| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Самандаабазарын Өлзий-Отгон |
| Хэргийн индекс | 144/2018/0152/Э |
| Дугаар | 159 |
| Огноо | 2018-12-20 |
| Зүйл хэсэг | 17.3.1., 18.6.1., |
| Улсын яллагч | Д.Ганчимэг |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 20 өдөр
Дугаар 159
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Өлзий-Отгон даргалж,
Нарийн бичгийн дарга: Х.Ууганбат,
Улсын яллагч: Д.Ганчимэг,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч: Г.Мөнгөнцэцэг,
Шүүгдэгч: М.Ц, Б.Ч, Т.Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Мөнхбадралын Ц, Сад овогт Баярчулууны Ч, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Онход овогт Тодгэрэлийн Х нарт холбогдох 1829001100142 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Үйлдсэн хэргийн талаар:
Шүүгдэгч М.Ц, Б.Ч нар нь бүлэглэн 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр “Баян-Овоо Хайрхан Транс” ХХК-ийн эзэмшлийн 60-35 ГЧ улсын дугаартай чиргүүлтэй, Нордбенз маркийн 31-68 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг нүүрс тээвэрт явна гэж авч бусдад худалдан завшсан,
Шүүгдэгч Т.Х нь 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр М.Ц, Б.Ч нарыг 60-35 ГЧ улсын дугаартай чиргүүлтэй Нордбенз маркийн 31-68 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг гэмт хэрэг үйлдэж олсон гэдгийг мэдсээр байж түүнийг авч, эзэмшсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Ц мэдүүлэхдээ: ” 2018 оны 04 дүгээр сарын эхээр Улаанбаатар хотод байхад Ч над руу яриад хоёулаа Хятадаас машин оруулж ирье, эд ангийг нь заръя гэсэн. Тэгээд ярилцаж байгаа 2018 оны 04 дүгээр сарын 11-ний үед Цагаан хаданд ирээд урагшаа Ганц мод руу орсон. Тэгээд Өвөрмонгол залуугаас 31-68 ӨМҮ улсын дугаартай машиныг нүүрс тээвэрлэнэ гэж аваад 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хилээр гаргаж ирсэн. Би тээврийн хэрэгсэл жолоодож хилээр гарч ирэх зөвшөөрөл байхгүй байсан болохоор нэг залууд машиныг өгч хилээр Монголруу оруулаад би араас нь явган зорчигчоор гарч ирсэн. Тэр өдөр Хтэй тухайн машины чиргүүлийг зарахаар ярьж тохиролцоод тэр оройдоо Хд машиныг чиргүүлийн хамт хүлээлгэж өгөөд Улаанбаатар хот руу буцсан. Харин толгойг нь нэг газар орхичихоорой гэж Хд хэлсэн. Тэгээд хэд хоногийн дараа Турк яваад 2018 оны 06 дугаар сарын 02-нд ирсэн. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Х мэдүүлэхдээ: “2018 оны 04 дүгээр сарын 13-нд би Хятадаас нүүрс тээвэрлэхээр Монгол улсын хилээр гарч ирсэн. Тэгэхэд Ч над руу яриад “гарч ирэх болж байна уу, уулзая” гэхээр нь хүрээд очсон чинь “31-68 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн чиргүүлийг зарах гэж байгаа юм, чи авах уу” гэсэн. Би “дараа нь ямар нэгэн зүйл болохын бол яах вэ” гэхэд Ч зүгээрээ хариуцлагыг нь би хүлээнэ гэж хэлсэн. Тэр орой нь Ч, Ц 2 Улаанбаатар хот руу явсан. Би тухайн тээврийн хэрэгслийг хууль бус аргаар авч зарж байгаа гэдгийг мэдэж байсан. Тэгээд чиргүүлээ янзлуулах гээд 6 дахь км дээр очиж засвар хийлгэх гэсэн чинь үнэтэй болоод байхаар нь толгойгоор нь чирээд Улаанбаатар хот руу орсон. Би чиргүүлийг худалдаж авч ашигласан зүйл байхгүй, 10,000,000 төгрөгийн засвар хийлгэсэн, чиргүүл болон тээврийн хэрэгслийг эзэнд нь буцааж өгсөн. Ийм хэрэг хийсэндээ гэмшиж байна.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Ч мэдүүлэхдээ: “2018 оны 04 дүгээр сарын эхээр Цтэй утсаар яриад Хятадаас машин оруулж ирээд эд ангийг нь зарах талаар ярьсан. Тэгээд тохиролцож 2018 оны 04 дүгээр сарын 11-нд Цагаан хаданд ирсэн. Ц Хятад улс руу гарч машин олж ирэх, би хүлээж авах зорилготой байсан. 2018 оны 04 дүгээр сарын 13-нд Баасанхүү гэх залуугаар 31-68 ӨМҮ улсын дугаартай Норд бенз маркийн тээврийн хэрэгслийг жолоодуулж гаргаж ирсэн. Хилээр гараад ирэхэд нь би хүлээж аваад Х рүү залгаж уулзах санал тавьсан. Чиргүүлийг нь Хд зарахаар болж, чиргүүл, тээврийн хэрэгсэл 2-г Хд хариуцуулж үлдээгээд бид 2 хот руу явсан. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна.” гэв.
Эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл, прокурорын зөвшөөрөл, мөрдөгчийн тогтоол /хх-ийн 8-31 дүгээр хуудас/,
Б.Бат-Эрдэнийн хохирогчоор өгсөн “...31-68 ӨМҮ дугаартай тээврийн хэрэгслийг Ц гэх хүнд хариуцуулж өгсөн байсан. Ц урьд нь тухайн тээврийн хэрэгслээр нүүрс тээвэр хийгээгүй, анх удаа нүүрс тээвэрт явахаар тухайн авто машиныг хүлээж авсан... Миний зүгээс болон манай компанийн зүгээс ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Учир нь манай компанийн 31-68 ӨМҮ улсын дугаартай нүүрс тээврийн чирэгч толгой нь чиргүүлний хамтаар бүрэн бүтэн олдсон.” гэх мэдүүлэг / хх-ийн 35-37 дугаар хуудас/,
Э.Цтийн гэрчээр өгсөн “...Тухайн тээврийн хэрэгслийг Хятад талын хөтөч Цай Жи Вэй гэх Хятад хүн Ц гэх Монгол хүнд 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хүлээлгэж өгсөн байсан.“ гэх мэдүүлэг /хх-ийн 42 дугаар хуудас/,
Г.Баасанхүүгийн гэрчээр өгсөн “...31-68 улсын дугаартай тээврийн хэрэгслийг Ц хариуцан машины эзнээс хүлээж авсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 44-45 дугаар хуудас/,
Р.Эрдэнэбилэгийн гэрчээр өгсөн “...Х надад хэлэхдээ энэ чиргүүлэнд шинээр бичиг баримт хөөцөлдөж байгаа юм. Та чиргүүлийн арлын дугаарыг нь арилгаарай гэхээр нь би арлын дугаарыг дочилоор үрээд арилгасан. Тухайн тээврийн хэрэгслийг алдагдсан гэж мэдээгүй. Надад сэжиг бүхий зүйл ажиглагдаагүй.” гэх мэдүүлэг /хх-н 49-51 дүгээр хуудас/,
Б.Чын гэрчээр өгсөн ”... Би өдөр хоногийг нь сайн санахгүй байна. Ямар ч байсан намайг Дарханд байхад Ц надруу гар утсаар залгаад “би урагшаа Цагаанхаданд очоод Ганц модноос машин гаргаж ирээд дугуй болон бусад эд зүйлийг нь зармаар байна. Надад мөнгөний хэрэг гараад байна, чи надтай хамт явах уу гэж гэж хэлсэн... 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Ц урагшаа Хятад руу машин авч гарч ирэхээр орсон.. Х 31-68 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө гэдгийг мэдэж байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 52-53 дугаар хуудас/,
Т.Хгийн гэрчээр өгсөн “...Би чирэгч толгойн гаднах үзэмжийг өөрчлөөгүй. Анх хүлээж авсан яг тэр хэвээрээ байгаа. Харин чиргүүлийн арлын дугаарыг засварчнаар арилгуулсан. Мөн чиргүүлийн хаалганы нугас, доод нумын сороочигуудыг нь солиод эвдэрч хэмхэрсэн бүхий л зүйлийг нь янзлуулсан. Би тухайн тээврийн хэрэгслийг өөр хүний эзэмшлийнх мөн гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө гэдгийг мэдэж байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 54-55 дугаар хуудас/,
М.Цийн гэрчээр өгсөн “...Одоо өдөр хоногийг нь санахгүй байна. Ямар ч байсан 4 дүгээр сарын эхээр Улаанбаатар хотод намайг байх үед Ч надруу залгаад хоёулаа урагшаа явъя нүүрс тээврийн автомашин урдаас гаргаж ирээд хэдэн ширхэг дугуйг нь зарчихъя гэж хэлсэн. Энэ яриаг бид хоёр нилээд хэдэн өдөр утсаар ярьж яах ийхээ тохиролцсон ... Би өөрийн найз Чын хамтаар 31-68 ӨМҮ улсын дугаартай автомашины чиргүүлийг Хд худалдан борлуулсан. Х тухайн тээврийн хэрэгслийг хууль бусаар худалдан борлуулж байгааг мэдэж байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 58-60 дугаар хуудас/,
Т.Балдоржийн гэрчээр өгсөн “...Намайг Улаанбаатар хотод амарч байхад Х залгаад “хотод байна, нэг машин аваачаад тавьчих газар байна уу” гэж асуухаар нь Таван шар орчимд Хтэй уулзахаар тохиролцоод очиход цагаан өнгийн Нордбенз маркийн машинтай замын уулзвар дээр хүлээж байсан. Дан чирэгч байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 61 дүгээр хуудас/,
“Хөрөнгө Эстимэйт” ХХК-ийн шинжээчийн 77/01 дугаартай дүгнэлт /хх-ийн 63 дугаар хуудас/
Яллагдагч М.Ц, Б.Ч, Т.Х нарын мөрдөн шалгах ажиллагааны үед үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг /хх-ийн 74-75, 77-78, 80-81/,
Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 90-91 дүгээр хуудас/,
Хил хамгаалах ерөнхий газрын 2-5а/6769 дугаартай лавлагаа, хавсралт /хх-ийн 93-96 дугаар хуудас/,
М.Ц, Б.Ч, Т.Х нарын ял эдэлсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 105, 106, 108 дугаар хуудас/,
М.Ц, Б.Ч, Т.Х нарын хувийн байдалтай холбогдох баримт /хх-ийн 100, 104, 107, 127-132 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Шүүгдэгч М.Ц, Б.Ч нар нь бүлэглэн 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр “Баян-Овоо Хайрхан Транс” ХХК-ийн эзэмшлийн 60-35 ГЧ улсын дугаартай чиргүүлтэй, Нордбенз маркийн 31-68 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгслээр нүүрс тээвэрт явна гэж авч бусдад худалдан завшсан,
Шүүгдэгч Т.Х нь 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр М.Ц, Б.Ч нарыг 60-35 ГЧ улсын дугаартай чиргүүлтэй, Нордбенз маркийн 31-68 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг гэмт хэрэг үйлдэж олсон гэдгийг мэдсээр байж түүнийг авч, эзэмшсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч М.Ц, Б.Ч нар нь бүлэглэн “Баян-Овоо Хайрхан Транс” ХХК-ийн эзэмшлийн 60-35 ГЧ улсын дугаартай чиргүүлтэй, Нордбенз маркийн 31-68 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгслээр нүүрс тээвэрт явна гэж авч бусдад худалдан завшсан,
Шүүгдэгч Т.Х нь М.Ц, Б.Ч нарыг 60-35 ГЧ улсын дугаартай чиргүүлтэй, Нордбенз маркийн 31-68 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг гэмт хэрэг үйлдэж олсон гэдгийг мэдсээр байж түүнийг худалдан авч эзэмшсэн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой, шүүгдэгч нарын энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхолд нь халдаж эд хөрөнгөнд нь хохирол учруулсан гэмт үйлдэл болох юм.
Иймд шүүгдэгч М.Ц, Б.Ч нарыг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр бусдын эд хөрөнгийг завшиж, хохирол учруулсан гэм буруутайд,
Шүүгдэгч Т.Хг 60-35 ГЧ улсын дугаартай чиргүүлтэй, Нордбенз маркийн 31-68 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг гэмт хэрэг үйлдэж олсон гэдгийг мэдсээр байж /эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр/ түүнийг худалдан авч эзэмшсэн гэм буруутайд тооцох эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэж, М.Ц, Б.Ч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, Т.Хг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж заасан.
“Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй” гэж заасан бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох “Баян-Овоо Хайрхан Транс” ХХК-ийн эзэмшлийн 60-35 ГЧ улсын дугаартай чиргүүлтэй, Нордбенз маркийн 31-68 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг хохирогчид хүлээлгэн өгсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Бат-Эрдэнэ нь ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.
Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх бөгөөд шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан үндэслэл болох анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учирсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан, хийсэн хэрэгтээ үнэн санаанаасаа гэмшиж байгаа зэрэг нөхцөл байдлуудыг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан үзэв.
Иймд улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын талаар гаргасан шүүгдэгч М.Ц, Б.Ч нарт оногдуулвал зохих Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар, нээлттэй хорих байгууллагад хорих ял эдлүүлэх, шүүгдэгч Т.Хг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/-н сарын хугацаагаар, нээлттэй хорих байгууллагад хорих ял эдлүүлэх саналыг хянаад, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тус хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ц, Б.Ч нарт тус бүр хорих ял эдлүүлэхгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэх, шүүгдэгч Т.Хг 6 /зургаа/-н сарын хугацаагаар тэнсэж, ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан хорих ял оногдуулахгүйгээр 6 /зургаа/-н сарын хугацаагаар тэнсэж, тэнсэгдсэн хугацаанд шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зан үйлээ засах үүрэг хүлээлгэх нь зүйтэй.
Шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заагдсан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн мөрдөгчийн тогтоолоор эд мөрийн баримтаар хураан авсан 60-35 ГЧ улсын дугаартай чиргүүлтэй, Нордбенз маркийн 31-68 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тээврийн хэрэгслийн эзэмшигч “Баян-Овоо Хайрхан Транс” ХХК-д буцаан олгох нь зүйтэй.
Энэ хэрэгт шүүгдэгч нараас гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд М.Ц, Б.Ч, Т.Х нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Мөнхбадралын Ц, Сад овогт Баярчулууны Ч нарыг бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч Хонин Онход овогт Тодгэрэлийн Хг 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тус хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ц, Б.Ч нарт тус бүр хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Хг хорих ял оногдуулахгүйгээр 6 /зургаа/-н сарын хугацаагаар тус тус тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар тэнсэгдсэн хугацаанд шүүгдэгч М.Ц, Б.Ч, Т.Х нарт зан үйлээ засах үүрэг хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5, 6 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч М.Ц, Б.Ч, Т.Х нар нь хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах талаар тайлбарласугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн мөрдөгчийн тогтоолоор эд мөрийн баримтаар хураан авсан 60-35 ГЧ улсын дугаартай чиргүүлтэй, Нордбенз маркийн 31-68 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тээврийн хэрэгслийн эзэмшигч “Баян-Овоо Хайрхан Транс” ХХК-д буцаан олгосугай.
6. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, М.Ц, Б.Ч, Т.Х нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нарын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд М.Ц, Б.Ч, Т.Х нарт урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
9. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд М.Ц, Б.Ч, Т.Х нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ӨЛЗИЙ-ОТГОН