Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 21

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Б.Баттулга,

улсын яллагч Н.Дамбадаржаа,

шүүгдэгч О.М- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Сартуул овогт О-ий М-т холбогдуулан хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж  ирүүлсэн эрүүгийн 1805047481250 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн аваад  хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1990 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Дорнод аймгийн Баянтүмэн суманд төрсөн, 28 настай, эмэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эгч, эгчийн 3 хүүхэд, өөрийн 1 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ...  дугаар хороо ............. дүгээр гудамжны ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Сартуул овогт О-ий М-.

 

Холбогдсон хэрэг. /яллах дүгнэлт дурдагдсанаар/

Шүүгдэгч О.М-нь 2018 оны 08 дугаар сарын 15-наас 2018 оны 08 дугаар сарын 16-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах +25 нэртэй бааранд үйлчлүүлж байгаад иргэн Г.М-ын түрийвч, эмэгтэй монетон ээмэг, 160.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирол учруулсан гэмт хэрэгт  холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч  О.М-мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүхээс шүүгдэгч О.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нотлох баримтуудад агуулагдсан мэдээлэл болон хэргийн талаар өгсөн хууль зүйн дүгнэлтийн үндэслэл:

Хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

Хохирогч Г.М-ын “2018 оны 08 дугаар сарын 15-ны өдөр би ажлаасаа ээлжийн амралтаа авчихаад Ганданд 22 цаг өнгөрч байхад танил дүү Хүрлээтэй таарчихаад бид хоёр ганц хоёр пиво уух гээд  Баянгол дүүргийн 16 дугаар хороо +25 гэсэн нэртэй бааранд орсон. 00  цаг 48 минутанд би +25 баарнаас түр гарч Модны 2-ын зам хөндлөн гараад АТМ-с 200.000 төгрөг авч буцаж орж 40.000 төгрөгний тооцоо төлчихөөд сууж байсан ширээний хажуу талд байсан гурван эмэгтэй юм ярьж сууж байхдаа би ширээн дээр өөрийн гар утас, түрийвчийг тавьчихсан байсан. Тэгээд тэр  ширээнээс босох гэсэн чинь миний түрийвч алга болчихсон, гар утас байж байхаар нь тэр гурван эмэгтэйгээс миний түрийвч хаана байгаа юм бэ гэж асуухад мэдэхгүй гээд тэр гурван эмэгтэй гэнэт явлаа гээд нэг нь түрүүлээд гараад явчихсан. Би баарны хамгаалагчид түрийвч алга болсон талаар хэлэхэд хамт сууж байсан хоёр эмэгтэйг дуудаад түрүүлж явсан эмэгтэйгийн гар утасны дугаарыг аваад залгаад хүний түрийвч өгөөч ээ гэж хэлэхэд нөгөө эмэгтэй яадаг юм бэ би авч явсан юм гээд утсаа таслаад ахиж залгахад утас нь холбогдох боломжгүй байсан. 160.000 төгрөг, манай эхнэрийн алтан бөгж /граммын сайн санахгүй байна/ жолооны үнэмлэх 1 ширхэг, иргэний үнэмлэх 1 ширхэг, банкны карт 2, Голомт банкны карт 1 зэрэг алдагдсан. Гол нь манай эхнэрийн бөгж хэрэгтэй байна. 600.000 төгрөгөөр үнэлж байна” гэсэн мэдүүлэг. /хэргийн 11-12 дугаар хуудас/

“Би хохирлоо барагдуулж авсан. Одоо надад ямар нэгэн санал гомдол байхгүй” гэсэн мэдүүлэг. /хэргийн 50 дугаар хуудас/

 

Дамно ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан “Нийт үнэлгээний дүн 387.500” /хэргийн 20-21, 51-52 дугаар хуудас/

 

О.М-ын яллагдагчаар өгсөн “2018 оны 08 дугаар сарын 15-ны орой 22 цагийн үед манай найз Өлзий залгаад би нэг найзтайгаа +25 бааранд байна чи хүрээд ирээч гэхээр нь би завгүй байна очиж чадахгүй гэсэн чинь би мөнгөгүй байна, пиво захиалах гэсэн юм. Чи хүрээд ирээч дээ гэхээр нь за за би яваад очъё гээд гэрээсээ гарч такси бариад +25 бааранд ирсэн. ... Өлзийд би явлаа гээд хэлэхэд Өлзий жаахан байж бай гарч тамхи татчихаад ирье гээд нөгөө дөрөв хамт гараад явсан. Тэгээд би сууж байгаад ширээн дээр нэг түрийвч байхаар нь аваад гарсан. Гарсан үүдэн дээр нөгөө дөрөв тамхи татаж байхаар нь би явлаа гээд хэлчихээд яваад өгсөн. Тэгээд би шууд такси бариад суугаад гэр рүүгээ явсан. Тэгээд замдаа нөгөө түрийвчээ үзэхэд дотор нь 5 ширхэг 20.000 төгрөг, 3 ширхэг 10.000 төгрөг байхаар нь мөнгийг нь аваад түрийвчийг нь шууд таксины цонхоор шидчихсэн. Тэгээд таксинд явж байхад миний утас руу Өлзий залгахаар нь авсан чинь Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэс дээр хүрээд ир хамт байсан залуугийн түрийвч алга болчихсон бид нарыг явуулахгүй байна гэхээр нь би ямар түрийвчийг нь авсан биш очиж чадахгүй гэсэн. Тэгээд утсаа унтраачихсан. ... Би хийсэн үйлдэлдээ гэмшиж байна” гэсэн мэдүүлэг /хэргийн 45-47 дугаар хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүгдэгч О.М-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэсэн гэмт хэргийн шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

 

Хохирогч Г.Мөнзулын “...Би хохирлоо барагдуулж авсан. Одоо надад ямар нэгэн санал гомдол байхгүй” гэсэн мэдүүлэг /хэргийн 50 дугаар хуудас/ хэрэгт авагдсан байх тул шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт гаргуулах төлбөргүй байна.

 

Прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч О.М-гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд  төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.  

 

          Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг шүүгдэгч зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “... Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч хохирогчид төлөх төлбөргүй,  баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдвал зохино.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  

1. Шүүгдэгч Сартуул овогт О-ий М-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.М-ыг 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар О.М-т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөн цаг хийлгэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар О.М-нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, О.М-баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол  О.М-т авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              А.АЛТАНХУЯГ