Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2023/00918

 

Х- ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч Э.Золзаяа, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 101/ШШ2023/00380 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Х- ХХК-ийн хариуцагч М- ХХК-д холбогдуулан гаргасан гэрээний үүрэгт нийт 18,043,434 төгрөг гаргуулах тухай үндсэн, моторын үнэ 6,750,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д, З.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Манай компани хариуцагч М- ХХК-тай 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, 5 салбар сүлжээ дэлгүүрийн хүнс хадгалах хөргөлтийн төхөөрөмжийн хэвийн ажиллагаа, засвар, үйлчилгээг 1 жилийн хугацаанд хариуцах, захиалагч нь төхөөрөмж засварлахад гарсан сэлбэг материалын зардал болон бусад засвар үйлчилгээний ажлын хөлсөнд сар бүр 2,145,000 төгрөгийг гүйцэтгэгчид төлөхөөр тохиролцсон. Түүнчлэн уг гэрээгээр хариуцах төхөөрөмжүүд нь бүхэлдээ муудсан байсан учир хариуцаж авахаасаа өмнө элэгдлийн улмаас хүний эрүүл мэнд болон байгальд хор хөнөөл үзүүлэх сэлбэг эд ангиудыг нэн даруй эхний ээлжээр солихоор саналаа хүргүүлсэн. Бусад эд ангиудыг гэрээний хугацаанд урсгал засвараар шинэчлэхээр талууд тохиролцоонд хүрсэн бөгөөд урьдчилгаа 23,000,000 төгрөгөөр засвар үйлчилгээ хийх шаардлагатай гэж үзсэний үндсэн дээр засвар хийсэн. Захиалагч нь уг гэрээний дагуу үүссэн төлбөрт 2018 оны 08 дугаар сард авсан сэлбэг материалын үнэ 1,572,300 төгрөг, 2018 оны 09 дүгээр сард авсан сэлбэг материалын үнэ 1,106,600 төгрөг, 2018 оны 11 сард авсан үйлчилгээ болоод сэлбэг материалын үнэ 860,225 төгрөг, 2018 оны 12 дугаар сард авсан сэлбэг материалын үнэ 2,258,960 төгрөг, 2019 оны 01 дүгээр сард авсан үйлчилгээнээс гадна сэлбэг материалын үнэ 498,510 төгрөг, 2019 оны 02 дугаар сард авсан сэлбэг материалын үнэ 132,000 төгрөг, 2019 оны 03 дугаар сард авсан үйлчилгээний үнэ 429,000 төгрөг, 2019 оны 04 дүгээр сард авсан үйлчилгээний үнэ болон мотор сольсон ажлын төлбөр 6,622,000 төгрөг, 2019 оны 06 дугаар сард авсан үйлчилгээний болон сэлбэг материалын үнэ 2,364,782 төгрөг, нийт 17,989,375 төгрөг төлөхөөр байна. Өөрөөр хэлбэл, гэрээний хугацаанд 2018 оны 08 дугаар сараас 2019 оны 06 дугаар сар хүртэл сэлбэг материал болон үйлчилгээний хөлсийг хариуцагч М- ХХК нь дутуу төлж байсан. Иймд, хариуцагчаас 17,989,375 төгрөг, торгуульд 53,968 төгрөг, нийт 18,043,343 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Манай компани өөрийн сүлжээ салбар дэлгүүрүүдийн хөргүүр, хөргөгч, хөргөх төхөөрөмжүүдийн хэвийн зогсолтгүй үйл ажиллагааг хангах, нэг удаагийн болон байнгын засвар үйлчилгээг хийлгэх зорилгоор нэхэмжлэгч Х- ХХК-тай хамтран ажиллах гэрээг 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан. Тус гэрээгээр МД-101, МД-102, МД-116, МД-120, МД-122 салбар дэлгүүрүүдийн хөргүүр, хөргөгч, хөргөх төхөөрөмжүүдийн урсгал засвар багасах ёстой атал харин ч урсгал засвар үйлчилгээ өмнөх жилүүдийнхээс эрс ихэссэн ба гэрээний зорилго биелээгүй тул гэрээг сунгаагүй билээ. Тодруулбал, гэрээнд зааснаар эхний ээлжинд нэг удаагийн их засвар үйлчилгээг нэхэмжлэгч Х- ХХК-ийн зүгээс үзлэг оношилгоо хийсний дагуу 23,341,680 төгрөгийг манай компаниас гаргасан ба цаашид захиалагчаас сар бүр 2,145,000 төгрөгийг тогтмол үйлчилгээний хөлсөнд төлж, мөн нэмэлтээр гарсан гэмтэл засварыг гүйцэтгэгч тал болох Х- ХХК нь хариуцахаар тохиролцсон. Гэтэл ажил гүйцэтгэх гэрээний хавсралт 3-т заасны дагуу Х- ХХК нь Баянзүрх дүүрэг, 13 дугаар хороо, зүүн 4 замын 14 дүгээр байранд байрлах МД-120 салбарт 2 ширхэг мотор тавьж суурилуулсан боловч гэрээний 6.9-т биет байдлын болон эрхийн доголдолгүй сэлбэг, бараа материалыг ашиглах хангах, 6.18-т дэлгүүрийн хөргөгч, хөлдөөгч, хөргүүрийн төхөөрөмжийг хэвийн болгоход шаардлагатай зардлыг 1 удаа захиалагч талаас гаргуулан хэвийн болгох бөгөөд захиалагч талд 6 сарын баталгаа гаргаж өгнө, засварын ажлыг актаар хүлээлцэнэ гэж заасныг зөрчсөн. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

3.Сөрөг нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Нэхэмжлэгч Х- ХХК-ийн шинээр суурилуулсан 2 моторын нэг нь 2 сарын дотор эвдэрч дахиж засаж өгөхийг захиалагч талаас шаардсан. Нэхэмжлэгч компани засвар хийхээр авч яваад өнөөдрийг хүртэл эргүүлж авч ирж өгөөгүй байна. Талуудын байгуулсан гэрээний 6.19-т баталгаат хугацааны дотор хөргөгч, хөлдөөгч, хөргүүрийн төхөөрөмж дээр гүйцэтгэгчийн нийлүүлсэн сэлбэг материал болон хийж гүйцэтгэсэн ажлын чанараас хамаарч ямар нэгэн гэмтэл саатал гарвал гүйцэтгэгч тал нь өөрсдийн зардлаар засварлаж хэвийн болгоно гэж заасны дагуу бид энэхүү моторыг шинээр авахад шаардлагатай зардлыг Х- ХХК-аас гаргуулах хүсэлттэй байна. Тухайн үед уг мотор нь 3,080,000 төгрөг байсан боловч одоогийн байдлаар зах зээлийн ханш нь 6,750,000 төгрөг болсон байна. Тиймээс баталгаат хугацааны дотор гэмтэл гарч засахаар авч явсан моторын үнэ 6,750,000 төгрөгийг нэхэмжлэгч Х- ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

4.Нэхэмжлэгчийн тайлбар, татгалзлын агуулга: Хариуцагч нь сөрөг нэхэмжлэлдээ 120 дугаар салбар дэлгүүрт 2 мотор байсан гэж тайлбарладаг. Гэтэл хариуцсан инженер нь бүх салбар дэлгүүрийн төхөөрөмжийн талаар тайлан илгээж байсан, гэрээний явцад үзлэг хийсний үндсэн дээр 8, 9 дүгээр сарын тайланд 120 салбар нь эйч пи загвар бүхий 5 ширхэг моторын талаар тайланд тусгаж өгсөн ба гадна болон дотно гэсэн хос мотор ажилладаг. Манай компанийн хувьд 2 моторыг суурилуулж өгсөн бөгөөд 2 моторын нэг нь эвдрэхэд засварлахаар авч яваад ирээгүй гэдэг нь худал тайлбар. Бид, засварласан болон суурилуулсан ажлын төлбөрийн талаар зарлагын баримт үйлддэг. Хэрэгт цугларсан баримтын хүрээнд авч үзвэл 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 1 моторыг авч яваад цэвэрлээд авч ирсэн. Мөн 2018 оны 03 дугаар сард 1 мотор шатсан, үүнийг нь сольсон гэх албан бичиг бий. Тус 2 тоног төхөөрөмжийн хувьд албан бичгээр М- ХХК-тай харилцаж байсан бөгөөд 1 мотор солихын тулд БНХАУ-аас мотор авч ирэх шаардлагатай гэсний хариуцагч нь өөрсдөө засварлана гэдэг байр суурийг илэрхийлсэн. Сүүлд манай компани тухайн моторыг сольж өгсөн. 120 дугаар салбар дэлгүүрийн бүртгэлийн дэвтэрт мотор суурилуулсан зүйл байхгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үзлэг, үйлчилгээний дэвтрийг нотлох баримтаар хариуцагчаас гаргуулах хүсэлт гаргасан боловч тухайн баримтыг хуулбар үнэн тэмдэг даруулж ирсэн нь нотлох баримтыг нуун дарагдуулсан гэж үзэхээр байна. Энэхүү дэвтрийн хувьд 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр мотор авч явсан гэж бичсэн нь 102 дугаар салбарын дэвтэр юм. Үүнийг хавтаст хэргийн 40 дүгээр талд ажил, үйлчилгээний тэмдэглэлийг хавсаргаж өгсөн баримтад 5 дугаар салбар дэлгүүрт хийсэн ажлын тайланг бичсэн. Үүнээс харахад 120 дугаар салбар дэлгүүрийн хэсэг нь сөрөг нэхэмжлэлтэй ижилхэн байх тул үндэслэлгүй байна гэжээ.

5.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус заасныг үндэслэн хариуцагч М- ХХК-аас 7,515,555 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х- ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 10,527,788 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч М- ХХК-ийн гаргасан нэхэмжлэгч Х- ХХК-д холбогдох 6,750,000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.156.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 248,200.00 төгрөг, хариуцагчийн төлсөн 122,950 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 135,199 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэжээ.

 

6.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Хариуцагч М- ХХК нь өөрийн сүлжээ 5 салбар дэлгүүрийн хөргүүр, хөргөгч төхөөрөмжүүдийн хэвийн зогсолтгүй үйл ажиллагааг хангах, нэг удаагийн болон байнгын засвар үйлчилгээг хийлгэх зорилгоор нэхэмжлэгчтэй хамтран ажиллах гэрээг 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан. 5 салбар дэлгүүрийн урсгал зардал багасах ёстой атал харин ч урсгал засвар үйлчилгээ өмнөх жилүүдийхээс эрс ихэссэн ба гэрээний зорилго биелээгүй тул гэрээг сунгаагүй гэсэн хариу тайлбарыг хэлдэг. Талуудаас гэрээнд зааснаар эхний ээлжинд нэг удаагийн их засвар үйлчилгээг нэхэмжлэгч Х- ХХК-ийн зүгээс үзлэг оношлогоо хийсний дагуу 23,341,800 төгрөгийг М- ХХК-аас гаргасанд маргах зүйл байдаггүй. Хариуцагчаас 2,145,000 төгрөгийг тогтмол үйлчилгээний хөлсөнд төлж мөн нэмэлтээр гарсан гэмтэл засварт гарах зардлыг хариуцагч төлөхөөр тохирсонд талууд маргаагүй. Хариуцагчийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, шүүх хуралдааны явцад зөвхөн 120 дугаар салбар дэлгүүрт 5 эйч пи моторыг авч явсантай холбоотойгоор маргасаар байдаг. Шүүх нотлох баримтыг хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй бодит талаас нь үнэлээгүй. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 4-т ажлын хөлсөнд нийт 23,595,000 төгрөг төлөх ёстойгоос 17,940,545 төгрөгийг төлж үлдэгдэл 5,654,455 төгрөг болсон эсэх талаар маргаагүй гэжээ. Нэхэмжлэгчийн зүгээс ажлын хөлсөнд нийтдээ 7,329,495 төгрөг төлөөгүй хэмээн маргасан бөгөөд хэрэгт авагдсан баримтаар 11 дүгээр хуудсын 11 сарын төлбөр 2,145,000 төгрөгөөс 1,938,215 төгрөг хийгдэж үлдэх 206,785 төгрөг, 01 сарын төлбөр 2,145,000 төгрөгөөс 1,886,290 төгрөг хийгдэж үлдэх 258,710 төгрөг, 3 сарын ажлын хөлсийн төлбөр 2,145,000 төгрөгөөс 1,716,000 төгрөг хийгдэж үлдэх 429,000 төгрөг, 4,5,6 сарын ажлын төлбөр 6,435,000 төгрөг нийлээд 7,329,495 төгрөг гарч байгаа юм. Гэвч шүүхээс дүгнэхдээ хөлсөөр ажиллах гэрээний хөлсөнд нийт 17,940,545 тогрог толсон дансны хуулга, төлбөрийн даалгавар, болон төлбөр тооцооны үлдэгдлийг харуулсан хүснэгт зэргийг өгснийг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрч байгаа болно гэсэн үндэслэлгүй дүгнэлтийг хийсэн бөгөөд уг мөнгөн дүнд сэлбэг материалын зардалд төлсөн мөнгөн дүн багтсан гэж тайлбарласныг ажлын хөлс хэмээн дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасанд нийцээгүй. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 5-т: өгсөн сэлбэг материалтай холбоотой гэх зардлыг баримтаар тус компани нийт 13,804,520 төгрөгийн үнэтэй сэлбэг хэрэгслийг хариуцагч М- ХХК-ийн өмчлөлийн хөргүүр, хөлдөөгч, хордох төхөөрөмжүүдэд суурилуулсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэжээ. Нэхэмжлэгчийн зүгээс нийт 13,804,520 төгрөгийн сэлбэг материал суурилуулсан бөгөөд уг үнэд цэнэг /R-22/, масло, фильтер солих, соронзон залгуур /тень солих/ гэх мэт зардал бөгөөд хариуцагч нь сэлбэг материалыг төлбөр хэмээн 3,144,640 төгрөг төлж үлдэх 10,659,880 төгрөгийг төлөөгүй. Нэхэмжлэгчийн зүгээс нотлох баримтуудаар уг 5 салбар дэлгүүрийн хөргөгч, хөлдөөгчийн хэвийн үйл ажиллагааг хангаж ажилласан талаар хийсэн нийт 48 нотлох баримтыг гаргаж өгсөн. Үүнд: Бараа материал зарлагадах хуудас, зарлагын падаан, нэхэмжлэх, сар бүрийн тайлан, албан бичиг, инженерийн дүгнэлт, ажил хүлээлцсэн акт гэх мэт хэрэгт хамааралтай нотлох баримтуудыг гаргаж өгсөн. Мөн хэрэгт авагдсан нотлох баримтуудаас хх-83 дугаар хуудсанд хөргөх төхөөрөмжийн нэг удаагийн засвар ажил болон баталгаат хугацааны дотор гарсан сэлбэг материалын тооцоог 2018 оны 08 дугаар сарын 01-нээс 2019 оны 03 дугаар сарын 01-ны өдөр хүртэлх төлбөл зохих дүнг Х- ХХК-ийн менежер Б.Цэцэгдэлгэр нь хийж гүйцэтгэсэн талаарх баримтыг гаргаж өгсөн. Гэрч А.Баясахжаргалын мэдүүлэгт айлаас хийгдээд ирсэн зүйлүүдийг харж байгаад төлбөрөө шилжүүлдэг байсан гэх гэрчийн мэдүүлэг дээрх нотлох баримтуудаар хариуцагч М- ХХК нь уг 5 салбар дэлгүүрт сэлбэг материалыг сольж хийсэн, суурьлуулсан талаар баримтуудыг хүлээж авсныг нотолсон байхад шүүх төхөөрөмжүүдэд суурилуулсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт заасанд нийцээгүй. Мөн хариуцагчийн 5 салбар дэлгүүрт хийгдсэн сэлбэг материалын зардалд нийт 13,804,520 төгрөгөөс 10,659,280 төгрөгийг төлөөгүй талаарх задаргааг гаргаж өгсөн. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүйтэй холбоотой нотлох баримтуудыг хариуцагчийн зүгээс гаргаж өгөөгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно гэсний дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тайлбар хийж маргаагүй байхад хэт нэг талыг барьж шийдвэр гаргасан гэж үзэхээр байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

7.Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга: Х- ХХК нь М- ХХК-тай 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 1 жилийн хугацаатай 5 салбар дэлгүүрийн хөргөгч, хөлдөөгч, хөргүүрийн төхөөрөмжийн үйл ажиллагааг тасралтгүй хангах хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан. Мөн нэхэмжлэгч нь талуудын хооронд байгуулагдсан гэрээний 6.21-т зааснаар гүйцэтгэгч тал сар бүр хийж гүйцэтгэсэн ажлын тайлангаа танилцуулна гэж зохицуулсан. Өөрсдийнхөө хүлээсэн үүргийг биелүүлж байгаагүй бөгөөд 08, 09 дүгээр сараас хойш ямар нэгэн хийж гүйцэтгэсэн ажлын тайлан, зургаар хүлээлцсэн зүйл байхгүй. Гэрээний 2.1.5-т гэмтлийг засварлахдаа сэлбэг, хэрэгсэл сольж тавих тохиолдолд дэлгүүрийн эрх бүхий ажилтныг байлцуулж солих бөгөөд хуучин сэлбэг хэрэгсэлд акт үйлдэж, тухайн сэлбэг хэрэгслийг хүлээлгэн өгөх үүрэгтэй. Тухайн үед ажил хүлээлцэх акт үйлдэж байсан тохиолдолд уг асуудал үүсэхгүй байсан. Хариуцагч нь 23,595,000 төгрөгийг төлөх ёстойгоос 17,945,000 төгрөгийг төлсөн гэдгийг зөвшөөрч байгаа эсэхийг асуухад зөвшөөрч байна гэж хариулсан. Тухайн үйлчилгээний хөлсийг төлсөн учраас маргах зүйлгүй гэж хариулсан. Манай зүгээс хүснэгтээр гаргаж өгсөн мөнгөн дүн болон хэрэгт авагдсан материалуудаар нотлогдож байна. Гэрээний хугацаа дуусгавар болсон бөгөөд гэрээний зорилго биелэгдээгүй учраас манай зүгээс гүйцэтгэгч талдаа мэдэгдэж, гэрээг дуусгавар болгосон. Гэрээ дуусгавар болсны дараа болон гэрээний үргэлжлэх хугацаанд удаа дараа албан шаардлагуудыг хүргүүлж байсан. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар манай зүгээс албан бичиг хүргүүлж байсан нь нотлогдож байна. Манай зүгээс хариу тайлбар гаргахдаа гэрээний зүйл, заалтыг тодорхой дурдаж, манай зүгээс үйлчилгээний хөлсийг тасралтгүй төлж байсан. Мөн нэмэлтээр сэлбэг, материалын зардлыг гэрээний 6.18-т зааснаар өөрсдийн баталгаат хугацааны дотор болон өөрсдийн доголдолгүй хийж гүйцэтгэсэн гэж үзсэн тохиолдолд бид нар төлөхөд бэлэн байна. Харин өөрсдийн хариуцлагагүй болон дутуу хийж гүйцэтгэсэн ажлаас гарсан зардлыг өгөхгүй гэх хариултуудыг тодорхой өгсөн. Манай зүгээс нэхэмжлэгч нь үүргээ гүйцэтгээгүй учраас 04-06 дугаар сарын төлбөрийг төлж дуусгаагүй. Нэхэмжлэгчийн хэрэгт гаргаж өгсөн нотлох баримт нь шаардлага хангахгүй байна. Мөн хариуцагч талаас сөрөг нэхэмжлэл гаргаж, авч явсан мотороо эргүүлэн авчирч өгнө үү гэх тайлбарыг удаа дараа хүргүүлж байсан. Албан бичгээр нотлогдохгүй байгаа боловч хэрэгт авагдсан материалаар нотлогдож байна гэж үзсэн. Мөн 2019 оны 06 дугаар сард 120 дугаар дэлгүүрт үзлэг хийсэн тэмдэглэл байдаггүй. Үзлэг хийсэн тэмдэглэлүүдийг харахад хоорондоо зөрүүтэй, заримыг нь канондож, хэний гарын үсэг зурсан эсэх нь тодорхойгүй байдаг гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад түүний гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2.Нэхэмжлэгч Х- ХХК нь хариуцагч М- ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт нийт 18,043,434 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч моторын үнэд 6,750,000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

3.Зохигчид 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр ажил гүйцэтгэх нэртэй гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч Х- ХХК нь хариуцагч компанийн сүлжээ дэлгүүрүүдийн хөргүүр, хөлдөөгч, хөргөх төхөөрөмжүүдийн хэвийн үйл ажиллагааг хангаж, засвар үйлчилгээ хийх, хариуцагч М- ХХК нь гүйцэтгэсэн ажлыг хүлээн авч хөлс төлөхөөр тохиролцсон байна. /1-р хх-ийн 5-10-р тал/

 

3.а.Талууд ажил гүйцэтгэх нэртэй гэрээ байгуулсан боловч гэрээний зорилго, гол нөхцөл, талуудын хүсэл зориг зэрэг нь эрх зүйн харилцааг тодорхойлох үндсэн шинж болдог. Нэг тал нь тодорхой төрлийн ажил үйлчилгээ үзүүлэх, нөгөө тал нь хөлс төлөхөөр тохиролцсон тохиролцоо нь Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээний шинжийг агуулсан байх тул анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлсон гэж үзнэ.

 

Өөрөөр хэлбэл, хөлсөөр ажиллах гэрээний зүйл нь бусдад үзүүлэх үйлчилгээ байдаг учир биет үр дүн шаардахгүй, материаллаг шинжтэй байдаг. Нэхэмжлэгч Х- ХХК нь гэрээгээр тохиролцсон ажил үйлчилгээг гүйцэтгэн, хариуцагч М- ХХК-д хүлээлгэн өгсөн болох нь хэргийн 239-249 дүгээр талд авагдсан ажил хүлээлцсэн актаар тогтоогдсон байна.

 

3.б.Талуудын байгуулсан гэрээний 4.1-т үйлчилгээний 1 сарын төлбөр 2,145,000 төгрөг байна гэж, 4.2-т Төхөөрөмжийн засвар ажилтай холбогдон сэлбэг материалын зардал нэмж гарах бөгөөд захиалагч нь, гүйцэтгэгчийн зарлагын баримт болон нэхэмжлэх хуудасны дагуу төлбөрийг төлж барагдуулна гэж тус тус заажээ. /1хх-ийн 6-р тал/.

 

  3.в.Анхан шатны шүүх хариуцагч М- ХХК-ийг ажлын хөлсөнд 23,595,000 төгрөг төлөхөөс 17,940,545 төгрөг, сэлбэг материалын зардалд 3,330,700 төгрөг төлөхөөс 1,469,540 төгрөгийг тус тус төлж, нийт 7,515,555 төгрөгийг нэхэмжлэгч Х- ХХК-д төлөх үүргээ биелүүлээгүй, мөн анз гаргуулах шаардлагын үндэслэл тодорхой бус гэж дүгнэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлсэн байна.

 

3.г.Иймд хариуцагч М- ХХК-аас нийт 7,515,555 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х- ХХК-д олгож, нэхэмжлэлээс 10,527,788 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдлийг буруутгах боломжгүй.

 

4.Моторын үнэ 6,750,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн тухайд хариуцагч уг шаардлагын үндэслэлээ нэхэмжлэгч Х- ХХК нь засварлахаар авч явсан хөргүүрийн моторыг буцааж өгөөгүй тул үнийг шаардана гэх агуулгаар тодорхойлсон. Гэвч хариуцагч М- ХХК нь дээрх шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна.

 

Тодруулбал, сөрөг нэхэмжлэлд дурдсан моторыг нэхэмжлэгч Х- ХХК авч явсан, улмаар буцаан өгөөгүйтэй холбоотой баримт хэрэгт авагдаагүй тул уг шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

 

5.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо хариуцагч М- ХХК нь сэлбэг хэрэгслийн төлбөрт 13,804,520 төгрөг төлөхөөс 10,659,880 төгрөгийг төлөөгүй болох нь бараа материал зарлагадах хуудас, зарлагын падаан, нэхэмжлэх, ажил хүлээлцсэн акт зэргээр тогтоогдсон байхад шүүх нотлох баримтыг бүрэн үнэлээгүй гэжээ.

 

5.а.Гэвч нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор гаргасан дээрх баримтуудын зарим нь нэг талын баримтууд буюу хүлээн авсан талын гарын үсэггүй, мөн зарим баримтад сэлбэг хэрэгслийн үнийн дүнг бичээгүй байх тул нэхэмжлэгч Х- ХХК-ийг хариуцагч М- ХХК-д 13,804,520 төгрөгийн сэлбэг хэрэгсэл нийлүүлсэн гэж эргэлзээгүй дүгнэх боломжгүй. Иймд энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 101/ШШ2023/00380 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 212,308 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

Г.ДАВААДОРЖ