ухарч буцаагаад манай машинаас 4-өөс 6 орчим метрийн зайд зүүн тийш харуулаад зогссон юм. Дээрх баримтанд дүгнэлт хийхэд **** УАВ улсын дугаартай автомашины баруун урд дугуй 0.32 мм замын хашлагад тулсан, баруун хойд дугуй хашлагатай 1.9 м зайтай байна гэсэн тэмдэглэл нь манай машин **** УНЛ улсын дугаартай автомашинд мөргөгдсөний улмаас замын хашлаганд тулж зогссон байдлыг харуулж нотолсон баримт юм. Өөрөөр хэлбэл, манай машин зам тээврийн осол болж мөргүүлсэн газартаа зогсож байсан хөдлөөгүй байсныг харуулсан баримт юм.

Харин **** УНЛ приус маркийн автомашины зүүн урд болон хойд дугуйнаас замын хашлага хүртэл 5.60 м - 4.70 м байлаа гэснээс харахад уг машин манай машиныг мөргөөд хэргийн газраас хөдөлж цааш харан зогссон байгааг нотолж тогтоосон баримт байхад анхан шатны шүүх түүнийг эс анхааран энэ баримтаар биднийг буруутгасан нь үндэслэлгүй юм.

Мөн шүүх хэргийн газрын үзлэгийн акт, **** УНЛ автомашины 8 кадр фото зургаар нотолсон машины эвдрэлийн байдал, схем зургуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хөдөлбөргүй үнэн зөвөөр үнэлээгүй, ач холбогдол өгөөгүй. Хэрэгт цугларсан нотлох баримтуудад хийсвэрээр сэтгэж үндэслэлгүй дүгнэлт хийсэнд гомдолтой байна.

7.3. Шүүх хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон үндэслэлээ зааж нотлоогүй. С.А- нь хурд хэтрүүлж өөрөө анхаарал болгоомжгүй явснаас урдаа яваа тээврийн хэрэгслийг ирж мөргөсөн, мөн хэргийн газраас тээврийн хэрэгслээ хөдөлгөсөн, тээврийн хэрэгсэл хоорондын зай бариагүй, зогсохгүй явах хориотой тэмдэг тэмдэглэгээ зөрчсөн зэрэг түүний бурууг шалгаж нотлоогүй манай машиныг шууд буруутган бидэнд үндэслэлгүйгээр 2,405,000 төгрөгийн төлбөр төлүүлэхээр шийдвэрлэсэнд гомдолтой байна.

7.4. Анхан шатны шүүхэд тухайн үед миний машиныг худалдан авна гээд машинд явсан хүнийг гэрчээр асуулгах, зөрчлийн хэргийн материалыг татуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн аваагүйд гомдолтой байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагч нарын гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч С.А- нь хариуцагч Х.Б-, Л.В- нарт холбогдуулан гэм хорын хохиролд 2,405,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч хариуцагч Л.В- гэм хорын хохиролд 2,000,050 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргаж маргажээ.

 

3. Х.Б- нь 2020 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Нийслэлийн цагдаагийн удирдах газрын урд талын замд **** УНВ улсын дугаартай, Тоёота приус 41 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа С.А-ын жолоодож явсан **** УНЛ улсын дугаартай, Тоёота приус 30 маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гаргасныг анхан шатны шүүх нотлох баримтуудын хүрээнд зөв үнэлж тогтоосон байна.

 

4. Нэхэмжлэгч С.А-ын жолоодож явсан автомашиныг зам тээврийн осол гарахад “Энт кредит” ХХК-ийн өмчлөлд фидуцийн гэрээний дагуу шилжүүлсэн байсан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тэрээр зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэж, өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан талаар талууд маргаагүй байна.

 

5.1. Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын Чингэлтэй дүүрэг дэх замын цагдаагийн хэлтсийн  2020 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, мөн өдрийн Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдлын тэмдэглэл, Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн CD бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн Эрх бүхий албан тушаалтны магадлагаагаар жолооч Х.Б- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.5-д “Уулзвар гарцаар нэвтрэх хөдөлгөөн нь зөвхөн нэг чигт зөвшөөрөгдсөнөөс бусад тохиолдолд жолооч баруун гар тийш эргэхийн өмнө хамгийн баруун, зүүн гар тийш буюу буцаж эргэхийн өмнө хөдөлгөөний тухайн чиглэлийн хамгийн зүүн гар талын талын захад урьдчилан байр эзэлсэн байна”, мөн уг дүрмийн 10.4-т “Жолооч байр эзлэхийн өмнө зэрэгцээ эгнээнд чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэж заасныг тус тус зөрчсөн байна.

 

5.2. Х.Б-ыг 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдөр 0277447 дугаартай шийтгэлийн хуудсаар Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэж 100,000 төгрөгөөр торгосон байх ба тэрээр зөрчилд ногдуулсан уг шийтгэлд хуульд заасан журмаар гомдол гаргаагүй, шийтгэл хүчинтэй байна.

 

5.3.Түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Х.Б- нь дээр дурдсан нотлох баримтуудыг эсэргүүцэж шинжээч томилуулах хүсэлт гаргасныг анхан шатны шүүх хүлээн авч шинжээчээр ШУТИС-ийн Механик, тээврийн сургуулийг томилсон.  Шинжээчийн 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 14/33 тоот дүгнэлт гаргасан байх ба уг дүгнэлтээр: “Тоёото Приус маркийн **** УАВ дугаартай автомашиныг жолоодож явсан Х.Б- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.5-д “Уулзвар гарцаар нэвтрэх хөдөлгөөн нь зөвхөн нэг чигт зөвшөөрөгдсөнөөс бусад тохиолдолд ... зүүн гар тийш буюу буцаж эргэхийн өмнө хөдөлгөөний тухайн чиглэлийн хамгийн зүүн гар талын талын захад урьдчилан байр эзэлсэн байна”, мөн уг дүрмийн 10.4-т “Жолооч байр эзлэхийн өмнө зэрэгцээ эгнээнд чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэж тус тус заасныг зөрчсөн нь уг зам тээврийн осол гарах шалтгаан нөхцөлийг бүрдүүлсэн байна.  ...” гэжээ.

 

5.4. Иймд хариуцагч Х.Б- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.5-д “Уулзвар гарцаар нэвтрэх хөдөлгөөн нь зөвхөн нэг чигт зөвшөөрөгдсөнөөс бусад тохиолдолд жолооч баруун гар тийш эргэхийн өмнө хамгийн баруун, зүүн гар тийш буюу буцаж эргэхийн өмнө хөдөлгөөний тухайн чиглэлийн хамгийн зүүн гар талын талын захад урьдчилан байр эзэлсэн байна”, мөн уг дүрмийн 10.4-т “Жолооч байр эзлэхийн өмнө зэрэгцээ эгнээнд чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэж тус тус заасныг зөрчсөнөөс зам тээврийн осол гарсанд буруутай гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

5.5. Түүнчлэн дээр дурдсан баримтуудаар жолооч С.А-ыг буруутгах үндэслэлгүй байх бөгөөд шинжээчийн 14/33 тоот дүгнэлтэд: “Тоёота Приус маркийн **** УНЛ дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан С.А-ыг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчсөнөөс шалтгаалж дээрх осол гарсан гэх үндэслэл үгүй байна” гэж дүгнэснийг Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын Чингэлтэй дүүрэг дэх замын цагдаагийн хэлтсээс 2020 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, мөн өдрийн Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдлын тэмдэглэл, Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зэрэг баримтуудтай харьцуулан дүгнэвэл нэхэмжлэгч С.А-ыг зам тээврийн осол гарсанд буруутгах үндэслэл тогтоогдохгүй байхаас гадна зөрчлийн хэрэг бүртгэлтийн явцад эрх бүхий албан тушаалтныг баримт буруу бүрдүүлсэн гэх нөхцөл байдал үгүйсгэгдэж байна. 

 

5.6. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүх нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар тал бүрээс нь хэрэгт ач холбогдолтой, хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж үйл баримтыг зөв тогтоосон байна. Иймд нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй гэх хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй болжээ.

 

6.1. Х.Б-ын жолоодож явсан Тоёота Приус маркийн **** УАВ улсын дугаартай автомашины өмчлөгч нь хариуцагч Л.В- болох нь тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр тогтоогдож байх бөгөөд талууд энэ талаар маргаагүй. 

 

6.2. Нэхэмжлэгч С.А- нь Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх  хэсэгт зааснаар уг автомашины өмчлөгчийн хувьд Л.В-г Х.Б-тай хамтран хариуцагчаар тодорхойлж нэхэмжлэл гаргасан байх ба тэдгээр нь хамтын хариуцлага хүлээхгүй гэж маргаагүй байна.

 

7. Нэхэмжлэгч С.А- нь өөрийн автомашинд учирсан хохирлыг “Хас үнэлгээ” ХХК-ийн тодорхойлсон 2,200,000 төгрөгөөр шаардсан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад томилогдсон “Хөрөнгө эстимэйт” ХХК-ийн үнэлгээгээр хохирлыг 2,228,000 гэж тогтоосон байна.

Анхан шатны шүүх “Хас үнэлгээ” ХХК-ийн тогтоосон хохирлын үнэлгээ болох 2,200,000 төгрөг дээр үнэлгээ хийлгэсэн зардал 118,000 төгрөг, нотариатын зардал 55,000 төгрөгийн хамт нийт 2,405,000 төгрөгөөр нэхэмжлэгчид учирсан хохирлыг тогтоосон нь Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

8. Анхан шатны шүүх иргэдийн төлөөлөгчийн гаргасан дүгнэлтийг үндэслэлтэй гэж хүлээн авсан нь зөв болжээ.

 

9. Нэхэмжлэгч С.А- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй тул Тоёота Приус маркийн **** УНЛ улсын дугаартай автомашинд учирсан хохирлыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.2 дахь хэсэгт зааснаар төлөх үндэслэлгүй тул сөрөг нэхэмжлэлийг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн зөв болжээ.

 

10. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасны дагуу явуулсан байна.  

 

10.1. Хариуцагч Х.Б-ын өмгөөлөгч Р.Пүрэвлхам нь 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр шүүх хуралдаан хойшлуулах хүсэлтэд эмнэлгийн магадлагааг хавсарган ирүүлсэн боловч эмнэлгийн магадлагаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан эх хувь буюу эсхүл нотариатчаар гэрчлүүлсэн байх шаардлага хангаагүй байх тул анхан шатны шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд хүсэлтийг хангахаас татгалзсан нь үндэслэлтэй байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч С.А-ын нэхэмжлэлд 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 184/ШЗ2020/11324 тоот захирамжаар иргэний хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүхийн шийдвэр гарсан 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл 2 жил 5 сарын хугацаагаар явуулсан, уг хугацааны дотор зохигчийн хэн алиных нь гаргасан хүсэлтийг хүлээн авч зохих ажиллагаануудыг явуулсан, хэрэгт авагдсан баримтаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан зохигчийн эрхийг хангаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мөн хуулийн 6 дугаар зүйлд заасан мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хэрэгжүүлж, талуудын тэгш эрхийг хангаж, Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14-т заасан өмгөөлүүлэх эрхийг эдлүүлсэн байна.

 

10.2. Түүнчлэн хариуцагч Л.В- эрүүл мэндийн хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй байгаа талаарх хүсэлтээ шүүхэд гаргаагүй байна.  

 

10.3. Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гаргасан хариуцагч нарын давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.  

 

11. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч нарын гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн      167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 184/ШШ2023/00803 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Х.Б-ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 53,430 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  М.БАЯСГАЛАН

                                           

         ШҮҮГЧИД                                 Д.НЯМБАЗАР

                                                                                             

Э.ЗОЛЗАЯА