Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 1316

 

Хы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Т.Туяа, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 102/ШШ2016/03597 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Хы нэхэмжлэлтэй,

Хариуцагч ХХХХХт холбогдох

 

Өндөр насны тэтгэвэрт гарахад дутуу олгогдсон 19 сарын цалингийн дундажтай тэнцэх хэмжээний тэтгэмжид 25 965 261 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХ,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ХХХ,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгч Х шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд гаргасан тайлбартаа: Би 1983 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн Улаанбаатар хотын Автобус баазын засвар үйлчилгээний станцын даргын 140 тоот тушаалаар засварчинаар ажилд орж, 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Б-102 дугаар тушаалаар өндөр насны тэтгэвэрт гартлаа тасралтгүй 33 жил ажилласан. Гэтэл энэ байгууллагад бүх насаараа ажилласан надад өндөр насны тэтгэвэрт гарахад өгдөг тэтгэмжийг өнөөдрийг хүртэл олгохгүй хохироож байна. 2014 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн “Автобус нэг” ОНӨААТҮГ-ын захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд байгуулсан 2013 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн хамтын гэрээнд оруулах нэмэлт өөрчлөлтийн 8.5-д зааснаар би өндөр насны тэтгэвэрт гарахдаа 21 сарын тэтгэмж авах байтал 2 сарын цалинтай тэнцэх тэтгэмж 2 472 882 төгрөг өгсөн. Иймд өндөр насны тэтгэвэрт гарахад олгох үлдэх 19 сарын тэтгэмжид 25 965 261 төгрөгийг гаргуулж өгнө үү. Х нь 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн бөгөөд энэ талаар өргөдөл гаргаад байхад байгууллага олгоогүй тул үйлдвэрчний эвлэлийн хороонд өргөдөл гарган, хамтын маргаан үүсгэн явж байсан, ХХХХХ 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хамтын гэрээг мөрдөхгүй талаар бичиг ирүүлснээс хойш ганцаарчилсан маргаан үүсгэж, шүүхэд нэхэмжлэл гаргасан гэжээ.

 

Хариуцагч ХХХХХ шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХХХ, ХХХХ нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Х нь 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Б/102 дугаар тушаалаар өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн. Байгууллагаас 2015 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн Б/520 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хууль болон хөдөлмөрийн дотоод журмын дагуу 2 сарын дундаж цалинтай тэнцэх тэтгэмж болох 2 472 882 төгрөг олгосон. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон энэ хамтын гэрээ нь “Автобус нэг” ОНӨААТҮГ болон Үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд байгуулагдсан. Уг гэрээ 2013 оны 02 дугаар сарын 05-ны өдөр байгуулагдан 2013 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газар бүртгэгдэн 1 жилийн хугацаанд хүчин төгөлдөр үйлчилсэн хамтын гэрээ юм. Уг хамтын гэрээнд 2014 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр оруулсан нэмэлт өөрчлөлтийн ерөнхий зүйлд “энэхүү хамтын гэрээ нь нэмэлт өөрчлөлтийг бүртгүүлснээр хүчин төгөлдөр болох ба гэрээний аль нэг тал санаачлан хамтын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах болон шинээр батлагдах хүртэл хугацаагаар хүчин төгөлдөр мөрдөгдөнө” гэж заасан байдаг. Гэсэн хэдий ч уг Автобус-1 нь НИТХ-ын 2014 оны 132 дугаар тогтоолоор татан буугдаад 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс “Зорчигч тээврийн нэгтэл” ОНӨААТҮГ байгуулагдсан. Нэхэмжлэгчийн шаардлагаа үндэслээд байгаа хамтын гэрээг бид дотоод үйл ажиллагаандаа мөрдлөг болгохгүй. Яагаад гэхээр Хөдөлмөрийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-д хуульд заасан нөхцөл журмын дагуу аж ахуйн нэгж, байгууллага татан буугдах үед хамтын гэрээ татан буугдах хугацааны туршид үйлчилнэ гэж заасан тул шинээр үүсгэн байгуулагдсан хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгүүлсэн өдрийг хүртэл буюу 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл дагаж мөрдөх байсан. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3 дахь хэсэгт “аж, ахуйн нэгж, байгууллагыг өөрчлөн байгуулах, өмчлөгч өөрчлөгдөх тохиолдолд хамтын гэрээг хэвээр мөрдөх, түүнд нэмэлт өөрлөлт оруулах, эсхүл хамтын гэрээг шинэчлэн байгуулах асуудлыг ажил олгогч буюу ажилтны төлөөлөгчид хэлэлцээ хийж шийдвэрлэнэ” гэж заасан байдаг. Энэ хамтын гэрээг хэвээр нь мөрдье, нэмэлт өөрчлөлт оруулъя гэсэн хэлэлцээ байгууллага дээр хийгдээгүй. Харин хамтын гэрээг шинэчлэн байгуулах талаар хэлэлцээ хийгдэж 2014 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 01 албан тоотоор Үйлдвэрчний эвлэлийн хорооноос захиргаанд шинэ хамтын гэрээ байгуулах тухай албан бичиг ирж 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 117 тоотоор захиргаанаас хамтын гэрээ байгуулах төлөөллийг томилон хамтын гэрээний төсөл хүргүүлж ажиллаж байна. Мөн байгууллагын захиргааны зүгээс 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 3158 тоот албан бичгээр 2013 онд байгуулсан хамтын гэрээг мөрдөж ажиллахгүй тухай үйлдвэрчний эвлэлийн хороонд мэдэгдсэн болно. Энэ маргаан Хөдөлмөрийн тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д “шүүх хянан шийдвэрлэхээс зааснаас бусад маргааныг хөдөлмөрийн маргаан таслах комисс хянан шийдвэрлэнэ” гэж зааснаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-д заасныг баримтлаагүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн нэхэмжлэгч нь Үйлдвэрчний эвлэлийн хороонд 2015 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр өргөдөл өгсөн гэж тайлбарласан боловч энэ цаг хугацаанд Х Үйлдвэрчний эвлэлийн хороонд өргөдөл өгсөн эсэхийг бүртгэлийн дэвтрээс үзье гэхээр үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга “манайх тийм зүйл бүртгэдэггүй” гэдэг. Үйлдвэрчний эвлэлийн хороо 2015 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хамтын маргаан үүсгэсэн гэсэн хариу өгсөн гэж байна. Гэтэл 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдөр дагуу Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газар зуучлагч томилуулах хүсэлтэд “3 дахь зөвлөмжийн дагуу ажилла” гэсэн хариу өгсөн нь хамтын маргаан үүсээгүй гэдгийг нотолдог. Гэтэл энэ өдрөөс хойш яагаад шүүхэд хандаж болоогүй юм бэ. Мөн 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр ганцаарчилсан маргаан үүсгэ гэсэн хариу өгсөн гэж байна. Тэгэхээр эндээс бас хөөн хэлэлцэх хугацаагаа алдсан нь харагддаг. Хөдөлмөрийн маргааныг шуурхай зохицуулах салбар хорооны зөвлөмжийг 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр “талуудад 3 хувь хүргүүлэв” гэсэн боловч энэ хувь манайд албан ёсоор ирээгүй. Х 2015 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр хамтын гэрээний 8.5-д заасны дагуу тэтгэмж олгоно уу гэсэн өргөдөл гаргасан, 2015 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Хд 2 сарын дундаж хэмжээний цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжид 2 472 882 төгрөг олгосон байхад эрхээ зөрчигдсөн эсэхийг мэдээгүй байх боломжгүй. Иймд түүний дансанд мөнгө орсон 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс шаардах эрх үүссэн гэж үзнэ гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар хариуцагч ХХХХХаас 23.392.826 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Хд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2.572.435 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг тул хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 274 914 төгрөгийг гаргуулж, улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлд заасан эрхийнхээ дагуу давж заалдах гомдол гаргаж байна. Тодруулбал анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангаж чадаагүй, холбогдох хуулийн заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх, хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзээгүй болох нь дараах үндэслэлээс харагдана. Үүнд:

1. Анхан шатны шүүх хамтын гэрээг хуульд нийцүүлж дүгнээгүй. Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4-д “хуульд заасан нөхцөл журмын дагуу аж ахуйн нэгж, байгууллага татан буугдах үед хамтын гэрээ татан буугдах хугацааны туршид мөрдөнө” гэсэн заалтыг баримтлан хамтын гэрээг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2014 оны 132 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын А/778 захирамжийг үндэслэн шинээр үүсгэн байгуулагдсан хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгүүлсэн өдрийг хүртэл буюу 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл дагаж мөрдөх байсан.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа Хөдөлмөрийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3 дахь хэсэгт заасны дагуу 2013 онд мөрдөж байсан хамтын гэрээг хэвээр мөрдөх, нэмэлт өөрчлөлт оруулах талаар захиргаа болон ҮЭ-ийн төлөөлөл хэлэлцээ хийгдээгүй болохыг тайлбарласан бөгөөд харин шинээр хамтын гэрээ байгуулах талаар хэлэлцээ хийгдэж талууд хамтын гэрээнд оролцох төлөөллийг томилон гэрээний төсөл солилцсон баримтыг шүүхэд гарган өгснийг анхааралгүй хэт нэг талыг барьж тодорхойлсонд гомдолтой байна. Цаашлаад Нийслэлийн Иргэдийн хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 132 дугаар тогтоолоор Автобус 1, Автобус-3 , Цахилгаан тээвэр ОНӨААТҮГазрууд нь Иргэний хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт зааснаар Зорчигч тээврийн нэгтгэл болон өөрчлөн байгуулагдсан нь дээрх хуулийн заалт буюу хөдөлмөрийн харилцааг нарийвчлан зохицуулсан Хөдөлмөрийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3 дахь хэсэг нийцэж байгаа юм. Мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2, Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Аж ахуй нэгж, байгууллагад түүний нэгж, хэсгийг хамруулан хамтын нэг гэрээ байгуулна” гэсэн заалтыг ажил олгогч мөрдөж ажиллаж байна. ХХХХХ нь Нэгтгэлийн ҮЭХ, Автобус-1 дүгээр баазын ҮЭХ, Автобус-2 дугаар баазын ҮЭХ, Автобус-3 дугаар баазын ҮЭХ гэсэн 4 хороотой ажиллаж байгаа учраас тус тусын хамтын гэрээг мөрдөж ажиллах боломжгүй байгаа бөгөөд Монгол улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна гэсэн Үндсэн хуульд заасан зарчим зөрчигдөхөд хүрээд байна.

2. Хариуцагчийн татгалзлын гол үндэслэл бол хөөн хэлэлцэх хугацааны асуудал байсан. 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн б/102 тоот тушаалаар нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлаж ажлаас чөлөөлөөд мөн оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн б/520 тоот тушаалаар 2 сарын дундаж цалинтай тэнцэх тэтгэмж болох 2 472 882 төгрөг олгосон. Ажилтан ажлаас чөлөөлөгдөөд тэтгэмж авах шаардах эрх үүсэх бөгөөд нэхэмжлэгч даруй ажлаас чөлөөлөгдөөд 1 жил тэтгэмжээ аваад 9 сарын дараа буюу 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр нэхэмжлэл гаргасан байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт зааснаар эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 3 сарын дотор гомдлоо маргаан шийдвэрлэх байгууллагад гаргахаар зохицуулсан. Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрийн 6 дугаар хуудсанд хэрэгт авагдсан нотлох баримтуудыг жагсаан бичиж үүнээс дүгнэлт хийн хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй хэмээн дүгнэсэн нь шийдвэр хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй. Учир нь нэхэмжлэгч 2015 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр хамтын гэрээний 8.5-д заасны дагуу тэтгэмж олгоно уу гэсэн өргөдөл гаргасан, 2015 оны 4 дүгээр сарын 10-нд 2 сарын дундаж цалинтай тэнцэх тэтгэмж олгосон байхад эрхээ зөрчигдсөн эсэхийг мэдээгүй байх боломжгүй юм. 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн Хы шаардах эрх үүссэн бөгөөд 2015 оны 7 дугаар сарын 20-нд шаардах эрх дуусгавар болсон байдаг. Хариуцагчийн төлөөлөгчөөс хүсэлт гарган нэхэмжлэгчээс үйлдвэрчний эвлэлийн хороонд 2015 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр гаргасан өргөдлийг бүртгэж авсан дэвтрийн холбогдох хэсэг мөн үйлдвэрчний эвлэлийн хорооноос 2015 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн өгсөн хариуг явсан бичгийн бүртгэлд байгаа эсэхийг шалгулах зорилгоор хүсэлт гаргасан. Үйлдвэрчний эвлэлийн хороонд манайд ирсэн явсан бичгийн дэвтэр байхгүй гэж хэлдэг. Эдгээр баримтуудыг ашиг сонирхлын улмаас бүгдийг нөхөж үйлдсэн хэлбэрийн төдий баримтууд болох тодорхой байхад шүүх үнэлсэн. Мөн Үйлдвэрчний эвлэлийн хороо 2015 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хамтын маргаан үүсгэсэн гэсэн хариуг Хд өгсөн байна. Гэтэл 2015 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газар зуучлагч томилуулах хүсэлтэд “3 дахь зөвлөмжийн дагуу ажилла” гэсэн хариу өгсөн нь хамтын маргаан үүсээгүй гэдгийг нотолдог. Гэтэл энэ өдрөөс хойш яагаад шүүхэд хандаагүй юм. Мөн 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр ганцаарчилсан маргаан үүсгэ гэсэн хариу өгсөн гэж байна. Тэгэхээр үүнээс хөөн хэлэлцэх хугацаа алдсан нь харагддаг. Нийслэлийн хөдөлмөрийн маргааныг шуурхай зохицуулах салбар хорооноос ирсэн зөвлөмжийг 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр “талуудад 3 хувь хүргүүлэв” гэсэн боловч энэ хувь манай байгууллагад албан ёсоор ирээгүй. Энэ зөвлөмж байгууллагад ирээгүй гэдгийг нотолсон баримт өгөөд байхад шүүх үнэлэхгүй хэт нэг талыг барьж Нийслэлийн хөдөлмөрийн маргааныг зохицуулах салбар хорооноос ирсэн зөвлөмжийг барьж дүгнэлт хийсэнд гомдолтой байна.

3. Хы итгэмжлэгдсэн төлөөлөгч гэх ХХ нь төлөөлүүлэгчийн өмнөөс биш Үйлдвэрчний хороон даргын байр сууринаас оролцож байгаа, мөн үйлдвэрчний хорооноос гарч байгаа албан бичгүүд нь итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гарын үсэгтэй баримтууд байгаа нь ашиг сонирхлын зөрчилтэй байна гэдэг хардлага ажил олгогчид төрж байгаа учраас шүүх анхаарч үзэхийг хүсэж байна.

Эдгээр баримтуудаар хариуцагч хамтын гэрээний дагуу тэтгэмж олгохгүй гэдгээ илэрхийлсээр ирсэн гэдэг нь хангалттай нотлогдож байхад шүүх нэхэмжлэгч талын баримтуудыг үнэлсэн хирнээ хариуцагчийн татгалзлаа нотолсон баримтуудыг огт үнэлэхгүй хэт нэг талыг барьсанд гомдолтой байна.

Иймд 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 03597 тоот шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгуулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан шаардлагын дагуу үнэлээгүйгээс, хэргийн үйл баримтанд үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй, шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

 

Нэхэмжлэгч Х нь хариуцагч ХХХХХ-аас 19 сарын цалингийн дундажтай тэнцэх хэмжээний тэтгэмж 25 965 261 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч Х нь 1983 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотын Автобус баазын засвар үйлчилгээний станцын даргын тушаалаар оройн 2 дугаар ээлжинд засварчинаар ажилд орж, тасралтгүй ажиллаж байгаад 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Б-102 тоот ХХХХХазрын захирлын тушаалаар өндөр насны тэтгэвэрт гарсан болох нь нийгмийн даатгалын дэвтэр, ажилд орсон, гарсан, 2 сарын тэтгэмж олгосон тушаал, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдсон байна. /хэргийн 3-15 дугаар тал/

 

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд “Автобус-1” ОНӨҮГ-ийн захиргаа болон Үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд байгуулагдсан 2013 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн “Хамтын гэрээ”-нд 2014 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр оруулсан нэмэлт өөрчлөлтийн ерөнхий зүйлд “Энэхүү хамтын гэрээ нь нэмэлт өөрчлөлтийг бүртгүүлснээр хүчин төгөлдөр болох бөгөөд гэрээний нэг тал санаачлан хамтын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах болон шинээр батлагдах хүртэл хугацаагаар хүчин төгөлдөр мөрдөгдөнө” гэж, 8.5 дахь заалтад өндөр насны тэтгэвэрт гарч байгаа ажилтан ажлаас гарахад байгууллагад ажилласан хугацаанаас хамаарч 3-21 сарын цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмж олгохоор тус тус заасан байна. Уг хамтын гэрээнд оруулсан өөрчлөлтийг Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газар нь 2014 оны 02 дугаар сарын 03-ны өдөр бүртгэжээ.

 

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2014 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 132 дугаар тогтоолоор “Автобус-1” ОНӨҮГ, “Автобус-3” ОНӨҮГ, “Цахилгаан тээвэр” ОНӨҮГ-уудыг татан буулгаж, тэдгээрийн үйл ажиллагааг хөрөнгийн эх үүсвэрийн хамт шинээр байгуулагдсан Нийслэлийн ХХХХХ-т нийлүүлсэн байх тул шүүх “Автобус-1” ОНӨҮГ-ын эрх залгамжлан авсан этгээд нь ХХХХХ гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.4, 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасантай нийцжээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4 дэх хэсэгт “…Аж ахуйн нэгж татан буугдах үед хамтын гэрээг татан буугдах хугацааны туршид дагаж мөрдөнө” гэж заасан бөгөөд Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2014 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 132 дугаар тогтоолын дагуу “Автобус-1” ОНӨҮГ-ын эрхийг залгамжлан авсан Нийслэлийн “Зорчигч тээвэр нэгтгэл” ОНӨААТҮГ нь дээрх хамтын гэрээний заалтыг хэрэгжүүлэх үүрэгтэй гэж анхан шатны шүүх үзсэн нь хууль зөрчөөгүй байна.

 

Хариуцагч нь 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Б-102 дугаар тушаалаар Хтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлаж, ажлаас чөлөөлж, түүний тэтгэмж олгохыг хүссэн өргөдлийн дагуу мөн оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн Б/520 дугаар тушаалаар түүнд 2 сарын дундаж цалинтай тэнцэх тэтгэмж олгохоор шийдвэрлэсэн ба 2 472 882 төгрөгийн тэтгэмжийг Хы дансанд 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр шилжүүлжээ. /хэргийн 65 дугаар тал/

 

Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд шилжүүлсэнээс бусад тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт зааснаар эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор гомдлоо маргаан шийдвэрлэх байгууллагад гаргах, энэ зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн тохиолдолд мөн хуулийн 129.3 дахь хэсэгт зааснаар шүүх сэргээн тогтоож, хэргийг шийдвэрлэхээр зохицуулжээ.

 

Нэхэмжлэгч нь шүүхэд 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр нэхэмжлэл гаргасан нь дээрх хугацааг хэтрүүлж, шаардлага гаргах эрхээ алджээ. Ажилтан ажлаас чөлөөлөгдсөн үеэс хамтын гэрээнд зааснаар тэтгэмж авахаар шаардах эрх үүсэх бөгөөд шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд хариуцагчаас тэтгэмж авахаар шаардаж байсан болохоо үнэн зөв эргэлзээгүй баримтаар нотлоогүй байна.

 

Түүнчлэн нэхэмжлэгчийн дансанд хариуцагчаас 2 сарын цалин хөлсний дундажтай тэнцэх тэтгэмжид 2 472 882 төгрөгийг 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр шилжүүлснийг тэрээр үгүйсгээгүй бөгөөд уг өдрөөс дутуу олгогдсон тэтгэмжийн зөрүүг хариуцагчаас шаардах, эрх бүхий байгуулагад хандаж шийдвэрлүүлэх эрх түүнд үүссэн гэж үзэхээр байна.

 

Учир нь дээрх шилжүүлсэн мөнгө нь түүний хэдэн сарын дундаж цалин хөлстэй тэнцэхийг нэхэмжлэгч мэдэх бүрэн боломжтой ба дутуу олгогдсон тэтгэмжийн талаар Үйлдвэрчний эвлэлийн хороондоо тэр үед хандаж байсан гэх түүний тайлбараар эрхээ зөрчигдсөн гэдгийг мэдсэн болох нь тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь хамтын гэрээний дагуу шаардлага гаргаж байгаа боловч, зөвхөн өөрт дутуу олгогдсон тэтгэмжийн зөрүүг ажил олгогчоос шаардаж байгаа нь хөдөлмөрийн ганцаарчилсан маргаанд хамаарах тул дээрх хуульд заасан хугацаанд Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн маргаан таслах комисс, шүүхэд тус тус хандаж шийдвэрлүүлэх ёстой байжээ.

 

Хариуцагч байгууллага маргаан таслах комиссгүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдсон бөгөөд нэхэмжлэгч 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Нийслэлийн хөдөлмөрийн маргааныг шуурхай зохицуулах салбар хороонд гомдол гаргасны дагуу тус хорооноос 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 61 тоот албан бичгээр хариуцагч байгууллагад хандаж зөвлөмж гаргасан байх боловч мөн дээрх хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байна.

 

Нэхэмжлэгч нь ХХХХХГ-ын Үйлдвэрчний эвлэлийн хороонд 2015 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр гомдол гаргасан гэх боловч, тус байгууллагад хүлээлгэн өгсөн баримтгүйгээс гадна, Үйлдвэрчний эвлэлийн хороо нь /ганцаарчилсан маргаан/ маргаан шийдвэрлэх эрх бүхий байгууллагад хамаарахгүй ба тус Үйлдвэрчний эвлэлийн хорооноос хамтын маргаан үүсгэж, зуучлагч томилуулахаар Хан-Уул дүүргийн Засаг даргад хандаж байсан үйл баримт нь нэхэмжлэгчийг эрх бүхий байгууллагад зохих журмын дагуу хугацаанд нь гомдол гаргасан, мөн хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан, түр зогссон гэдгийг нотлох баримт болохгүй юм. /хэргийн 73, 75, 86 дугаар тал/

 

Гэтэл шүүх зохигчдын хоорондох хөдөлмөрийн ганцаарчилсан маргаанд хамааралгүй буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа ХХХХХГ-ын Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга ХХын бичсэн албан бичгүүдийг үндэслэн нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй гэж дүгнэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь буруу болжээ.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өөрийнх нь бичсэн уг албан бичгүүд нь өөр баримтаар давхар нотлогдоогүй тул үнэн зөв эргэлзээгүй баримт болж чадахгүй байна.

 

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Хы гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 102/ШШ2016/03597 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч ХХХХХаас өндөр насны тэтгэвэрт гарахад дутуу олгогдсон 19 сарын цалинтай тэнцэх тэтгэмжид 25 965 261 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Хы нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 274 914 төгрөгийг тус шүүхийн шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             А.МӨНХЗУЛ

 

                                                 ШҮҮГЧИД                            Т.ТУЯА

 

                                                                          С.ЭНХТӨР