Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2023/00927

 

Б.Д-гийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 183/ШШ2023/00318 дугаар шийдвэртэй,

нэхэмжлэгч Б.Д-гийн

хариуцагч Н- ХХК-д холбогдуулан гаргасан

сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хүчингүй болгуулах тухай маргаантай хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Д-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Минжээ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга:

1.1. Миний хувьд сахилгын шийтгэл ногдуулсан үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд хуульд заасны дагуу хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс болон Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах гурван талт хороонд гомдол гаргасан. 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өглөөний хурал дээр Ти ти жи ви си өү ХХК-ийн төслийн менежер Ш.З- нь Эрдэнэс таван толгой ХХК-аас 0.5 га нөхөн сэргээлт хийсэн талбайд TR100 өөрөө буулгагчийн мөр гарсан албан бичиг ирсэн, энэ талаар шалгаж, сарын гүйцэтгэлийн оноо хасуулахгүй байх асуудлыг шийдэхэд анхаарах гэсэн чиглэл өгсөн бөгөөд энэ хурлын тэмдэглэл нь уурхайн бүх удирдлага болон хотын оффисийн удирдах шатны ажилтнууд руу цахим шуудангаар явсан байсан.

Түншлэлийн хурлын дараа Ш.З- менежерээс Н- ХХК-ийн уурхайн орлогч дарга Ү.Б-д Эрдэнэс таван толгой ХХК-д ирсэн албан бичгийг явуулсан байсан. Манай уурхайн орлогч дарга Ү.Б- надтай уулзаад энэ асуудлыг очиж судлаад, хэрэв ийм асуудал болсон бол байгаль орчин талаас засаж болох төлөвлөгөө боловсруулж ир гэдэг чиглэл өгсөн. Өгсөн чиглэлийн дагуу судлаад, төлөвлөгөө боловсруулж, Таван толгой ХК-ийн байгаль орчны ажилтан руу явуулсан бөгөөд төлөвлөгөөний дагуу саналуудыг дэмжиж байна, төлөвлөгөөгөө хэрэгжүүлнэ гэдгээ албан бичгээр мэдэгдээрэй гэсэн цахим шуудан ирсэн ба уурхайн орлогч дарга Ү.Б-д танилцуулсан.

1.2.Гэтэл 2022 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр уурхайн хүний нөөцийн ажилтан Б.Баасан сахилгын шийтгэлийн хуудас надад танилцуулсан ба Таван толгой ХК дээр гарсан зөрчлийг шууд удирдлага Жан даргад мэдэгдээгүй, уурхайн орлогч дарга Ү.Б-тай хамт зөрчлийг арилгах төлөвлөгөө боловсруулж эрх мэдлээ хэтрүүлсэн, дээрх нөхцөл байдпаас компанид 16,000,000 төгрөгийн бодит хохирол учирсан гэж бичигдсэн байсан.

Миний хувьд сахилгын шийтгэлийн энэ үндэслэлийг зөвшөөрөхгүй байгаа бөгөөд доорх байдлаар тайлбарлаж байна. Үүнд уурхайн орлогч дарга Ү.Б- надад үүрэг даалгавар өгснийг би биелүүлсэн, ТR100 өөрөө буулгагч мөр гаргасан асуудал болоход би еөрийн биеэр байгаагүй, манай В ээлж энэ тохиолдлын алинд ч ажиллаагүй, 3. ийм асуудал болсон талаар ээлж хүлээлцэх хуудас болон аман байдлаар манай ээлжинд мэдэгдээгүй, зөрчлийг арилгах төлөвлөгөө боловсруулсан нь компанид 16,000,000 төгрөгийн бодит хохирол учрах нөхцөл болоогүй, тухайн үед техник жолоодож байсан операторын буруутай ажиллагаанаас үүссэн гэж үзэж байна, уурхайн орлогч дарга Ү.Б- болсон нөхцөл байдлын талаар тодорхой тайлбар гаргасан болно.

Иймд үндэслэлгүйгээр надад ногдуулсан сахилгын шийтгэлийг зөвшөөрөхгүй байгаа тул 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн Б22/791 тоот Н- ХХК-ийн гүйцэтгэх захирлын тушаалыг хүчингүй болгож, шударгаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1.Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо нь сахилгын шийтгэл ногдуулах тушаалыг үндэслэлтэй гэж үзэж гомдлын шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн. 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 473 дугаартай Таван толгой ХК-ний албан бичигт ... уурхайгаас урагш 8 км зайд байрлах шимт хөрсний овоолгын тодорхой хэсэгт өнгөн хөрс сайжруулах туршилтын 0.5 га талбайд олон наст бордоо ашиглаж тарилтын ажлыг эхлуулж иж бүрэн бороожуулагч усалгааны систем, шимт хөрсний овоолгын талбайд хунд даацын тээврийн хэрэгсэл удаа дараа явж усалгааны системийг дайрч эвдэн, сийрүүлсэн хөрсийг нягтаршуулж, ургамал ургах нөхцөлийг алдагдуулж усалгаа арчилгаанд усны машин түрээсэлж ажиллуулсан ажлын үр дүнгүй болгож бидний ажилд хүндрэл учруулсан тул хохирлыг барагдуулж өгнө үү гэж дурдсан байдаг.

Б.Д- нь үүссэн асуудал, зөрчлийг мэдсээр байж албан тушаалын эрх, үүрэг, мөн чиг үүргийн дагуу өөрийн шууд удирдлага/ уурхайн дарга буюу сайтын дэд менежер /Жан Хун Юун/-д мэдэгдээгүй. Түүний зөвшөөрөлгүйгээр тухайн гарсан асуудлаар дур мэдэн үйл ажиллагаа хэрэгжүүлж ажлын төлөвлөгөө боловсруулсан зэрэг үйлдэл, үйл явдал нь ажил олгогч түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээнд заасан зохицуулалт хөдөлмөрийн гэрээний 10.3.2.13, хөдөлмөрийн дотоод журмын 13.8.12-ыг тус тус зөрчсөн байна. Ү.Б- нь Б.Д-гийн шууд удирдлага биш харин сайтын дарга сайтын дэд менежер болох Жан Хун Юунаас заавар, ажил үүргийн чиглэмж авч ажил үүрэг гүйцэтгэх ёстой байсан ба ийнхүү гүйцэтгээгүй нь хөдөлмөрийн гэрээний 8.3.3, 10.3.2.13, 13.8.11-т заасны дагуу өөр олгогдоогүй эрх хэмжээний хүрээнд ажил олгогчийн бизнесийн үйл ажиллагаанд хохирол учруулахаар үйлдэл хийсэн, түүний улмаас компанид хохирол учирсан байдаг.

Өөрөөр хэлбэл тухайн ажилтан нь ажил олгогч болон түүнтэй хамааралгүй аливаа аж ахуйн нэгж, байгууллага буюу Таван толгой ХК-тай харилцах эрх хэмжээ олгогдоогүй нь ажлын байрны тодорхойлолтод заасан албан тушаалын эрх хэмжээг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй юм. 2022 оны 09 сарын 19-ний өдрийн Б22/791 дугаар сахилгын шийтгэл ногдуулах тухай гүйцэтгэх захирлын тушаалаар ажилтанд сахилгын шийтгэл ногдуулсантай холбоотой ажилтан Б.Д-д ажил олгогчийн зүгээс хөдөлмөрлөх эрх болон ажил үүргээ гүйцэтгэхтэй холбоотойгоор аливаа дарамт, хүчирхийлэл, бэлгийн дарамтыг үзүүлээгүй.

2.2.Мөн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.3.2, 27.3.3, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомжийн шаардлага, стандарт, салбарын болон аж ахуйн нэгж, байгууллагын мөрдөх хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм, журмын хэрэгжилтийн байдалд үзлэг, шалгалт хийлгэх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах арга хэмжээ авах гэж тус тус зааснаар хөдөлмөрийн аюулгүй байдал, байгаль орчны чиглэлээр зөрчигдсөн асуудлаар тухайн аж ахуйн, нэгж байгууллагын удирдлагын өмнө шууд хариуцах, хяналт тавих, илэрсэн зөрчлийг арилгуулах талаар арга хэмжээг авч ажиллах үүрэгтэй талаар дээрх холбогдох хууль тогтоомжид тусгайлан заасан байдаг.

2.3.Иймд дээр дурдсан үндэслэлээр тухайн ажилтанд сахилгын шийтгэл ногдуулсан Н- ХХК-ийн 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн Б22/791 дугаартай сахилгын шийтгэл ногдуулах тухай гүйцэтгэх захирлын тушаал нь хууль зүйн үндэслэлтэй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 154 дүгээр зүйлийн 154.8-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Д-гийн хариуцагч Н- ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Н- ХХК-ний гүйцэтгэх захирлын 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн Б22/791 дугаар сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж Б.Д-д олгож, хариуцагч Н- ХХК-аас 70,200 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна.

4.1.Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт: ... нэхэмжлэгч Б.Д-гийн ажлын байрны тодорхойлолтод хүнд оврын техникийн явах маршрутад хяналт тавих үүрэг хүлээгүй байгааг дурдаад, харин гаргасан зөрчлийг арилгах талаар эрх бүхий албан тушаалтны нэр заасан ажилтнаас өгсөн үүрэг даалгаврын дагуу төлөвлөгөө боловсруулсан нь шууд удирдлагыг мэдээллээр хангах үүргээ биелүүлээгүй, хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтод заасан эрх хэмжээгээ хэтрүүлсэн хэтрүүлснээр ажил олгогчид бодит хохирол учруулсан буруутай үйлдэлд хамаарахгүй гэж шийдвэрлэснээс дүгнэхэд Б.Д-гийн хөдөлмөрийн гэрээ, түүний хавсралт ажлын байрны тодорхойлолтод заасан тухайн ажилтан, албан тушаалтны ажил үүрэгтэй холбоотой мөрдөгдөх шаардлагатай холбогдох хууль тогтоомжид буюу Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчны хэлтсийн ахлах ажилтан Б.Д-гийн ажлын байрны тодорхойлолтод Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомжийн хүрээнд байгууллагын дотоодод мордох журам, зааврын биелэлтэнд хяналт тавих ..., төслийн талбарын бүх хэлтэс, нэгж, салбарын ажлын байранд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль дүрэм, заавар, журмын биелэлтэд шалгалт хийж, илэрсэн зөрчлийг арилгуулах зэрэг тухайн ажилтны хуулиар хүлээсэн үндсэн үүрэгт, хүнд оврын техникийн явах маршрутад хяналт тавих үүрэгтэй болох нь хавтаст хэрэгт авагдсан ажлын байрны тодорхойлолтоор тогтоогдож байна. Мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.3.2, 27.3.3-т зааснаар хөдөлмөрийн аюулгүй байдал, байгаль орчны чиглэлээр зөрчигдсон асуудлаар тухайн аж ахуйн, нэгж байгууллагын удирдлагын өмнө шууд хариуцах, хяналт тавих, илэрсэн зөрчлийг арилгуулах талаар арга хэмжээг авч ажиллах үүрэгтэй талаар дээрх холбогдох хууль тогтоомжид тусгайлан тус тус тодорхой заасан байдаг.

4.2.Мөн тус шийдвэрийн үндэслэх хэсэгт: ... уурхайн дэд менежер Жан Хун Юунаас уурхай дээрх өдөр тутмын үйл ажиллагааг Ү.Б- удирдан зохион байгуулна гэх утгатай цахим шууданг ажилчдад илгээсэн ..., цахим шуудангийн дагуу уурхайн орлогч дарга Ү.Б-д гаргасан зөрчлийн талаар мэдэгдэж, түүний өгсөн үүрэг даалгаврын дагуу хохирол барагдуулах төлөвлөгөө боловсруулсан ... тухай дурдсан байдаг. Зохигч, тэдгээрийн төлөөлөгчдийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тухайн цахим баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасны дагуу хэргийн оролцогчдын хүсэлт, түүний дагуу үзлэг хийж нотлох баримтыг цуглуулж, бэхжүүлэх зэрэг хуульд заасан арга, хэрэгслийн дагуу авагдаагүй, нотлох баримтын шаардлага хангаагүй байхад нотлох баримтаар үнэлж, шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасанд нийцээгүй. Шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, нотлох баримтыг нэг бүрчлэн бодитойгоор харьцуулан үнэлж үзэлгүй үндэслэл муутай шийдвэр гаргасан байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-т заасны дагуу бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

5.Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга: Миний бие 2022 оны 06 дугаар сарын 25-ны өдөр, 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдөр, 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрүүдэд ажиллаагүй, мөн манай ээлжийн хуваарьтай өдөр бус байсан. Миний зүгээс тус өдрүүдэд гарсан алдаа зөрчлийг ээлжинд гарсан ажилтнуудад арга хэмжээ авахуулах тухай тайлбар гаргасан. Уурхайн дарга Жан Хун Юун, уурхайн орлогч даргаар Ү.Баттулгыг томилж, ажил үүргээ тайлагнахыг цахим шуудангаар болон 7 хоногийн ажилчдын хуралд яригдсан. Нэхэмжлэгч тал уурхайн орлогч даргыг Ү.Б- томилсон талаар эс зөвшөөрч байсан бол тухайн үед ажлын даалгавар авч болохгүй талаар бидэнд мэдэгдэх боломжтой байсан. Надад оногдуулсан сахилгын шийтгэлд 16,000,000 төгрөгийн бодит хохирол учруулсан гэж буруу ойлголтыг төрүүлж байна. Би тухайн техникийг ажиллуулаагүй, өгсөн үүрэг даалгаврын дагуу судалгаа хийж, сайжруулах талаар төлөвлөгөө гаргасан. Гэвч намайг нуун дарагдуулсан гэж үзсэн нь үндэслэлгүй. Төлөвлөгөө албан ёсоор гарсны дараа бодит хохирол 4,000,000 төгрөг гарсан. Анхан шатны шүүх хуралдаанаас хойш Н- ХХК-аас надад жилийн эцсийн олговрыг олгосон. Миний зүгээс хариуцагчийг анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрсөн гэж ойлгосон боловч давж заалдах гомдол гаргасан байна гэжээ.

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад түүнийг гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2.Нэхэмжлэгч Б.Д- нь хариуцагч Н- ХХК-д холбогдуулан сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

3.а.Нэхэмжлэгч Б.Д- нь хариуцагч Н- ХХК-ийн гүйцэтэх захиралтай 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулан, тус компанийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ахлах ажилтнаар ажиллах болсон нь талуудын тайлбар, хөдөлмөрийн гэрээ зэрэг нотлох баримтаар тогтоогджээ. /хх-ийн 15-19-р тал/

3.б.Хариуцагч Н- ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн Б22/791 дугаар тушаалаар хариуцагч Б.Д-д нэг сарын хугацаатай цалин хөлсийг 10 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан байна. /хх-ийн 86-р тал/.

3.в.Дээрх тушаалд Б.Д- нь ажлын байран дээр гарсан зөрчлийг өөрийн шууд удирдлагадаа мэдэгдэлгүй, нуун дарагдуулсан, зөрчлийг арилгах талаар ажлын төлөвлөгөөг удирдлагын зөвшөөрөл хяналтгүй дур мэдэн гаргасан, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээг зөрчсөн, ажлын байрны тодорхойлолтод заасан эрх хэмжээг хэтрүүлсэн буруутай үйлдэл гаргасан, түүний улмаас компанид бодит хохирол учруулсан гэх үндэслэлийг заажээ.

3.г.Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2 дахь хэсэгт заасан хугацаанд нэхэмжлэгч Б.Д- нь зохих байгууллагад гомдлоо гаргасан буюу урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна.

3.д.Нэхэмжлэгч Б.Д- нь сахилгын шийтгэл ногдуулсан ажил олгогчийн дээрх тушаалыг эс зөвшөөрч буй үндэслэлээ ... Эрдэнэс таван толгой ХК-ийн нөхөн сэргээлтийн талбайд манай компанийн техник явсан асуудлыг компанийн ажилчид мэдсэн бөгөөд уурхайн орлогч дарга Ү.Баттулгын өгсөн чиглэлийн дагуу төлөвлөгөөг боловсруулсан гэсэн бол хариуцагч Н- ХХК нь татгалзалдаа Б.Д-гийн шууд удирдлага нь Ү.Б- биш, сайтын дэд менежер Жан Хун Юун гэж тайлбарлажээ.

3.е.Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад талуудаас сайтын дэд менежер Жан Хун Юунаас уурхайн өдөр тутмын үйл ажиллагааг Ү.Б- хариуцах тухай цахим шуудан ажилтнуудад илгээсэн талаар тайлбарласан ба энэ талаар шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 5 дахь хэсэгт дүгнэсэн байна.

3.ё.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана. Хариуцагч Н- ХХК-ийн хувьд дээрх нөхцөл байдлыг үндэслэл бүхий баримтаар няцааж чадаагүй, мөн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад шүүх хуралдаан даргалагчаас дээрх цахим шууданд үзлэг хийлгэх эсэх талаар хариуцагч талаас тодруулахад үзлэг хийлгэх хүсэлт гаргахгүй, шаардлагагүй гэх байр суурийг илэрхийлсэн болох нь шүүх хуралдааны тэмдэглэлээр тогтоогджээ. /хх-ийн 116-р тал/

3.ж.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааны тэмдэглэл нь нотолгооны хэрэгсэлд хамаардаг тул анхан шатны шүүх нотлох баримт бүрдүүлэх хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн гэж үзэх боломжгүй. Иймд энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

3.з.Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтууд болон талуудын тайлбарыг харьцуулан үзэж, нэхэмжлэгч Б.Д- нь үүссэн нөхцөл байдлын талаар холбогдох албан тушаалтанд мэдэгдэж, чиглэл авсны үндсэн дээр төлөвлөгөөг боловсруулсан гэж дүгнэснийг буруутгах боломжгүй.

Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах урьдчилсан нөхцөл нь ажилтан сахилгын зөрчил гаргасан нь эргэлзээгүй баримтаар нотлогдсон байхыг шаардана. Нэхэмжлэгч Б.Д-д сахилгын шийтгэл ногдуулсан ажил олгогчийн тушаалд зөрчлийн талаар ерөнхий байдлаар бичсэн боловч сахилгын зөрчил буюу хууль зүйн фактыг шалган тогтоосон тухайн байгууллагын шийдвэр, дүгнэлт гарсан гэх байдал тогтоогдсонгүй.

4.Иймд нэхэмжлэгч Б.Д-д сахилгын шийтгэл ногдуулсан ажил олгогчийн тушаал хууль зүйн үндэслэлгүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 183/ШШ2023/00318 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

Г.ДАВААДОРЖ