Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 48

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга Т.Сарантуяа,

Улсын яллагч Н.Ням-Очир,

Шүүгдэгч П.А-түүний өмгөөлөгч Л.Г-нарыг оролцуулж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт П-ийн А-т холбогдох эрүүгийн 18000000000000 дугаартай хэргийг 2018 оны 12 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, ХЯНАВАЛ:

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1971 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 48 настай, эрэгтэй, дээд боловсролтой, орчуулагч мэргэжилтэй, ам бүл 5, дүү нарын хамтаар Сонгинохайрхан дүүрэг 16 дугаар хороо 0000 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б овогт П-ийн А

 

Үйлдсэн хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичсэнээр/:

Шүүгдэгч П.А-нь 2018 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Х худалдааны төв дотор иргэн Х.У-тай маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.А-мэдүүлэхдээ: “2018 оны 01 дүгээр сарын 27-ний өдөр Х зах дээр явж байтал араас хурдан яваач гээд куртикний малгай татахаар нь өөдөөс нь хүчтэй түлхсэн ба үүнээс болж хохирогчид хохирол учирсан байж магадгүй. Би эмэгтэй хүн барьж зодоогүй. Хохирогч өөрөө айхтар харьцаатай хүн байсан” гэв.

 

Хохирогч Х.У- мэдүүлэхдээ: “...2018 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр би ажил дээрээ очих гээд 12 цагийн орчим байх Х худалдааны төв дотор явж байтал дээшээ гардаг урсдаг шатан дээр урсаад гараад иртэл урд байсан эрэгтэй хүн явахгүй яг урд зогссон. Би шатан дээр зогсоод байх юм хурдан яваач гэж хэлээд өнгөрөөд явах гэтэл миний нуруу руу уг эрэгтэй хүн цохиод авсан. Би эргэж хараад яагаад хүн цохиж авдаг юм бэ настай намбатай хүн байж гэж уурласан. Тэгтэл тэр эрэгтэй хүн миний өөдөөс хэрэлдээд хэлэх хэлэхгүй үгээр хэлээд хэл амаар доромжилж байснаа заамдаж барьж аваад миний нүүр рүү гараараа 1 удаа цохиод үснээс зулгаасан. Би тэр үед нь өөрийгөө тавиулах гэж гараа сарвалзуулж байх үедээ нүүрийг нь маажсан. Тэр үед ойр орчимд явж байсан хүмүүс чи ямар хүүхдээ зодож байгаа юу боль эмэгтэй хүнийг гэж хэлж байсан. Тэгээд цохиод эргээд яватал би тэр хүний араас куртикнээс нь зулгаасан чинь эргэж хараад намайг багалзуурдаж аваад зууралдаад байж байтал цаанаас хамгаалагч ирээд салгаж намайг авсан. Шүүх эмнэлгийн дүгнэлтэд тусгагдсан тархи доргилтыг тэр танихгүй эрэгтэй хүн нүүр рүү гараараа цохиход би толгойгоороо хана мөргөсөн ба мөн үснээс зулгаасан. Энэ үед миний толгойд уг гэмтэл учирсан. Мөн дээд уруулын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, язрал гэмтлийг намайг заамдаж барьж байгаад нүүр рүү гараараа 1 удаа цохих үед уруул дотор талдаа язарч уг гэмтэл үүссэн. Би тэр хүнийг огт танихгүй би уг хүнийг шатан дээр явахгүй урд тээглээд яваад байхаар нь замд саад болоод байх юм замаа чөлөөл гэж хэлсэн. Тэгтэл тэр хүн уурлаад намайг цохисон. Урсдаг шат урсаж орж ирээд араас хүмүүс урсаад орж ирж байгаа тэгтэл тэр хүн саад болоод байсан. Би бол зөв шаардлага тавьсан гэж бодож байгаа” гэжээ /хх 15-16/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 1971 дүгээр дүгнэлтэд: 1. Х.У-гийн биед тархи доргилт, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, язрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой...” гэжээ /хх 27/

 

Компьютерт томографийн шинжилгээ /хх 53/

Хохирлын баримтууд /хх 51-52 /

Хохирол төлсөн баримт /хх 113/

Иргэний үнэмлэхийн лавалгаа /хх 67/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 50/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч П.А-нь 2018 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Х худалдааны төв дотор иргэн Х.У-тай маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Х.У-гийн /хх 15-16/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 1971 дүгээр дүгнэлт /хх 27/, Компьютерт томографийн шинжилгээ /хх 53/, хохирлын баримтууд /хх 51-52 /, хохирол төлсөн баримт /хх 113/, иргэний үнэмлэхийн лавалгаа /хх 67/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 50/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

            Шүүгдэгч П.А-т холбогдох хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

           

            Шүүгдэгч П.А-нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зүй бус харилцаа гэмт хэрэг гаргахад нөлөөлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

          Шүүгдэгч П.А-нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй, гэм буруугаа хүлээж байгаа зэргийг харгалзан хөнгөн ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

          Энэ хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, иргэний бичиг баримт хураагдаагүй, шүүгдэгч П.А-нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 130,000 төгрөгийн эмчилгээний зардал төлсөн, бусдад баримтаар төлөх төлбөргүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдлаа.

                       

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт П-ийн А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогт П-ийн А-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.А-нь торгох ялыг 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн дотор биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулсугай.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, иргэний бичиг баримт хураагдаагүй, шүүгдэгч П.А-нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 130,000 төгрөгийн эмчилгээний зардал төлсөн, баримтаар төлөх төлбөргүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих  эрхтэйг сануулсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч П.А-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.        

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                                       Г.ЕСӨН-ЭРДЭНЭ