Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 221/МА2019/0202

 

 А.А-ын  нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий  шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 128/ШШ2019/0068 дугаар шийдвэртэй, А.А-ын нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгч А.А-ын давж заалдах гомдлоор, шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр: Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн /2009 оны/ 18 дугаар зүйлийн 18.1.8, 18.1.10, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2003 оны/ 4 дүгээр зүйлийн 4.1, 14 дүгээр зүйлийн 14.1.9, 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч А.А-ын “Улсын бүртгэлийн Ү-2205059886 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол Ард аюушин өргөн чөлөөний гудамж, 40 дугаартай барилгын 4 дүгээр давхарт байрлах 265.36 м.кв талбайтай үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг ТБ ХХК-ийн зээлийн барьцаанд бүртгэгдсэн бүртгэлийг хүчингүй болгуулах” шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

          Нэхэмжлэгч А.А-аас давж заалдах гомдолдоо: “ ... А.А нь Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол Ард аюушийн өргөн чөлөөний гудамж, 40 дугаартай барилгын 4 дүгээр давхарт байрлах 265.39 м.кв талбайтай үйлдвэрлэлийн зориулалттай Ү-2205059886 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч билээ.

          Би үл хөдлөх эд хөрөнгөө барьцаалж зээл аваагүй байхад улсын бүртгэлийн байгууллага миний үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн барьцаанд бүртгэж, үл хөдлөх эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлснээр миний үл хөдлөх эд хөрөнгөө захирах зарцуулах хууль ёсны эрх зөрчигдөхөд хүрээд байна.

          Шүүхээс дүгнэхдээ нэхэмжлэгч нь өөрийн үл хөдлөх эд хөрөнгөө барьцаанд тавихыг зөвшөөрч итгэмжлэл олгосон байна гэж дүгнэсэн боловч тухайн үед хийсэн итгэмжлэл нь 3 сарын хугацаатайгаар хийгдсэн, нөгөөтэйгүүр барьцаанд тавигдснаар миний үл хөдлөх эд хөрөнгийг бусдын өмчлөлд шилжүүлэх талаар миний бие мэдээгүй. Мөн анхан шатны шүүхээс миний өмчлөх эрх хэрхэн зөрчигдөж байгаа талаар дүгнэлт хийгээгүй байна.

          Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу нэхэмжлэгчээс гаргасан давж заалдах гомдлын хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

          Нэхэмжлэгч А.А-аас шүүхэд “... улсын бүртгэлийн Ү-2205059886 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол Ард аюушийн өргөн чөлөөний гудамж, 40 дугаартай барилгын 4 дүгээр давхарт байрлах 265.36 м.кв талбайтай үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг ТБ ХХК-ийн зээлийн барьцаанд бүртгэгдсэн бүртгэлийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн  шаардлага гаргажээ.

         Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо  “... би үл хөдлөх эд хөрөнгөө барьцаалж зээл аваагүй, захиран зарцуулах хууль ёсны эрх зөрчигдөж байна, ... итгэмжлэл нь 3 сарын хугацаатайгаар хийгдсэн, бусдын өмчлөлд үл хөдлөх эд хөрөнгө шилжүүлэх талаар мэдээгүй, анхан шатны шүүх өмчлөх эрх хэрхэн зөрчигдөж байгаа талаар дүгнэлт хийгээгүй..” гэж дурджээ.

          Нэхэмжлэгч А.А нь 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол Ард аюушийн өргөн чөлөөний гудамж, 40 дугаартай барилгын 4 дүгээр давхарт байрлах 265.36 м.кв талбайтай үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийг “ДОД” ХХК-иас бэлэглэлийн гэрээний дагуу шилжүүлэн авч, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгүүлжээ.

          Тэрээр “ДОД” ХХК-ийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахыг зөвшөөрч “ТБ” ХХК-тай 2015 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 15/265 дугаар үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулан, 11-501260 дугаар барьцаалбар үйлдэж, уг 265.39 м.кв талбайг барьцаалж, улсын бүртгэлийн газарт бүртгүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. 

          Мөн нэхэмжлэгч А.А нь “ДОД” ХХК-тай 2015 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээг байгуулж, уг бэлэглэлийн гэрээгээр  нэхэмжлэгчийн маргаж буй Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол Ард аюушийн өргөн чөлөөний гудамж, 40 дугаартай барилгын 4 дүгээр давхарт байрлах 265.36 м.кв талбайтай үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэн авсан байх бөгөөд уг үл хөдлөх эд хөрөнгийг бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэн авах үед Төрийн банкны барьцаанаас чөлөөлөгдөөгүй, барьцаатай хэвээр өмчлөх эрх шилжсэн болохыг мэдэж байсан атлаа үл хөдлөх хөрөнгөө барьцаалж зээл аваагүй, бусдын өмчлөлд үл хөдлөх эд хөрөнгө шилжүүлсэн талаар мэдээгүй, захиран зарцуулах эрх зөрчигдөж  байна гэж маргаж байгаа нь үндэслэлгүй.

          Түүнчлэн нэхэмжлэгчээс 2015 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн итгэмжлэлээр А.О-т Ү-2205059886 дугаартай, 265.39 м.кв талбай бүхий үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн барьцаанд тавих, зээлийн болон барьцааны гэрээ байгуулах, барьцаалбар бүртгүүлэх зэрэг эрхийг тус өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүртэл хугацаатайгаар олгосон байх боловч 265.39 м.кв талбайг Төрийн банкны барьцаанд тавих гэрээ нь 2015 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөр байгуулагдсан болох нь тогтоогдож байна.

          Нэхэмжлэгч гомдолдоо “... тухайн үед хийсэн итгэмжлэл нь 3 сарын хугацаатайгаар хийгдсэн, миний бие барьцаалагдсаныг мэдээгүй” гэх боловч  хэрэгт авагдсан 2015 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн итгэмжлэлээр төлөөлөх А.О нь барьцаалбар, барьцааны гэрээг төлөөлүүлэгч А.А-ыг төлөөлөн байгуулаагүй, барьцааны гэрээ, барьцаалбарт А.А өөрөө гарын үсэг зурсан,  мөн итгэмжлэлд “хугацааг 2015 оны 08 дугаар сарын 14-нээс 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүртэл 3 сарын /3 жилийг 3 сар гэж алдаатай бичсэн/ хугацаанд хүчинтэй” гэж бичсэн байх тул уг гомдлоор шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй.

          Анхан шатны шүүхээс маргааны үйл баримтыг зөв дүгнэж, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэн, хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

          Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

          Харин анхан шатны шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 заалтад нэхэмжлэгч А.А-ын нэрийг “Ц.А” гэж техникийн алдаа гаргасан байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 130 дугаар зүйлийн 130.1-д “Анхан шатны шүүхийн шийдвэр .... үг, үсэг ... зэрэг илэрхий алдаа байгаа бол тухайн шийдвэрийг гаргасан шүүгч, ... залруулга хийж болно.” гэж заасны дагуу анхан шатны шийдвэр гаргасан шүүгч нь нэхэмжлэгчийн нэрийг залруулах нь зүйтэйг тэмдэглэв.