Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2023/00922

 

2023 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2023/00922

 

Б.А-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш, даргалж, шүүгч Д.Золзаяа, шүүгч Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШШ2023/00810 дугаар шийдвэртэй,

 

Б.А-гийн нэхэмжлэлтэй

“Б” ХХК-д холбогдох,

 

Ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 11,829,705 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Отгонжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Номин-Эрдэнэ, хариуцагчийн өмгөөлөгч Б.Эрдэнэбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Чулуунчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Б.А- нь хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр “Б” ХХК-д ажиллаж байгаад 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр ажлаас халагдсан. Улмаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2021/02196 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 66 дугаартай магадлалаар тус тус Б.А-г ажилд нь эгүүлэн тогтоосон. Хариуцагч талын хяналтын журмаар гаргасан гомдлыг хүлээж аваагүй. Миний бие ажлаас халагдсан өдрөөс анхан шатны шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны цалингаа авсан.

1.2. Анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн шийдвэрээр ажилд эгүүлэн тогтоогдсон боловч хариуцагч “Б” ХХК нь шүүхийн шийдвэрийг 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр биелүүлсэн.

Иймд өмнөх шүүхийн шийдвэр гарсан өдрөөс шүүхийн шийдвэрийг биелүүлсэн өдөр хүртэл хугацаанд  буюу 5 сар 25 хоногийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 11,829,705 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Нэхэмжлэгч Б.А- нь тус компанийн гүйцэтгэх захирлын 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн тушаал гарснаас хойш 90 хоногийн дотор буюу 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн дотор нэхэмжлэлээ шүүхэд гаргах ёстой байсан боловч энэ хугацааг хэтрүүлэн 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр гаргаж хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэж байна.

2.2. Мөн нэхэмжлэгч нь уг маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр тус компанийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, улмаар Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах ёстой атал шууд шүүхэд хандсан нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг зөрчсөн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3 дахь заалтад заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 158 дугаар зүйлийн 158.1.5-д заасныг баримтлан хариуцагч “Б” ХХК-аас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 11,829,705 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.А-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.А-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 204,230 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Б” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 204,230 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.А-д олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

4.1. Ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах нэхэмжлэл нь хөдөлмөрийн эрхийн маргаанд хамаарч байхад анхан шатны шүүх уг маргааныг шүүхийн шийдвэрийг биелүүлээгүйгээс үүссэн маргаан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

4.2. Анхан шатны шүүх уг маргааныг хууль тогтоомжид заасан бусад маргаан гэж үзэж шүүхэд нэхэмжлэлээ шууд гаргах эрхтэй гэсэн нь үндэслэлгүй байх ба шүүх ямар хууль тогтоомжид заасан маргаан гэдгийг нь тодорхойлоогүй байна.

4.3. Нэхэмжлэгч нь тус компанийн гүйцэтгэх захирлын 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн тушаал гарснаас хойш 90 хоногийн дотор буюу 2022 оны 07 дугаар сарын 05-ны дотор гомдлоо гаргах байтал энэ хугацааг хэтрүүлэн нэхэмжлэлээ 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр шүүхэд гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн байна.

4.4. Мөн шүүх хариуцагчийн давж заалдах болон хяналтын гомдол гаргах эрхийг хязгаарлаж, анхан шатны шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрийн дараагийн өдрийн ажлын өдөрт багтаан шүүхийн шийдвэрийг биелүүлэх ёстой мэтээр дүгнэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх гэсэн заалтыг зөрчиж байна.

4.5. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүртэлх ажлын өдрийг буруу тооцсон байна.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдийг хянаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан. Шүүхийн шийдвэр заавал биелэгдэх шинжтэй, ийнхүү биелүүлэхэд хөөн хэлэлцэх хугацаа яригдахгүй. Хариуцагч нь шүүхийн шийдвэр гарснаас хойш ажилд орох хүртэл хугацааны цалинг олгоогүй тул шүүхэд хандсан.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

2. Нэхэмжлэгч Б.А- нь хариуцагч “Б” ХХК-д холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 11,829,705 төгрөг гаргуулах тухай тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3.1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2021/02196 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 00066 магадлалаар Б.А-г “Б” ХХК-ийн Уулын хэлтсийн операторын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 33,569,656 төгрөгийг хариуцагч “Б” ХХК-аас гаргуулж шийдвэрлэжээ.

 

3.2. Хариуцагч “Б” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 176/22 дугаар тушаалаар нэхэмжлэгч Б.А-г Уулын оператор албан тушаалд нь эгүүлэн томилж, 33,569,656 төгрөгийн олговрыг олгосон талаар зохигч маргаагүй.

 

4. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2 дахь хэсэгт “Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй”, 154.2.1-д “хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор”, 154.2.2-т “энэ хуулийн 154.2.1-д зааснаас бусад хөдөлмөрийн эрхийн маргаантай асуудлыг 90 хоногийн дотор” гэж тус тус заажээ.

 

4.1. Нэхэмжлэгч Б.А- эрх зөрчигдсөн талаарх гомдлоо хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гаргаагүй, хуульд заасан урьдчилан шийдвэрлүүлэх журмыг зөрчсөн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т заасан үндэслэлд хамаарч байх бөгөөд энэ журмыг хэрэглэх боломжтой.

Үүнээс гадна нэхэмжлэгч Б.А-г ажилд эгүүлэн томилсон 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс хойш хөөн хэлэлцэх хугацаа тоологдох бөгөөд түүний шүүхэд нэхэмжлэл гаргасан 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл тооцвол хуульд заасан гомдол гаргах 90 хоногийн хугацааг хэтрүүлсэн, уг хугацааг хүндэтгэн үзэх шалтгаантай эсэх асуудлыг шийдвэрлэх эрх хэмжээ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлд заасан хөдөлмөрийн маргаан зохицуулах эрх бүхий этгээдэд хамаарна.

 

5. Харин анхан шатны шүүх хөдөлмөрийн эрхийн маргааныг Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.5-т заасан хууль тогтоомжид заасан бусад маргаанд хамааруулж нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэсэн нь буруу болжээ.

 

6. Иймд анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.А-гийн нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгоогүй нь буруу байх тул уг алдааг давж заалдах шатны шүүхээс залруулав.

 

7. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т зааснаар шийдвэрийг хүчингүй болгож, “Б” ХХК-д холбогдох Б.А-гийн нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШШ2023/00810 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар Б.А-гийн нэхэмжлэлтэй “Б” ХХК-д холбогдох ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 11,829,705 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн зааснаар 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 204,230 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Э.ЭНЭБИШ

                                           

         ШҮҮГЧИД                                 Д.ЗОЛЗАЯА

                                                                                             

Э.ЗОЛЗАЯА