Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 160

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч С.Өлзий-Отгон даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Х.Ууганбат,

Улсын яллагч В.Төгсбаяр,

Хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Алагдай /ALAGEDAI/,

Хохирогчийн өмгөөлөгч Н.Энхтөр,

Орчуулагч, хэлмэрч Ц.Нэрзул,

Шүүгдэгч Л.Лгийн өмгөөлөгч И.Оюунгэрэл,

Шүүгдэгч Д.Аийн өмгөөлөгч Ц.Баярмаа,

Шүүгдэгч Л.Л, Д.А нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Жао овогт Лийдаагийн Л, Уран бичээч овогт Доржпаламын А нарт холбогдох 1828000010094 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар:

Яллагдагч Д.А нь “Тавантолгой” ХК-иас БНХАУ-ын ӨМӨЗО-ны “Хан Шин” ХХК-д буцаан олгохоор шилжүүлсэн үлдэгдэл 1,685 тонн нүүрсний үнэ болох 199,604,465 төгрөгөөс Л.Лтай бүлэглэн 2017 оны 06 дугаар сарын 30, 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдрүүдэд хуурамчаар үйлдсэн бичиг баримт, хуурамч тамга ашиглан, 99,604,465 төгрөгийг залилан мэхэлж авсан, мөн Л.Лтай бүлэглэн, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, БНХАУ-ын ӨМӨЗО-ны “Хан Шин” ХХК-ийн Монгол улс дахь төлөөлөгч Батуг хуурч, “Тавантолгой” ХК-ийн 8 дугаар амнаас 20,000 тонн нүүрс худалдан авах гэрээ байгуулж өгнө гэж итгүүлэн, 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 6,000,000 төгрөг, мөн оны 10 дугаар сарын 13-ны өдөр 3,200,000 төгрөг нийт 9,200,000 төгрөгийг залилан мэхэлж авч, бусдад их хэмжээний буюу 108,804,465 төгрөгийн хохирол учруулсан,

Яллагдагч Л.Л нь “Тавантолгой” ХК-иас БНХАУ-ын ӨМӨЗО-ны “Хан Шин” ХХК-д буцаан олгохоор шилжүүлсэн үлдэгдэл 1,685 тонн нүүрсний үнэ болох 199,604,465 төгрөгөөс Д.Атай бүлэглэн 2017 оны 06 дугаар сарын 30, 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдрүүдэд хуурамчаар үйлдсэн бичиг баримт, хуурамч тамга ашиглан, 99,604,465 төгрөгийг залилан мэхэлж авсан, мөн Д.Атай бүлэглэн, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, БНХАУ-ын ӨМӨЗО-ны “Хан Шин” ХХК-ийн Монгол улс дахь төлөөлөгч Батуг хуурч, “Тавантолгой” ХК-ийн 8 дугаар амнаас 20,000 тонн нүүрс худалдан авах гэрээ байгуулж өгнө гэж итгүүлэн, 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 6,000,000 төгрөг, мөн оны 10 дугаар сарын 13-ны өдөр 3,200,000 төгрөг нийт 9,200,000 төгрөгийг залилан мэхэлж авч, бусдад их хэмжээний буюу 108,804,465 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Л мэдүүлэхдээ: “Энэ хэргийг хийхэд Д.А гэх хүн хамаагүй, хамтран оролцсон зүйл байхгүй. Харин “Тавантолгой” ХК-ийн 8 дугаар амнаас нүүрс авах гэрээ бол хийгдээгүй гэрээ биш хийгдсэн гэрээ юм. Би Цогтцэций сумын Модны ам гэх газар явж байгаад нэг Хятад бичигтэй тамга олсон бөгөөд тэр тамгыг нэхэмжлэх болон хүсэлт бичихдээ ашиглаж өөрийн нэрээр “Хан Шин” ХХК-ийн мөнгийг авсан. Хэрэг хийх болсон шалтгаан гэвэл Батхүү буюу Батутай уулзаад “нүүрс тээвэрлэсэн хүмүүс мөнгөө нэхээд байна” гэж хэлэхэд Бату “нөгөө уурхайгаас авах үлдэгдэл нүүрсний мөнгө орж ирэхээс нааш надад мөнгө байхгүй байна” гэсэн хариуг өгсөн ба мөнгө авах талаар нь мэдсэн. Тэгээд удалгүй 8-р амны гэрээ хийгдээд маргааш нөгөөдрөөс нь Бату гэдэг хүн утсаа хаагаад алга болчихсон. Ийм хэрэг хийсэндээ маш их гэмшиж байна.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.А мэдүүлэхдээ: “Энэ хэрэгт яллагдагчаар татагдаж байгаагаа хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Би Батхүү буюу Бату гэх хүнийг танихгүй, анх гэрээ хэлцэл хийгээд 8,310 тн нүүрс ачуулсан. Тэр үед тохиролцсон мөнгө гэж Батугаас 115 сая төгрөгийг авах байсан ба Л.Л манайд хамт ажилладаг 5-6 хүнтэй хамтран тооцоогоо бодоход 32,200,000 төгрөг авах дутуу байсан. Тэгээд “та надад 8-р амны гэрээ  хийгээд өгөөчээ, 8-р амны гэрээ  хийгээд өгчихвөл дахиад мөнгө ороод ирнэ, тэгэхээр нь танд 32,200,000 төгрөгийг өгнө” гэж хэлж байсан. Гэрээ хийгээд өгсөн чинь Батхүү өөрөө алга болчихсон, Л.Лгаас “нөгөө гэрээ яасан бэ, Батхүү яасан бэ? Олон хүмүүст мөнгө өгөх хэрэгтэй байна” гэсэн чинь 7 дугаар сарын 8-ны өдөр миний утасруу Л.Л залгаад “та хаана байна” гэхээр нь би “Хүнсний 4-р дэлгүүрийн арын байранд байна гэсэн. Тэгээд удалгүй Л.Л цүнхтэй мөнгө үүрч ирээд “танд өгөх ёстой мөнгийг чинь өгчихье” гээд 30,000,000 төгрөг надад өгсөн. Би 30,000,000 төгрөг Л.Лгаас авсан. Тухайн үед Л.Л цүнхэндээ их хэмжээний мөнгөтэй явж байхаар нь би “миний дүү энэ их мөнгийг үүрч явж болохгүй, чи дараа нь Батхүүд мөнгөө өг, хоёулаа явж дундын дансанд хийчихье” гэж хэлээд 100,000,000 төгрөгийг дундын дансанд хийчихсэн байсан. Тэгээд Батхүү 11-р сард ирж уулзаад нүүрс өнөө маргаашгүй ачигдах гэж байгаа манай боссууд нүүрснийхээ мөнгийг эхлээд авчих гэж байна гэж хэлсэн. Харин 8-р амны гэрээ хийгдээгүй биш хийгдсэн гэрээ юм.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Алагдай /ALAGEDAI/ мэдүүлэхдээ: “Энэ тайлбарыг миний хууль ёсны өмгөөлөгч Н.Энхтөр хэлнэ.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Алагдай /ALAGEDAI/-н өмгөөлөгч Н.Энхтөр мэдүүлэхдээ: “Анх 20,000 тн нүүрс авах гэрээ байгуулсан байдаг бөгөөд энэ гэрээнд өөрчлөлт оруулаад 15,000 тн нүүрс авах гэрээ байгуулсан байдаг. Үүнээс нь 10,000 тн нүүрснийх нь үнийг “Тавантолгой” ХК-руу шилжүүлсэн, 8,315 тн нүүрсийг гэрээнийхээ дагуу “Хан шин” ХХК нь “Тавантолгой” ХК-наас авсан. 1,685 тн нүүрсийг аваагүй үлдсэн байх бөгөөд энэ нүүрсний үнийн дүн бол 199,604,465 төгрөг байсныг Л.Л хуурамч тамга тэмдэг ашиглаж авсан байдаг. Энэ мөнгөнөөсөө Л.Л нь 100,000,000 төгрөгийг Батууд өгсөн байх бөгөөд 99,000,000 төгрөгөөсөө 75,000,000 төгрөгийг “Хан шин” ХХК-д төлж барагдуулсан, үлдэгдэл мөнгө нь 24,604,465 төгрөгийг Л.Лгаас гаргуулж “Хан шин” ХХК-д олгуулахаар нэхэмжилж байгаа.” гэв.

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 10 -р хуудас/,

Нүүрс экспортын гэрээ, гэрээний нэмэлт өөрчлөлт /1-р хх-ийн 44-55 дугаар хуудас/

Хохирогч БНХАУ-ын ӨМӨЗО-ны “Хан Шин” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Алагдайгийн хохирогчоор өгсөн: “...Манай компани нь 2017 оны 01 дүгээр сард “Тавантолгой” ХК-иас нүүрс худалдан авах гэрээг Бату гэх хүнээр дамжуулан 10,000 тн нүүрсний гэрээ байгуулан ажиллаж байгаад 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдөр гэрээний хугацаа дуусахад үлдэгдэл нүүрс болох 1,685 тн нүүрсийг экспортолж чадаагүй үлдсэн. Тэгээд манай компани нь үлдэгдэл нүүрсний мөнгө болох 119,604,465 төгрөгийг “Тавантолгой” ХК-иас гаргуулан авахаар хүсэлт өгтөл дээрх мөнгийг манай компанид хамааралгүй хүн болох Л.Л гэх хүн хуурамч баримт бүрдүүлэн манай компанийн мөнгийг авсан байсан. Тэгээд манай компани нь хамтран ажиллаж байсан Батугаас асуутал Л.Л надад хэлэхдээ “Тавантолгой” ХК нь эхний ээлжид 100,000,000 төгрөгийг өгсөн, үлдсэн мөнгийг дараа өгнө гэж хэлж өгсөн талаар Бату хэлсэн. Одоо манай компани буруутай этгээдээс 1,685 тн нүүрсний мөнгө болох 199,604,465 төгрөгийг гаргуулан авмаар байна.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 20-р хуудас/,

Батугийн гэрчээр өгсөн: “...Манайх “Тавантолгой“ ХК-иас 1,685 тн нүүрс авах үлдэгдэлтэй байсан. Гэтэл 8 дугаар сард манайд зуучилж гэрээ байгуулж өгсөн Аадай, Даваа гэдэг хүмүүстэй уулзаад дахин ачилт хийх талаар ярихад танайх ачихгүй байсаар байгаад  гэрээ чинь цуцлагдсан одоо мөнгөө авахаа бод, танайх ачихгүй байсаар байгаад нүүрс авах боломжгүй болсон гэсэн. Тэгээд би “нэгэнт нүүрс авах боломжгүй болсон бол мөнгийг авч өгнө үү” гэж Даваа гэдэг хүнээс гуйсан чинь Даваа “би хөөцөлдөөд өгье” гэж зөвшөөрсөн. Тэгээд яг хэзээ гэдгийг нь сайн санахгүй байна, 9 дүгээр сарын сүүл 10 дугаар сарын эхээр байх миний Монгол улсын Хаан банк дахь 5598159858 дугаартай данс руу 100,000,000 төгрөг орсон. Би “Тавантолгой” ХК-ийн нүүрсний мөнгө орж ирсэн гэж бодож байгаа. Даваа надруу утастаад “уурхайгаас мөнгө орсон” гэж хэлсэн. Үлдэгдэл мөнгө хэзээ орохыг мэдэхгүй уурхай мөнгөгүй байгаа юм байна гэсэн....” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 81, 85-р хуудас/,

            Зуо Жин Биаогийн гэрчээр өгсөн: “...Нүүрс ачилт болон тээвэрлэлтийн зардлыг Бату хариуцаж ажиллаж байсан, би тухайн үед тооцоог дор бүр нь Батуд өгч байсан. Би А гэдэг хүнийг танихгүй, манайх ямар нэгэн өр авлага байхгүй.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 96-р хуудас/,

             Д.Тэмүүжингийн гэрчээр өгсөн: “...Би 2017 оны 05 дугаа сарын дунд үед Цогтцэций сумын Уурхайчин зочид буудалд байрлаж байхад Л 88341111 дугаарын утсаар миний 807581511 дугаарын утасруу залгаж “Тавантолгойн уурхайн тосгон орчоод ирье, машинаа асаагаад ир” гэсэн. Тэгээд би Лг Цогтцэций сумын Барилгын материалын зах дотор байрладаг байрнаас нь очиж аваад “Тавантолгой” ХК-ийн оффис дээр очсон. Бид хоёр “Тавантолгой” ХК-ийн оффис дээр очоод хамт орсон. Л санхүүгийн Мөнхнасан гэдэг хүнтэй өрөөнд нь орж уулзсан. Би үүдэнд нь хүлээж байсан. Л гарч ирээд нэхэмжлэхийн бланка гаргаж ирээд намайг бичээд өгөөч гэж гуйхаар нь би бичиж өгч байсан.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 111-р хуудас/,

Г.Шүрэнхишигийн гэрчээр өгсөн: “...Нүүрсний үлдэгдэл мөнгө буцааж олгосон гүйлгээ 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр гүйлгээ хийж 119,604,465 төгрөгийг Л.Л гэдэг хүний дансруу шилжүүлсэн, ачилтын мөнгө нь 11,353,12 ам доллар, гаалийн хураамж нь 12,472,575 төгрөгийг 11 дүгээр сарын 07-ны өдөр Бату гэдэг хүний дансруу шилжүүлсэн... БНХАУ-ын ӨМӨЗО-ны “Хан Шин” ХХК-ийн нүүрсний мөнгө буцаан авах хүсэлт 3 удаа манайд ирсэн. Эхний хүсэлт нь 06 дугаар сарын 28-ны өдөр нэхэмжлэх над дээр ирсэн байсан, сүүлд нь 06 дугаар сарын 30-нд, 07 дугаар сарын 07-нд мөнгө буцаан авах хүсэлт борлуулалтын нягтлан бодогч Мөнхнасангаар дамжиж надад ирсэн байсан. Тэгээд 07 дугаар сарын 05-ны өдөр захирал Р.Сэддорж намайг дуудаад “БНХАУ-ын ӨМӨЗО-ны “Хан Шин” ХХК-ийн нэхэмжлэх баримт хаана байна аваад ир” гэж хэлэхэд аваад очсон чинь захирал уг баримтыг үзээд нэхэмжлэх дээр нь “санхүүд 199,604,465 төгрөгийг шилжүүл” гэсэн цохолт хийсний дагуу би гүйлгээг хийсэн.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 118-р хуудас/,

Э.Мөнхдолгионы гэрчээр өгсөн: “...Манай ажил дээр олон хүн орж гарч байдаг, хэзээ юу шивүүлж хэвлүүлж байсныг санахгүй байна. 2017 оны 06 дугаар сарын дунд үед өр авлага авах талаар нэг тоот бичүүлэх гэж орж ирж байсан санагдаж байна. Би бичиг өгөхгүй гээд байхад гуйгаад байраар нь бичиж өгсөн.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 118-р хуудас/,

Сайванын /Эрхээ/ гэрчээр өгсөн: “...би гэрээ байгуулахад зуучлаагүй. 2017 оны 03 дугаар сарын эхээр Бату “Хан Шин” ХХК-ийн захирал Жу Жин Биаог “Тавантолгой” ХК-иас нүүрс худалдан авах гэрээ байгуулахаар ирэхдээ надтай танилцуулсан. Тэгээд тэд нарт Монгол Улсын иргэн Л, А нар зуучилж БНХАУ-ын ӨМӨЗО-ны “Хан Шин” ХХК-нд нүүрс худалдан авах гэрээг байгуулж өгөхөөр тохирсон байсан. Гэтэл гэрээ хэзээ байгуулагдах нь тодорхой биш байсан болохоор Жу Жин Биао, Бату нар ажил гарсан гээд БНХАУ руу явах болоод гэрээ батлагдах бол компанийн өмнөөс тамга дарж гарын үсэг зураарай гээд надад БНХАУ-ын ӨМӨЗО-ны “Хан Шин” ХХК-ийн тамгыг орхиод явсан. Тэгээд гэрээ байгуулагдахгүй нэлээд удсан. Сар гаран хугацаа болсон байх би яг хэзээ гэдгийг нь санахгүй байна. Нэг өдөр намайг Цогтцэций сум дээр байхад А, Л нар хамт ирээд гэрээ бэлэн боллоо гэж хэлээд бид нар “Тавантолгой” ХК дээр очоод 15,000 тонн нүүрсний гэрээ байгуулж байна гэж надад хэлээд би гэрээн дээр гарын үсэг зурж БНХАУ-ын ӨМӨЗО-ны “Хан Шин” ХХК-ийн тамга дарсан. ...Л, А нарт нэг тонн тутамд 5 доллар өгнө гэж тохирсон нь үнэн. Энэ яриа анх гэрээ байгуулах яриа хийж байхад Бату, Жу Жин Биао нар хамт байж байгаад тохирсон. Би өөрөө шийдсэн асуудал биш. Яг энэ тохироог хийхэд А байгаагүй Л байсан” гэх мэдүүлэг /1-р хх-н 123-125-р хуудас/,

Гэрч Р.Сэддоржийн: “...“Тавантолгой” ХК нь 2017 онд нүүрс хадгалах гэрээг 100 орчим компанитай байгуулсан. Түүний нэг нь БНХАУ-ын ӨМӨЗО-ны “Хан Шин” ХХК юм. Д.А нь энэ компанитай ямар холбоо хамааралтай болохыг би мэдэхгүй, манай “Тавантолгой” ХК-ийн хувьд Д.Атай байгуулсан ямар нэгэн гэрээ, хэлцэл байхгүй. Манай компанитай гэрээ байгуулахад зуучилдаг албан тушаалтан, хувь хүн, компани гэж байдаггүй, БНХАУ-ын компаниуд нүүрс худалдан авах хүсэлтээ манайд холбогдох бичиг баримтын хамт ирүүлдэг, тэр журмаар энэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны “Хан Шин” ХХК нь хүсэлтээ манайд ирүүлсэн байх гэж бодож байна. Тэрнээс А гэдэг хувь хүний гаргасан хүсэлтээр нүүрс хадгалах, худалдан авах гэрээ байгуулдаг зүйл байхгүй юм.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 140-р хуудас/,

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 02 дугаартай шинжээчийн: “...Шинжилгээнд ирүүлсэн БНХАУ-ын ӨМӨЗО-ны “Хан Шин” ХХК-иас 2017 оны 06 дугаар сарын 28, 2018 оны 06 дугаар сарын 30, 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрүүдэд “Тавантолгой” ХК-нд гаргасан гэх албан тоотууд, мөнгөний нэхэмжлэх зэрэг дээр дарагдсан тэмдэгний дардаснууд нь харьцуулах загварт ирүүлсэн БНХАУ-ын ӨМӨЗО-ны “Хан Шин” ХХК-ийн гэх тэмдэгтэй ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгээрээ харилцан тохирохгүй байна” гэх дүгнэлт /1-р хх-н 145-р хуудас/,

Гэрэл зургийн үзүүлэлтүүд, харьцуулах загварт ирүүлсэн тэмдэгний дардас /1-р хх-н 146-151-р хуудас/,

“Тавантолгой” ХК-иас Л.Лгийн дансанд 199,604,465 төгрөгийг шилжүүлсэн мөнгөн шилжүүлгийн баримт /1-р хх-н 34-р хуудас/,

БНХАУ-ын ӨМӨЗО-ны “Хан Шин” ХХК, “Тавантолгой” ХК-иас мөнгө нэхэмжилсэн нэхэмжлэх болон албан хүсэлтүүд /1-р хх-н 37-42-р хуудас/,

Мэдүүлгийг газар дээр шалгасан тэмдэглэл /1-р хх-н 58-р хуудас/,

 “Тавантолгой” ХК-иас ирүүлсэн БНХАУ-ын ӨМӨЗО-ны “Хан Шин” ХХК-нд холбогдох баримтууд /1-р хх-н 87-106-р хуудас/,

            Л.Лгийн яллагдагчаар өгсөн: “...”Тавантолгой” ХК-иас асуухад БНХАУ-ын ӨМӨЗО-ны “Хан Шин” ХХК-ийн 199,600,000 төгрөгийн үлдэгдэл байна гэж нягтлан бодогч эгч надад хэлсэн. ....би Улаанбаатар хотод очоод Барилгачдын талбайн хажуугийн орчуулгын товчоонд очоод БНХАУ-ын ӨМӨЗО-ны “Хан Шин” ХХК-ийн өмнөөс “Тавантолгой” ХК-нд хандсан бичгийг хятад, Монголоор хоёр хувь бичүүлж аваад тэр бичгүүдийг хятад монгол хэл дээр орчуулуулсан байдлаар хийлгэж аваад Цогтцэций суманд буцаж ирээд хүн гуйгаад компютерээр “Тавантолгой” ХК-иас үлдэгдэл мөнгийг авах хүсэлтийг өөрийнхөө нэрээр бичиж дээрх баримтууд дээр Цогтцэций сумын төвийн гудамжнаас олсон хятад үсэгтэй тамгыг дараад “Тавантолгой” ХК-нд өгсөн. ...тэгээд 2017 оны 07 дугаар сарын 04 билүү 05-ны өдөр албан бичиг дээр бичигдсэн 5077197773 дугаарын данс руу 199,604,465 төгрөг шилжиж орж ирсэн.” гэх мэдүүлэг /1-р хх-н 156-159-р хуудас/,

Д.Аийн яллагдагчаар өгсөн: “...би 2017 онд “Тавантолгой” ХК-ийн уурхайн нүүрсний аман дээр хувиараа хятадуудад зуучлагчийн ажлыг хийж байсан. ...хятадууд нүүрс авах талаар ямар нэг мэдлэггүй учраас би тэдэнд нүүрсний гэрээ олж өгөх, техник хэрэгсэл, ажиллах хүч олох зэрэг Монгол талын ажлуудыг би хариуцдаг байсан. ...би хятадын БНХАУ-ын ӨМӨЗО-ны “Хан Шин” ХХК-ийн монгол талыг хариуцан ажиллаж байсан. Тэр компанитай аман хэлцэл хийгээд ажлаа эхлүүлсэн. Бидний хооронд бичгээр байгуулсан гэрээ байхгүй. ...гэрээ байгуулсны зуучлалын хөлсөнд нэг тонн тутамд 6 долларыг авахаар тохиролцсон. ...2017 оны 05 дугаар сард Батутай тооцоо нийлэхэд тэрээр надад 32,000,000 төгрөгийг өгөхөөр тооцоо гарсан. Тэгэхэд бидний хажууд Энхбаяр, Л нар байсан. Би 8 дугаар амны 20,000 тонн нүүрсний гэрээг нь хөөцөлдөөд олж өгсөн. ...2017 оны 07 дугаар сарын 04-ний өдөр намайг Улаанбаатар хотод байхад Л утсаар яриад “манай компанийн мөнгө орж ирсэн, таны 30,000,000 төгрөгийг өгье” гэж хэлсэн. Тэгээд би Лтай уулзаад 30,000,000 төгрөгийг надад бэлнээр өгсөн” гэх  мэдүүлэг /1-р хх-ийн 160-165-р хуудас/,

Шүүгдэгч нарын хувийн байдлын талаар: 

Шүүгдэгч Л.Лгийн иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, гурван талаас дарсан зураг, гарын хуруунуудын дардас, жолоочийн лавлагаа, мэдээлэл /1-р хх-ийн 166-171-р, 173-р хуудас/,

Шүүгдэгч Л.Лгийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 172-р хуудас/,

Шүүгдэгч Д.Аийн иргэний үнэмлэхийн хуулбар, тээврийн хэрэгслийн лавлагаа, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 5 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа, А.Аянгын төрсний гэрчилгээний хуулбар /1-р хх-н 174-178-р хуудас/,

Шүүгдэгч Д.Аийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 179-р хуудас/,

Шүүгдэгч Л.Л, Д.А нарын арилжааны банкнуудад харилцах болон зээлийн данстай эсэх лавлагаа /1-р хх-н 187-249-р хуудас, 2-р хх-н 1-47-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

  1. Гэм буруугийн талаар

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1-д “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.”, 2-т “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно.”, 3-т “Шүүх хэргийн бодит байдлыг мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж тус тус зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг дүгнэсэн болно.

Шүүгдэгч Л.Л нь “Тавантолгой” ХК-иас БНХАУ-ын ӨМӨЗО-ны “Хан Шин” ХХК-нд буцаан олгохоор шилжүүлсэн үлдэгдэл 1,685 тн нүүрсний үнэ болох 199,604,465 төгрөгийг 2017 оны 06 дугаар сарын 28, 2017 оны 06 дугаар сарын 30, 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдрүүдэд хуурамчаар үйлдсэн бичиг баримт, хуурамч тамга ашиглан залилан мэхэлж авсан болох нь:

-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Алагдайн /ALAGEDAI/ мэдүүлэг /1-р хх-ийн 70-р хуудас/,

-гэрч Батугийн мэдүүлэг /1-р хх-ийн 81-88-р хуудас/,

-гэрч Зуо Жин Биаогийн мэдүүлэг /1-р хх-ийн 96-р хуудас/,

-гэрч Д.Тэмүүжингийн мэдүүлэг /1-р хх-ийн 111-р хуудас/,

-гэрч Г.Шүрэнхишигийн мэдүүлэг /1-р хх-ийн 118-р хуудас/,

-гэрч Э.Мөнхдолгионы мэдүүлэг /1-р хх-ийн 130-р хуудас/,

-гэрч Сайваны /Эрхээ/ мэдүүлэг /1-р хх-н 123-127-р хуудас/,

-Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 02 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-н 145-р хуудас/,

-гэрэл зургийн үзүүлэлтүүд, харьцуулах загварт ирүүлсэн тэмдэгний дардас /1-р хх-н 146-151-р хуудас/,

-“Тавантолгой” ХК-иас Л.Лд 199,604,465 төгрөгийг шилжүүлсэн мөнгөн шилжүүлгийн баримт /1-р хх-н 34-р хуудас/,

-БНХАУ-ын ӨМӨЗО-ны “Хан Шин” ХХК “Тавантолгой” ХК-иас мөнгө нэхэмжилсэн нэхэмжлэх болон албан хүсэлтүүд /1-р хх-н 37-42-р хуудас/,

-мэдүүлгийг газар дээр шалгасан тэмдэглэл /1-р хх-н 58-р хуудас/,

-шүүгдэгч Л.Лгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Иймд шүүгдэгч Л.Лг баримт бичиг, эд зүйл /хуурамч тамга/ ашиглаж, залилах гэмт хэргийг бусдад их хэмжээний буюу 199,604,465 төгрөгийн хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.  

Улсын яллагчийн яллах дүгнэлтэд дурдсан шүүгдэгч Л.Лгийн Д.Атай бүлэглэн, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, БНХАУ-ын ӨМӨЗО-ны “Хан Шин” ХХК-ийн Монгол улс дахь төлөөлөгч Батуг хуурч, “Тавантолгой” ХК-ийн 8 дугаар амнаас 20,000 тонн нүүрс худалдан авах гэрээ байгуулж өгнө гэж итгүүлэн, 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 6,000,000 төгрөг, мөн оны 10 дугаар сарын 13-ны өдөр 3,200,000 төгрөг нийт 9,200,000 төгрөгийг залилан мэхэлж авсан гэх үйлдэл нь

-гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, гомдол /хх-ийн 10, 11-р хуудас/,

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Алагдайн /ALAGEDAI/ “...манай компани буруутай этгээдээс 1,600 тонн нүүрсний үнэ болох 199,604,465 төгрөгийг гаргуулан авмаар байна..” мэдүүлэг /1-р хх-ийн 70-р хуудас/,

 -Гэрч Зуо Жин Биао /ZHUO JIN BIA/-ийн “...2017 оны 10-р сард 8-р амны 20,000 тонн нүүрс худалдан авах гэрээ хийчлээ 3,000 тонн нүүрсний мөнгө шилжүүлээд оруулчуул өмнө нь үлдсэн мөнгийг энэ гэрээрүү шилжүүлчихнэ гэж байна гэж хэлэхэд нь би Хятадын гаалийн хүмүүст тэр гэрээний хуулбарыг үзүүлэхэд худалдан авах нүүрсний үнэ, хэмжээг тусгаагүй гэрээ байна нэхээр нь Бату-д энэ гэрээгээ аваад үнэ, хэмжээг нь тусгаад ир гээд орхисон...”, “...Би тийм хүмүүсийг танихгүй.. ” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 91, 95-р хуудас/,

-шүүхийн хэлэлцүүлэгч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Алагдайн /ALAGEDAI/  “...манай компани 8-р амны гэрээтэй холбоотой гэх 9,200,000 төгрөгийн хохирол учирсан талаар нэхэмжлэл, гомдол гаргаагүй. Энэ асуудлыг ч мэдэхгүй байна..” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/ зэрэг нотлох баримтаар гэмт хэргийн шинжтэй болох нь нотлогдохгүй байна.

Улсын яллагч шүүгдэгч Д.Аийг “Тавантолгой” ХК-иас БНХАУ-ын ӨМӨЗО-ны “Хан Шин” ХХК-нд буцаан олгохоор шилжүүлсэн үлдэгдэл 1,685 тонн нүүрсний үнэ болох 199,604,465 төгрөгөөс Л.Лтай бүлэглэн, 2017 оны 06 дугаар сарын 30, 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдрүүдэд хуурамчаар үйлдсэн бичиг баримт, хуурамч тамга ашиглан, 99,604,465 төгрөгийг залилан мэхэлж авсан, мөн Л.Лтай бүлэглэн, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, БНХАУ-ын ӨМӨЗО-ны “Хан Шин” ХХК-ийн Монгол улс дахь төлөөлөгч Батуг хуурч, “Тавантолгой” ХК-ийн 8 дугаар амнаас 20.000 тн нүүрс худалдан авах гэрээ байгуулж өгнө гэж итгүүлэн, 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 6.000.000 төгрөг, мөн оны 10 дугаар сарын 13-ны өдөр 3,200,000 төгрөг нийт 9,200,000 төгрөгийг залилан мэхэлж авч, бусдад их хэмжээний буюу 108,804,465 төгрөгийн хохирол учруулсан гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч хавтаст хэрэгт Д.А нь Л.Лтай бүлэглэж гэмт хэрэг үйлдсэн нь:

- Гэрч Батугийн “...Эрхээ Тавантолгой орж Лтай уулзаж А гэдэг хүнээр дамжуулж 15,000 тонн нүүрс 46,37 доллараар 4-р амны нүүрс авах гэрээ байгуулах боломж байгаа юм байна. А зуучилж гэрээг байгуулж өгөөд нэг тонн тутамд нь 5 доллар авна гэж надад хэлсэн...захирал зөвшөөрөөд Эрхээ гарын үсэг зурж Ат 5 доллар өгөх тохироог амаар хийсэн...”, “...Тухайн үед ямар нэг тооцоогүй замбараагүй явж байсан байна. Тэгээд л илүү өгсөн...”, “...би нүүрсний үлдэгдэл мөнгө авч өг гэж хэлээгүй. Л үлдэгдэл мөнгө байгаа би түүнийг авч өгнө гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 83-84-р хуудас/,

-гэрч Д.Тэмүүжингийн мэдүүлэг /1-р хх-ийн 111-р хуудас/,

-гэрч Г.Шүрэнхишигийн мэдүүлэг /1-р хх-ийн 118-р хуудас/,

-гэрч Э.Мөнхдолгионы мэдүүлэг /1-р хх-ийн 130-р хуудас/,

-гэрч Сайваны /Эрхээ/ мэдүүлэг /1-р хх-н 123-127-р хуудас/,

-гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, гомдол /хх-ийн 10, 11-р хуудас/,

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Алагдайн /ALAGEDAI/ “...манай компани буруутай этгээдээс 1,600 тонн нүүрсний үнэ болох 199,604,465 төгрөгийг гаргуулан авмаар байна..” мэдүүлэг /1-р хх-ийн 70-р хуудас/,

 -Гэрч Зуо Жин Биао /ZHUO JIN BIA/-ийн “...2017 оны 10-р сард 8-р амны 20,000 тонн нүүрс худалдан авах гэрээ хийчлээ 3,000 тонн нүүрсний мөнгө шилжүүлээд оруулчуул өмнө нь үлдсэн мөнгийг энэ гэрээрүү шилжүүлчихнэ гэж байна гэж хэлэхэд нь би Хятадын гаалийн хүмүүст тэр гэрээний хуулбарыг үзүүлэхэд худалдан авах нүүрсний үнэ, хэмжээг тусгаагүй гэрээ байна гэхээр нь Бату-д энэ гэрээгээ аваад үнэ, хэмжээг нь тусгаад ир гээд орхисон...”, “...Би тийм хүмүүсийг танихгүй.. ” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 91, 95-р хуудас/,

-шүүхийн хэлэлцүүлэгч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Алагдайн /ALAGEDAI/  “...манай компани 8-р амны гэрээтэй холбоотой гэх 9,200,000 төгрөгийн хохирол учирсан талаар нэхэмжлэл, гомдол гаргаагүй. Энэ асуудлыг ч мэдэхгүй байна..” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/ зэрэг нотлох баримтуудаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал тогтоогдохгүй, нотлогдохгүй байна гэж үзэв.

  Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Д.Ат холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 -д  зааснаар гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэл тогтоогдож байх тул хэрэгсэхгүй болгож, Д.Аийг цагаатгах хууль зүйн үндэслэлтэй  гэж үзэв.

  1.  Хохирол төлбөрийн тухайд

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж заасан.

 

“Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй” гэж заасан ба шүүгдэгч Л.Л нь хохирогч “Хан шин” компанид 199,604,465 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

-Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 10 -р хуудас/,

-Нүүрс экспортын гэрээ, гэрээний нэмэлт өөрчлөлт /1-р хх-ийн 44-55 дугаар хуудас/

-Хохирогч БНХАУ-ын ӨМӨЗО-ны “Хан Шин” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Алагдайн мэдүүлэг /1-р хх-ийн 20-р хуудас/,

-Батугийн гэрчээр өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 81, 85-р хуудас/,

-Зуо Жин Биаогийн гэрчээр өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 96-р хуудас/,

 -гэрч Д.Тэмүүжингийн мэдүүлэг /1-р хх-ийн 111-р хуудас/,

-Г.Шүрэнхишигийн гэрчээр өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 118-р хуудас/,

-“Тавантолгой” ХК-иас Л.Лгийн дансанд 199,604,465 төгрөгийг шилжүүлсэн мөнгөн шилжүүлгийн баримт /1-р хх-н 34-р хуудас/,

-Л.Лгийн яллагдагчаар өгсөн: “...”Тавантолгой” ХК-иас асуухад БНХАУ-ын ӨМӨЗО-ны “Хан Шин” ХХК-ийн 199,600,000 төгрөгийн үлдэгдэл байна гэж нягтлан бодогч эгч надад хэлсэн. ....би Улаанбаатар хотод очоод Барилгачдын талбайн хажуугийн орчуулгын товчоонд очоод БНХАУ-ын ӨМӨЗО-ны “Хан Шин” ХХК-ийн өмнөөс “Тавантолгой” ХК-нд хандсан бичгийг хятад, монголоор хоёр хувь бичүүлж аваад тэр бичгүүдийг хятад монгол хэл дээр орчуулуулсан байдлаар хийлгэж аваад Цогтцэций суманд буцаж ирээд хүн гуйгаад компьютерээр “Тавантолгой” ХК-иас үлдэгдэл мөнгийг авах хүсэлтийг өөрийнхөө нэрээр бичиж дээрх баримтууд дээр Цогтцэций сумын төвийн гудамжнаас олсон хятад үсэгтэй тамгыг дараад “Тавантолгой” ХК-нд өгсөн. ...тэгээд 2017 оны 07 дугаар сарын 04 билүү 05-ны өдөр албан бичиг дээр бичигдсэн 5077197773 дугаарын данс руу 199,604,465 төгрөг шилжиж орж ирсэн.” гэх мэдүүлэг /1-р хх-н 156-159-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч Л.Л нь “Хан шин” компанид учруулсан 199,604,465 төгрөгийн хохирол төлбөрөөс 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 100,000,000 /нэг зуун сая/ төгрөгийг Батугийн ХААН банкны 5598159858 тоот дансанд шилжүүлсэн /1-р хх-ийн 230-р хуудас, 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 50,000,000 /тавин сая/ төгрөг, 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 5,000,000 /таван сая/ төгрөгийг Алагдайн Төрийн банкны 211600019578 тоот дансанд шилжүүлсэн, Ланд-100 маркийн автомашиныг 20,000,000 /хорин сая/ төгрөгт тооцож өгсөн  талаар 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн баримт байх тул төлөгдөөгүй үлдэх 24,604,465 /хорин дөрвөн сая зургаан зуун дөрвөн мянга дөрвөн зуун жаран тав/-н төгрөгийг шүүгдэгч Л.Лгаас гаргуулж “Хан шин” компанид олгох нь зүйтэй.

Шүүгдэгч Л.Лгийн Д.Атай бүлэглэн, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, БНХАУ-ын ӨМӨЗО-ны “Хан Шин” ХХК-ийн Монгол улс дахь төлөөлөгч Батуг хуурч, “Тавантолгой” ХК-ийн 8 дугаар амнаас 20,000 тонн нүүрс худалдан авах гэрээ байгуулж өгнө гэж итгүүлэн, 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 6,000,000 төгрөг, мөн оны 10 дугаар сарын 13-ны өдөр 3,200,000 төгрөг нийт 9,200,000 төгрөгийг залилан мэхэлж авсан гэх үйлдэл нь нотлох баримтаар тогтоогдохгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь нэхэмжлээгүй байх тул 9,200,000 төгрөгийг хохирол төлбөрт тооцох үндэслэлгүй байна гэж дүгнэв.

Шүүгдэгч Л.Л нь “Хан шин” компанид олгох ёстой байсан 199,604,465 төгрөгөөс Д.Ат төлбөр тооцооны асуудлаар 30,000,000 /гучин сая/ төгрөгийг шилжүүлсэн талаар талууд тайлбарлаж байх боловч дээрх төлбөр тооцооны асуудлыг энэхүү эрүүгийн шүүх хуралдаанаар хэлэлцэх үндэслэлгүй байх тул Д.Ааас 30,000,000 /гучин сая/ төгрөгийг гаргуулж Л.Лд олгох нь зүйтэй.

   

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа хийсэн хэрэгтээ үнэн санаанаасаа гэмшиж байгаа, хохирол төлбөрөө нөхөн төлөхөө илэрхийлсэн байдал зэрэг нөхцөл байдлуудыг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгчдийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасныг журамлан шүүгдэгч Л.Лг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 20,000 /хорин мянга/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20,000,000 /хорин сая/ төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар БНХАУ-ын иргэн Батугийн Хаан банкны 5598159858 дугаартай дансны шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 19 дугаартай прокурорын зөвшөөрлийг цуцалж, БНХАУ-ын иргэн Батугийн Хаан банкны 5598159858 дугаартай данснаас 100,000,000 /нэг зуун сая/ төгрөгийг гаргуулж хохирогч БНХАУ-ын ӨМӨЗО-ны “Хан Шин” компанид олгох нь зүйтэй.

  2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн мөрдөгчийн эд мөрийн баримтаар тооцох тогтоолыг хүчингүй болгож эд мөрийн баримтаар хураагдсан БНХАУ-ын ӨМӨЗО-ны “Хан Шин” компанийн 1508240003559 дугаартай нэг ширхэг тамгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц БНХАУ-ын ӨМӨЗО-ны “Хан Шин” компанид буцаан олговол зохино.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч болон цагаатгагдсан этгээд нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, тэднээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, Л.Л, Д.А нарын бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.9, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Уран бичээч овогт Доржпаламын Ат холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, хэрэг бүртгэлтэд буцаасугай.

2. Шүүгдэгч Жао овогт Лийдаагийн Лг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан залилах гэмт хэргийг бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Л.Лг 20,000 /хорин мянга/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20,000,000 /хорин сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Лд оногдуулсан 20,000 /хорин мянга/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20,000,000 /хорин сая/-н төгрөгөөр торгох ялыг 20 /хорь/-н сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Л.Л нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.  

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хохирогчид учирсан 199,604,465 төгрөгийн хохирол төлбөрөөс 100,000,000 /нэг зуун сая/ төгрөгийг Батугийн ХААН банкны 5598159858 тоот дансанд, 50,000,000 /тавин сая/ төгрөг, 5,000,000 /таван сая/ төгрөгийг Алагдайн Төрийн банкны 211600019578 тоот дансанд, Ланд-100 маркийн автомашиныг 20,000,000 /хорин сая/ төгрөгт тооцож өгсөн болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Л.Лгаас үлдэх 24,604,465 /хорин дөрвөн сая зургаан зуун дөрвөн мянга дөрвөн зуун жаран тав/-н төгрөгийг гаргуулж хохирогч “Хан шин” компанид олгосугай. 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар БНХАУ-ын иргэн Батугийн Хаан банкны 5598159858 дугаартай дансны шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 19 дугаартай прокурорын зөвшөөрлийг цуцалж, БНХАУ-ын иргэн Батугийн Хаан банкны 5598159858 дугаартай данснаас 100,000,000 /нэг зуун сая/ төгрөгийг гаргуулж хохирогч БНХАУ-ын ӨМӨЗО-ны “Хан Шин” компанид, Д.Ааас 30,000,000 /гучин сая/ төгрөгийг гаргуулж Л.Лд тус тус олгосугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн мөрдөгчийн тогтоолоор эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн БНХАУ-ын ӨМӨЗО-ны “Хан Шин” ХХК-ийн 1508240003559 дугаартай нэг ширхэг тамгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц БНХАУ-ын ӨМӨЗО-ны “Хан Шин” ХХК-нд буцаан шилжүүлсүгэй.

9. Шүүгдэгч Л.Л, цагаатгагдсан этгээд Д.А нар нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, Л.Л, Д.А нарын бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Л.Лд урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Д.Ат авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

12. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох тул гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Л.Лд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.ӨЛЗИЙ-ОТГОН