Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2023/00989

 

2023 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2023/00989

 

 

“Банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан, даргалж, шүүгч Э.Энэбиш, шүүгч Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2023/01407 дугаар шийдвэртэй,

 

“Банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Б.А-, “БГ” ХХК-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 116,386,936 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Оюунсувд, З.Бат-Оргил, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Зээлдэгч “БГ” ХХК, Б.А- нар нь “Банк” ХХК-тай 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 3Г/201944486714 тоот Зээлийн гэрээ, БГХ201944486714 тоот барьцааны гэрээ тус тус байгуулж, 85,000,000 төгрөгийн бизнесийн зээлийг жилийн 24 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай авсан. Зээлийн барьцаанд 2 ширхэг суудлын автомашинууд болон тоног төхөөрөмж, бараа материалын үлдэгдлийг барьцаалуулсан.

Үүнээс хойш шинэ төрлийн коронавирус өвчний улмаас үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан төрийн байгууллагуудаас гаргасан шийдвэрүүд болон зээлдэгчийн хүсэлтийг үндэслэн 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр ЗГ/201944486714-2 тоот Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээг байгуулан зээлийн эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулсан.

Мөн 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдөр ЗГ/201944486714-2 тоот Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээг байгуулан өмнөх зээлийн гэрээнүүдэд өөрчлөлт оруулан зээлийн гэрээний хугацааг 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл 3 сараар сунгаж, зээл олголт, эргэн төлөлтийн хуваарийг өөрчилсөн ба БГХ201944486714-1 тоот барьцааны гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээг байгуулан холбогдох өөрчлөлтүүдийг тусган оруулсан.

1.2. Зээлдэгчид 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн байдлаар үндсэн зээлд 15,521,153 төгрөг, зээлийн хүүд 16,359,476 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 58,733 төгрөг, нийт 31,939,362 төгрөг төлсөн ба зээлийн эргэн төлөлтийн хуваарийг хэтрүүлэн өнөөдрийг хүртэл зээлээ төлж дуусгаагүй. Иймд “БГ” ХХК, хамтран үүрэг гүйцэтгэгч Б.А- нараас зээлийн гэрээнүүдийн үүрэгт 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 69,478,846 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 44,184,519 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 2,723,569 төгрөг, нийт 116,386,936 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна.

 

2. Хариуцагч “БГ” ХХК-ийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Манай компани нь “Банк” ХХК-аас 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдөр ЗГҮ201944486714 дугаартай зээлийн гэрээ байгуулан 85,000,000 төгрөгийг жилийн 24 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлж, БГХ201944486714 дугаартай барьцааны гэрээ байгуулан 325,480,000 төгрөгийн үнэ бүхий 1 ширхэг суудлын, 1 ширхэг туулах чадвар сайтай дунд оврын жийп, нийт 2 авто машин, тоног төхөөрөмжүүд, бараа материалын үлдэгдлийг барьцаалсан.

Тус зээлийг графикийн дагуу 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл үндсэн зээлд 46,576,811 төгрөг төлсөн.

2.2. Бид 2019 оны 11 сар хүртэл зээлийг хэвийн төлж байсан боловч мөн сараас эхлэн БНХАУ-д Ковид-19 цар тахал дэгдсэн. Манай улс 2 удаа хатуу хөл хорио тогтоож, цөөн тонн ачааг салбар яамны зөвшөөрлөөр экспортолсон ч төлбөрийн 85 хувийг татаж авч чадаагүй, мөн үлдэгдэл боловсруулсан махаа захиалагчдаа нийлүүлж чадаагүй хөргүүртэй агуулахад хадгалсаар өдөр тутам зардал гарсаар 3 жил болж байна. Ковид-19 халдварт цар тахлын улмаас олон улсын хил хаагдсан тул бизнесийн үйл ажиллагаа бүрэн зогсонги байдалд орсон. Иймээс зээлээ төлж чадахгүйд хүрсэн тул банканд хүсэлт гарган зээлийн эргэн төлөлтийн хугацааг сунгасан боловч зах зээлийн үнийн ханш муудаж олон тонн махаа хилээр гаргаж чадаагүй бөгөөд өнөөдрийг хүртэл хил нээгдээгүй байна.

2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн ЗГ/201944486714 дугаартай зээлийн гэрээний хугацаа дууссан тул уг гэрээг дуусгавар болсонд тооцож өгнө үү.

2.3. Үндсэн зээлд 48,066,478 төгрөг, хүүд 16,000,000 сая төгрөг, нийт 64,066,478 төгрөг төлөхийг зөвшөөрч байна.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч “Б” ХХК, Б.А- нараас 69,478,846 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Банк” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 46,908,089 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 739,884 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 505,344 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

4.1. Талуудын хооронд байгуулсан 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн ЗГ/201944486714 тоот Зээлийн гэрээний 2.1.4, 2.4.3, 5.1.9, 7.1-д талууд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн талаар тохиролцсон бөгөөд зээлийн бүртгэлийн картанд хариуцагчийн төлсөн, төлөх ёстой зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн задаргаа дэлгэрэнгүй тусгагдсан.

Хариуцагч нар зээлээ гэрээнд заасан хугацаанд буцаан төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацаагаар тооцож нэхэмжилсэн хүү, нэмэгдүүлсэн хүүг зээлдүүлэгчид төлөх үндэслэлтэй.

Гэтэл шүүх зээлдэгчийг гэрээгээр болон хуулиар хүлээсэн үүргээс нь чөлөөлж, нэхэмжлэлийн шаардлагаас 46,908,089 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу.

4.2. Шүүгч зээлийн бүртгэлийн картыг огт ойлгоогүй, бүртгэлийн картанд тусгагдсан хугацаа хэтэрч эхэлснээс хойших буюу 2021 оны 01 дүгээр сарын 02-ноос 2022 оны 11 дүгээр сарын 04-нийг хүртэл бодогдсон 30,6 сая төгрөгийн хуримтлагдсан хүүг огт авч үзээгүй. Зээлийн гэрээнд бүтцийн өөрчлөлт хийхийн тулд үндсэн зээлийн үлдэгдэл дээр нэмж тооцогдсон хүүг тусад нь балансын гадуур бүртгэсэн дүнг харилцагч төлсөн мэтээр ойлгож шийдвэр гаргасан. Өөрөөр хэлбэл, Монгол банкнаас тогтоосон журмаар 90 хоногоос дээш хугацаа хэтэрч балансын гадуур бүртгэгдсэн хүүг хариуцагч төлсөн мэтээр ойлгосон. Хариуцагч тал шүүгчийн буруу ойлголт дээр санаа авч балансын гадуур бүртгэх гүйлгээ хийсэн банкны дотоод гүйлгээг төлсөн дүн гэж тайлбарлан шүүгчийн буруу ойлголтыг бататгаж өгсөн.

Нэхэмжлэгч талаас хэрвээ харилцагч балансын гадуур бүртгэсэн хүүг өөрийн төлсөн хүүгийн төлбөр гэж маргаж байгаа бол үүнийг нотлох баримт хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, ямар дансаар дамжуулж зээлийн хүү төлсөн талаар нотлох баримт шаардсан нэхэмжлэгч талын саналыг хүлээж аваагүй ба төлөлт хийсэн дүнгүүдийн хувьд харьцсан данс заавал харагддаг, төлөлт хийгдсэн эсэх нь зээлийн дансны дэлгэрэнгүй хуулгаас гадна зээлдэгч Б.А-, “БГ” ХХК-ийн дипозит дансны дэлгэрэнгүй хуулгаас харагдах боломжтой байдаг талаар тайлбарлаж нэхэмжлэгч талаас холбогдох нотлох баримтуудыг гаргаж өгсөн боловч судлан үзээгүй болно.

Үндсэн зээлийн үлдэгдэл болох 69,478,846 төгрөгийг харилцагчийн харилцах дансанд одоо байгаа бэлэн мөнгө гэж ойлгон, зээлд татан аваагүй байна гэж шийдвэр гаргасан.

Дээрхээс дүгнэн үзэхэд анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг буруу үнэлж, тайлбарлан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шаардлагыг хангаж чадаагүй шийдвэрийг гаргасан.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, зээлийн гэрээнүүдийн үүрэгт 116,386,936 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэв. 

 

2. Нэхэмжлэгч “Банк” ХХК нь хариуцагч Б.А-, “БГ” ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 116,386,936 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар гэрээний үүрэгт 64,066,478 төгрөг төлөхийг зөвшөөрч үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

 

3. Зохигчийн хооронд 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн ЗГ/201944486714 дугаар зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр зээлдэгч нар нь 85,000,000 төгрөгийг 36 сарын хугацаатай, жилийн 24 хувийн хүүтэй зээлэх, зээлийн төлбөрийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд нэмэгдүүлсэн хүүг төлөгдөөгүй үндсэн хүүгийн 20 хувиар төлөхөөр тохиролцжээ.

Улмаар 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр ЗГ/201944486714-2 дугаартай, 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн ЗГ/201944486714-3 дугаартай тус тус зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээнүүдийг байгуулж, зээлийн эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулж, гэрээний хугацааг сунгасан байна.

Тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр, зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн талаарх тохиролцоо мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.1, 452.2 дахь хэсэгт нийцсэн талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

4. Зээлдэгч нар нь зээлийн гэрээний үүрэгт 46,576,811 төгрөгийг төлсөн гэж маргасан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар өөрсдөө нотлох үүргээ биелүүлээгүй, шүүхэд нотлох баримтыг гаргаж өгөөгүй, хэргийн баримтаар хариуцагч нар зээлд 46,576,811 төгрөгийг төлсөн үйл баримт тогтоогдоогүй байхад анхан шатны шүүх хариуцагч талын тайлбарыг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн нь буруу байна.

 

5. Нэхэмжлэгчийн гаргасан зээлийн бүртгэлийн карт гэх баримтад хариуцагч нар зээлийн гэрээний хугацаанд 85,000,000 төгрөг зээлдэн авснаас 15,521,153 төгрөгийг, зээлийн хүүд 60,543,995 төгрөг төлөхөөс 16,359,476 төгрөгийг, нэмэгдүүлсэн хүүд 2,782,303 төгрөг төлөхөөс 58,733 төгрөгийг тус тус буцаан төлсөн байна.

Иймд хариуцагч нар нь зээлийн гэрээний үндсэн зээлд 69,478,846 төгрөг, зээлийн хүүд 44,184,519 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 2,723,569 төгрөг, нийт 116,386,936 төгрөгийг төлөх үүрэгтэй байх тул давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулна.

 

6. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2023/01407 дугаар шийдвэрийг тогтоох хэсгийн 1 дэх заалтын “хариуцагч” гэсний дараа “БГ” ХХК, Б.А- нараас 116,386,936 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Банк” ХХК-д олгосугай” гэж өөрчлөн найруулж,

2 дахь заалтын “56.2” гэснийг “56.1” гэж, “505,344.23” гэснийг “739,885” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 392,490 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  М.БАЯСГАЛАН

                                           

         ШҮҮГЧИД                                 Э.ЭНЭБИШ

                                                                                             

Э.ЗОЛЗАЯА