| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Раднаасамбуугийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 160/2018/0216/Э |
| Дугаар | 222 |
| Огноо | 2018-12-03 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Б |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 03 өдөр
Дугаар 222
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Р.Алтанцэцэг даргалж,
Улсын яллагч: С.Батсүх
Шүүгдэгч: Б.О
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Бын От холбогдох 1812004900285 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Дугаар /С% Цэцэрлэг
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ... оны ... дүгээр сарын ...-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Архангай аймгийн Цэнхэр сумын Буйлан багийн Овооны ар гэх газарт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Б овогт Бын О /РД: .../
Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Б.О нь 2018 оны 09 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнийн 23 цагийн үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг Бортолгойн 55-01 тоотын гадна иргэн Л.Бгийн бие махбодид халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн байцаалтын шатанд 1812004900285 дугаартай эрүүгийн хэргээс:
Хохирогч Л.Бгийн мэдүүлсэн: ...2018 оны 09 дүгээр сарын 13-ны орой би өөрийн найз охин Д хамтаар өөрийнхөө машин дотор сууж байхад нэг залуу ирээд машины хаалга татаад онгойлгосон. Тэгээд тэр ах надаас нэг гудамж асуухаар нь би мэдэхгүй, та хаалгаа хаачих уу гэсэн чинь намайг чи юу гэнээ гээд миний баруун нүд рүү гараараа нэг удаа цохисон. Тэгээд явах гээд байхаар нь би найз охин Д хамтаар өөрийнхөө машинд суулгаад цагдаа дээр авч ирсэн. Тухайн үед О гэх залуутай нэг танихгүй хүн хамт явж байсан бөгөөд тэр хүн бол надад ямар нэгэн байдлаар гар хүрч намайг цохиж зодоогүй. Тэр хамт явсан хүн нь цаашаа яваад өгсөн. Тухайн үед миний баруун нүд хөхөрч, няцарч гэмтсэн. Өөр гэмтэл учраагүй. О гэх хүн ямар шалтгааны улмаас намайг цохиж зодсон талаар би мэдэхгүй байна. Надаас нэг гудамж асуугаад байсан бөгөөд тухайн үед О гэх хүн өөрөө согтуу байсан. Миний биед учирсан гэмтлийг тэр О гэх ах учруулсан. Өөр хүн намайг цохиж зодоогүй. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 06-08 хуу/
Хохирогч Л.Бгийн дахин мэдүүлсэн: ...2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 23 цагийн үед Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн Бортолгойн 55-01 тоот хашааны гадаа машин дотроо найз охин Д хамт сууж байхад хаалга онгойж танихгүй залуу 51 дүгээр гудамж мөн үү гэж асуухаар нь би мэдэхгүй, тийм гудамж мэдэхгүй гэж хэлээд хаалга хаачих гэхэд тэр залуу гараараа баруун талын нүд рүү нэг удаа цохиж аваад хаалга хаачихаад машины гупер рүү гараараа цохиод авахаар нь бууж уулзахад хэрүүл өдөөд, зугтах гэхээр нь цагдаа дээр тэр залуугийн хамт ирсэн. Намайг цохисон залууг би танихгүй бөгөөд тэр залуу их согтолттой байсан, хамт явж байгаа залуу нь арай гайгүй согтолттой, уучлаарай гээд тэр цохисон залууг авч явах гээд байхаар нь би машиндаа суулгаад авчирсан. Нөгөө залуу нь ямар нэгэн асуудал гаргаагүй. Шүүх эмчийн дүгнэлт гаргуулна. Хуулийн дагуу шийдэж өгнө үү, мөн шүүх эмчийн дүгнэлтийн зардал гаргуулна...гэх мэдүүлэг /хх-ийн 09 хуу/
Хохирогч Л.Бгийн дахин мэдүүлсэн: ...Би 2018 оны 09 дүгээр сарын 13-ны орой өөрийн машинтайгаа Бортолгойн 55-01 тоотод байдаг ахынхаа хашааны гадаа машиндаа Д хамт сууж байтал нэг хүн машины хаалга онгойлгоод нэг гудамж асуухаар нь би мэдэхгүй гэж хэлсэн. Тэгээд би хаалгаа хаачих гэтэл баруун нүд рүү цохисон. Тэгээд нөгөө хүн явах гээд байхаар нь би Д хамт машиндаа суулгаад Цагдаагийн газар дээр авчирч өгсөн. Цагдаагийн газар руу явж байхдаа чи хаана байдаг хүн юм бэ гэсэн чинь би Цэнхэрийн голын хүүхэд байна гээд байхаар нь Цэнхэр сумын хүн юм байна гэж мэдсэн. Урьд өмнө О гэдэг хүнийг таньдаггүй байсан. Сүүлд нь цагдаа дээр авчирч өгөөд нэг эмэгтэй байцаагч дээр шалгагдаад асуугдаж байхад О гэдэг хүн юм байна гэдгийг мэдэж авсан. Тухайн үед миний баруун талын нүд хөхрөөд хавдсан байсан бөгөөд одоо бол зүгээр болсон. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 10-12 хуу/
Гэрч Д.Д мэдүүлсэн: ...2018 оны 09 дүгээр сарын 13-ны орой 22 цагийн орчимд би Л.Бгийн хамтаар Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг Бортолгойн 55-01 тоот хашааны гадаа зогсож байсан чинь хоёр залуу ирээд О гэх ах миний талын машины хаалгыг онгойлгож гудамж асуусан бөгөөд тэр үед Б би мэдэхгүй гэж хариулаад, та хаалга хаачих гэж хэлсэн чинь тэр О ах чи юу гээд байнаа гээд гараараа Бгийн баруун нүд рүү нэг удаа цохисон. Тэгэхээр нь Б бид 2 машинаас бууж ирсэн. Тэгээд би цагдаа руу ярьж дуудлага өгсөн бөгөөд цагдаа хурдан ирэхгүй юм шиг болохоор нь О гэх залууг машиндаа суулгаад цагдаа дээр авчирч хүлээлгэж өгсөн. Тухайн үед О гэх залуу согтуу байсан, харин О гэх залуутай хамт явж байсан залуу Оыг орхиод цаашаа ганцаараа яваад өгсөн. Тухайн үед О гэх хүн л Бг гараараа нэг удаа нүд рүү нь цохиж гэмтэл учруулсан. Харин хамт явсан залуу нь ямар нэгэн байдлаар оролцоогүй. Ямар шалтгааны улмаас Бг цохисон талаар мэдэхгүй, машины хаалга онгойлгоод гудамж асуухад Б мэдэхгүй, та хаалгаа хаачих гэсэн чинь уурлаад чи юу гээд байнаа гээд л шууд Бг цохисон. О Бгийн баруун нүд рүү гараараа нэг удаа хүчтэй цохисон. Тэр үед Бгийн баруун нүд хавдаж улайсан харагдаж байсан. Б архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, эрүүл байсан. Харин О гэх хүн архи уусан, архи үнэртэж байсан. Уг гэмтлийг О гэх ах цохиж учруулсан. ...Б О гэх хүнд огт гар хүрээгүй бөгөөд Оыг машиндаа суулгаад шууд цагдаа дээр авч ирсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 15-17 хуу/
Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 435 тоот шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: ...1.Л.Бгийн биед гэмтэл учирчээ. 2. Л.Бгийн биед баруун нүдний дээд зовхинд болон гадна хэсэгт зөөлөн эдэд няцралт гэмтэл учирчээ. 3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох 1 удаагийн үйлчлэлээр үүснэ. 4. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 5. Баруун нүдний дээд зовхи, гадна талд үүссэн зөөлөн эдийн няцралт гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох заавар”-ын 2.4.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэлд хамаарна. 6. Ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги байдлаар алдагдуулахгүй...гэх дүгнэлт /хх-ийн 25 хуу/
Яллагдагч Б.Оын мэдүүлсэн: ...Би тогтоолтой танилцлаа. Надад сонсгосон зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр би өөрийн найз Баттүлхүүрийн хамт Булган сумын Их тээл гэх газар руу гишүүнд явсан бөгөөд эхлээд манайд буулгаад дараа нь Баттүлхүүрийнд буулгасан. Тэгээд Баттүлхүүрийнд хоол идээд Баттүлхүүртэй хамт нэг шил архи, 2.5 литрийн хэмжээтэй “Нийслэл” нэртэй пиво уучихаад машинаа Баттүлхүүрийн хашаанд орхиод гэр рүүгээ Баттүлхүүртэй хамт явсан. Тухайн үед би нилээн их согтсон байсан. Баттүлхүүрийн гэр “Ирээдүй” цогцолбор сургуулийн хойд тал руу байдаг. Манай гэр “Ирээдүй” цогцолбор сургуулийн баруун тал руу байдаг. Би түрүүлж гүйгээд гудамжныхаа үзүүрт ирэхэд нэг жижиг цагаан машин байхаар нь би машин руу очоод гудамжны хаяг асуусан чинь мэдэхгүй, хаалгаа хаачих гэхээр нь би гараараа савсан. Тэгээд би цаашаа гэр рүүгээ явж байтал араас нэг хүн ирээд ахаа та яаж байгаа юм бэ намайг цохичихлоо шүү дээ гэсэн. Тэгснээ нөгөө хүн машиндаа суулгаад цагдаа дээр ирсэн. Би нилээн согтуу байсан болохоор сайн санахгүй байгаа юм. Машины хаалга онгойлгоод гудамж асууснаа санаж байгаа бөгөөд цаашаа юу болсныг мэдэхгүй, нэг мэдсэн чинь нэг хүн ирээд ахаа та яаж байгаа юм бэ намайг цохичихлоо шүү дээ гэсэн. Тэгээд намайг машиндаа суулгаад цагдаа дээр авчирсан. Баттүлхүүр бид хоёр нэг шил архи, 2.5 литрийн “Нийслэл” нэртэй пиво нэгийг хувааж уугаад нилээн согтсон байсан. Би нэг их архи уугаад байдаггүй болохоор амархан согтчихдог юм. Би тухайн машины жолооч Бтэй хэрэлдэж маргалдсан зүйл байхгүй. Би сайн санахгүй байна. Хаалгыг нь онгойлгоод юм асууснаа санаж байгаа, тэгээд удаагүй нэг хүн ирээд ахаа та яаж байгаа юм, намайг цохичихлоо гэж хэлээд машиндаа суулгаад цагдаа дээр ирсэн. ...Би учирсан хохирлыг барагдуулсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн, бид хоёр сайн дураараа эвлэрсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 37-39 хуу/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 46-47 хуу/
Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 42-43 хуу/
Хохирогчийн хүсэлт /хх-ийн 52 хуу/ зэрэг болно.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон 2018 оны 09 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнийн 23 цагийн үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг Бортолгойн 55-01 тоотын гадна иргэн Л.Бгийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг мөн гэж дүгнэв.
Шүүгдэгч Б.О нь дээрх гэмт хэрэгт гэм буруутай, 2018 оны 09 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнийн 23 цагийн үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг Бортолгойн 55-01 тоотын гадна иргэн Л.Бгийн бие махбодид халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: шүүх хуралдааны үед шинжлэн судалсан: хохирогч Л.Бгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “2018 оны 09 дүгээр сарын 13-ны орой би өөрийн найз охин Д хамтаар өөрийнхөө машин дотор сууж байхад нэг залуу ирээд машины хаалга татаад онгойлгосон. Тэгээд тэр ах надаас нэг гудамж асуухаар нь би мэдэхгүй, та хаалгаа хаачих уу гэсэн чинь намайг чи юу гэнээ гээд миний баруун нүд рүү гараараа нэг удаа цохисон. Миний биед учирсан гэмтлийг тэр О гэх ах учруулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 06-08/, гэрч Д.Д мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “2018 оны 09 дүгээр сарын 13-ны орой 22 цагийн орчимд би Л.Бгийн хамтаар Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг Бортолгойн 55-01 тоот хашааны гадаа зогсож байсан чинь хоёр залуу ирээд О гэх ах миний талын машины хаалгыг онгойлгож гудамж асуусан бөгөөд тэр үед Б би мэдэхгүй гэж хариулаад та хаалга хаачих гэж хэлсэн чинь тэр О ах чи юу гээд байнаа гээд гараараа Бгийн баруун нүд рүү нэг удаа цохисон” гэх мэдүүлэг /хх-ийн 15-17/, Б.Оын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар гэм буруугаа хүлээж мэдүүлсэн “надад сонсгосон зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Би түрүүлж гүйгээд гудамжныхаа үзүүрт ирэхэд нэг жижиг цагаан машин байхаар нь би машин руу очоод гудамжны хаяг асуусан чинь мэдэхгүй, хаалгаа хаачих гэхээр нь би гараараа савсан. Тэгээд би цаашаа гэр рүүгээ явж байтал араас нэг хүн ирээд ахаа та яаж байгаа юм бэ намайг цохичихлоо шүү дээ гэсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 37-39/, хохирогч Л.Бгийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 09 дугээр сарын 14-ний өдрийн 435 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 25/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Б овогт Бын Оыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх ба шүүгдэгч Б.О нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.О нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.5, 1.6, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Бын Оыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Оыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.От оногдуулсан 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс сард 100.000 /нэг зуун мянга/ төгрөгөөр тооцож 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Б.О нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч нар өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.От хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.АЛТАНЦЭЦЭГ