Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 001/ХТ2017/00777

 

Б.Батбаатарын нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч  Г.Алтанчимэг,  П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянхонгор аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 131/ШШ2017/00036 дугаар шийдвэр,

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 213/МА2017/00007 дугаар магадлал,

Нэхэмжлэгч : Б.Батбаатар,

Хариуцагч : Д.Сайнжаргал,

Хариуцагч : Б.Гантуяа,

Нэхэмжлэлийн шаардлага :  30.770.000 төгрөг гаргуулах тухай

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлоор

Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Батбаатар, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал  нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  2012, 2013 онуудад Д.Сайнжаргал, Б.Гантуяа, Л.Нямхүү, Б.Бурмаа, Б.Батбаатар миний бие нарын нийт 5 хүн 60 айлын орон сууц хамтран барьсан. 2014 оны 01 дүгээр сард тухайн барилгыг ашиглалтад оруулж, мөн онынхоо 4, 5 дугаар саруудад тооцоо нийлсэн хэдий ч тохиролцоонд хүрээгүй. Тэр тооцоогоор Б.Батбаатар миний хөрөнгө оруулсан мөнгө болон ашиг 560.181.490 төгрөг болсон байгаа. Одоо миний үлдэгдэл мөнгө 16.981.490 төгрөг байгаа бөгөөд энэ мөнгийг өгөлгүй дараагийн барилга барихдаа хэрэглэж байгаа гэж үзэж байна. Энэ байрыг ашиглалтад өгөөд мөнгө орж ирэхээр хүүтэй нь өгье гэж амаар тохирч байсан болно. Иймд үндсэн мөнгө болох 17.000.000 төгрөг, хүү  13.770.000 нийт 30.770.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. /хх 1-3/

Хариуцагч Д.Сайнжаргал, Б.Гантуяа нар шүүхэд гаргасан тайлбартаа: Д.Сайнжаргал Б.Гантуяа бид иргэн Л.Нямхүү, Б.Бурмаа, Б.Батбаатар нарын хүмүүстэй хамтран ажиллах гэрээ байгуулж 2012-2013 онд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багт 60 айлын орон сууцны барилга барьсан. Ажил эхэлсэн цагаас эхлээд Б тал болох бид бүх ажлыг дангаар хийсэн. Уг нь аман яриагаар бүх ажлаа хамтран хийнэ гэж тохирсон байсан Бид маш их эрсдэлийг үүрч энэ хүмүүсийн мөнгийг өсгөж өгсөн. Баталгаат хугацаанд хийх ёстой ажлуудыг А талд удаа дараа хэлж гуйж албан бичиг өгсөн ч гарах ёстой мөнгө санхүүжилтээ гаргахгүй байна. Хамтран ажиллах гэрээний А тал болох Б.Батбаатар нь барилгын ажилд нийт 295.712.770 төгрөгийн санхүүжилтийг гаргасан бөгөөд ашигт нь 264.468.630 төгрөг авсан. Нийт 560.181.490 төгрөг авахаас бэлэн мөнгө байр, авто зогсоолийг оролцуулан нийт 553.200.000 төгрөгийг авсан бөгөөд үлдэгдэл 16.981.490 төгрөгийг баталгаат засвар дууссаны дараа Б.Батбаатарт ногдох хэсгийг нь хасаад үлдэгдэл мөнгийг нь өгөх болно гэжээ. /хх 27-32/

Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 131/ШШ2017/00036 дугаартай шийдвэр гаргаж, Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д заасныг баримтлан  Д.Сайнжаргал, Б.Гантуяа нараас хамтран ажиллах гэрээний үүрэг 16.981.490 төгрөг гаргуулж Б.Батбаатарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 13.788.510 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 311.800 төгрөгийг төвлөрсөн төсвийн орлогод хэвээр үлдээж, Д.Сайнжаргал, Б.Гантуяа нараас улсын тэмдэгтийн хураамжид 242.857 төгрөг гаргуулж Б.Батбаатарт олгож шийдвэрлэжээ.

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 213/МА2017/00007 дугаартай магадлал гаргаж, Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 131/ШШ2017/00036 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар Б.Батбаатараас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 226.893 төгрөгийг төрийн сангийн данснаас буцаан олгосон байна.

Нэхэмжлэгч хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Би 2016.10.14-ний өдөр нэхэмжлэл өгсөн боловч 2016.10.18-ны өдөр бичиг хүргэгч нь буруу хаяг дээр очоод Д.Сайнжаргал, Б.Гантуяа гэдэг хүн байхгүй гэсэн бичгийг үндэслэн шүүгчийн 2016.10.18-ны өдрийн 131/ШЗ2016/02583 захирамжийг гаргахдаа А.Аззаяагийн нэхэмжлэлийг 2016.10.14-ний өдөр хүлээн авч хянаад гэж бичээд утасны дугаар, хаяг нь тодорхой байхад эрэн сурвалжуулахаар шүүхэд хандаж гарсан захирамжид гомдол гаргах эрхгүй гэж буцаасан. Тэгээд 2016.10.25-ны өдөр 131/ШЗ2016/02583 гомдол гаргасаны дагуу 131/ШЗ2016/02746 захирамж гарсан. Түүний дараа 131/ШЗ2016/02762 захирамж мөн л алдаатай гарсан. Нэгэнт захирамжаа зассан л юм бол Гантуяа гэхийг Гантулга гэж бичсэн сурвалжуулах гэдэг үгээ сурвалжлуулах гэж бичээгүй үг, үсэг, нэр ус алдсан захирамжууд гарч байсан. Тэгээд 2016.11.08-ны өдөр нэхэмжлэлийг хүлээн авч 2016.12.28-ны өдөр миний хүсэлтийг хангахаас татаглазсан 131/ШЗ2017/00023 дугаартай захирамж гарсан. 2017.01.11-ний өдөр хэргийн материалтай танилцах гээд ирэхэд нотлох баримт авахгүй гэж байсан боловч эсрэг талын дүү Б.Одмаагийн  дансаны хуулгыг авч шүүх хурал дээр гаргаж ирсэн. 1. Анхан шатны шүүх улсын тэмдэгтийн хураамжид төлсөн мөнгийг яасан нь тодорхойгүй. 2. Хамтран ажиллах гэрээний 2.14-т заасны дагуу баталгаат засварын хугацаанд гарсан зардлыг 2 тал ул маргах журмаар цаг алдалгүй хуваан гаргана гэж зааснаас бус барьцаа болгон ашгаас авч үлдэнэ гэсэн заалт байхгүй. 3. Баталгаат засвар гэх зүйл нь ямар шүүх дээр хэрхэн яаж шийдвэрлэгдэж байгаа нь тодорхой бус зүйлүүдийг үндэслэн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг хэрэгсэхгүй болгож байгааг ойлгохгүй байна. 4. Дахиад анхан шатны шүүхэд нэхэмжлэлээ гаргаж болно гэж тайлбарласан боловч тогтоохдоо энэ тухай дурдаагүй нь шүүх хурлын бичлэг дээр байгаа. 5. Тухайн хэрэг нь анхнаасаа нутаг орон, танил тал харж шийдвэрлэгдэж байгаа нь надад ойлгогдож байна. Иймд магадлалыг хянаж өгнө үү гэжээ.

                                                                        ХЯНАВАЛ:

Б.Батбаатар нь Д.Сайнжаргал, Б.Гантуяа нарт холбогдуулан нэхэмжлэл гаргаж барилга барьж хамтран ажиллахад оруулсан гэх мөнгөний үлдэгдэл 17 сая төгрөг, түүнд ногдох хүү 13.770.000 төгрөг нийт 30.770.000 төгрөг шаардсан байна. Хариуцагч нар нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргажээ. 

Анхан шатны шүүх зохигчдын хооронд хамран ажиллах гэрээ байгуулагдсан гэж дүгнэн, хариуцагч нараас 16.981.490 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хүчингүй болгож, Б.Батбаатарын нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

Шийдвэр, магадлалыг дараах үндэслэлээр хүчингүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн боловч хэргийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-г зөрчжээ.   

Гэрээнд заасан үүрэг биелэгдсэн эсэх, шаардах эрх үүссэн эсэх талаар дүгнэлт хийхэд зохигчдын хооронд ямар гэрээний харилцаа үүссэн болохыг тогтоох, улмаар ийнхүү үзэж буй үндэслэлээ шийдвэрт тусгах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2, 116 дугаар зүйлийн 116.2-т нийцэх юм. 

Б.Батбаатарын нэхэмжлэлээс үзвэл зохигчид Нямхүү, Бурмаа нарын хамт тавуулаа барилга барих талаар тохиролцсон гэх бөгөөд нэхэмжлэгч уг гэрээнд ямар байдлаар оролцсон нь тодорхой бус байна.

Зохигчдын хооронд хүчин төгөлдөр хамтран ажиллаж гэрээний харилцаа үүссэн гэж үзвэл, Иргэний хуулийн 478, 479 дүгээр зүйлд зааснаар хамтын үйл ажиллагааны улмаас бий болсон алдагдлыг гэрээний талууд хамтран хариуцна, гэрээнд хамтын үйл ажиллагааны үргэлжлэх хугацааг шууд заагаагүй тохиолдолд гэрээний талууд хамтын үйл ажиллагаанд хохирол учруулахааргүй бол хэдийд ч хамтран ажиллах гэрээнээс гарч болно. Гэрээнд өөрөөр заагаагүй бол аль нэг тал гэрээнээс гарснаар хамтын үйл ажиллагаа дуусгавар болно. Нэг тал гэрээнээс гарсан боловч үлдсэн талууд хамтын үйл ажиллагааг үргэлжлүүлэхээр тохиролцсон бол гэрээнээс гарсан талд ногдох хувийг мөнгөн хэлбэрээр эргүүлэн олгох боловч ингэхдээ түүний гарах үед биелүүлээгүй байсан хэлцлийг харгалзана. Гэрээнээс гарахад талуудын дундын хөрөнгө тэдний хүлээсэн нийт үүргийг биелүүлэхэд хүрэлцэхгүй байвал гэрээнээс гарч байгаа тал өөрт ногдох хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг бусдад төлнө. Гэрээнээс гарч байгаа талын үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээсэн үүрэг хэвээр үлдээнэ.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ талуудын хооронд хамтран ажиллаж гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн үндэслэлээ заагаагүйгээс гадна Нямхүү, Бурмаа нар гэрээнд оролцсон эсэх, оролцсон бол энэ нь нэхэмжлэлийн шаардлагад нөлөөлөх эсэх талаар дүгнэлт хийгээгүй нь  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27, 28, 29, 116-р зүйлийн 116.2-т нийцээгүй байна.

Хоёр шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих зүйлийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, өөрчлөлт оруулах боломжгүй тул шийдвэр магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2. 5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1. Баянхонгор аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 131/ШШ2017/00036 дугаар шийдвэр, Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 213/МА2017/00007 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Нэхэмжлэгч хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр төлсөн 226.893 төгрөгийг Б.Батбаатарт захирамжаар буцаан олгосугай. 

                                      ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                       ШҮҮГЧ                                                    Б.УНДРАХ