| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гоошоохүүгийн Даваадорж |
| Хэргийн индекс | 183/2022/04842/И |
| Дугаар | 210/МА2023/00891 |
| Огноо | 2023-04-28 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 04 сарын 28 өдөр
Дугаар 210/МА2023/00891
Д.Т-ын нэхэмжлэлтэй иргэний
хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Д.Золзаяа, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2023/00801 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Д.Т-ын хариуцагч Ч.Г-эд холбогдуулан гаргасан гэрээнээс татгалзсаны улмаас учирсан хохирол болон бусад зардалд нийт 21,286,700 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, түрээсийн үлдэгдэл төлбөр болон бусад зардалд нийт 3,758,857 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А, хариуцагчийн өмгөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Минжээ нар ирснийг илтгэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Д.Т- нь 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хариуцагчтай түрээсийн гэрээ байгуулж, Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Оюутны гудамж дахь 10/1 байрны 30 тоот хаягт байрлах 101,53 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай объектыг 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл 5 жилийн хугацаатай, сарын 2,000,000 төгрөгөөр түрээслэхээр тохиролцсон. Урт хугацаанд үйл ажиллагаа явуулах зорилгоор бизнес төлөвлөгөө гаргаж, тус обьектод засан сайжруулалт хийж, үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Тус үйл ажиллагаанд өөрийн эхнэр Ш.Наранчимэг, түүний төрсөн эгч Ш.Нарантуяа нартай хамтарч гэр бүлийн бизнесийг эхлүүлсэн. Гэвч үйл ажиллагаа явуулаад удаагүй байхад ковидын нөхцөл байдал үүсэж хөл хорио тогтоон, үйл ажиллагааг зогсоосон. Бидний хувь төлөх ёстой түрээсийн төлбөрийг ямар ч зөрчилгүй төлж байсны дээр, үйл ажиллагаа явуулаагүй, хөл хорионы үеийн түрээсийн төлбөрийг хүртэл манай эхнэрээс авсаар байсан байна. Хариуцагч Ч.Г- нь 2022 оны 10 дугаар сарын 02-ны өдөр түрээсийн байранд хууль бусаар дайран орж ирж миний хийсэн засвар, тохижилтыг нурааж үйл ажиллагаа явуулах нөхцөлгүй болгосон. Мөн нэвтрэх хаалганы түлхүүрийг сольсноор үйл ажиллагаа зогссон. Хариуцагч нь гэрээний үүргээ ноцтой зөрсөн тул Д.Т- гэрээнээс татгалзсан. Гэрээнээс татгалзсантай холбоотойгоор засан сайжруулалтад зарцуулсан 7,694,700 төгрөг, олох ёстой байсан орлого 7,200,000 төгрөгийг хохиролд тооцон хариуцагчаас шаардах эрхтэй. Мөн гэрээний дагуу шилжүүлсэн дэнчин болох 1,250,000 төгрөгийг буцаан гаруулахаар шаардаж байна. Бидний хооронд байгуулсан гэрээний 7.13-т Улсын онцгой комиссын шийдвэр буюу онцгой байдлын давагдашгүй хүчин зүйлсийн нөлөөгөөр түрээслэгч тал үйл ажиллагаа явуулах боломжгүй тохиолдолд түрээсийн төлбөрийг төлөх үүрэг хүлээхгүй... гэж тохирсон боловч Ч.Г- нь гэрээний дагуу үүрэг хүлээгээгүй түрээсийн төлбөрийг миний эхнэр Ш.Наранчимэгээс шаардаж авсаар байсан байна. Д.Т- нь 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл түрээсийн төлбөрт нийт 38,392,000 төгрөг, ашиглалтын зардалд 2,697,000 төгрөгийг тус тус төлсөн байна. 2020 оны 11 дүгээр сарын түрээс 2,000,000 төгрөг, 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 1,000,000 төгрөг, 3 дугаар сарын 15-ны өдөр 1,142,000 төгрөг, 05 дугаар сарын 11-ний өдөр 1,000,000 төгрөг шилжүүлсэн нь гэрээгээр чөлөөлөгдөх хугацаанд хамрагдах тул хариуцагчаас үндэслэлгүй хөрөнгөжсөн 5,142,000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардаж байна. Иймд дээрх үндэслэлээр хариуцагч Ч.Г-ээс нийт 21,286,700 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Т-т олгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Түрээслэгч Д.Т- нь түрээсийн зүйлийг зориулалт бусаар ашигласан. Тодруулбал талууд цайны газрын зориулалтаар ашиглана гэж гэрээнд заасан боловч нэхэмжлэгч үсчин, маникюр, бариа гэх мэт гэрээнд заагаагүй үйл ажиллагаа явуулан, бусдад дамжуулан түрээслэн гэрээний үүргээ зөрчсөн. Гэрээ цуцлах мэдэгдлийг өөрийн биеэр амаар хэлж байсан. Түрээсийн төлбөр төлөөгүй тохиолдолд тухайн объектыг зориулалтын дагуу ашиглаагүй тохиолдолд гэрээг цуцлах талаар тохиролцсон байдаг. Мөн ковидын үед буюу давагдашгүй хүчин зүйлийн нөлөөгөөр түрээслэгч тал үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон тохиолдолд түрээсийн төлбөрийг төлөхгүй байхаар, хэрвээ түрээслэгч нь өөрийн буруугаас түрээслүүлэгчид хохирол учруулсан бол төлөхөөр хэрвээ аль нэг талдаа хохирол учруулсан бол буруутай тал нь төлөхөөр тохиролцсон. Дэнчингийн тухайд эд хөрөнгийг зориулалтын дагуу ашиглаагүй, муутгасан, гэмтээсэн, төлбөрөө нэг сарын турш төлөөгүй бол түрээслүүлэгч гэрээг цуцалж хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй гэж заасан байдаг. Гэрээнд зааснаар хугацаа хэтрүүлбэл түрээслүүлэгч нь гэрээг цуцлаад өөрийн бүх хөрөнгийг эзэмшилдээ авч дэнчингээс түрээсийн төлбөрийг суутгаж үлдэгдэл төлбөрийг буцаан олгох талаар тохиролцсон. Ийм болохоор бид дэнчин шаардаж байгаа 1,250,000 төгрөгийг үндэслэлгүй гэж үзэж буцаах боломжгүй. Цайны газрыг 2 жил 1 сарын хугацаанд түрээслэхдээ 45,370,000 төгрөгийг төлөх ёстой байснаас нэхэмжлэгч 38,392,000 төгрөгийг төлсөн. Энэ хугацаанд таван удаа дутуу төлсөн байдаг. 8 дугаар сарын түрээсийн 2,000,000 төгрөгийг дансаар болон бусад байдлаар өгөөгүй. Үндэслэлгүй хөрөнгөжсөн асуудал дээр Улсын онцгой байдлын комиссын шийдвэр, бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн өдрүүдэд түрээсийн төлбөрөөс чөлөөлж тооцсон. Бүх нийтийн бэлэн байдалд шилжүүлсэн үед гарсан Засгийн газрын дөрвөн удаагийн тохиолдол байгаа. 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр, 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр, 2021 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр, 2021 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс 2021 оны 5 дугаар сарын 07-ны өдрийг хүртэлх, эдгээр хугацаанд түрээсийн төлбөр бодогдоогүй. Иймд үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж 5,142,000 төгрөгийг шаардаж байгаа нь үндэслэлгүй. Засан сайжруулалттай холбоотойгоор 7,690,700 төгрөгийг шаардаж байгаа боловч баримтгүй байна. Д.Т-т ажлын байранд нь болон 2022 оны 09 дүгээр сард утсаар, мессеж илгээж болон биеэр очиж мэдэгдсэн. Тийм болохоор огт мэдэгдэхгүйгээр орлогыг нь тасалсан, дараагийн ажиллах боломжит нөхцөлийг хаасан гэх нь үндэслэлгүй гэж үзэж байна. Өдрийн доод талын орлого 160,000 төгрөг гэж байгаа, дараагийн үйл ажиллагаа явуулах үйлчилгээний талбай олох боломжит богино хугацаа 45 хоног гэж үзээд 7,200,000 төгрөгийн хохирлыг үндэслэлгүй гэж үзэж байна. Орлогын хэмжээг доод тал нь 160,000 төгрөг, дундаж орлого 210,000 төгрөг, дээд талын орлого 320,000 төгрөг гэх нь нотлогдон тогтоогдсон баримт байхгүй тул төлөх боломжгүй. Түрээсийн төлбөрийг сарын эхэн үед төлөх ёстой байтал дандаа сарын сүүлд болон дутуу төлдөг. Удаа дараа түрээсийн гэрээний үүргээ биелүүлээгүй өөр зориулалтаар ашиглаж, түрээсэлж байсан. Мөн Д.Т-т өөрт нь мэдэгдсэний үндсэн дээр объектод очсон тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
3.Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Дутуу төлсөн түрээсийн төлбөр 4,985,000 төгрөг, вакум цонх хагалж, цууруулснаас би өөрийн зардлаар засуулснаас 1,100,000 төгрөгийн хохирол учирсан, ашиглалтын зардал 263,857 төгрөг, нийт 6,348,857 төгрөгийн сөрөг нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гар утсанд хийсэн үзлэгтэй холбоотой Ч.Г- өөрийн санаачилгаар түрээсийн төлбөрийг бууруулсан үйл баримттай маргахгүй. Тодруулбал, 2021 оны 03 дугаар сарын түрээсийн төлбөрөөс 500,000 төгрөгийг, 2021 оны 04 дүгээр сар, 05 дугаар сар, 06 дугаар сар, 07 дугаар сарын хувьд нэхэмжлэлийн үнийн дүнг багасгаад, гагцхүү 8 дугаар сарын түрээсийн төлбөр 2,000,000 төгрөгийг нэхэмжилж байгаа. Нийт үлдэгдлээс 2,000,000 төгрөгийн дэнчин, илүү төлөлт хийсэн 3,520,000 төгрөгийг хасаад, 2,395,000 төгрөгийн түрээсийн төлбөр авна. Хоёр давхар шилтэй долоон цонх цуурч хагарсан байсныг Ч.Г- өөрийн зардлаар цонх засаж 1,100,000 төгрөг төлсөн байдаг. 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн хүртэлх ашиглалтын зардал 263,857 төгрөг төлөгдөөгүй байсан зардлыг 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Ц.Гансүх өөрөө төлсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг 2,590,000 төгрөгөөр багасгаж нийт 3,758,857 төгрөгийг гаргуулах шаардлагаа дэмжиж байна гэжээ.
4.Нэхэмжлэгчийн тайлбар, татгалзлын агуулга: Өөрт учирсан хохирол буюу долоон вакум цонхны шил 1,100,000 төгрөгөөр сольсон гэх сөрөг шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдөр түрээсийн гэрээнд заасан обьектыг түрээслэхээр хүлээн авч орсон байдаг. Цонхноос бусад бүх засварыг өөрсдийн хөрөнгөөр засварлаж хаалга паар хоёрыг шинэчлэн сольж авалгүй үлдээсэн байдаг. Ч.Г-ийн сольсон гэх долоон ширхэг цонхыг Д.Т- нь түрээсэлж байх хугацаандаа хагалж эвдсэн зүйл огт байхгүй. Сөрөг нэхэмжлэлд худлаа мэдээлэл оруулсан байна. Анхнаасаа хагархай байсан цонхыг хүлээж авсан. Ашиглалтын зардал 263,857 төгрөгийг 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр ашиглалтын зардлыг төлж барагдуулсан нотлох баримтыг хэрэгт өгсөн. Үүний дараа буюу 2022 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Ч.Г- өөрийн биеэр хууль бусаар дайрч орсон. Тухайн үед эзэмшиж ашиглаагүй тул ашиглалтыг зардлыг төлөх үүрэг хүлээхгүй. Түрээсийн үлдэгдэл төлбөр 2,395,000 төгрөг болж буурч байх шиг байна. Сөрөг нэхэмжлэлдээ анх бичгээр 4,985,000 төгрөг нэхэмжлэх байсан. Сөрөг нэхэмжлэлд Д.Т-ыг цайны газрыг хоёр жил нэг сарын хугацаанд түрээслэхэд нийт 45,377,000 төгрөг төлөх ёстой байсан гэж зөрүүтэй үнийн дүн гаргасан байна. Д.Т- нь нийт 39,787,000 төгрөгийн түрээс төлөх ёстой байсан. Түрээсийн төлбөрийг таван удаа дутуу төлсөн, дөрвөн удаа огт төлөөгүй гэж сөрөг нэхэмжлэлд хавсрагдсан төлбөр тооцоо хийсэн хүснэгтэд дурдахдаа 2020 оны 09 дүгээр сар, 2020 оны 12 дугаар сар, 2021 оны 01 дүгээр сараас 8 дугаар сарын байдлаар 6,985,000 төгрөгийг бодсон нь бодит байдлыг зөрүүтэй байдал гарсан талаар дараах байдлаар тайлбарлан. 2022 оны 09 дүгээр сард 2,000,000 төгрөг төлөөгүй гэж байгаа нь үндэслэлгүй бөгөөд төлсөн нь баримтаар тогтоогдоно. Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 496 дугаар зүйлийн 496.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц.Гансүхээс 7,250,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Т-т олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 14,036,700 төгрөгт холбогдох хэсгийг, хариуцагч Ц.Гансүхийн нэхэмжлэгч Т.Төмөрбаатарт холбогдуулан гаргасан 3,758,857 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 264,500 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 116,500 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 130,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Т-т олгуулахаар шийдвэрлэжээ.
6.Хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч, гомдол гаргаж байна. Шүүх түрээсийн гэрээг хүчин төгөлдөр буст тооцсон тул талуудын хэн алинд нь шаардах эрх үүсэхгүй гэж шийдвэрлэсэн байтлаа түрээслэгч нэхэмжлэгч Д.Т-аас түрээсийн гэрээний дэнчинд төлсөн 1,250,000 төгрөгийг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна. Мөн шүүх хариуцагч нь цайны газрын засан сайжруулалт 6,000,000 төгрөг зарцуулсан байна гэж үзэн надаас гаргуулахаар шийдсэн нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч нь засан сайжруулалтын хүрээнд цайны газрын 3 ханыг тод ногоон өнгөөр будсан нь ашиглалтын явцад өнгө үзэмжээ алдсан. Цайны газрын орох хэсгийн хуучнаар нь ашиглаж болохоор байсан 1 хаалгыг сольсон боловч тус хаалгыг надад буцаан өгөөгүй. Гэрээнд тохиролцоогүй зүйл болох үсчиний зориулалтаар ашиглаж байсан өрөөний 2 хананд обой наасан байсан. Би цайны газраа хүлээн авсны дараа 1 ханыг нь нурааж, нөгөө хананыхан обойг хуулж шинээр засвар хийсэн. Обой нь 2 жил ашиглагдсан тул өнгө үзэмж нь муудсан байсан. Цахилгааны монтаж шинээр татан гэрэлтүүлэг хийсэн гэдэг боловч гарахдаа өөрсдөө бүгдийг нь авч явсан. Нэхэмжлэгч нь миний ашиглаж байсан ариун цэврийн өрөөний угаалтуур, холигч, цахилгааны кабель болон таазанд байсан гэрлийг тус тус авч явсан. Цайны газартаа тек хийсэн байсан боловч гарахдаа өөрсдөө аваад явсан. Нэхэмжлэгч нь цайны газарт ашиглахаар авсан байсан ширээ, сандал, аяга, таваг, хөшиг, хэвлэл, хулдаас зураг зэрэг зүйлээ бүгдий нь аваад гарсан. Иймд нэхэмжлэгч нь цайны газрын эд хөрөнгөд засан сайжруулалтыг өөрийн сайн дурын үндсэн дээр хийсэн, засан сайжруулалт хийсэн зүйл нь түрээслүүлэгч надад үлдэж, одоо ашиглагдаж байгаа зүйл огт байхгүй билээ. Иймд цайны газрын эд хөрөнгөд засан сайжруулалт хийснээс надад хөрөнгөжсөн зүйл байхгүй, хананы будаг, обой зэрэг нь хугацааны явцад элэгдэлд орсон тул засварын зардлаа нөхөн төлөхийг шаардах эрх үүсэх үндэслэл байхгүй гэж үзэж байна.
6.а.Нэхэмжлэгч нь засвар хийсэн талаарх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болох нотлох баримтуудыг шүүхэд ирүүлээгүй байдаг. Шүүх хуралдаанд мэдүүлэг өгсөн гэрч нар нь нэхэмжлэгчийн гэр бүлийн хүн, нэгдмэл ашиг сонирхолтой учир хэрэгт ач холбогдол бүхий үйл баримтад субьектив байдлаар хандах боломжтой юм. Шүүх хуралдаанд гэрч Наранчимэг ... бэлнээр мөнгө өгсөн, засварын зардал дансаар засварын мөнгө шилжүүлээгүй, засварын зардалд 6,000,000 төгрөг бэлнээр өгсөн, засан сайжруулалт хийсэн төлбөрийг бид 2 машинаа зарж бэлэн 5,000,000 төгрөг төлсөн, үлдсэн 1,000,000 төгрөгийг нөхөр Д.Т- яаж төлснийг мэдэхгүй, засварын зардлыг Янжиндулам төлсөн, гэрч Янжиндулам засварт арав гаруй сая төгрөг миний данснаас гарч төлөгдсөн, буцааж Төмөрбаатар 6,000,000 төгрөг бэлэн өгч байсан байх гэж тус тус өөрөөр мэдүүлэн мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чаддаггүй. Анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу шүүхэд гэрчээр асуугдсан гэрч Ш.Наранчимэг ... засварын зардлыг эхлээд П.Я- гаргаж засвар хийсэн. Нөхөр бид хоёр машинаа зараад 5,000,000 төгрөгийг П.Я-д бэлнээр авч очиж өгсөн 1,000,000 төгрөгийг манай нөхөр дансаар төлсөн байх ... гэж, гэрч П.Я- ... засварт арав гаруй сая төгрөг зарцуулсан. Д.Т- засварын зардалд надад 6,000,000 төгрөгийг бэлнээр төлсөн ... гэж тус тус мэдүүлсэн бөгөөд гэрчүүдийн дээрх мэдүүлэг болон хэргийн үйл баримтаас дүгнэхэд нэхэмжлэгч Д.Т- нь хариуцагч Ч.Г-ийн эд хөрөнгөд 6,000,000 төгрөгийн зардал гаргаж, засан сайжруулсан гэж дүгнэх үндэслэлтэй гэж дурьдсан. Тэгвэл хэрэгт нотлох баримтаар авагдсан банкны гүйлгээний баримтаар П.Я- нь 2020 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн zasvar гэх гүйлгээний утга бүхий 290,000 төгрөг, 2020 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн zasvar гэх гүйлгээний утга бүхий 40,000 төгрөг, 2020 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн ZASVAR гэх гүйлгээний утга бүхий 8,500 төгрөг, 2020 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн ZASVAR гэх гүйлгээний утга бүхий 9,000 төгрөг, 2020 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн zasvar гэх гүйлгээний утга гүйлгээний бүхий 30,000 төгрөг, 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн zasvar hool гэх утга бүхий 20,000 төгрөг, 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн zasvar гэх гүйлгээний утга бүхий 200,000 төгрөг, 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн zasvar гэх гүйлгээний утга бүхий 150,000 төгрөг, 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн zasvar гэх гүйлгээний утга бүхий 30,000 төгрөг, ... 2020 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн zasvar гэх гүйлгээний утга бухий 10,000 төгрөг, 2020 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн zasvar гэх гүйлгээний утга бүхий 50,000 төгрөг, бүхий 20,000 төгрөг, 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн hog zasvar гэх гүйлгээний утга бүхий 50,000 төгрөг, 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн zasvar гэх гүйлгээний утга бүхий 20,000 төгрөг, 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн zasvar гэх гүйлгээний утга бүхий 58,000 төгрөг, 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн zasvar гэх гүйлгээний утга бүхий 130,000 төгрөг, 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн zasvar гэх гүйлгээний утга бүхий 36,400 төгрөг, 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн galtogoo tusdaa zasvar гэх гүйлгээний утга бүхий 111,900 төгрөг, 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн galtogoo zasvar rax гүйлгээний утга бүхий 99,500 төгрөг, 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн gal togoo zasvar гэх гүйлгээний утга бүхий 37,600 төгрөг, 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн zasvar гэх гүйлгээний утга бүхий 50,000 төгрөг, 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн gal togoo zasvar гэх гүйлгээний утга бүхий 29,000 төгрөг, 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн gal togoo zasvar гэх гүйлгээний утга бүхий 35,000 төгрөг 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн gal togoo zasvar гэх гүйлгээний утга бүхий 28,000 төгрөг, 2020 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн zasvar beltgel гэх гүйлгээний утга бүхий 70,000 төгрег, 2020 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн zasvar гэх гүйлгээний утга бүхий 20 000 төгрөг, 2020 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн zasvar гэх гүйлгээний утга бүхий 18,500 төгрөг 2020 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн zasvar гэх гүйлгээний утга бүхий 22,500 төгрөг 2020 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн zasvaж гэх гүйлгээний утга бүхий 5,000 төгрөг 2020 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн zasvar гэх гүйлгээний утга бүхий 91,000 төгрөг 2020 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн zasvar гэх гүйлгээний утга бүхий 7,500 төгрөг, 2020 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн zasvar гэх гүйлгээний утга бүхий 19,500 төгрөг, 2020 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн zasvar гэх гүйлгээний утга бүхий 8,000 төгрөг, 2020 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн zasvar гэх гүйлгээний утга бүхий 17,100 төгрөг, 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн zasvar naraagas гэх гүйлгээний утга бүхий 85,000 төгрөг, 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн zasvar santehnik rax гүйлгээний утга бүхий 66,000 төгрөг, 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн zasvar гэх гүйлгээний утга бүхий 41,000 төгрөг, 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн zasvar гэх гүйлгээний утга бүхий 20,000 төгрөг, 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн bayarllaa zasvar гэх гүйлгээний утга бүхий 295,000 төгрөг, 2020 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн zasvar гэх гүйлгээний утга бүхий 15,000 төгрөг 2020 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн zasvar гэх гүйлгээний утга бүхий 9,000 төгрөг тус тус шилжүүлэн нийт 2,373,000 төгрөг зарцуулсан болох нь тогтоогдож байна. Гэтэл шүүх нэгдмэл ашиг сонирхолтой, өөр өөрөөр мэдүүлэг өгөн, мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чаддаггүй гэрч нарын мэдүүлэгт үндэслэж эд хөрөнгөд 6,000,000 төгрөгийн зардал гаргаж, засан сайжруулсан байна гэж шийдвэрлэсэн нь шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ. Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэх хуулийн зарчим алдагдан улмаар шүүхийн шийдвэрт нөлөөллөө гэж үзэж байна. Түрээслэгч нь бусдын өмчлөлийн цайны газарт үйл ажиллагаа уулзахдаа эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг нь ханган, арчлан хамгаалж ажиллахын зэрэгцээ ашиглалтын зардлыг бүрэн хариуцах ёстой байсан. Түрээслэгчийн буруугаас цайны газрын 2 давхар шилтэй 7 цонх цуурч хагарсны зэрэгцээ 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны ашиглалтыг зардал буюу цэвэр, бохир усны үнэ, халуун ус дулааны үнэ, халаалтын болон усны төлбөрөө тус тус төлөлгүй орхиж явсан. Иймд түрээслүүлэгч нь цонхонд 1,100,000 төгрөгийн засвар үйлчилгээ хийсэн бол дээрх хугацааны ашиглалтын зардал болох 263,857 төгрөгийг орон сууц ашиглалтын конторт төлж, өр авлагыг барагдуулсан. Түрээслэгч Д.Т- нь цайны газрыг анх хүлээн авахдаа цонх нь эвдрэл, гэмтэлгүй байсныг хүлээн зөвшөөрдөг, энэ талаар маргадаггүй байхад шүүх хариуцагчийг шаардлагын үндэслэлээ нотлох баримтаар нотлоогүй гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Дээрх үйл баримт болон цонх зассан, орон сууц ашиглалтын конторт ашиглалтын зардал төлсөн зэрэг нь нотлох баримтаар тогтоогддог тул түрээслэгч нэхэмжлэгч нь дээрх зардлыг нөхөн төлөх үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд дээрх үндэслэлүүдээр хариуцагч нь нэхэмжлэгч Д.Т-т 7,250,000 төгрөг төлөх үндэслэлгүй, харин цонхны засварт зарцуулсан 1,100,000 төгрөг болон ашиглалтын зардалд төлсөн 263,857 төгрөг нийт 1,363,857 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулан авах үндэслэлтэй гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
7.Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Тус иргэний хэрэгт хариуцагч талаас 3 үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан. Нэхэмжлэгч Д.Т- 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хариуцагч Ч.Г-тэй Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Оюутны гудамж дахь 10/1 байрны 30 тоот хаягт байрлах 101,53 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай объектыг 5 жилийн хугацаатай түрээслэхээр түрээсийн гэрээ байгуулсан. Гэвч гэрээний үүргийг ноцтой зөрчсөн буюу 2 жилийн хугацаа өнгөрөөгүй буюу хугацаанаас өмнө хариуцагч Ч.Г- объектод дайран орж, засвар үйлчилгээг эвдэлж, нураасан. Хариуцагч Ч.Г-ээс нийт 21,286,700 төгрөгийг гаргуулахаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримт, гэрчийн мэдүүлэг, үзлэгийн тэмдэглэл, банкны дансны хуулга, анхан шатны баримт, гэрэл зураг болон бусад баримтууд болох 7 төрлийн нотолгооны хэрэгслийг ашиглан шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл талуудын хооронд байгуулсан үл хөдлөх хөрөнгө түрээслэх түрээсийн гэрээ хуульд заасан хэлбэрийн шаардлага хангаагүй гэж дүгнэсэн. Хариуцагчаас нийт 21,286,700 төгрөг нэхэмжилсэн бөгөөд анхан шатны шүүх хариуцагч Ч.Г-ийн өмчлөлийн эд хөрөнгөд нэхэмжлэгч Д.Т- засан сайжруулалт хийсэн гэх агуулгыг дурдсан. Хэрэгт цугласан нотлох баримтаас үзэхэд 7,250,000 төгрөгөөс хэтэрсэн үнийн дүн гарах боловч анхан шатны шүүх эргэлзээгүй шийдвэрлэхийн тулд хамгийн бага үнийн дүн гаргасан гэж ойлгосон. Харицагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй, анхан шатны шатны шүүх хууль зүйн үндэслэлтэй. Хариуцагч засан сайжруулалтыг ашиглаагүй гэж тайлбарладаг бөгөөд тус объектыг эвдлэн орсон байдаг. Тухайн үл хөрөнгийн үнэлэмж, бүтээсэн зүйлийн үнэ нь 7,250,000 төгрөгөөр хэмжигдэхгүй. Гэрчийн мэдүүлгээр бэлнээр 5,000,000 төгрөг, 6,000,000 төгрөг авсан, 2 дахь гэрч 5,000,000 төгрөг өгсөн, нэхэмжлэгч Д.Т-ын зүгээс тухайн хөрөнгийг шилжүүлсэн талаарх дансны хуулга, бусад эд хөрөнгүүд нотлогддог. Мөн хариуцагч давж заалдах гомдолд сөрөг нэхэмжлэлийн гуравдахь үндэслэлийг дурдсан байна. Анхнаасаа үл хөдлөх хөрөнгийг хүлээлгэн өгөхдөө бүрэн бүтэн байдлыг шалгаж, хүлээлгэн өгөөгүй тул маргах шаардлагагүй. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан нотлох баримтуудыг үнэлж, дүгнэсэн гэжээ.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх хариуцагч талын гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т зааснаар шийдвэрийг хэвээр үлдээв.
2.Нэхэмжлэгч Д.Т- нь хариуцагч Ч.Г-эд холбогдуулан гэрээнээс татгалзсаны улмаас учирсан хохирол болон бусад зардалд нийт 21,286,700 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч түрээсийн үлдэгдэл төлбөр болон бусад зардалд нийт 3,758,857 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.
3.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
3.а.Зохигчид 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр түрээсийн гэрээ байгуулж, уг гэрээгээр хариуцагч Ц.Гансүх нь өөрийн өмчлөлийн, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Оюутны гудамж 10/1 дугаар байрны 30 тоот хаягт байршилтай үйлчилгээний зориулалттай, 101,53 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг, сарын 2,000,000 төгрөгөөр, 5 жилийн хугацаатай түрээслүүлэх, нэхэмжлэгч Д.Т- нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг хугацаанд нь түрээслэхээр тохиролцсон болох нь талуудын тайлбар, түрээсийн гэрээ зэрэг нотлох баримтаар тогтоогджээ. /хх-ийн 6-7-р тал/
3.б.Нэхэмжлэгч Д.Т- нь дээрх түрээсийн талбайд 2022 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүртэл үйл ажиллагаа явуулж, мөн өдөр хариуцагч Ч.Г- нь түрээсийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг эзэмшилдээ авсан үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон байна. Талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээ байгуулагдсан боловч уг гэрээг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3, 318.4 дэх хэсэгт зааснаар улсын бүртгэлд бүртгүүлээгүй байх тул тус гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзнэ.
3.в.Хэдийгээр түрээсийн гэрээ хүчин төгөлдөр бус байх боловч аливаа этгээд бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр, үнэ төлбөргүй ашиглах эрхгүй тул Иргэний хуулийн Гуравдугаар дэд бүлэгт заасан бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан буюу эзэмшсэнээс үүсэх үүргийн хүрээнд дүгнэлт хийнэ.
3.г.Нэхэмжлэгч Д.Т- нь засварын зардалд 7,694,700 төгрөг, олох байсан орлого 7,200,000 төгрөг, дэнчингийн үлдэгдэл 1,250,000 төгрөг, түрээсийн төлбөрт илүү төлсөн 5,142,000 төгрөг, нийт 21,286,700 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилсэн ба анхан шатны шүүх дээрх шаардлагаас олох байсан орлого 7,200,000 төгрөг, түрээсийн төлбөрт илүү төлсөн 5,142,000 төгрөг болон засварын зардлаас 1,694,700 төгрөгт холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэнд нэхэмжлэгч тал давж заалдах гомдол гаргаагүй байна. Иймд иргэний эрх зүйн диспозитив зарчмын хүрээнд гомдол гаргаагүй асуудлаар дүгнэлт хийхгүй болно.
4.Харин анхан шатны шүүх засварын зардалд 6,000,000 төгрөг, дэнчингийн үлдэгдэл гэх 1,250,000 төгрөг, нийт 7,250,000 төгрөгийг хариуцагч Ч.Г-ээс гаргуулж, нэхэмжлэгч Д.Т-т олгуулахаар шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлсэн байна.
4.а.Тодруулбал, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцаах үүрэгтэй тул дэнчинд төлсөн 1,250,000 төгрөгийг буцаан өгөх үүрэг хариуцагч Ч.Г-эд үүссэн талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.
4.б.Засварын зардал 6,000,000 төгрөгийн тухайд Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.2 дахь хэсэгт Хэн нэг этгээд өөр этгээдийн хөрөнгөд сайн дураараа өөрөө мэдэж буюу андуурч зардал гаргасан бөгөөд нөгөө этгээд үүний улмаас хөрөнгөжсөн бол зардал гаргасан этгээд түүнээс зардлаа нөхөн төлөхийг шаардах эрхтэй гэж заасан.
4.в..Нэхэмжлэгч Д.Т- нь хариуцагч Ч.Г-ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг түрээслэн үйл ажиллагаа явуулж байх хугацаандаа тодорхой хэмжээний засвар үйлчилгээ хийсэн үйл баримт тогтоогдсон тул дээрх хуульд зааснаар зардлаа нөхөн төлөхийг шаардах эрхтэй.
4.г.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар зохигчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг зэрэг нь нотолгооны хэрэгсэлд хамаардаг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э.Гансүх нь ... Д.Т- нь цайны газрын ханыг будсан, ариун цэврийн өрөөний угаалтуурыг зассан, шатсан гэрлийг сольсон, мөн Д.Т-ын үлдээж явсан зарим эд зүйлийг дараагийн түрээслэгч хэрэглэж байгаа гэх зэргээр засан сайжруулалт хийсэн үйл баримтыг зөвшөөрч тайлбар гаргасан.
4.д.Мөн гэрч Ш.Наранчимэг, П.Я- нар нь засварын зардалд 6,000,000 орчим төгрөг зарцуулсан гэж мэдүүлсэн буюу цайны газрыг түрээсэлж байх хугацаанд гэрч П.Я-ын данснаас zasvar гэсэн гүйлгээний утгаар удаа дараа мөнгөн хөрөнгө шилжсэн үйл баримт тогтоогдсон тул зохигчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, дансны хуулга, гэрэл зураг зэргийг харьцуулан дүгнэж, засварын зардлыг 6,000,000 төгрөгийн хэмжээнд хангаж шийдвэрлэсэн шүүхийн дүгнэлт зөв байна. Иймд энэ талаар гаргасан хариуцагч талын давж заалдах гомдлыг хангах боломжгүй.
4.е.Хохирол 1,100,000 төгрөг, ашиглалтын зардал 263,857 төгрөг, түрээсийн үлдэгдэл төлбөр 2,395,000 төгрөг, нийт 3,758,857 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн тухайд анхан шатны шүүх уг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Хариуцагч тал хохирол 1,100,000 төгрөг болон ашиглалтын зардал 263,857 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэнд гомдол гаргасан.
4.ё. 7 ширхэг вакум цонх цуурч хагарсныг шилэхэд 1,100,000 төгрөгийн зардал гаргасан гэх үндэслэлээр дээрх төлбөрийг нэхэмжилсэн боловч анх үл хөдлөх эд хөрөнгийг хүлээлцэхэд тухайн цонх цуурч, хагараагүй байсан гэх нөхцөл байдлыг хариуцагч тал баримтаар нотлоогүй. Өөрөөр хэлбэл, анх талууд тухайн хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг акт үйлдэн хүлээлцээгүй байх тул уг шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр үндэслэлтэй.
4.ж.Ашиглалтын зардал гэх 263,857 төгрөг гаргуулах шаардлагын тухайд нэхэмжлэгч Д.Т- нь цайны газрыг эзэмшиж үйл ажиллагаа явуулж байх хугацаандаа ашиглалтын төлбөрийг төлж байсантай холбоотой баримтууд хэрэгт авагдсан байхаас гадна дээрх төлбөрийг шилжүүлсэн гүйлгээний утга дахь хамрах хугацаа нь төлбөрийн нэхэмжлэх дэх хугацаанаас зөрүүтэй байна. /хх-ийн 29-35, 126-127-р тал/. Иймд энэ талаар гаргасан хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
Сөрөг нэхэмжлэлээс хариуцагч нь нэхэмжлэгчээс дутуу төлсөн түрээсийн төлбөрт 2,395,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд хариуцагч гомдол гаргаагүй тул талуудын зарчимд нийцүүлэн хэвээр үлдээнэ.
Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч талын гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2023/00801 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 167,722 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА
Г.ДАВААДОРЖ