| Шүүх | Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамцагдоржийн Бүрнээ |
| Хэргийн индекс | 158/2016/0028/З |
| Дугаар | 0002 |
| Огноо | 2017-01-03 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 01 сарын 03 өдөр
Дугаар 0002
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Бүрнээ би, Баяннуур сумын иргэн Д.Өрнөхдэлгэрийн тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга /Б.Бумчин/, Засаг дарга /Б.Ёндон/, Өлзийт багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга /Д.Саранхүү/ нарт холбогдуулан “Баяннуур сумын 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн багийн Засаг даргыг дахин сонгох хуралдааныг хүчингүй болгуулах, тус хуралдааныг удирдсан сумын ИТХ-ын дарга Б.Бумчингийн үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, 158/2016/0028/З дугаарын индекстэй захиргааны хэрэг үүсгэн, хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Өрнөхдэлгэрээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Доржсүрэн овогтой Өрнөхдэлгэр нь 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хуралдсан багийн Засаг дарга сонгох хуралд 6 хүн нэр дэвшсэнээс, нийт санал өгсөн 150 сонгогчоос 32 хүний санал буюу 26,1 хувийн саналаар олонхийн санал авсан билээ. Гэтэл Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т “Баг, хорооны Засаг даргад тухайн нэгжийн нийтийн Хуралд оролцож байгаа иргэд, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргад тухайн Хурал дахь нам, эвслийн бүлэг, эсхүл Хурлын төлөөлөгч тус тус нэр дэвшүүлэх эрхтэй бөгөөд уг Хурлын хуралдаанд оролцсон иргэд, төлөөлөгчдийн олонхийн буюу 50-иас дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг томилуулахаар томилох эрх бүхий албан тушаалтанд санал болгоно.” гэсэн энэ заалтын дагуу хувь нь хүрээгүй учир дахин санал авахаар сумын ИТХ-ын дарга Б.Бумчин мэдэгдсэн билээ. Багийн иргэдийн Нийтийн Хурлаас 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр дахин хурал зарласан. Тэр хурал дээр өндөр оноо авсан эхний 2 хүн өрсөлдөх юм байна гэж бодоод очтол иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Бумчин болоод сумын Засаг дарга Б.Ёндон нар аймгийн Хууль зүйн хэлтсийн дарга П.Хишигдаваагаас хуулийн зөвлөгөө авлаа, 6 хүн өрсөлдөх юмуу, эсвэл нэр дэвшигчид нэрээ татаж болно гэсэн юм. Тэгээд намын гишүүн болох 3 дахь хүн Х.Пүрэвжавыг зүтгүүлж өрсөлдүүлж Баяннуур сумын Өлзийт багийн Засаг дарга болгосон.
Монгол Улсын Үндсэн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.5 дахь заалтыг зөрчиж 3 хүн дээр санал явуулсан, мөн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5 дахь заалтыг зөрчиж хэн нь ч олонхийн санал аваагүй бол энэ зүйлд заасан журмаар Хурлын даргад дахин нэр дэвшүүлнэ гэсэн заалтуудыг зөрчлөө.
...Иймээс Баяннуур сумын 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн багийн Засаг даргыг дахин сонгох хуралдааныг хүчингүй болгуулах, тус хуралдааныг удирдсан сумын ИТХ-ын дарга Б.Бумчингийн үйлдлийг хууль бус болохыг тогтоолгож өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч Д.Өрнөхдэлгэр шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “Миний бие Д.Өрнөхдэлгэр нь 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Булган аймгийн Баяннуур сумын Өлзийт багийн Засаг даргын сонгуулийг хууль бус болсон гэж үзэн нэхэмжлэл гаргасан. Энэ нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д “нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх”, 66 дугаар зүйлийн 66.1-д “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно”, 66.2-т “нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх..” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч Баяннуур сумын иргэн Д.Өрнөхдэлгэр нь тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга /Б.Бумчин/, Засаг дарга /Б.Ёндон/, Өлзийт багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга /Д.Саранхүү/ нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан тухай хүсэлтээ 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр шүүхэд бичгээр илэрхийлсэн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5-д “Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзвал шүүхийн зардлыг нөхөн төлнө”, 50 дугаар зүйлийн 50.5-д “Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа багасгах, энэ хуулийн 50.4-т зааснаас бусад тохиолдолд нэхэмжлэлээсээ татгалзах, нэхэмжлэгч, хариуцагч эвлэрэх замаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болсон бол улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүй” гэж тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид Төрийн сангийн 041400941 дугаарын дансанд 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр ХААН банкинд төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2 дахь заалтуудыг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Баяннуур сумын иргэн Д.Өрнөхдэлгэрийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга /Б.Бумчин/, Засаг дарга /Б.Ёндон/, Өлзийт багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга /Д.Саранхүү/ нарт холбогдуулан “Баяннуур сумын 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн багийн Засаг даргыг дахин сонгох хуралдааныг хүчингүй болгуулах, тус хуралдааныг удирдсан сумын ИТХ-ын дарга Б.Бумчингийн үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлтэй Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 158/2016/0028/3 дугаарын индекстэй хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5, 50 дугаар зүйлийн 50.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид Төрийн сангийн 041400941 дугаарын дансанд дансанд 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр ХААН банкинд төлсөн 70200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.4-т зааснаар нэхэмжлэгч уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах болон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил журмаар биелүүлэхийг дурдсугай.
4. Захирамжийн хувийг нэхэмжлэгч, хариуцагчид хүргүүлэхийг шүүгчийн туслах Д.Булганчимэгт даалгасугай.
ШҮҮГЧ Д.БҮРНЭЭ