Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2023/00935

 

2023 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2023/00935

 

О.А-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар, даргалж, шүүгч Г.Даваадорж, шүүгч Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2023/00969 дугаар шийдвэртэй,

 

О.А-гийн нэхэмжлэлтэй,

П.Б-, Б.С-, П.Т- нарт холбогдох,

 

Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, УС-15 дугаар гудамж, - хашаанд байрлах Цагдаагийн Ерөнхий газрын захиалгаар баригдсан 16 давхар үйлчилгээтэй орон сууцны барилгын Б блок -байр, 2 дугаар орц, -арын - 60.93 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг П.Б-, Б.С- нарын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Төмөрбаатар, хариуцагч П.Б-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гэрэлтуяа, түүний өмгөөлөгч У.Хандсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Шолпан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. О.А- нь 2015 оны 11 сард Цагдаагийн байгууллагын албан хаагчдын нийгмийн асуудыг шийдвэрлэх зорилгоор хөнгөлөлттэй нөхцөлтэйгөөр Хууль сахиулагч хотхон барихаар захиалга авахад хүсэлтээ өгч “Р” ХХК-тай 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр BBLC2015/11/133 тоот орон сууцны захиалгын гэрээг байгуулсан. Гэрээнд зааснаар Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо УС-15 гудамжны - хашаанд ЦЕГ-н захиалгаар баригдаж буй үйлчилгээтэй орон сууцны барилгын Б блок, 2 дугаар орц, -арт, -, 2 өрөө 60,93 м.кв талбайтай орон сууцыг 1 м.кв талбайг нь 800,000 төгрөгөөр тооцож 48,744,000 төгрөгөөр захиалж, захиалгын үнэ болох 48,744,000 төгрөгийг “Р” ХХК-д төлсөн.

1.2. Улмаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 101/ШШ2021/02250 тоот шийдвэрээр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо УС 15 дугаар гудамж - хашаанд байрлах Цагдаагийн ерөнхий газрын захиалгаар баригдсан 16 давхар үйлчилгээтэй орон сууцны барилгын Б блок - байрны 2 дугаар орц -арын 60,93 м.кв талбайтай - 2 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоогдсон.

Уг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон. О.А- би өөрийн өмчлөлийн орон сууцандаа орох гэтэл “Р” ХХК нь П.Б-, Б.С- нарт эзэмшүүлж байгаа ба уг байрны хууль ёсны өмчлөгч О.А- миний хууль ёсны эрх ашгийг зөрчсөөр байна. Уг байр нь ашиглалтанд орсон боловч улсын комисс хүлээн аваагүй тул өмчлөх эрхийн гэрчилгээ гараагүй болно. Энэ талаар Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт хандсан боловч шүүхийн журмаар гаргаж өгөх боломжтой гэсэн хариу өгсөн болно.

1.3. Иймд О.А- миний өмчлөлийн, Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо УС-15 дугаар гудамж - хашаанд байрлах Цагдаагийн ерөнхий газрын захиалгаар баригдсан 16 давхар үйлчилгээтэй орон сууцны барилгын Б блок -байрны 2 дугаар орц -арын 60.93 м.кв талбайтай - 2 өрөө орон сууцыг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасны дагуу П.Б-, Б.С- нарын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж өгнө үү.

 

2. Хариуцагч П.Б-ын татгалзал, тайлбарын агуулга:

2.1. П.Б- нь тус орон сууцанд амьдарч байгаа ба “Р групп” ХХК-тай 2019 оны 03 дугаар сарын 10-ны өдөр орон сууц захиалгын гэрээ байгуулж, төлбөрийг бүрэн төлж барагдуулсан учир “Р” ХХК нь П.Б- надад орон сууцыг албан ёсоор хүлээлгэн өгсөн.

2.2. Миний бие О.А-гийн өмчлөл, эзэмшлийн орон сууцанд хууль бусаар, зөвшөөрөлгүй амьдарч байгаа зүйл байхгүй, нэхэмжлэгч О.Пүрэв бидний хооронд эрх зүйн ямар нэгэн харилцаа үүсээгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.

Төрсөн ах П.Т-од эзэмшүүлж байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Хариуцагч Б.С-ийн татгалзал, тайлбарын агуулга:

3.1. Миний эхнэр П.Б-ын “Р групп” ХХК-тай 2019 оны 03 дугаар сарын 10-ны өдөр BLLC2019/A-58 дугаартай орон сууц захиалгын гэрээ байгуулж орон сууцны төлбөрт 76,162,500 төгрөгийг бүрэн төлж гэрээний үүргээ гүйцэтгэсэн учир “Р групп” ХХК орон сууцыг манайд хүлээлгэн өгсөн. Иймд миний бие нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.

3.2. Б.С- нь маргаан бүхий байртай холбоотой ямар нэгэн гэрээ хийгээгүй, энэ орон сууцанд огт амьдарч байгаагүй тул хамааралгүй, нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж үзэж байна.

 

4. Хариуцагч П.Т-ын татгалзал, тайлбарын агуулга:

П.Т- нь уг байрыг өөрийн төрсөн дүү П.Б-аас хүлээн авч ашиглаж байгаа. Тухайн үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ гараагүй байгаа. Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч П.Б-, Б.С-, Х.Т- нарт холбогдох Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, УС-15 дугаар гудамж, - хашаанд байрлах Цагдаагийн ерөнхий газрын захиалгаар баригдсан 16 давхар үйлчилгээтэй орон сууцны барилгын Б блок -байр, 2 дугаар орц, -арын - 60.93 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх О.А-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Тус шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 02250 дугаар шийдвэрээр О.А-г маргаан бүхий 2 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоож шийдвэрлэсэн.

Маргаан бүхий орон сууцыг тодорхой шалтгаанаар өнөөг хүртэл улсын комисс хүлээн аваагүй, улсын бүртгэлийн гэрчилгээ гараагүй байхад шүүгч нэхэмжлэгч, хариуцагч нарыг улсын бүртгэлд бүртгүүлээгүй гэж дүгнээд хуулийг буруу хэрэглэж нь үндэслэлгүй юм.

Шүүгч хэрэгт байгаа нотлох баримт, талуудын тайлбар зэрэгт үнэлэлт дүгнэлт өгөөгүй, хууль ёсны өмчлөгчөөр тогтоосон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх хүсэлт гаргаагүй, улсын бүртгэлд бүртгүүлэх эрхээ хэрэгжүүлээгүй гэж үндэслэлгүй дүгнэлт хийсэн нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг үгүйсгэсэн байдлаар хэргийг хянан шийдвэрлэж хуулийг буруу хэрэглэсэн.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.

 

7. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчимд нийцсэн. Нэхэмжлэгч О.А- нь өмчлөгчөөр тогтоосон шийдвэр гаргуулсан хэдий ч тухайн шийдвэр нь хуульд заасан үндэслэлээр Улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 8 дугаар зүйлийн 8.1.1-д зааснаар улсын бүртгэлд хүсэлт гаргаж тусгай тэмдэглэл үйлдэж, тухайн шүүхэд гүйцэтгэх хуудас бичүүлж, шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх хуудсыг гаргуулаагүй. Энэ нь анхан шатны шүүхэд нотлох баримтаар хэрэгт авагдаагүй тул нэхэмжлэгч нь шаардах эрхээ хэрэгжүүлээгүй гэж үзэж байна.

Үүнээс гадна нэхэмжлэгч О.А- нь төлбөрөө тогтоосон хугацаанд төлөхгүй 3 жилийн дараа төлсөн учраас гэрээг цуцалсан байсан. Харин төлбөрөө 100 хувь төлсөн П.Б-тай гэрээ байгуулсан. П.Б- нь 6 байр захиалсан. Уг 6 байрны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг О.А-г нэхэмжлэл гаргахаас өмнө шүүхэд гаргасан. Гэтэл хариуцагчийн хаяг тодорхойгүй буюу бусад шалтааны улмаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удааширсан хэдий ч дээрх 6 орон сууцны өмчлөгчөөр тогтоогдсон. Эдгээр орон сууцны нэг нь өнөөдрийн маргаан бүхий орон сууц юм. Иймээс хууль бусаар эзэмшиж байгаа гэж үзэх үндэслэлгүй тул шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байна.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д зааснаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

 

2. Нэхэмжлэгч О.А- нь хариуцагч П.Б-, Б.С-, П.Т- нарт холбогдуулан Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, УС-15 дугаар гудамж, - хашаанд байрлах Цагдаагийн Ерөнхий газрын захиалгаар баригдсан 16 давхар үйлчилгээтэй орон сууцны барилгын Б блок -байр, 2 дугаар орц, -арын -, 60.93 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг П.Б-, Б.С- нарын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

3. Нэхэмжлэгч О.А- нь “Р” ХХК-тай 2015 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр, хариуцагч П.Б- нь “Р групп” ХХК-тай 2019 оны 03 дугаар сарын 10-ны өдөр тус тус Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, УС-15 дугаар гудамж, - хашаанд байрлах Цагдаагийн ерөнхий газрын захиалгаар баригдаж буй 16 давхар үйлчилгээтэй орон сууцны барилгын Б блок -байр, 2 дугаар орц, -арын -, 60.93 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг захиалгаар бариулахаар харилцан тохиролцсон байна.

 

4. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 101/ШШ2021/02250 дугаартай шийдвэрээр О.А-г Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, УС-15 дугаар гудамж, - хашаанд байрлах Цагдаагийн ерөнхий газрын захиалгаар баригдаж буй 16 давхар үйлчилгээтэй орон сууцны барилгын Б блок -байр, 2 дугаар орц, -арын -, 60.93 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2022/05161, 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 101/ШЗ2023/02881 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, УАС-15 дугаар гудамжны нутаг дэвсгэрт баригдсан барилгын Б блок байрны 2 дугаар орцны -ар, - хаягт байршилтай, 60.93 м.кв талбайтай, 76,162,000 төгрөгийн үнэ бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг гаргуулах тухай П.Б-ын нэхэмжлэлийг хариуцагч “Р групп” ХХК хүлээн  зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож тус тус шийдвэрлэжээ. 

 

4. Дээр дурдсан хоёр шүүхийн шийдвэрээр маргааны зүйл болох нэг орон сууцыг О.А-гийн өмчлөлд шилжүүлэн өгөх үүргийг “Р” ХХК-д, мөн П.Б-ын өмчлөлд шилжүүлэн өгөх үүргийг “Р групп” ХХК-д тус тус хүлээлгэсэн байх бөгөөд эдгээр шийдвэр нь нэгэн зэрэг биелэгдэх боломжгүй юм. Иймд О.А-гийн нэхэмжлэлтэй, П.Б- нарт холбогдох маргааныг хянан шийдвэрлэснээр “Р” ХХК, эсхүл “Р групп” ХХК-ийн эрх ашиг хөндөгдөх эсэхийг тодруулах буюу тус компанийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцуулах эсэхийг тодруулах нь ач холбогдолтой. 

Энэ ажиллагааг давж заалдах шатны шүүх нөхөн гүйцэтгэх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 167 дугаар зүйлийн 167.1.5-д зааснаар шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2023/00969 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Д.НЯМБАЗАР

                                           

         ШҮҮГЧИД                                 Г.ДАВААДОРЖ

                                                                                             

Э.ЗОЛЗАЯА