Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2023/00978

 

          

    2023          05            10                                       210/МА2023/00978

 

Ц.А-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш, даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, шүүгч Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 101/ШШ2023/00475 дугаар шийдвэртэй,

 

Ц.А-ын нэхэмжлэлтэй

“Б-” ХХК-д холбогдох,

 

Гэрээний үүрэгт 31,020,000 төгрөг, түр суурьших зардалд 500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Адъяахүү, нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.Эрдэнэбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Бадмаанямбуу, хариуцагчийн өмгөөлөгч Н.Хишигзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. “Б-” ХХК-тай өөрийн амьдарч байсан гэр бүлийн хэрэгцээний Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Өлгийн 16 гудамж **од байрлах 572 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгөө Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Ойн 8 айл гудамж, Өлгийн гудамжинд баригдаж буй Дэлгэрэх апартмент цогцолбор хотхоны С блок, 1 өрөө, ** 37,6 м.кв талбай бүхий ** сууц, 3 дугаар ээлжийн барилга 3 өрөө, **, 68,1 м.кв ** /нэмэлт гэрээ байгуулж 61,2 м.кв, 2 өрөө болгож өөрчилсөн/ орон сууцаар үнэ дүйцүүлэн газраа чөлөөлж байраар солихоор харилцан тохиролцож 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Г/2005/1 дугаартай орон сууц захиалгын гэрээг байгуулсан.

Гэрээнд орон сууц ашиглалтанд орох хугацааг 2021 оны 2 улирал гэж заасан боловч 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүлээлгэж өгсөн. Иймд гэрээний 4.7-д заасан алдангийг 37.6 м.кв байрны үнэ 62,040,000 төгрөгөөс 0.2 хувиар, 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл нийт 354 хоногоор тооцоход Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасан 50 хувиас хэтэрсэн тул 62,040,000 төгрөгийн 50 хувь 31,020,000 төгрөгийн алданги гаргуулна.

1.2. “Б-” ХХК-тай орон сууц захиалгын гэрээ байгуулахад 1 сарын 500,000 мянган төгрөгөөр бодож түр суурьших зардал авахаар тохиролцсон, 2020 оны 08 дугаар сараас 2022 оны 05 дугаар сар хүртэлх түр суурьших зардлыг өгсөн боловч байр 2022 оны 06 дугаар сард ашиглалтанд орсон.

Иймд хариуцагчаас түр суурьших зардалд 500,000 төгрөг, алданги 31,020,000 төгрөг, нийт 31,520,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Нэхэмжлэгч Ц.А-тай 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Г/2005/1 тоот дугаартай Орон сууц захиалгын гэрээ байгуулсан. Орон сууцны барилгын ажил гүйцэтгэж байх хугацаанд дэлхий нийтийг хамарсан цар тахлаас үүдэн хил гааль хаагдах, бараа материалын үнэ нэмэгдэх, Засгийн газраас бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн зэрэг үйл явдал удаа дараа бий болсон. Орон сууц ашиглалтад орох хугацаа хариуцагчийн буруутай үйл ажиллагааны улмаас болоогүй тул хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй.

Орон сууц захиалгын гэрээний 2.3.1 дэх заалтын 1-т заасан С блок, 1 өрөө, **, ** сууцыг 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр орон сууц хүлээлцэх актын дагуу хүлээлгэн өгсөн, гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн. Орон сууцыг хүлээлгэн өгсний дараа гэрээний 3.1.3-т заасны дагуу орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ гаргахад шаардлагатай материалыг 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хүлээлгэн өгсөн.

2.2. Талуудын хооронд байгуулсан Г/2005/1 дугаартай гэрээнд түр суурьшуулах зардал өгөх тухай заагаагүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 232.8 дахь хэсэгт зааснаар хариуцагч “Б-” ХХК-аас 15,510,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц.А-д олгож, нэхэмжлэлээс 16,010,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 328,700 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч “Б-” ХХК-аас 235,500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.А-д олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

4.1. Орон сууц захиалгын Г/2005/01 дугаартай гэрээний 5.3-т “Талуудаас шалтгаалаагүй давагдашгүй хүчин зүйлийн /усны үер, гал түймэр, аянга цахилгаан, салхи шуурга, газар хөдлөлт, бүх нийтийг хамарсан дайчилгаа, төрийн байгууллагын шийдвэр, ажил хаялт, эрчим хүчний тасалдал, гоц халдварт өвчин, дайны болон онц байдал гэх мэт/ нөлөөллөөс шалтгаалж гэрээний үүргээ бүрэн болон зарим хэсгийг биелүүлж чадахгүй болсон тохиолдолд давагдашгүй хүчин зүйлс арилах хүртэлх хугацаагаар гэрээний үүргийн биелэлтийг хойшлуулна” гэж заасан.

4.2. Дэлхий нийтийг хамарсан цар тахал болох Ковид-19 нь Монгол Улсад 2020 оны 01 сараас эхлэн корона вирус халдварт өвчин гэх нэршлээр гарч ирсэн бөгөөд Монгол Улсын Их хурлаас 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль, Монгол Улсын Засгийн газраас 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 45 дугаар тогтоолын хавсралтаар Коронавируст халдвар (ковид-19)-ын тархалтын түвшинг тогтоож, төрийн байгууллага, хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг зохицуулах түр журам” баталсан. Цар тахлыг 4 түвшинд ангилж ногоон, шар, улбар шар, улаан гэх болж улаан түвшинд төрийн зохих байгууллагаас бусад үйл ажиллагааг хязгаарласан. Улбар шар түвшинд үйл ажиллагаа хязгаарлалттай байсан билээ. Харин 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс шар түвшинд шилжүүлж бүх үйл ажиллагааг хэвийн явуулж эхэлсэн тул 2021 оны 01 дүгээр сараас гэрээний үүрэг тоолох хугацаа зогсож 2022 оны 02 сарын 14-ний өдрөөс эхлэн хугацаа тоологдох ёстой.

4.3. Шүүх шийдвэр гаргахдаа дэлхий нийтээр гарсан ковид цар тахлын нөхцөл байдал, Засгийн газраас авсан арга хэмжээг, талуудын гэрээгээр тохиролцсон давагдашгүй хүчин зүйл бий болоход зохицуулах арга хэмжээг харилцан тохиролцсон зэрэгт дүгнэлт хийгээгүй буюу шүүхэд авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үнэлээгүй.

Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн өмгөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүх хуралдааны нотлох баримт шинжлэн судлах шатанд цар тахалтай холбоотой баримтуудыг шинжлэн судалж, алдангийг тооцоолон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль 232 дугаар зүйлийн 232.6, 232.8 дахь хэсэгт заасны дагуу 15,510,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн.

Ковид-19 цар тахлын улмаас Улсын онцгой комисс, Засгийн газрын тогтоосон хөл хорионы хугацааг харгалзан 66 хоногийг хасахад татгалзах зүйлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв. 

 

2. Нэхэмжлэгч Ц.А- нь хариуцагч “Б-” ХХК-д холбогдуулан алдангид 31,020,000 төгрөг, түр суурьших зардал 500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Ц.А- нь “Б-” ХХК-тай 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Г/2005/1 тоот дугаартай Орон сууц захиалгын гэрээ байгуулсан, уг гэрээгээр гүйцэтгэгч “Б-” ХХК нь Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Ойн 8 айл гудамж, Өлгийн гудамжинд баригдаж буй Дэлгэрэх апартмент цогцолбор хотхоны С блок, **, ** сууц, 37 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг 62,040,000 төгрөгөөр тооцож, 2021 оны 2 дугаар улиралд оруулах, 3 дугаар ээлжийн барилгаас **, ** сууц, 68,1 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 112,365,000 төгрөгөөр тооцож захиалагчийн өмчлөлд шилжүүлэх, захиалагч нь өөрийн эзэмшлийн газар, хувийн сууцаар солихоор харилцан тохиролцсон байна.

Зохигчийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ.

 

4. Гэрээний 2.4-т орон сууц ашиглалтад орох хугацааг 2021 оны 2 дугаар улирал байхаар харилцан тохиролцсон, хариуцагч “Б-” ХХК нь Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Ойн 8 айл гудамж, Өлгийн гудамжинд баригдаж буй Дэлгэрэх апартмент цогцолбор хотхоны С блок, **, ** сууц, 37 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэгч Ц.А-д хүлээлгэн өгсөн талаар талууд маргаагүй, үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон байна.

 

5.1. Гэрээний хугацаанд дэлхийн нийтийг хамарсан коронавируст халдварын цар тахлын тохиолдол дотоодод бүртгэгдэж Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 178 дугаар тогтоолоор бүх нийтийн бэлэн байдалд шилжүүлж, улс даяар хатуу хөл хорио тогтоосон ба үүнээс хойш бэлэн байдлын зэргийг бууруулж 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 66 дугаар тогтоолоор өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг цуцалсан, энэ үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дэх хэсэгт зааснаар нийтэд илэрхий үйл баримт гэж үзэж нотлохыг шаардахгүй юм.

 

5.2. Орон сууц захиалгын гэрээний 5.3-т “Талуудаас шалтгаалахгүй давагдашгүй хүчин зүйлийн /усны үер, гал түймэр, аянга цахилгаан, салхи шуурга, газар хөдлөлт, бүх нийтийг хамарсан дайчилгаа, төрийн байгууллагын шийдвэр, ажил хаялт, эрчим хүчний тасалдал, гоц халдварт өвчин, дайны болон онц байдал гэх мэт/ нөлөөллөөс шалтгаалж гэрээний үүргээ бүрэн болон зарим хэсгийг биелүүлж чадахгүй болсон тохиолдолд давагдашгүй хүчин зүйлс арилах хүртэлх хугацаагаар гэрээний үүргийн биелэлтийг хойшлуулна” гэж талууд тохиролцсон.

 

5.3. Дээрхээс дүгнэвэл хариуцагч “Б-” гэрээний 2.4-т заасан хугацаа болох 2021 оны 2 дугаар улиралд орон сууцыг ашиглалтад оруулах үүргээ давагдашгүй хүчин зүйл болох коронавируст цар тахлын нөхцөл байдал, түүнтэй холбоотойгоор төрөөс авч хэрэгжүүлсэн шийдвэрийн улмаас гүйцэтгэх боломжгүй болжээ.

Орон сууц захиалгын гэрээг талууд 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдөр байгуулж, орон сууцыг ашиглалтад оруулах хугацааг 2021 оны 2 дугаар улирал буюу 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл гэж тохиролцсоноос дүгнэвэл гэрээг хэрэгжих хугацааг 11 сар гэж тодорхойлно.

Цар тахлын улмаас Засгийн газраас 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 178 дугаар тогтоолоор бүх нийтийн бэлэн байдалд шилжүүлж хатуу хөл хорио тогтоосон хугацаа хүртэл хариуцагч нь 3 сарын хугацаанд барилгын ажил гүйцэтгэсэн, бэлэн байдлын зэргийг бууруулсан Засгийн газрын тогтоол батлагдсан 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс хойш гэрээний үүргийг үргэлжлүүлэн тооцвол 8 сарын хугацаа буюу 2022 оны 10 дугаар сар гэж тодорхойлогдох боломжтой.

Иймд хариуцагч нь орон сууцыг 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн байх тул Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт зааснаар гэрээний хугацаа хэтрүүлсэн гэж дүгнэхээргүй байна.

 

5.4. Гэрээний 4.7 дахь хэсэгт гүйцэтгэгч нь барилгын ажлыг хугацаанд нь хүлээлгэж өгөөгүй тохиолдолд захиалагч тал хоног тутам гэрээний үнийн дүнгийн 0,2 хувийн алданги төлнө гэж тохиролцсон байх ба гүйцэтгэгч нь барилгын ажлыг хүлээлгэж өгөх хугацааг хэтрүүлээгүй байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт  заасан алдангийг шаардах эрхгүй.

 

6. Түр суурьших зардалд 500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргаагүй. Анхан шатны шүүх холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо хууль хэрэглээгүй алдаа гаргасныг залруулах боломжтой. Гэрээний үүрэгтэй холбоотой хохирол шаардах эрхийг Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар зохицуулсан зохицуулалтыг хэрэглэх учиртай.

 

7. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 101/ШШ2023/00475 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул “Б-” ХХК-д холбогдох гэрээний үүрэгт 31,020,000 төгрөг, түр суурьших зардал 500,000 төгрөг гаргуулах тухай Ц.А-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 235,500 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Э.ЭНЭБИШ

                                           

         ШҮҮГЧИД                                 Д.БЯМБАСҮРЭН

                                                                                             

Э.ЗОЛЗАЯА