| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Раднаасамбуугийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 160/2018/0145/Э |
| Дугаар | 224 |
| Огноо | 2018-11-03 |
| Зүйл хэсэг | 17.12.1., 23.2.1., |
| Улсын яллагч | С.Б |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 11 сарын 03 өдөр
Дугаар 224
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Р.Алтанцэцэг даргалж
Улсын яллагч: С.Батсүх
Шүүгдэгч: Д.Г, Т.У
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ө овогт Дгийн Г, Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овогт Тийн У нарт холбогдох 1812001160088 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ... оны дугаар сарын -ны өдөр Архангай аймгийн Өлзийт суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Архангай аймгийн Өлзийт сумын Ямаат баг Зөрүүлэг гэх газар гэх газар оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн 2009 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 74 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзагдсан Ө овогт Дгийн Г /РД: .../
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ний өдөр Архангай аймгийн Өлзийт суманд төрсөн, ... настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, засварчин мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Архангай аймгийн Өлзийт сумын Хөшөөт баг Жишиг хорооллын 1-1б тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, М овогт Тийн У /РД: .../
Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Д.Г нь 2018 оны 01 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Архангай аймгийн Өлзийт сумын Хөшөөт баг Орхоны хөндий гэх газраас иргэн А.Нгийн 1 тооны адууг хулгайлж 650.000 төгрөгийн хохирол учруулсан, Архангай аймгийн Өлзийт сумын Ямаат багийн Засаг дарга ажилтай яллагдагч Т.У нь 2018 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Архангай аймгийн Өлзийт сумын Хөшөөт багийн нутаг дэвсгэрт яллагдагч Д.Гад 1 тооны адууг захиран зарцуулах эрхийг тодорхойлсон, мал, махны гарал үүслийн баримт бичгийг хуурамчаар үйлдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Т.Уын шүүх хуралдаанд мэдүүлсэн: ...Би бичиг баримт хуурамчаар үйлдээгүй, гэмт хэрэг хийгээгүй гэв.
Мөрдөн байцаалтын шатанд 1812001160088 дугаартай эрүүгийн хэргээс:
Хохирогч А.Нгийн мэдүүлсэн: ...Би Өлзийт сумын Бодонт багийн Төмөртийн нуруу гэх газар мал маллан өвөлжиж байна. Энэ жил өвс бага болохоор манай адуу сумын төвийн хойд талын Орхоны хөндий гэх газар байгаа. Манай нөхөр 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр адуун дээрээ очиход манай адуу тоо толгой бүрэн байсан. 2018 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр очиход манай адуунаас бүдүүн хээр алаг морь маань алга болсон байсан. Тухайн үед манай хээр алаг морь их тарган, том, эмнэг морь байсан болохоор би хулгайд алдчихлаа гэж бодоод сумын төвөөс Улаанбаатар хот руу мах ачсан машинуудыг сураглахад манай сумын Г гэх залуугийн эхнэр нь Б гэх хүний Приус машинд алаг морины шир, мах ачаад Улаанбаатар хот руу явсныг мэдсэн. Тэгэхээр нь би Бтай дараа нь уулзахад Хн эхнэр Н тарган том морины мах, шир авч явсан бөгөөд тэр адуугаа хээл хаясан өөрийнхөө гүүг авч яваа гэж хэлээд Лүнгийн мал мах худалдан авдаг газар өгөхөд 800.000 орчим төгрөг болсон талаар Б надад хэлсэн. Дараа нь би Гын хажуу айлын Т гэдэг ахтай уулзахад Г 02 дугаар сарын 27-ны өглөө үүрээр хээр алаг морь хөтөлж ирээд гэрийнхээ гадаа нядалсан. Т Гын эхнэрээс энэ адуу юун адуу болох талаар асуухад манайх идэшээ идэж байгаа юм гэж хэлсэн байдаг. Тэгээд би толгой, шийрийг нь олохоор Гын ойр орчмоор явсныг Г мэдсэн юм шиг байгаа юм. Удалгүй Г надтай ирж уулзаад надад хандан би танай хээр алаг морийг Орхоны хөндийгөөс 30 гаруй тооны адуун дотроос чинь хулгайлж аваад 2018 оны 01 дүгээр сары 27-ны өдрийн үүрээр гэрийнхээ гадаа янзалж эхнэртээ өгч Улаанбаатар хот руу явуулсан. Би таньд уг морины хохирлыг өгье, та морио хэдэн төгрөгөөр үнэлж байгаа юм бэ гэж надаас асуусан. Би өөрийнхөө хээр алаг морийг 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр үнэлж байна гэж хэлсэн чинь Г надад хандан би энэ нэг сая төгрөгийн талыг нь 2018 оны 03 дугаар сарын 20-ны үед өгье гэж надтай тохиролцсон. Миний хээр алаг морь бол нас гүйцээд удаагүй байгаа залуу морь юм. Дөрвөн хөл шийр цагаан, дал цагаан морь байсан бөгөөд эмнэг болохоор унадаггүй, тарган морь байсан. Зөв гуян дээрээ нар саран тамгатай. Би Гын хулгайлсан морийг 1.000.000 төгрөгөөр үнэлж байгаа. Гын эхнэр Н миний морины махыг Лүнгийн мал махны цэг дээр 174 кг болгож, нэг кг махыг 4400 төгрөгөөр зарж, ширтэй нь нийт 800.000 гаруй төгрөгөөр худалдсан байгаа юм. Манай морь эмнэг, дээр нь том морь байсан болохоор адууны мах үнэтэй үед зарахад тэрнээс илүү үнэ хүрнэ гэж бодож байна. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй. Г надад ярихдаа миний морийг хулгайлснаа хүлээгээд хохирол мөнгө болох 1.000.000 төгрөгийг өгнө гэж тохирсон ёсоороо өгвөл надад өөр гомдол санал байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 10-12 хуу/
Хохирогч А.Нгийн дахин мэдүүлсэн: ...Дүгнэлттэй холбоотой санал, хүсэлт байхгүй. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Г надаас уучлалт гуйж гомдол саналгүй болгосон...гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 хуу/
Гэрч М.Тын мэдүүлсэн: ...Г нь Ямаат багийн Нурамт гэх газар байх манай хаваржаан дээр айлын мал маллаж байгаа. Би 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Гын байгаа хаваржаан дээрээ бог малаа аваачсан юм. Тэгээд урд Дэнхээлжин гэх газар өвөлжиж байгаад 2018 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр би Гынд очиж хоноход Г гэртээ байхгүй байсан. Гын эхнэр надад хэлэхдээ Г оройдоо ирнэ гэж хэлсэн. Тэгээд би Гынд унтаж байхад өглөөний 04:00 цагийн үед Г гэртээ ирсэн. Тэгээд гэртээ ирээд хутгаа билүүдээд эхэлсэн. Тэгж байтал Хын эхнэр надад хандан манайх одоо идэшээ идэх гэж байгаа, та гараад уг адууг Хтай хамт янзлалцаад өг гэж хэлсэн. Би гарахад Гын аав Д, Г хоёр адуу гаргаж байсан. Би уг адууг харахад хээр алаг морины арьсыг нь хуулж байсан. Би адууг чинь янзлалцахгүй гэж хэлээд Хын гэрт ороод унтаад өгсөн. Өглөө босоход манай байранд адууны мах хөргөөд тавьсан байсан. Би өглөө хониндоо яваад 12:00 цагийн үед эргээд Гынд ирэхэд Гын эхнэр уг адууг ачаад Б гэх хүний машинтай Улаанбаатар хот руу явчихсан байсан. Би уг адууг сайн харж чадаагүй, хээр алаг морь л байсан. Гын аав надад хэлэхдээ энэ их эмнэг морь байгаа юм, манай хүүхэд сургаж чадахгүй юм. Энэ адууг гаргахаас гэж надад хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 хуу/
Гэрч Б.Бын мэдүүлсэн: ...Би Архангай аймгийн Өлзийт сумаас Улаанбаатар хот руу өөрийн 77-54 УНД улсын дугаартай Приус маркийн автомашинаар хүн тээвэрлэдэг. 2018 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр манай сумын Ямаат багийн иргэн Д.Г нь над руу утсаар ярихдаа манай эхнэр адууны махтай Улаанбаатар хот руу явах гэж байна, та ирэхдээ нэг адууны махны гарал үүслийн бичиг хийлгээд аваад ирээрэй гэж хэлсэн. Би Өлзийт сумаас 3 хүн аваад Гынд очсон. Гын малын байран дээрээс нэг адууны мах ачсан. Уг адууны махыг Гын эхнэр Н гэх хүүхэн авч, надтай цуг явсан. Уг адууны махны арьсыг ногоон өнгийн шуудайнд хийчихсэн байсан. Тэгээд уг махыг Лүнгийн замын урд байдаг Хулагу гэх мах, арьс шир авдаг газар өгсөн. Уг адууны махыг өгөхөд 172 /нэг зуун далан хоёр/ кг мах болсон. Арьсыг нь ногоон шуудайтай нь тэр чигээр нь Хулагу зах дээр өгсөн. Би Гыг өөрийнхөө хашаан дээрээс ачихаар нь буруу гарын хулгайн мал гэж бодоогүй шууд ачсан. Би ширийг нь огт хараагүй. Содон шинж тэмдэг, им тамгыг хараагүй. Уг адууг Н 1 клограммыг нь 4400 төгрөгөөр өгсөн. Х болон Хын эхнэр Н надад ярихдаа энэ адуу манай гүү байгаа юм, энэ гүү 180 кг болно. Манай ах Зоригоо намар гүү гарахад 200 кг гаруй болсон юм гэж надад хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 хуу/
Гэрч Б.Бын мэдүүлсэн: ...Би Гтай утсаар ярихад тамгагүй алаг гүүний гарал үүслийн бичиг аваад ир гэж хэлэхээр нь Өлзийт сумын малын эмч ажилтай Г гэдэг хүнээс малын шинжилгээний бичиг аваад Ямаат багийн дарга Уын гэрт очиж гарал үүслийн бичиг авсан. Би Г, У нарт Гынх алаг гүү нядалж хот руу ачих гэж байгаа гээд намайг гарал үүслийн бичиг хийлгээд ир гэсэн гэж хэлээд гарал үүслийн бичиг аваад Гын гэрт очиж нэг адууны мах ачаад Гын эхнэртэй хамт хот руу явсан. Г өөрийнхөө гэрээс өдрийн цагаар адууны мах миний машинд ачиж өгөөд эхнэрээ надтай хот руу явуулсан болохоор би хулгайн мах гэж бодоогүй. Би Өлзийт сум Улаанбаатар хотын хооронд таксинд өдөр болгон явж хүн зөөдөг юм...гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 хуу/
Гэрч Э.Гийн мэдүүлсэн: ...Г нь эхнэр, хүүхдийн хамт Өлзийт сумын Ямаат багийн Ургамал гэх газарт мал маллан амьдардаг. Зан байдлын хувьд төлөв даруу гэмээр харагддаг. Би 18 жилийн хугацаанд Өлзийт суманд малын эмчийн ажил эрхэлж байгаа юм. Би Өлзийт сумаас худалдаалж буй малд малын эрүүл мэндийн гэрчилгээ олгодог юм. 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Б манай гэрт ирээд Гынх 1 тооны адууны мах хот руу ачиж надтай хамт явах гэж байгаа юм, та малын бичиг хийгээд өг гэхээр нь би Гын нэр дээр бичиг хийж өгсөн юм. Гынх адуу малтай болохоор би малын бичиг хийж өгсөн бөгөөд багийн засаг дарга Уаас малын гарал үүслийн бичиг авчихсан байсан санагдаж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 хуу/
Гэрч Б.Дгийн мэдүүлсэн: ...Миний хүү Г нь 1990 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Архангай аймгийн Өлзийт суманд төрсөн. Г миний 2 дахь хүүхэд бөгөөд дээрээ 1 ахтай, доороо 2 дүүтэй. Бага насаа аав, ээж дээрээ мал маллаж Өлзийт суманд өнгөрөөсөн бөгөөд сумандаа сургуульд сурч байсан. 2009 онд Улаанбаатар хотод цэргийн алба хаасан, тэрнээс хойш хөдөө мал маллан амьдарч байгаа. 2013 онд гэр бүлтэй болж одоо 2 хүүхэдтэй бөгөөд зан байдлын хувьд даруухан, элдэв буруу зангүй хүн юм. 2018 оны 01 дүгээр сарын сүүлээр санагдаж байна, би гэртээ байж байтал миний хүү Г над руу утсаар яриад би хүнээс адуу авсан юм, тэрийг нядалж хот руу явуулах гэсэн юм, та завтай бол хүрч ирээд адуу янзлаад өгөөч гэхээр нь би зөвшөөрч өглөө нар туссан байхад гэрээсээ гарч Гын гэрт очсон. Гын гэрийн гадаа хээр, алаг зүстэй нэг тооны адуу уясан байсан. Би Гын хүнээс авсан адуу нь юм байх гэж бодоод гэрийнх нь гадна талд Гтай хамт тэр адууг нядлаад махыг нь бэлдэж өгөөд өдрийн 11 цагийн үед гэр рүүгээ явсан. Тэгтэл саяхан намайг хэсгийн төлөөлөгч дуудаад ямар адуу алж янзалсан юм бэ гэж асуухаар нь Г хүнээс авсан гээд хээр алаг зүстэй адуу алж янзалсан гэж хэлэхэд хэсгийн төлөөлөгч тэр адууг хулгайн адуу гэж хэлсэн. Тэр үед л би Гыг хулгайн хэрэг хийсэн байсныг мэдсэн. Би Гтай уулзаж, уурлаад яагаад хулгайн адууг надтай хамт янзалж байгаа юм бэ гэж хэлтэл уучлаарай миний буруу гэж хэлж байсан. Би хулгайн адуу гэдгийг мэдээгүй, хүүгийнхээ үгэнд орж адууг нь янзалж өгсөн. Гын алж, нядалсан адуу хээр алаг зүстэй, нас нийлж яваа гэмээр морь байсан бөгөөд тамгагүй байсан санагдаж байна. Тухайн адуу нилээн ааштай, эмнэг бололтой адуу байсан. Би хулгайн адуу гэдгийг мэдээгүй, миний хүү Г намайг хүрээд ирээч хүнээс авсан адуугаа янзлах гэж байна гэж хэлэхээр нь би очиж Гад тусалсан...гэх мэдүүлэг /хх-ийн 27-29 хуу/
Гэрч Э.Нгийн мэдүүлсэн: ...Би Гтай 2014 оны 08 дугаар сарын 24-ний өдөр албан ёсны гэр бүл болсон бөгөөд одоо 2 хүүхэдтэй, том хүүхэд Ганцэцэг 6 настай, бага хүүхэд Гантулга 3 настай. Миний нөхөр Г зан байдлын хувьд даруухан, элдэв буруу зангүй хүн байгаа юм. Манайх Архангай аймгийн Өлзийт сумын Ямаат багт мал маллаж амьдардаг малчин өрх юм. Миний нөхөр Г нь хүнээс адуу авна гэж яриад байдаг байсан бөгөөд 2018 оны 01 дүгээр сарын сүүлээр санагдаж байна, нэг өдөр 16 цагийн үед хүрэн зүстэй морио унаад малдаа явсан бөгөөд орой ирэхгүй удаж байгаад 23 цагийн үед гэртээ орж ирээд Г надад хэлэхдээ би хүнээс авах адуугаа аваад ирлээ гэж хэлсэн. Би Гыг хэнээс, ямар адуу авч ирсэн талаар асуугаагүй юм. Г бид хоёр ярилцаж байгаад одоо цагаан сар болох гээд мөнгөний хэрэг гараад байгаа учраас хүнээс авсан адуугаа янзлаад хот руу аваачиж зараад мөнгө болгохоор тохирч маргааш өдөр нь би адууны махыг авч хот руу явахаар болсон. Тэгээд Г аав руугаа утсаар яриад та өглөө хүрээд ирээч, би хүнээс авсан адуугаа янзлах гэсэн юм гэж хэлсэн. Тэгээд хадам аав өглөө эрт ирээд Г, хадам аав хоёр гэрийн гадаа байсан хээр алаг зүстэй адууг алж янзалсан. Би гэдсийг нь арилгаж бэлдсэн. Тэгээд Улаанбаатар хот руу явах унаа машин сураглатал Б гэдэг хүүхэд хот руу явах гэж байгаа гэхээр нь нэг гарал үүслийн бичиг хийлгээд ир, хот руу нэг адууны мах ачиж явна гэж хэлтэл Б өдрийн 13 цагийн үед саарал өнгийн Приус маркийн машинтайгаа манайд ирсэн. Тэгээд Бгийн машинд махаа ачаад би хот руу явж Төв аймгийн Лүн суманд адууны мах, арьсыг нь танихгүй ченжид 700.000 төгрөгөөр зарсан. Би хот руу орж цагаан сарынхаа эд зүйлсийг бэлтгээд гэртээ буцаж харьсан. Тэгтэл Гын авчирч янзлаад миний зарсан адуу хулгайн адуу байсныг дараа нь би олж мэдсэн. Би тэр мэдээг сонсоод их гайхсан. Би өөрийн нөхөр Гыг хулгайн адуу авчирсан гэдгийг тэр үедээ мэдээгүй, дараа нь Гаас сонсоод мэдсэн. Тэр адуу нь манай нутгийн Н гэдэг хүний адуу байсан бөгөөд Н эгчийг гомдол саналгүй болгосон. Гын алж нядалсан адууны содон шинж тэмдэг нь хээр алаг зүстэй морь байсан бөгөөд өөр зүйлийг санахгүй байна. Би хулгайн адуу гэдгийг мэдээгүй, би тухайн адууны гэдсийг арилгаж өгсөн. Манай нөхөр хүнээс адуу авах ёстой гэж яриад байдаг байсан бөгөөд гэнэт хүнээс адуугаа аваад ирлээ гэхээр нь итгэсэн байсан юм. Манай нөхөр хэн гэдэг хүнээс ямар адуу авах ёстой талаар мэдэхгүй байна. Г хүнээс адуу авна л гэж яриад байдаг байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 30-32 хуу/
Гэрч Б.Аын мэдүүлсэн: ...Миний холын төрөл болох Нгийнх 2018 оны 01 дүгээр сарын 26-наас 28-ны үеэр нэг тооны адуугаа Архангай аймгийн Өлзийт сумын Жарантын тохой гэх газраас бэлчээрт адуундаа байхад нь хулгайд алдсан юм. Нгийнх 80 орчим тооны 3 азарга адуутай бөгөөд хээр алаг зүстэй нас нийлсэн морио алдчихсан байсан. Тэгтэл Нгийн адууг Г гэх манай нутгийн залуу шөнийн цагаар хулгайлсан байсан бөгөөд хэргээ хүлээж Нг гомдол, саналгүй болгосон байсан. Би өөр зүйл мэдэхгүй. Нгийн хулгайд алдсан адууны содон шинж тэмдэг нь нас нийлсэн хээр алаг зүстэй, дөрвөн хөл шийр цагаан, эмнэг, тарган, зөв талын гуян хэсэгт нар саран тамгатай адуу байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 хуу/
Яллагдагч Д.Гын мэдүүлсэн: ...Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Цогтбаярын 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн тогтоолыг уншиж танилцсан. Би тогтоолтой холбоотой санал хүсэлт байхгүй. Би тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. 2018 оны 01 дүгээр сарын сүүлээр санагдаж байна, цагаан сарын өмнөхөн байсан бөгөөд би өдрийг нь тодорхой санахгүй байна, өдөр 16 цагийн үед өөрийн хүрэн зүстэй нас нийлсэн морио унаж малдаа явж байгаад малаа гэр рүүгээ эргүүлчихээд нар жаргах гэж байх үед морио усалж байтал Өлзийт сумын Хөшөөт багийн Орхон голын хөндий гэх газарт нилээн олон тооны адуу харагдаж байсан. Би адуу хулгайлж мөнгөтэй болъё гэж бодоод тэр адуунуудыг ойрхон байсан хоосон эзэнгүй малын хашаанд хээр алаг зүстэй морийг бариад хөтөлж гэртээ харьсан. Намайг гэртээ ирэхэд шөнийн 23 цаг болж байх шиг байсан. Тэгээд би эхнэртээ хүнээс морь авах байсан аваад ирлээ гэж хэлсэн чинь эхнэр цагаан сар болох гэж байгаа юм чинь наад морийг чинь зарж мөнгө болгох уу гэж хэлэхээр нь одоо хүнээс авсан морь адуунд тогтохгүй байх, алж махлаад мөнгө болгосон нь дээр гэж хэлсэн. Тэгээд өөрийн аав Д рүү яриад та өглөө хүрээд ирээрэй, би хүнээс нэг адуу авсан юм тэрийгээ алж махлаад хот руу явуулах гэсэн юм, ганцаараа болчихоод байна, та ирээд туслаач гэж хэлсэн. Тэгээд өглөө нар тусч байхад буюу 9-10 цагийн үед босоод хээр алаг зүстэй адууг аавтайгаа хамт алж нядалсан. Тэр өдөр сумын төвөөс Улаанбаатар хот руу Б гэдэг хүүхэн таксинд явна гэж сонсогдохоор нь би Б руу утсаар яриад нэг адууны гарал үүслийн бичиг хийлгээд ир манайх нэг адуу алж хот руу чамтай хамт явах гэсэн юм гэж хэлсэн. Б өдрийн 14 цагийн үед нэг тооны адууны гарал үүслийн бичиг миний хэлснээр хийлгээд өөрийн саарал өнгийн Приус машинтайгаа ирсэн байсан. Тэгээд манай эхнэр Н адууны махыг аваад Бтай хамт хот руу явсан. Би өөрийн малаа хараад гэртээ үлдсэн бөгөөд эхнэр адууны махыг зарж 700.000 гаруй төгрөг боллоо, энэ мөнгөөр цагаан сарын бэлтгэлээ хийж байна гэж надад хэлсэн. Тэгээд удалгүй цагдаа нар намайг хулгайн хэрэг хийснийг мэдчихсэн байхаар нь би Н эгчээс уучлалт гуйж гомдол саналгүй болгосон. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна, надад хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэж хүсч байна. Цагаан сар болох гээд мөнгө муутай байсан бөгөөд өөрийнхөө малыг зарж байхаар хулгай хийж мөнгөтэй болъё гэж бодоод хулгай хийсэн. Миний хулгайлж авчирсан адууг манай аав болон эхнэр хулгайн адуу гэж мэдээгүй. Би хүнээс авсан гэж хэлсэн. Би адууг хулгайлж байхдаа Нгийн адуу гэж мэдээгүй, дараа нь мэдсэн. Миний хулгайлсан адуу хээр алаг зүстэй, 4 хөл алаг, нас нийлсэн морь байсан бөгөөд тарган, ааштай адуу байсан. Тамга болон им байгаагүй санагдаж байна. Миний унаж явсан хүрэн морь туранхай энэ жил соёолон болж байгаа бөгөөд миний өөрийн морь байсан юм. Би морио 300.000 төгрөгөөр үнэлнэ. Одоо миний морь адуундаа байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 47-49 хуу/
Яллагдагч Т.Уын мэдүүлсэн: ...Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Цогтбаярын 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн тогтоолыг уншиж танилцсан. Надад тогтоолтой холбоотой санал хүсэлт байхгүй. Би тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би гэмт хэрэг үйлдээгүй. Нэг нутгийн танил Б нь 2018 оны 01 дүгээр сарын сүүлээр надтай ирж уулзаад Гын эхнэр надтай хамт хот руу явах гэж байгаа, намайг малын гарал үүслийн бичиг Гын нэр дээр аваад ир гэсэн юм, яаралтай хот руу явах гэж байгаа болохоор малын бичиг намайг хийлгээд ир гэсэн гэж хэлэхээр нь Гад 1 тооны адуу нядалж Улаанбаатар хот руу авч явж борлуулах гэж байгаа нь үнэн гэсэн утгатай бичиг хийж өгсөн. Би Бын үгэнд итгээд Гынх адуутай айл болохоор нь тодорхойлолт хийгээд өгчихсөн юм. Би 2018 оны 01, 02 сард малын гарал үүсэлд тодорхойлолт хийж өгсөн бүртгэл судалгаа хөтөлдөггүй байсан Гад хийж өгсөн тодорхойлолт нэг хувь байсан, одоо тэр тодорхойлолт хаана байгааг нь мэдэхгүй байна. Би хуурамч бичиг хийгээгүй, өөрийнхөө тамгаар баталж тодорхойлолт хийж өгсөн юм. Би хэрэгт өөрийн малын “А” данс болон багийн засаг даргаар томилогдсон тушаал зэрэг зүйлсийг хавсаргаж өгөх болно...гэх мэдүүлэг /хх-ийн 74-75 хуу/
2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 06-07 хуу/
2018 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 63 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 37 хуу/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 56-57, 86-87 хуу/ зэрэг болно.
Шүүхээс шүүх хуралдаанаар тогтоогдсон 2018 оны 01 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Архангай аймгийн Өлзийт сумын Хөшөөт баг Орхоны хөндий гэх газраас иргэн А.Нгийн 1 тооны адуу хулгайлагдаж, 650.000 төгрөгийн хохирол учирсан, Архангай аймгийн Өлзийт сумын Ямаат багийн Засаг дарга ажилтай Т.У нь 2018 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Архангай аймгийн Өлзийт сумын Хөшөөт багийн нутаг дэвсгэрт Д.Гад 1 тооны адууг захиран зарцуулах эрхийг тодорхойлсон, мал, махны гарал үүслийн баримт бичгийг хуурамчаар үйлдсэн нөхцөл байдлууд нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг мөн гэж дүгнэв.
Шүүгдэгч Д.Г, Т.У нар нь дээрх гэмт хэрэг гэм буруутай, шүүгдэгч Д.Г нь 2018 оны 01 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Архангай аймгийн Өлзийт сумын Хөшөөт баг Орхоны хөндий гэх газраас иргэн А.Нгийн 1 тооны адууг хулгайлж 650.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: шүүх хуралдааны үед шинжлэн судалсан хохирогч А.Нгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “2018 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр очиход манай адуунаас бүдүүн хээр алаг морь маань алга болсон байсан. Тухайн үед манай хээр алаг морь их тарган, том, эмнэг морь байсан болохоор би хулгайд алдчихлаа гэж бодоод сумын төвөөс Улаанбаатар хот руу мах ачсан машинуудыг сураглахад манай сумын Г гэх залуугийн эхнэр нь Б гэх хүний Приус машинд алаг морины шир, мах ачаад Улаанбаатар хот руу явсныг мэдсэн. Тэгэхээр нь би Бтай дараа нь уулзахад Хын эхнэр Н тарган том морины мах, шир авч явсан бөгөөд тэр адуугаа хээл хаясан өөрийнхөө гүүг авч яваа гэж хэлээд Лүнгийн мал мах худалдан авдаг газар өгөхөд 800.000 орчим төгрөг болсон талаар Б надад хэлсэн. Дараа нь би Гын хажуу айлын Т гэдэг ахтай уулзахад Г 02 дугаар сарын 27-ны өглөө үүрээр хээр алаг морь хөтөлж ирээд гэрийнхээ гадаа нядалсан. Удалгүй Г надтай ирж уулзаад надад хандан би танай хээр алаг морийг Орхоны хөндийгөөс 30 гаруй тооны адуун дотроос чинь хулгайлж аваад 2018 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн үүрээр гэрийнхээ гадаа янзалж эхнэртээ өгч Улаанбаатар хот руу явуулсан. Г надад ярихдаа миний морийг хулгайлснаа хүлээгээд хохирол мөнгө болох 1.000.000 төгрөгийг өгнө гэж тохирсон” гэх мэдүүлэг /хх-ийн 10-12/, гэрч М.Тын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “Хын эхнэр надад хандан манайх одоо идэшээ идэх гэж байгаа, та гараад уг адууг Хтай хамт янзлалцаад өг гэж хэлсэн. Би гарахад Гын аав Д, Г хоёр адуу гаргаж байсан. Би уг адууг харахад хээр алаг морины арьсыг нь хуулж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18/, гэрч Б.Бын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “2018 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр манай сумын Ямаат багийн иргэн Д.Г нь над руу утсаар ярихдаа манай эхнэр адууны махтай Улаанбаатар хот руу явах гэж байна, та ирэхдээ нэг адууны махны гарал үүслийн бичиг хийлгээд аваад ирээрэй гэж хэлсэн. Гын малын байран дээрээс нэг адууны мах ачсан. Уг адууны махыг Гын эхнэр Н гэх хүүхэн авч, надтай цуг явсан. Тэгээд уг махыг Лүнгийн замын урд байдаг Хулагу гэх мах, арьс шир авдаг газар өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21/, гэрч Б.Дгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “2018 оны 01 дүгээр сарын сүүлээр санагдаж байна, би гэртээ байж байтал миний хүү Г над руу утсаар яриад би хүнээс адуу авсан юм, тэрийг нядалж хот руу явуулах гэсэн юм, та завтай бол хүрч ирээд адуу янзлаад өгөөч гэхээр нь би зөвшөөрч өглөө нар туссан байхад гэрээсээ гарч Гын гэрт очсон. Гын гэрийн гадаа хээр, алаг зүстэй нэг тооны адуу уясан байсан. Би Гын хүнээс авсан адуу нь юм байх гэж бодоод гэрийнх нь гадна талд Гтай хамт тэр адууг нядлаад махыг нь бэлдэж өгөөд өдрийн 11 цагийн үед гэр рүүгээ явсан. Тэгтэл саяхан намайг хэсгийн төлөөлөгч дуудаад ямар адуу алж янзалсан юм бэ гэж асуухаар нь Г хүнээс авсан гээд хээр алаг зүстэй адуу алж янзалсан гэж хэлэхэд хэсгийн төлөөлөгч тэр адууг хулгайн адуу гэж хэлсэн. Тэр үед л би Гыг хулгайн хэрэг хийсэн байсныг мэдсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 27-29/, гэрч Э.Нгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “миний нөхөр Г нь хүнээс адуу авна гэж яриад байдаг байсан бөгөөд 2018 оны 01 дүгээр сарын сүүлээр санагдаж байна, нэг өдөр 16 цагийн үед хүрэн зүстэй морио унаад малдаа явсан бөгөөд орой ирэхгүй удаж байгаад 23 цагийн үед гэртээ орж ирээд Г надад хэлэхдээ би хүнээс авах адуугаа аваад ирлээ гэж хэлсэн. Г бид хоёр ярилцаж байгаад одоо цагаан сар болох гээд мөнгөний хэрэг гараад байгаа учраас хүнээс авсан адуугаа янзлаад хот руу аваачиж зараад мөнгө болгохоор тохирч маргааш өдөр нь би адууны махыг авч хот руу явахаар болсон. Хадам аав өглөө эрт ирээд Г, хадам аав хоёр гэрийн гадаа байсан хээр алаг зүстэй адууг алж янзалсан. Улаанбаатар хот руу явах унаа машин сураглатал Б гэдэг хүүхэд хот руу явах гэж байгаа гэхээр нь нэг гарал үүслийн бичиг хийлгээд ир, хот руу нэг адууны мах ачиж явна гэж хэлтэл Б өдрийн 13 цагийн үед саарал өнгийн Приус маркийн машинтайгаа манайд ирсэн. Тэгээд Бгийн машинд махаа ачаад би хот руу явж Төв аймгийн Лүн суманд адууны мах, арьсыг нь танихгүй ченжид 700.000 төгрөгөөр зарсан. Гын авчирч янзлаад миний зарсан адуу хулгайн адуу байсныг дараа нь би олж мэдсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 30-32/, гэрч Б.Аын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “миний холын төрөл болох Нгийнх 2018 оны 01 дүгээр сарын 26-наас 28-ны үеэр нэг тооны адуугаа Архангай аймгийн Өлзийт сумын Жарантын тохой гэх газраас бэлчээрт адуундаа байхад нь хулгайд алдсан юм. Нгийн адууг Г гэх манай нутгийн залуу шөнийн цагаар хулгайлсан байсан бөгөөд хэргээ хүлээж Нг гомдол, саналгүй болгосон байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34/, Д.Гын мөрдөн байцаалтын шатанд гэм буруугаа хүлээж яллагдагчаар мэдүүлсэн “Би адуу хулгайлж мөнгөтэй болъё гэж бодоод тэр адуунуудыг ойрхон байсан хоосон эзэнгүй малын хашаанд хээр алаг зүстэй морийг бариад хөтөлж гэртээ харьсан. Би өөрийн аав Д рүү яриад та өглөө хүрээд ирээрэй, би хүнээс нэг адуу авсан юм тэрийгээ алж махлаад хот руу явуулах гэсэн юм, ганцаараа болчихоод байна, та ирээд туслаач гэж хэлсэн. Тэгээд өглөө нар тусч байхад буюу 9-10 цагийн үед босоод хээр алаг зүстэй адууг аавтайгаа хамт алж нядалсан. Тэр өдөр сумын төвөөс Улаанбаатар хот руу Б гэдэг хүүхэн таксинд явна гэж сонсогдохоор нь би Б руу утсаар яриад нэг адууны гарал үүслийн бичиг хийлгээд ир манайх нэг адуу алж хот руу чамтай хамт явах гэсэн юм гэж хэлсэн. Б өдрийн 14 цагийн үед нэг тооны адууны гарал үүслийн бичиг миний хэлснээр хийлгээд өөрийн саарал өнгийн Приус машинтайгаа ирсэн байсан. Тэгээд манай эхнэр Н адууны махыг аваад Бтай хамт хот руу явсан. Тэгээд удалгүй цагдаа нар намайг хулгайн хэрэг хийснийг мэдчихсэн байхаар нь би Н эгчээс уучлалт гуйж гомдол саналгүй болгосон. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна, надад хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэж хүсч байна. Цагаан сар болох гээд мөнгө муутай байсан бөгөөд өөрийнхөө малыг зарж байхаар хулгай хийж мөнгөтэй болъё гэж бодоод хулгай хийсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 47-49/, Т.Уын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн “нэг нутгийн танил Б нь 2018 оны 01 дүгээр сарын сүүлээр надтай ирж уулзаад Гын эхнэр надтай хамт хот руу явах гэж байгаа, намайг малын гарал үүслийн бичиг Гын нэр дээр аваад ир гэсэн юм, яаралтай хот руу явах гэж байгаа болохоор малын бичиг намайг хийлгээд ир гэсэн гэж хэлэхээр нь Гад 1 тооны адуу нядалж Улаанбаатар хот руу авч явж борлуулах гэж байгаа нь үнэн гэсэн утгатай бичиг хийж өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 74-75/ зэрэг нотлох баримтуудаар,
Архангай аймгийн Өлзийт сумын Ямаат багийн Засаг дарга ажилтай яллагдагч Т.У нь 2018 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Архангай аймгийн Өлзийт сумын Хөшөөт багийн нутаг дэвсгэрт Д.Гад 1 тооны адууг захиран зарцуулах эрхийг тодорхойлсон, мал, махны гарал үүслийн баримт бичгийг хуурамчаар үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: шүүх хуралдааны үед шинжлэн судалсан гэрч Б.Бын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “2018 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр манай сумын Ямаат багийн иргэн Д.Г нь над руу утсаар ярихдаа манай эхнэр адууны махтай Улаанбаатар хот руу явах гэж байна, та ирэхдээ нэг адууны махны гарал үүслийн бичиг хийлгээд аваад ирээрэй гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21/, гэрч Б.Бын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “би Гтай утсаар ярихад тамгагүй алаг гүүний гарал үүслийн бичиг аваад ир гэж хэлэхээр нь Өлзийт сумын малын эмч ажилтай Г гэдэг хүнээс малын шинжилгээний бичиг аваад Ямаат багийн дарга Уын гэрт очиж гарал үүслийн бичиг авсан. Би Г, У нарт Гынх алаг гүү нядалж хот руу ачих гэж байгаа гээд намайг гарал үүслийн бичиг хийлгээд ир гэсэн гэж хэлээд гарал үүслийн бичиг аваад Гын гэрт очиж нэг адууны мах ачаад Гын эхнэртэй хамт хот руу явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22/, гэрч Э.Гийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Б манай гэрт ирээд Гынх 1 тооны адууны мах хот руу ачиж надтай хамт явах гэж байгаа юм, та малын бичиг хийгээд өг гэхээр нь би Гын нэр дээр бичиг хийж өгсөн юм. Гынх адуу малтай болохоор би малын бичиг хийж өгсөн бөгөөд багийн засаг дарга Уаас малын гарал үүслийн бичиг авчихсан байсан санагдаж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24/, гэрч Э.Нгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “Улаанбаатар хот руу явах унаа машин сураглатал Б гэдэг хүүхэн хот руу явах гэж байгаа гэхээр нь нэг гарал үүслийн бичиг хийлгээд ир, хот руу нэг адууны мах ачиж явна гэж хэлтэл Б өдрийн 13 цагийн үед саарал өнгийн Приус маркийн машинтайгаа манайд ирсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 30-32/, яллагдагч Д.Гын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “тэр өдөр сумын төвөөс Улаанбаатар хот руу Б гэдэг хүүхэн таксинд явна гэж сонсогдохоор нь би Б руу утсаар яриад нэг адууны гарал үүслийн бичиг хийлгээд ир манайх нэг адуу алж хот руу чамтай хамт явах гэсэн юм гэж хэлсэн. Б өдрийн 14 цагийн үед нэг тооны адууны гарал үүслийн бичиг миний хэлснээр хийлгээд өөрийн саарал өнгийн Приус машинтайгаа ирсэн байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 47-49/, яллагдагч Т.Уын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “нэг нутгийн танил Б нь 2018 оны 01 дүгээр сарын сүүлээр надтай ирж уулзаад Гын эхнэр надтай хамт хот руу явах гэж байгаа, намайг малын гарал үүслийн бичиг Гын нэр дээр аваад ир гэсэн юм, яаралтай хот руу явах гэж байгаа болохоор малын бичиг намайг хийлгээд ир гэсэн гэж хэлэхээр нь Гад 1 тооны адуу нядалж Улаанбаатар хот руу авч явж борлуулах гэж байгаа нь үнэн гэсэн утгатай бичиг хийж өгсөн. Би Бын үгэнд итгээд Гынх адуутай айл болохоор нь тодорхойлолт хийгээд өгчихсөн юм” гэх мэдүүлэг /хх-ийн 74-75/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож шүүгдэгч Т.Уын “би хуурамчаар бичиг баримт үйлдээгүй, гэмт хэрэг хийгээгүй” гэх мэдүүлэг няцаагдаж байна.
Иймд шүүгдэгч Ө овогт Дгийн Гыг бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч М овогт Тийн Уыг хуурамч баримт бичиг үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Д.Г, Т.У нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гын гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн морь буюу морийг хураах боломжгүй үед түүний үнэ болох 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийг хурааж улсын төсөвт шилжүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Д.Г, Ч.У нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.5, 1.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ө овогт Дгийн Гыг бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч М овогт Тийн Уыг хуурамч баримт бичиг үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гыг 600 /зургаан зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Уыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийг ажлын 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ут оногдуулсан 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш сард 150.000 /нэг зуун тавин мянга/ төгрөгөөр тооцож 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.У нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 11 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, шүүгдэгч Д.Гын гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн морь буюу түүний үнэ 450.000 /дөрвөн зуун мянга/ төгрөгийг албадан гаргуулж улсын төсөвт шилжүүлсүгэй.
7. Шүүгдэгч Д.Г, Т.У нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч нар, хохирогч эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Д.Г, Т.У нарт хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.АЛТАНЦЭЦЭГ