| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Галсангийн Гэрэлт-Од |
| Хэргийн индекс | 166/2017/0120/Э |
| Дугаар | 469 |
| Огноо | 2018-12-19 |
| Зүйл хэсэг | 097.1., |
| Улсын яллагч | Г.Яндаг |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Цагаатгах тогтоол
2018 оны 12 сарын 19 өдөр
Дугаар 469
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2017/0120/Э
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Ганхуяг
Улсын яллагч Г.Яндаг,
Хохирогч Д.Энхтайван,
Хохирогчийн өмгөөлөгч Ц.Алтанзаяа,
Иргэний хариуцагчийн өмгөөлөгч З.Энхтуяа,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Өлзиймаа,
Шүүгдэгч С.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт С.А холбогдох эрүүгийн 201609000676 дугаартай хэргийг Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс 2018 оны 11 дүгээр сарын 28-ны хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1988 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Х овогт С.А
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч С.А нь 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Дархан-Уул аймгийн Өргөө баг Дархан Дээд сургуулийн спорт зааланд сагсан бөмбөг тоглож байгаад иргэн Д.Эзүүн нүдэнд тохойгоороо цохиж хүнд зэргийн гэмтэл болгоомжгүй учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруу, үйл баримтын талаар:
Шүүгдэгч С.А нь 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Дархан-Уул аймгийн Өргөө багт байрлах Дархан Дээд сургуулийн спорт зааланд 24 дүгээр дунд сургуулийн сурагчдын эцэг, эхчүүдийн дунд зохион байгуулагдсан сагсан бөмбөгийн тэмцээний үеэр цагираг руу бөмбөг шидээд буухдаа хохирогч Д.Э зүүн нүдийг тохойгоороо цохисны улмаас Д.Э эрүүл мэндэд зүүн нүдний хараа алдалт, эвэрлэгийн урагдсан шарх, шиллэг бие болон судсан бүрхүүлийн урагдал /нүдний алимны агууламжийн гоожилт/, өмнөд камерын цусан хураа, нүдний алимны доргилт, салстын цус харвалт, дээд, доод зовхи, дотор буланд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хүнд гэмтэл учирсан болох нь:
Шүүгдэгч С.Агийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Сагсан бөмбөгийн тэмцээн дуусах дөхөж шигшээ тоглолт явагдах үед 4а ангийн эцэг эхчүүдтэй тоглосон. Тоглолтын явцад гурван онооны зайнаас шидэлт гүйцэтгэхэд Д.Энамайг хамгаалж байгаад бөмбөг шидэх үед миний тохойг мөргөж гэмтсэн. Бөмбөг шидэхийн өмнө намайг 2 хүн хамгаалж байгаа харагдсан. Би цагираг руу бөмбөгөө оруулах буюу хожих л зорилготой байсан. Тухайн үед тоглолтыг шүүж байсан Т.Батбаяр шүүгч алдаа гаргаагүй гээд тоглолтыг үргэлжлүүлэх дохио өгч байсан. Тэгээд эсрэг баг руу тоглолт эргэхэд би шүүгчид хүн гэмтсэн байна гэж хэлэн тоглолтыг зогсоолгосон, би гэмт хэрэг хийсэн гэдэг байдлаар мөнгө өгөөгүй, сагсан бөмбөг тоглож байхдаа өөрөө ч гэсэн гэмтэж байсан болохоор мөнгө өгсөн” гэх мэдүүлэг,
Хохирогч Д.Э өгсөн: “...Намайг хамгаалаад зогсож байхад С.А бөмбөг шидээд буухдаа миний нүд рүү цохисон, би нүдэндээ гэмтэл авч газарт унасан. Тэр үед миний гар цус болсон байсан. Түүний дараа намайг сандал дээр сууж байхад С.А ирээд “юу болсон бэ” гэж асуухаар нь “чи намайг цохичихлоо” гэж хэлсэн. Тухайн үед нүднээс цус гоожоод зогсохгүй болохоор нь эмнэлэгт очсон, одоо нүд юу ч харахгүй хараагүй болсон” гэх мэдүүлэг,
Гэрч Б.С мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 24 дүгээр дунд сургуулийн 3А ангийн багш бөгөөд манай сургууль жил бүр уламжлал болгон сурагчдын эцэг, эхчүүдийн дунд сагсан бөмбөг, гар бөмбөгийн тэмцээн зохион байгуулдаг. 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн үдээс хойш 14:30 цагийн орчимд сагсан бөмбөгийн тэмцээн болсон. Манай ангийн эцэг, эхчүүдийн баг бүсээсээ 1 дүгээр байранд ороод А бүсийн 2 дугаар байранд орсон 4а ангийн эцэг, эхчүүдийн багтай тоглосон. Тоглолтын үеэр манай ангийн багийн эцэг С.А бөмбөг аваад довтлоод эсрэг багийн цагираг руу бөмбөгөө шидсэн боловч бөмбөг нь ороогүй. Тэгээд эсрэг багийн тоглогч бөмбөг аваад манай баг руу довтолсон. Тэгэхэд эсрэг багийн тоглогч болох нэг ах нүүрээ дараад цаана талбай дээр сууж байсан. Удаагүй шүүгч тоглолтыг зогсоосон. Тэгээд талбай дээр тоглож байсан эцэг, эхчүүд нөгөө нүүрээ дараад сууж байсан ахыг сандал дээр суулгасан. Би тэр ахыг хажуу талаас нь харахад хамрыг нь дагаад цус урсаж байсан. Би хамраас нь цус гарч байна гэж бодсон. Тэгсэн тэр ах “миний нүд яачхав аа” гэж хэлсэн. Тэгээд тэр ахыг манай ангийн хүүхдийн эцэг машиндаа суулгаад эмнэлэг авч явсан. Би тоглолтын үеэр яг хэзээд нь цохисныг бол хараагүй. Ямар ч байсан С.А бөмбөг аваад довтолж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 15/,
Гэрч Д.О мөрдөн байцаалтад өгсөн: “...2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр манай сургуулийн 1-5 дугаар ангийн сурагчдын эцэг, эхчүүдийн дунд жил бүр зохион байгуулдаг сагсан бөмбөг, гар бөмбөгийн тэмцээн болсон. Тухайн тэмцээний үеэр хүний нүд гэмтэх үед манай ангийн эцэг, эхчүүдийн багийн тоглох ээлж болоогүй байсан учир би заалны зүүн хойд талд нэг сурагчийнхаа ээжтэй юм яриад сууж байсан. Тэгэхэд нэг тоглогч заалны урд хэсэгт нүүрээ гараараа дараад өвдөглөөд сууж байсан. Тухайн үед би хүний нүд гэмтэхээр зүйл болоогүй байх гэж бодож байсан. Тэмцээний өмнөх өдөр техникийн зөвлөгөөн хийгээд бага ангийн багш нар, эцэг, эхчүүдийн төлөөлөл, биеийн тамирын багш Б нар оролцсон” гэх мэдүүлэг /хх-ийн 16/,
Гэрч Б.Батзулын мөрдөн байцаалтад өгсөн: “...2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр манай сургуулийн 1-5 дугаар ангийн хүүхдүүдийн эцэг, эхчүүдийн дунд сагсан бөмбөг, гар бөмбөгийн тэмцээн болсон. Манай ангийн эцэг, эхчүүдийн баг 3а ангийн эцэг, эхчүүдийн багтай тоглож байхад би заалны баруун талд сууж байсан. Тэгэхэд манай баг руу эсрэг багийн тамирчин бөмбөг аваад довтолж байхад манай багийн тамирчид хамгаалж байсан. Тэгээд бөмбөгийг манай багийн тамирчин аваад залаад цааш явахад нэг тоглогч маань нүдээ дараад доошоо тонгойгоод газарт сөгдөөд сууж байсан. Тэгээд хохирогч Д.Э нөгөө ангийн нэг эцэг машиндаа суулгаад эмнэлэг рүү авч явсан. Тэр үед Д.Э нүднээс цус гарч байсан. Эмнэлэг рүү явж байхдаа Д.Э “ямар баларсан юм бэ ёо ёо миний нүд” гээд байсан. Тэмцээний өмнөх өдөр техникийн зөвлөгөөн хийгээд бага ангийн багш нар, эцэг, эхчүүдийн төлөөлөл, биеийн тамирын багш Т.Б нар оролцсон” гэх мэдүүлэг /хх-ийн 17/,
Гэрч Э.Э мөрдөн байцаалтад өгсөн: “...2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр зохион байгуулсан сагсан бөмбөгийн тэмцээний үеэр би сургуулийн захирал А.Г хамт 00 өрөө орчхоод эргээд зааланд ороход 4а, 3а ангийн сурагчдын эцэг, эхчүүд тоглож байхад 4а ангийн хүүхдийн аав нүдэндээ гэмтэл аваад нүднээс нь цус гараад эмнэлэг рүү авч явсан гэсэн. Би араас нь эмнэлэгт очиход Д.Э ахыг Улаанбаатар хот руу яаралтай явуулах шаардлагатай гэсэн. Тэгээд Улаанбаатар хот руу явахад нь шатахууны зардал болгож бооцооны мөнгөнөөс 100.000 төгрөг өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 18/,
Гэрч Т.Б мөрдөн байцаалтад өгсөн: “...Би талбай дээр шүүгчээр ажиллаж байсан. Нүдэндээ гэмтэл авсан хохирогч Д.Э өөрийн багийн бүсэд хамгаалагчийн үүрэг гүйцэтгэж байсан. Харин эсрэг багийн бөмбөг эзэмшиж байсан хүн нь 3а ангийн сурагчийн аав байсан ба довтлогчийн үүрэг гүйцэтгэж байсан. Тухайн үед хамгаалагч өөрийн бүсэд гараа өргөөд довтлогчийн биед хүрээгүй хамгаалаад зогсож байсан. Довтлогч үсрээд бөмбөгөө шийд рүү шидээд буухдаа хамгаалагчийн зүүн нүдэнд тохойгоороо санамсаргүй цохисон. Тухайн үед хамгаалагч нь довтлогчийн биед хүрэх, довтлогч нь бөмбөг шидэх үедээ хамгаалагчийг санаатай тохойлдсон зэрэг дүрмийн алдаа гаргаагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 20/,
Гэрч Л.Э мөрдөн байцаалтад өгсөн: “...Тухайн үед манай нөхрийн баг хамгаалж, эсрэг баг нь довтолж байсан. Миний харснаар эсрэг багийн довтлогч нь бөмбөг залж очоод үсрээд цагираг руу бөмбөгөө шидсэн. Тэгэхэд довтлогчийн өмнө хамгаалж байсан тоглогч доошоо нүдээ дараад өвдөглөөд суусан. Шүүгч тоглолтыг зогсоогоод тамирчид нүдээ цохиулсан хүнийг талбайн голоос аваад сандал дээр суулгасан. Би тэр ахыг харахад гарын салаагаар нь цус урсаж байсан. Тэгээд манай хүүгийн ангийн багш нь тэр хүнийг аваад эмнэлэг явсан. Тэгээд эмнэлэгт очиход эмч тэр ахыг Улаанбаатар хот руу яв гэсэн. Сургуулийн нийгмийн ажилтан бооцооны мөнгөнөөс 100.000 төгрөгийг тэр ахад өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 21/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн “Д.Э биед зүүн нүдний хараа алдалт, эвэрлэгийн урагдсан шарх, шиллэг бие болон судсан бүрхүүлийн урагдал /нүдний алимны агууламжийн гоожилт/, өмнөд камерын цусан хураа, нүдний алимны доргилт, салстын цус харвалт, дээд, доод зовхи, дотор буланд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой. Нэг нүдний хараа алдалт гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын хөдөлмөрийн ерөнхий чадвар алдалтын хувь хэмжээг тогтоох хүснэгтийн 4.7.34.1-д зааснаар, хөдөлмөрийн ерөнхий чадварыг тогтонги 35 хувиар алдагдуулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 24/, Улсын нэгдсэн төв эмнэлгийн Нүдний эмгэг судлалын тасагт хэвтэж эмчлүүлсэн тухай өвчний түүх /хх-ийн 26-29/
24 дүгээр дунд сургуулийн эцэг, эхийн нэрэмжит 2016-217 оны хичээлийн спортын 3 наадмын сагсан бөмбөг, гар бөмбөгийн тэмцээний удирдамж /хх-ийн 65-71/ зэрэг болон хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас С.А 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1-д заасан бусдын бие махбодод хүнд гэмтэл болгоомжгүй учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.
С.Агийн үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжгүй байна гэж шүүх үзэв.
Учир нь спортын уралдаан тэмцээний үед хүний эрүүл мэндэд гэм хор учрах эрсдэлтэй ба уг уралдаан тэмцээнд оролцогч нь уг эрсдлийг мэдэж байгаа боловч оролцдог.
Спортын уралдааны тэмцээний үед хүний эрүүл мэндэд хохирол учирсан үйлдэлд гэмт хэргийн шинж байгаа эсэхийг тогтоох гол шалгуур нь оролцогч уг спортын тэмцээний үед хийгдэх ёсгүй үйлдэл хийсэн эсэх юм.
Бөмбөг шидэх нь сагсан бөмбөгийн салгаж болшгүй үйлдэл ба С.А бөмбөг шидээд буухдаа тохойгоо савах үед хохирогчийн нүдэн тус газар цохисны улмаас эрүүл мэндэд нь хүнд хохирол учирчээ.
Шүүгдэгч нь хохирогчийг хаана байгаа болохыг мэдэлгүйгээр, цохих санаа зорилгогүйгээр санамсаргүй тохиолдлоор гэмтэл учруулжээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд “гэм буруугүйгээр энэ хуульд заасан хохирол, хор уршиг учруулсан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй, өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаагүй, хэргийн нөхцөл байдлын улмаас ухамсарлах боломжгүй байсан, учирч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдэх боломжгүй, мэдэх ёсгүй байсан бол хор уршиг гэм буруугүйгээр учруулсан гэж үзнэ” гэж заасан ба С.А нь өөрийн үйлдлийн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаагүй, ухамсарлах боломжгүй, учирч болох хор уршгийг урьдчилан мэдэх боломжгүй байхдаа гэмтэл учруулсан гэж шүүх үзэв.
Гэм буруу нь санаатай эсвэл болгоомжгүй хэлбэртэй байх ба энэ 2 хэлбэрийн аль аль нь байхгүй бол гэмт хэргийн шинжгүй гэж үзнэ.
Болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй нь хөнгөмсгөөр найдах, хайхрамжгүй хандах хэлбэрээр илрэх ба С.Агийн үйлдэлд аль аль шинж нь байхгүй байна.
Иймд Дархан-Уул аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Ад холбогдох эрүүгийн 201609000676 дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч С.Аг цагаатгав.
Хохирогч Д.Э эмчилгээний зардалд С.А 7,000,000 төгрөг төлсөн байх ба хохирогч иргэний нэхэмжлэл гаргаагүй байна.
Иргэний хариуцагчаар тэмцээнийг зохион байгуулсан сургуулийг татсан байх ба шүүх энэ талаар ямар нэгэн дүгнэлт хийх шаардлагүй гэж үзэв.
С.А нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, цагаатгагдсан этгээд нь хуулийн байгууллагын хууль зөрчсөн үйл ажиллагааны улмаас хохирол хүлээсэн, эрх нь зөрчигдсөн гэж үзвэл нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.9 дүгээр зүйлд
заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт С.А холбогдох эрүүгийн 201609000676 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч С.Аг цагаатгасугай.
2. Цагаатгах тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч С.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар цагаатгагдсан этгээд нь мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас хохирол учирсан гэж үзвэл уг хохирлоо арилгуулах, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх нэхэмжлэл гаргах эрхтэй болох, С.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
4. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
5. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ГЭРЭЛТ-ОД