Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2023/00936

 

2023 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2023/00936

 

 

“А” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Г.Даваадорж, шүүгч Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

            Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 183/ШШ2023/00198 дугаар шийдвэртэй,

 

“А” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

“Б” ХХК, “В” ХХК-д тус тус холбогдох,

 

Гэрээний үүрэгт 263,591,211 төгрөг, үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй алданги 131,795,606 төгрөг, хохирол буюу олох байсан орлого 92,862,000 төгрөг, нийт 488,248,817 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Хохирол буюу олох байсан орлого 519,994,169 төгрөг, гэрээний үүрэгт илүү төлсөн 77,895,000 төгрөг, 7 дугаар агуулахад байгаа барааг гаргуулах, 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн түрээсийн гэрээний нэмэлт сунгалт, 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 19/Т-07 тоот түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай хариуцагч “Б” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлтэй,

2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 2018/09-01 тоот түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай хариуцагч “В” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Лхагвацэрэн, хариуцагч “Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Батжав, хариуцагч В ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Жадамбаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Шолпан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Б” ХХК нь “А” ХХК-тай 2013 оны 08 дугаар сарын 14-ний өдөр түрээсийн гэрээ байгуулж, гэрээний дагуу нэхэмжлэгчийн эзэмшлийн 2268 м.кв талбай бүхий агуулахыг 1 м.кв талбайн түрээсийг 8,000 төгрөг буюу нийт түрээсийг 18,144,000 төгрөг байхаар тохиролцсон.

Улмаар 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр байгуулагдсан 19/Т-07 дугаартай түрээсийн гэрээгээр 1 м.кв талбайн түрээсийг 9,380 төгрөгөөр, нийт 360 м.кв талбайг түрээслэхээр тохиролцсон.

1.2. Хариуцагч нь 2015 оны 05 дугаар сараас эхлэн түрээсийн төлбөрийг хоцроох, төлбөрийг тасалдуулах зөрчил гаргаж эхэлсэн ба 2019 оны 07 дугаар сараас хойш түрээсийн төлбөрийн төлөлт хийгээгүй, төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан.

Түрээслэгч “Б” ХХК болон “В” ХХК-ууд нь гэрээний хугацаа дууссанаас хойш түрээсийн үлдэгдэл өрөө төлөх ямар нэг идэвхи санаачлага гаргахгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр төлбөрөө төлөхөөс зайлсхийж, өрөө барагдуулж бараагаа хугацаанд нь авахгүй, түрээсэлж байсан 7 дугаар агуулахыг чөлөөлж өгөхгүй, үнэ төлбөргүй ашиглаж байна.

1.3. Иймд хариуцагч “Б” ХХК-аас түрээсийн гэрээний үндсэн төлбөр 263,591,211 төгрөг, алданги 131,795,606 төгрөг, нийт 395,386,817 төгрөгийг, 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд олох байсан орлогоо алдсаны хохирлыг хариуцагч нарт түрээслүүлж байсан жишиг үнээрээ тооцон, нийт 92,862,000 төгрөгийг уг агуулахад хадгалагдаж буй барааны өмчлөгч “Б” ХХК болон “В” ХХК-уудаас гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагч “Б” ХХК-ийн татгалзал, сөрөг нэхэмжлэл, тайлбарын агуулга: Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

2.1. Талуудын хооронд байгуулагдсан гэрээнүүд нь хадгалалтын гэрээ бус түрээсийн гэрээнүүд байгаа. Нэхэмжлэл гаргасан 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөс хөөн хэлэлцэх 3 жилийн хугацааг хасаж 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөс өмнөх тооцоог хөөн хэлэлцэх хугацаатай холбоотойгоор төлөхгүй.

2.2. Нэхэмжлэгч 2018 оны 06 дугаар сараас 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хүртэл хугацааны түрээсийн төлбөр 150,587,760 төгрөгийг нэхэмжилснээс хариуцагч нар нийт 224,483,595 төгрөгийг төлж, 77,895,835 төгрөг илүү төлсөн байна.

2.3. 2018 оны 05 дугаар сараас 2019 оны 09 дүгээр сар хүртэл ямар нэгэн түрээсийн гэрээ байхгүй, тиймээс алданги төлөхгүй. 2019 онд байгуулагдсан түрээсийн гэрээ нь хүчин төгөлдөр бус юм. Учир нь тус гэрээнд гарын үсэг зурсан Б.Лхагвасүрэн нь тухайн үед захирал байгаагүй.

2.4. Харин нэмэгдүүлсэн хохирлын хувьд бид бараагаа авах хүсэлтэй байхад одоо болтол өгөхгүй байгаа тул төлбөр төлөх үндэслэлгүй. Маргаан үүссэнээс хойш барааг битүүмжилсэн тул олох байсан орлого хэмээн нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

2.5. Манай компани нь “А” ХХК-тай 19/Т-07 тоот түрээсийн гэрээ байгуулан гэрээний дагуу түрээсийн агуулахад 605,344,493 төгрөгийн үнэ бүхий бараагаа хадгалуулж байсан. Гэвч “А” ХХК нь 2018 оны 03 дугаар сараас 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл 3 жил гаруйн хугацаанд түрээсэлж байсан агуулахын түлхүүр хураан авч, хаалгыг цоожлон, зарах боломжгүй болгосон.

Иймд хариуцагчаас хууль бусаар хаалга цоожилж, зарах боломжгүй болгосон 605,344,493 төгрөгийн үнэ бүхий барааг эргэлтэд оруулж худалдан борлуулснаар олох байсан ашиг буюу манай компанид учирсан хохиролд 519,994,169 төгрөгийг, түрээсийн төлбөрт илүү төлсөн 77,895,000 төгрөгийг тус тус гаргуулж,

2.6. 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн гэрээний нэмэлт болон 2019 оны 10 дугаар 03-ны өдрийн түрээсийн гэрээ нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 318.3 дахь хэсэгт заасан журмыг зөрчсөн байх тул хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж,

2.7. “А” ХХК нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдөр манай компаниас 395,386,817 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Улмаар Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 183/Ш32021/09461 дүгээр захирамжаар манай 395,386,817 төгрөгийн барааг битүүмжилсэн. Тус захирамжаар битүүмжилсэн бараанаас илүү байгаа 209,802,668 төгрөгийн бараагаа авах гэхэд өнөөдрийг хүртэл өгөхгүй байх тул “А” ХХК-ийн 7 дугаар агуулахад байгаа манай компанийн 209,802,668 төгрөгийн хавсралт 1-д заасан барааг гаргуулах гэсэн шаардлагаа тодруулж 7 дугаар агуулахад байгаа барааг гаргуулж өгнө үү.

 

3. Хариуцагч “В” ХХК-ийн татгалзал, сөрөг нэхэмжлэл, тайлбарын агуулга:

3.1. “А” ХХК, “В” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 18/09-01 түрээсийн гэрээний төлбөрт 40,521,600 төгрөг төлөхөөс 61,430,334 төгрөгийн барааг түрээсийн төлбөрт авсан тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй.

3.2. Талуудын хооронд байгуулагдсан 18/09-01 түрээсийн гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн газар бүртгүүлээгүй байх тул хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү.

 

4. Нэхэмжлэгчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан татгалзал, тайлбарын агуулга:

4.1. Энэ хугацаанд түрээсийн төлбөрийн тооцоог жил бүр 2 талын санхүүгийн ажилтнууд тулгаж, сар сарын төлбөрийг нэмж, төлөгдсөнийг хасах замаар нэгтгэж гарын үсэг зурж, тамга тэмдэг дарж баталгаажуулж байсан. Өрийн үлдэгдэл тооцоог бодохдоо сар, жил бүрийн үлдэгдэл авлага дээр дараа дараагийн сар, жилийн нэмэгдэж буй авлагыг нэмж энэ хооронд төлөгдсөн төлбөрийг авлагын нэмэгдсэн дүнгээс хасах замаар тасралтгүй нэмэлт, хасалт хийсээр үлдсэн тооцоогоор үүссэн авлагаа нэхэмжилсэн болно.

4.2. Хариуцагч талаас түрээсийн төлбөрт илүү төлбөр аваагүй тул 77,897,000 төгрөг буцааж төлөхөөс татгалзаж байна. 2018 оны 01 дүгээр сард өмнөх 2017 оны үлдэгдэл өр 301,344,160 төгрөг байсан. Үүн дээр 2018 оны 01-05 дугаар сарын түрээсийн төлбөр 58,906,400 төгрөгийн төлбөр нэмэгдэж, 2015 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар нийт үлдэгдэл өр 360,250,560 төгрөг болсон. Үүнээс 2018 оны 01-02 дугаар сард төлсөн 23,562,560 төгрөгийн эргэн төлөлтийг хасахад 2018 оны 06 дугаар сарын 01-ний өдөр 336,688,000 төгрөгийн үлдэгдэл өртэй байсан тооцоо гарсан байна. Үүн дээр 2018 оны 06 дугаар сараас хойших шинээр үүссэн түрээсийн өр 150,587,600 төгрөг нэмэгдэж 487,275,600 төгрөгийн төлбөртэй үлдсэн. Үүнээс 2018 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс хойш төлөгдсөн 224,483,595 төгрөгийг хасахад 2021 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх төлбөрийн үлдэгдэл 262,792,005 төгрөг болж, нэхэмжлэлд дүнгээс 799,206 төгрөгийн зөрүү гарч байна. Иймд илүү төлбөр авсан зүйлгүй байх бөгөөд хариуцагч тооцохдоо 2018 оны 06 дугаар сараас өмнөх өрийн үлдэгдлээ төлбөртөө оруулж тооцоогүйгээр түүнээс хойш үүссэн тооцоогоор сөрөг нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй.

4.3. Нэхэмжлэгч тал нь хариуцагчийг түрээсийн төлбөрөө төлөхгүй хугацаа хэтрүүлж, өрийн хэмжээ нэмэгдэж, илтэд борлуулалт нь буурч төлбөрийн чадвар нь буурч байсан тул төлбөрөө төлөх үүргийг нь хангуулж, өөрийн эрхээ хамгаалахын тулд хадгалуулсан хөрөнгийг барьцаалсан нь хууль зөрчөөгүй. Бараагаа борлуулаад 50 хувийн үнийг түрээсийн өрөнд өгөөд бараагаа авах замаар өрөө барагдуулахаар тохирсны дагуу худалдан авалтыг хяналттай болгосон болохоос бараагаа тохирсны дагуу тал үнээ төлөөд авахад нь саад учруулаагүй. 2018 оны 01 дүгээр сараас хойш складнаас дэлгүүр рүүгээ тавилга шилжүүлж, худалдсан тавилгаа хаягаар хүргүүлэхээр авч байсан талаарх “А” ХХК-ийн няравын складны орлого зарлагын бүртгэл дэвтэр, дэлгүүр лүүгээ бараа татаж авсан падаанууд, хаягаар хүргүүлэхээр өгсөн бичиг баримт, бараагаа авах тохиолдолд онгойлгуулж авах ажилтны нэр, утасны дугаарыг албан бичгээр өгсөн, зэргээр нотлогдож байгаа. Цар тахалтай холбоотой үүссэн нөхцөл байдлаас дэлгүүр нь удаан хугацаагаар хаагдсан, худалдах авагчдын төлбөрийн чадвар буурсан зэрэг нь нөлөөлсөн байхыг үгүйсгэхгүй. Үүнээс гадна төслийн санхүүжилттэй холбоотойгоор төлбөр төлөлтөө хойшлуулж байсан бөгөөд хадгалагчийн буруугаас алдагдалд ороогүй.

Иймд нэхэмжилсэн хохирлыг нэхэмжлэгч тал хариуцах үндэслэлгүй.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “А” ХХК-ийн хариуцагч “Б” ХХК, “В” ХХК-д холбогдуулан гаргасан гэрээний үүрэгт болон алданги, хохиролд нийт 488,248,817 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 318 дугаар зүйлийн 318.3, 318.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Б” ХХК-ийн нэхэмжлэгч “А” ХХК-д холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас №7 дугаар агуулахад байгаа 605,344,493 төгрөгний барааг гаргуулах шаардлагыг хангаж, нэхэмжлэгч “А” ХХК-аас №7 дугаар агуулахад байгаа 605,344,493 төгрөгний барааг гаргуулж, хариуцагч “Б” ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас хохирол 519,994,169 төгрөг, илүү төлсөн 77,895,000 төгрөг, мөн 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр, 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч “В” ХХК-ийн нэхэмжлэгч “А” ХХК-д холбогдуулан гаргасан 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д нэхэмжлэгч “А” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,757,144 төгрөгийг, хариуцагч “Б” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5,083,282 төгрөгийг, хариуцагч “В” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч “А” ХХК-аас сөрөг нэхэмжлэлийн шаардлагад 3,184,672 төгрөгийг гаргуулан хариуцагч “Б” ХХК-д олгож шийдвэрлэсэн байна.

 

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдыг гаргаж байна.

6.1. Шүүх талуудын хооронд агуулахад бараа хадгалуулсан гэрээний харилцаа үүссэн байхад түрээсийн гэрээ гэж буруу дүгнэж, зүйлчлэлийг буруу тодорхойлж шийдвэрлэсэн.

Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг агуулахад хөдлөх хөрөнгө хадгалуулсан хадгалалтын гэрээний үүргийг хангуулах шаардлага гаргасан. Хариуцагч талууд “А” ХХК-ийн агуулахад өөрийн худалдахаар авч ирсэн тавилгыг хадгалуулахаас өөр зориулалтаар ашиглаж байгаагүй, агуулахад ямар нэг бизнесийн ашиг олох үйл ажиллагаа явуулж байгаагүй.

Хариуцагч “Б” ХХК болон “В” ХХК-ууд нь 2013 оны 08 дугаар сарын 14-ний өдрөөс 2020 оны 10 дугаар сар хүртэл “А” ХХК-ийн агуулахад тавилга бараа материалаа тасралтгүй хадгалуулж ирсэн бөгөөд хадгалуулсан бараагаа дэлгүүрт татаж авсантай холбоотойгоор агуулахын өрөө, талбайн хэмжээг багасгаж өөр өөр өрөөнд шилжүүлж хадгалуулж ирсэн.

Иймд гэрээний хүчинтэй үйлчилсэн хугацаа, гэрээгээр тохирсон хөлсний тооцоогоор хариуцагч талаас 2015 оноос 2021 оны 04 дүгээр сарын хооронд нийт 1,148,338,970 төгрөгийн хөлс төлөх төлбөр нэхэмжлэгдсэн, үүнээс 888,923,595 төгрөгийг хариуцагч төлж, 263,591,211 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй байгаа нь нотлогдсон байдаг. Гагцхүү хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзсэн хугацааны нэхэмжилсэн болон төлсөн тооцоог нэхэмжлэлээс хасуулахаар ня-бо н.Мягмар нэхэмжлэгчтэй тооцоо нийлэхгүйгээр өөрөө хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэх хариуцагчийн тайлбарт болон барьцаалсан 2018 оноос хойш бараа барьцаалж гаргаагүй гэсэн тайлбарууддаа тохируулж үлдэгдлийг хасаж тооцоог гаргасан бөгөөд энэ тооцоогоор хасах үндэслэлгүй, харин төлсөн дүн нэхэмжилсэн дүн таарч байгаа болохыг нотлож байгаа юм.

Нэхэмжлэгч тал 28 удаагийн албан бичгээр төлбөр тооцоог нэхэмжилж, хариуцагч 15 удаагийн албан бичгээр төлбөр төлөхөө хүлээн зөвшөөрч төлбөрөө төлөх хугацаа заан, хойшлуулах хүсэлтээ гаргаж байсан тул хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, сунгагдаж байсныг нотлож байна. Хариуцагч тал нь 2018 оноос хойш 43 падаан, 38 хаягаар хүргүүлэх зөвшөөрөл бичгээр нийт 81 удаа агуулахаас бараа авсан, мөн “А” ХХК нь агуулахаас худалдан авсан хүмүүсийн барааны үнийг төлбөртөө суутгуулж байсан албан бичиг түүнийг “В” ХХК төлсөн төлбөрийн дүндээ оруулж тооцсон тооцооны актуудаар хариуцагчийн бараа материалыг саатуулан барьж хохироосон гэх үндэслэлүүд няцаагдсан байх тул хариуцагчийн ня-богийн хасаж тооцсон тооцоо үндэслэлгүй, төлөгдөх төлбөр болохыг нотолж байна.

Хийсэн гэрээнүүд нь үйлчлэх цаг хугацаатай, гэрээний хугацаанд төлөх хөлс нь гэрээндээ тусгайлан заагдсан, түүгээр тооцоолж нэхэмжилсэн төлбөрийн хэмжээ маргаангүй, төлсөн нийт төлбөрийн дүн тодорхой учир үүгээр нь тооцоолж үлдэгдэл төлбөрийн тооцоог нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй, хариуцагч талууд үүргээ бүрэн биелүүлээгүй болох нь нотлогдож байхад нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа “Б” ХХК болон “В” ХХК-уудыг хамтран хариуцагчаар татсан нь хэн нэг нь тэд гэж тодорхойлох боломжгүй адил үүрэгтэй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогддог.

Иймд аль аль нь нэхэмжлэгчийн өмнө төлбөр төлөх үүрэг хүлээсэн учир нэхэмжлэлийг хамтран хариуцах үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл, хариуцагч талууд хадгалуулж байгаа бараагаа энэ нь тэрнийх гэж ялгаж салгаж тооцдоггүй, ялгаж тус тусдаа хүлээлгэж өгөөгүй дундаа хэн хэн нь төлбөр тооцоо хийдэг байсан учир хамтран хариуцах учраас төлбөрийг 2 хариуцагчаас тэд гэж ялгаж салгахгүйгээр нийт төлбөрийг хариуцуулж гаргуулах боломжтой байхад үндэслэлгүй гэж үзэн хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна.

Хэрэгт шүүх хуралдаан дээр өгсөн миний зассан гэх тооцооллыг шүүгчид ойлгомжтой болгох үүднээс гэрээ гэрээгээр нь тодруулж хийсэн тооцооны баримт бөгөөд үүний үндсэн дүнгүүд нэхэмжлэлийн шаардлагатай зөрөөгүй, хамгийн сүүлийн хэсэгт нь одоогийн тавилга хадгалагдаж байгаа 7 дугаар агуулахын дугаарыг 6 гэж андуурагдсан байсныг би 7 болгож тодруулсан. Энэ нь буруу биш болохыг одоо үлдэгдэл тавилгууд 7 дугаартай агуулахад байгаа гэдгийг талууд бүгд хүлээн зөвшөөрч тайлбарласан тайлбарууд, хариуцагч тал 7 агуулахад байгаа тавилгыг буцааж шаардаж нэхэмжилсэн сөрөг нэхэмжлэл, 19/Т-007 тоот түрээсийн гэрээ, 7 дугаартай 360 м.кв талбайтай гараашийг түрээслэхээр байгуулсан гэрээ зэрэг бусад баримтаар нотлогдсон байхад шүүх энэ баримтыг хэрэгт авагдсан дээрх бусад баримтуудтай харьцуулж хэрэгт хамааралтай, эргэлзээгүй талаас нь бодитой үнэлээгүйгээс буруу дүгнэлт хийсэн.

Ийнхүү хариуцагч талууд “А” ХХК-ийн өмч болох гараашийн барилгад агуулахын зориулалтаар тавилга бараагаа 10 жил хадгалуулж байсан, нэхэмжлэгчийн өмч гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй учир үлдэгдэл төлбөрөө нэхэмжлэх эрхтэй, хариуцагч гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй, үлдэгдэл өртэй түүнийгээ төлөх үүрэгтэй нь нотлогдсон байхад нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай талаас нь бодитойгоор үнэн зөв үнэлээгүй гэж үзэх үндэслэл болж байна.

6.2. Шүүх хэт нэг талыг барьж сөрөг нэхэмжлэлийг үндэслэлгүйгээр хангаж шийдвэрлэсэн гэж үзэж гомдолтой байна. Учир нь хариуцагч тал нэхэмжлэгчийн өмчлөлийн 7 дугаартай агуулахад хэзээ, хэдэн төгрөгийн үнэтэй, ямар нэр төрлийн тавилга хүлээлгэж өгсөн, түүнээсээ хэдийг, хэзээ ямар баримтаар зарлага гаргаж авсан, одоо түүнээс хэдэн төрлийн, ямар үнэтэй тавилгууд хадгалагдаж байгаагaa баримтаар нотолж чадаагүй байхад үндэслэлгүйгээр сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн.

Нотлох баримтаар хариуцагч талаас өгсөн шинжээчийн дүгнэлт гэх баримт нь хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн хууль бус шаардлагыг нотлох баримт болгож үнэлсэн нь шүүх хэрэгт хамааралгүй нотлох баримтыг буруу үнэлсэн гэж үзэх үндэслэлтэй юм. Учир нь уг үнэлгээг хийхдээ 7 дугаар агуулахад байгаа үлдэгдэл бараа тавилгыг үзээгүй. Үүнийг гэрч н.Г-ийн үнэлгээ хийнэ гэж хүн ирээгүй түлхүүр аваагүй болохыг нотолж мэдүүлсэн мэдүүлэг, мөн дүгнэлтэд “А” ХХК-ийн 7 дугаартай агуулахад байгаа тавилгыг үзэж үнэлсэн талаар тэмдэглэгээ бичвэр байхгүй бөгөөд агуулахад хадгалагдаж буй тавилгууд нь задлаагүй, сав баглаа боодолтойгоо шинэ тавилгууд байдаг. Гэтэл үнэлгээний тайланд үнэлсэн гэх фото зургуудад тавилга нь угсрагдсан, хивс дэвсгэр дэвссэн, хөшигтэй, обойтой дэлгүүрийн цэвэр цэлгэр өрөөнд бүтээлэгээр бүтээж, засаж тавьсан байгаа харагдаж байна. Энэ талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн энэ хэрэгт хамааралтай нотлох баримт биш гэсэн тайлбар үндэслэлтэй байхад шүүх хэрэгт хамааралгүй баримтыг бусад баримттай харьцуулалгүйгээр үнэлж, сөрөг нэхэмжлэлийг хангах үндэслэл болгосон нь нотлох баримтыг үнэлэх журмыг зөрчсөн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 2022 оны 11 дүгээр сарын 11 өдрийн тайлбарт уг шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар хасуулах хүсэлт гаргаж байсан болно.

6.3. Хариуцагч талаас өгсөн хохирлын үнэлгээнд ашигласан гаалийн баримттай барааг агуулахад шилжүүлснийг нотлох баримтгүй, үнэлгээ харьцуулсан падаанууд нь агуулахад өгсөн тавилгын падаан биш бүгд Сохо их дэлгүүрээс худалдсан барааны падаанууд байх бөгөөд агуулахад өгсөн гэх барааны падаангүйгээр хийсвэрээр хохирлын үнэлгээ гаргасан.

Хариуцагч тал сөрөг нэхэмжлэлдээ нэхэмжлэгчийн нэхэмжилсэн дүнгээр битүүмжилсэн хөрөнгөөс илүү байгаа 209,802,668 тавилга буцааж гаргуулах нэхэмжлэл гаргаж түүндээ тохирсон тэмдэгтийн хураамж төлсөн. Гэтэл шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагаа 7 агуулахад байгаа 605,344,493 төгрөгийн барааг буцааж авахаар болгож нэмэгдүүлсэн боловч нэмэгдүүлсэн шаардлагадаа тохирсон тэмдэгтийн хураамж төлөөгүй байхад шүүх нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авч хангаж, хууль зөрчиж шийдвэрлэсэн.

Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх агуулахад байгаа тавилгыг нэхэмжлэлийн дүнгийн хэмжээнд битүүмжлэх захирамж гаргасны дагуу агуулахад байгаа бараа нь битүүмжлэгдсэн учраас тоолж үлдэгдлийг тооцох боломжгүй байна. Битүүмжлэлээс илүү бараа байхгүй гэсэн тайлбарыг шүүгчийн захирамжаар нотолсон байхад үндэслэлгүйгээр хэмжээ, нэр төрөл нь нотлогдоогүй барааг гаргуулахаар шийдвэрлэсэн нь нотлох баримтыг үнэлэх журмыг зөрчсөн хууль бусаар байгаа хэмжээ, нэр төрөл нь тодорхойгүй нотлогдоогүй их хэмжээний барааг гаргуулах шийдвэр гаргаж нэхэмжлэгчийг хохироож байна.

Шүүх тэмдэгтийн хураамжийг буруу гаргуулсан хариуцагч тал илүү барааг гаргуулах сөрөг нэхэмжлэлдээ дутуу төлсөн тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас гаргуулж улсын орлогод хийгээгүй, төлөөгүй дутуу төлсөн сөрөг нэхэмжлэлийн тэмдэгтийн хураамжийг бүхэлд нь нэхэмжлэгчээс гаргуулж хариуцагчид гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль бус байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад зүйлчлэлийг зөвтгөн, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг шаардлагыг хангаж, мөн 2 дахь заалтад хариуцагчийн гаргасан 605,344,493 төгрөгийн илүү барааг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон заалт нэмж оруулж, 3 дахь заалтад тэмдэгтийн хураамжийг шийдвэрийн 1, 2 дахь заалттай хамааралтай өөрчлөлт оруулж өгнө үү.

 

7. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч “Б” ХХК-аас гаргасан тайлбарын агуулга:

7.1. Талуудын хооронд байгуулсан гэрээнд агуулахыг метр квадратаар бодож түрээсийн төлбөрийг төлдөг.

7.2. Гэрээ нь Иргэний хуулийг зөрчиж, хуульд заасан шаардлагыг хангаагүй учраас хүчин төгөлдөр бус хэлцэл байна.

7.3. 2013-2021 он хүртэлх төлбөрийг нэхэмжилсэн хоёр гэрээний хугацаа дууссан. Гэтэл 2013 оны хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй учраас үлдэгдэл мөнгийг авна гэж байгаа нь үндэслэлгүй.

Б.Лхагвацэрэн нь эрх зүйн мэдлэггүйгээс “В” ХХК нь түрээсийн гэрээний төлбөрийг илүү төлсөн байсныг мэдэхгүй “Б” ХХК-ийн төлбөрийг төлнө гэсэн албан бичгүүдийг бичсэн. Түрээсийн төлбөрөө төлөөд дууссан компани нь бусад компанийн нэрийн өмнөөс төлбөр төлсөн нь гэрээний харилцаа үргэлжлүүлэх үндэслэл болохгүй. 

7.4. Компаниас 6, 7 дугаар агуулахад гэж тооцоо гаргаж өгсөн. Гэтэл  итгэмжлэгдсэн тус 6 дугаар агуулахыг 7 дугаар агуулах гэж засаад өгсөн.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

8. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч “В” ХХК-аас гаргасан тайлбарын агуулга: Хариуцагч “Б” ХХК-аас гаргасан тайлбарыг дэмжиж байна.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэв.

 

2. Нэхэмжлэгч “А” ХХК нь хариуцагч “Б” ХХК, “В” ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 263,591,211 төгрөг, үүргээ хугацаандаа гүйцэтгээгүйн алданги 131,795,606 төгрөг, хохирол буюу олох байсан орлого 92,862,000 төгрөг, нийт 488,248,817 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч “Б” ХХК нэхэмжлэлийг эс зөвшөөрч Хохирол буюу олох байсан орлого 519,994,169 төгрөг, гэрээний үүрэгт илүү төлсөн 77,895,000 төгрөг, 7 дугаар агуулахад байгаа барааг гаргуулах, 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн түрээсийн гэрээний нэмэлт сунгалт, 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 19/Т-07 тоот түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг,

Хариуцагч “В” ХХК нэхэмжлэлийг эс зөвшөөрч 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 2018/09-01 тоот түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргажээ.

 

3.1. “А” ХХК нь “Б” ХХК-тай 2013 оны 08 дугаар сарын 14-ний өдөр түрээсийн гэрээ байгуулж, уг гэрээгээр түрээслүүлэгч “А” ХХК нь Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Дунд гол гудамж, өөрийн эзэмшлийн хашаанд байрлах 21, 22 дугаар бүхий 1 хэсэгт нийт 2,268 м.кв талбайтай агуулахыг 1 м.кв талбайн 1 сарын түрээсийн төлбөрийг 8,000 төгрөгөөр тооцож, нийт 18,144,000 төгрөгөөр 2013 оны 08 дугаар сарын 19-ний өдрөөс 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл 3 жилийн хугацаатай,

2014 оны 06 дугаар сарын 04-ний өдөр түрээсийн гэрээгээр 9, 10 дугаар бүхий 2 бүхэл хэсэг 1,300 м.кв талбайтай агуулахыг 1 м.кв талбайн 1 сарын түрээсийн төлбөрийг 11,000 төгрөгөөр тооцож, 2014 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 3 жилийн хугацаатай,

2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 16/12-01 дугаартай агуулах түрээсийн гэрээгээр 22 дугаартай 1,004 м.кв талбай бүхий байгууламжийг агуулахын зориулалтаар, 1,256 м.кв талбайн нэгж үнийг 9,380 төгрөг тооцож, 1 жилийн хугацаатай түрээслүүлэхээр,

2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 16/12-2 дугаартай агуулах түрээсийн гэрээгээр 22 дугаартай 1,256 м.кв талбай бүхий байгууламжийг агуулахын зориулалтаар, талбайн нэгж үнийг 9,380 төгрөг тооцож, 1 жилийн хугацаатай,  

2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн түрээсийн гэрээний нэмэлт сунгалтаар 21, 22 дугаартай агуулахын 1 м.кв талбайн 1 сарын түрээсийн төлбөр 9,380 төгрөг, нийт 21,273,840 төгрөгөөр 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл 3 жилийн хугацаатай түрээслүүлэхээр тус тус харилцан тохиролцсон байна.

2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 19/Т-07 дугаартай түрээсийн гэрээгээр 360 м.кв талбай бүхий 6 дугаартай агуулахыг үйлдвэрлэл, агуулахын зориулалтаар 1 м.кв талбайн үнийг 9,380 төгрөгөөр 2019 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл 1 жилийн хугацаатай түрээслүүлэхээр харилцан тохиролцсон бөгөөд энэхүү гэрээ нь 22 дугаар агуулахын агуулах түрээсийн гэрээний үргэлжлэл болохыг заажээ.

 

3.2. “А” ХХК нь “В” ХХК-тай 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр 18/09-01 дугаартай түрээсийн гэрээ байгуулж, уг гэрээгээр түрээслүүлэгч “А” ХХК-ийн эзэмшлийн 360 м.кв талбай бүхий 6 дугаартай агуулахыг үйлдвэрлэл, агуулахын зориулалтаар 1 м.кв талбайн үнийг 9,380 төгрөгөөр 2018 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл 1 жилийн хугацаатай түрээслүүлэхээр харилцан тохиролцсон бөгөөд энэхүү гэрээ нь 22 дугаар агуулахын агуулах түрээсийн гэрээний үргэлжлэл болохыг мөн заажээ.

 

4. Талуудын хооронд байгуулагдсан гэрээнүүд түрээсийн гэрээний шинжийг агуулсан байх тул анхан шатны шүүх тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн гэж зөв тодорхойлсон, гэрээнүүд хүчин төгөлдөр байна.

Түрээсийн зүйл болох агуулахууд нь тус тусдаа үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээгүй тул Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт заасан улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлага дээрх гэрээнүүдэд хамаарахгүй, гэрээнүүд хүчин төгөлдөр бус гэх хариуцагч нарын тайлбар үндэслэлгүй.

Иймд түрээслүүлэгч нь түрээслэгч нараас түрээсийн гэрээний үүргийг шаардах эрхтэй.

 

5.1. Нэхэмжлэгч “А” ХХК болон хариуцагч “Б” ХХК нь 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр түрээсийн төлбөрийн тооцоо нийлсэн акт үйлдсэн, уг актад 2019 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн байдлаар агуулахын түрээсийн төлбөрийн нийт үлдэгдлийг 194,254,251 төгрөг гэж тооцоо нийлж, нягтлан бодогч нар нь гарын үсэг зурж, санхүүгийн тэмдэг дарж баталгаажуулжээ.

Иймд хариуцагч талын хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх тайлбар үндэслэлгүй байхаас гадна хэрэгт авагдсан 2019 оны 09 дүгээр сараас өмнөх баримтуудад давж заалдах шатны шүүхээс дүгнэлт өгөх шаардлагагүй.

 

5.2. Талууд 8,097,709 төгрөгийн үнэ бүхий бараа материалыг түрээсийн төлбөрөөс суутгахаар харилцан тохиролцсон нь нэхэмжлэгч “А” ХХК-ийн 2020 оны 10 дугаар сарын 27, 11 дүгээр сарын 10-ны өдрийн, хариуцагч “Б” ХХК-ийн 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн албан бичгээр тус тус тогтоогдож байх тул хариуцагч “Б” ХХК-аас 186,156,542 /194,254,251-8,097,709/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “А” ХХК-д олгож, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулна.

 

5.3. Талууд түрээсийн төлбөрийн тооцоо нийлсэн акт үйлдэхдээ түрээсийн гэрээнүүдээр тохиролцсон алдангийг тусгаагүй тул холбогдох шаардлагыг хангах үндэслэлгүй.

 

6. Нэхэмжлэгч “А” ХХК болон хариуцагч “В” ХХК-ийн хооронд байгуулагдсан 18/09-01 дугаартай түрээсийн гэрээний харилцаа дууссан болох нь талуудын тайлбар, хэргийн баримтаар тогтоогдсон тул хариуцагч “В” ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

7. Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалт нь биелэгдэх боломжтой байх шаардлагыг хагаагүй байна. Учир нь, хариуцагч “Б” ХХК нь нэхэмжлэгчийн 7 дугаар агуулахад байгаа барааг гаргуулах агуулгатай сөрөг нэхэмжлэл гаргасан, мөн тус агуулахад 605,344,493 төгрөгийн бараа байгаа болох нь эргэлзээгүй тогтоогдоогүй байхад шүүх тогтоох хэсэгт барааны үнийг дурдсан нь буруу болжээ. Иймд энэ алдааг давж заалдах шатны шүүхээс залруулна.

 

8. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1, 63.1.4-т гэрээ, хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай нэхэмжлэлд уг гэрээ, хэлцлийн үнийн дүнгээр нэхэмжлэлийн үнийг тодорхойлохоор журамласныг анхаараагүйн улмаас улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтад алдаа гарсныг давж заалдах шатны шүүхээс залруулна. 

 

9. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн     167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 183/ШШ2023/00198 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “зааснаар” гэсний дараа “хариуцагч “Б” ХХК-аас 186,156,542 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “А” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болон хариуцагч “В” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж,

2 дахь заалтын “605,344,493 төгрөгний” гэснийг хасаж,

3 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч “А” ХХК-аас төлсөн 2,757,144 төгрөг, хариуцагч “Б” ХХК-аас төлсөн 5,083,282 төгрөг, хариуцагч “В” ХХК-аас төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 157,950 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж нэхэмжлэгч “А” ХХК-д олгож, улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 326,526 төгрөгийг хариуцагч “Б” ХХК-аас, 290,358 төгрөгийг “В” ХХК-аас тус тус гаргуулан улсын төсөвт оруулж, хариуцагч “Б” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 1,088,733 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “А” ХХК-д буцаан олгож, нэхэмжлэгч “А” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 1,206,963 төгрөг гаргуулан хариуцагч “Б” ХХК-д буцаан олгосугай” гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5,941,816 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.НЯМБАЗАР

 

                                         ШҮҮГЧИД                                      Г.ДАВААДОРЖ

 

                                                                                                Э.ЗОЛЗАЯА