Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2023/00881

 

2023 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2023/00881

 

 

Г.А-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Бямбасүрэн, даргалж, шүүгч Д.Цогтсайхан, шүүгч Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 184/ШШ2023/00671 дугаар шийдвэртэй,

 

Г.А-ын нэхэмжлэлтэй,

“Б” СӨХ-нд холбогдох,

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор 2,940,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагчийн төлөөлөгч Ч.В-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Шолпан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

Миний бие 2013 оноос эхлэн “Б” СӨХ-нд гэрээний үндсэн дээр ажиллаж байгаад 2021 оны 09 дүгээр сараас мөн оны 11 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл Өнөр хорооллын 24 дүгээр байрны жижүүрээр ажилласан. Ажилдаа ямар нэг алдаа дутагдал гаргаж байгаагүй ба уралдаанд шалгарч байсан.

Гэтэл 2021 оны 10 дугаар сард ажлаас халсан тушаал, хөдөлмөрийн гэрээ зэргийг өгөөгүй. 2021 оны 10 дугаар сард цалин 420,000 төгрөг өгсөн баримт байгаа.

Иймд ажлаас үндэслэлгүй халагдсан тул Өнөр хорооллын 24 дүгээр байрны 1 дүгээр орцны жижүүрийн ажилд эгүүлэн тогтоож, ажилласан хугацааны цалин болон ажилгүй байсан хугацааны олговорт 2,940,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:  

Нэхэмжлэгч Г.А- нь “Б” СӨХ-нд ажил, албан тушаал хашдаггүй, хааяа түр гэрээ байгуулж засвар, үйлчилгээ хийлгэдэг байсан. Эхнэр Ш.В- нь лифтчин хийдэг байсан бөгөөд Г.А- нь 24 дүгээр байрны орцонд дураараа амьдарч, архи ууж, оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулаг байсан тул түүнийг 2022 оны 01 дүгээр сард цагдаа дуудаж хөөж гаргасан.

СӨХ-ны бичиг баримтанд түүнийг ажиллуулдаг байсан гэх баримт байхгүй, мөн жижүүрийн байнгын орон тоо байхгүй, жижүүрийг байнгын орон тоон дээр ажиллуулах боломжгүй байдаг. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.2 дахь хэсэг, Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасныг тус тус баримтлан Б сууц өмчлөгчдийн холбооноос 420.000 төгрөгийг гаргуулан Г.А-ад олгож, нэхэмжлэлээс жижүүрийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэл нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Б сууц өмчлөгчдийн холбооноос 13,250 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

4.1. Нэхэмжлэгч Г.А-ын тайлбар, гэрчийн мэдүүлгүүдээр нь тэрээр “Б” СӨХ-нд ажиллаж байгаагүй, амьдарч байсан болох нь нотлогдсон. Түүнчлэн тэрээр 2021 оны 09 дүгээр сар, мөн оны 10 дугаар сарын эхээр ажиллаж байсныг нотлох баримт байхгүй.

4.2. Хэрэгт авагдсан 2022 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн Удирдах зөвлөлийн хурлын шийдвэрээр Г.А-ыг албадан хөөж гаргасан байдлыг шүүх анхаарч үзээгүй, хэт нэг талыг харж шийдвэр гаргасан.

4.3. Нэхэмжлэгч Г.А-ад ямар ч гэрээгүйгээр 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдөр дээвэр зассан 375,000 төгрөг, 2015 оны 01 сард лифт 90,000 төгрөг гэж мөнгө гаргасан боловч эхнэр Ш.В- нь гарын үсэг зурж авсан байна.

4.4. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан бөгөөд шүүгч хөндлөнгөөс оролцож хөөн хэлэлцэх хугацааг сэргээх эрхгүй.

4.5. Г.А-ын 2021 оны 12 дугаар сарын 03-нд ажлаас гарсан гэх тайлбар, гэрч Ш.В-ийн “2021 оны 10 дугаар сараас 12 дугаар сарын сүүл хүртэл Г.А- нь 24 дүгээр байрны 1 дүгээр орцонд амьдарч байсан” гэх мэдүүлэг, “Б” СӨХ-ны Удирдах зөвлөлийн 2022 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн хурлын шийдвэрээр албадан гаргасан гэсэн нотлох баримтууд нь нэхэмжлэгч Г.А- нь 2021 оны 12 дугаар сард ажиллаагүй гэдгийг нотолж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлж өгнө үү.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хянаж, гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэв.

 

2. Нэхэмжлэгч Г.А- нь хариуцагч “Б” СӨХ-нд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор 2,940,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3.1.Талуудын хооронд хөдөлмөрийн гэрээ бичгээр байгуулагдаагүй байна.  

 

3.2. Хариуцагч “Б” СӨХ-ны 2021 оны 10 сарын ажиллагсдын цалингийн хүснэгтэд ажилтан Г.А-ад 15 хоногийн цалин бодож 189,000 төгрөгийг олгосон, 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр “11 дүгээр сарын сүүл цалин” гэх утгаар 169,260 төгрөгийг тус тус шилжүүлсэн болох нь Г.А-ын банк дахь дансны хуулгаар тогтоогдож байна.

Түүнчлэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...2021 оны 09-11 дүгээр саруудад жижүүрээр ажиллах хүн байхгүй байсан тул түр хугацаанд албан бусаар н.А-ыг ажиллуулж, эхнэрийнх нь нэр дээр цалинг бодож олгодог байсан... Тиймээс н.А-ыг хөлсний гэрээгээр ажиллуулдаг байсан...” гэх тайлбарыг дээр дурдсан мөнгөн хөрөнгийн шилжүүлгийн баримтыг үндэслэн анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан гэж дүгнэснийг буруутгах боломжгүй байна. 

 

4. Хариуцагчийн төлөөлөгчийн “... н.В-ийг халсан тушаал гарснаас хойш гарахгүй байсан учраас Цагдаагийн байгууллагад хандсан. 2022 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр гэхэд [н.А-] амьдарч л байсан. Тийм учраас 01 дүгээр сарын дундуур гарсан.” гэх тайлбараас дүгнэвэл хариуцагч тал хөлсөөр ажиллах гэрээг 2022 оны 01 дүгээр сард цуцалсан гэж дүгнэхээр байх бөгөөд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар гэрээний үүрэг шаардах хөөн хэлэлцэх 3 жилийн хугацаа дуусгавар болоогүй байна.  Иймд шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

5. Иймд “Б” СӨХ нь Г.А-ыг 2021 оны 12 дугаар сарыг дуустал ажиллуулсан хөлс төлөх үүрэгтэй ба уг үүргээ гүйцэтгэсэн гэх байдлаа нотлоогүй тул хариуцагч “Б” СӨХ-ноос 420,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.А-ад олгож, нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүх шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.  

 

6. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 184/ШШ2023/00671 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 13,250 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Д.БЯМБАСҮРЭН

                                           

         ШҮҮГЧИД                                 Д.ЦОГТСАЙХАН

                                                                                             

Э.ЗОЛЗАЯА