| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Раднаасамбуугийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 160/2018/0221/Э |
| Дугаар | 226 |
| Огноо | 2018-12-05 |
| Зүйл хэсэг | 11.1.1, |
| Улсын яллагч | Э.Б |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 05 өдөр
Дугаар 226
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Р.Алтанцэцэг даргалж
Улсын яллагч: Э.Билгүүн
Шүүгдэгч: Г.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О овогт Гийн Бд холбогдох 1812004490244 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ... оны .. дугаар сарын ...-ний өдөр Сэлэнгэ аймгийн Орхон суманд төрсөн, эрэгтэй, 32 настай, бүрэн бус дунд боловсролтой, малын бага эмч мэргэжилтэй, Архангай аймгийн Хайрхан сумын Могой багийн малын бага эмч ажилтай, Архангай аймгийн Хайрхан сумын Өгөөмөр баг, Дэнж хорооллын 09-02 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, О овогт Гийн Б /РД:.../
Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Г.Б нь 2018 оны 08 дугаар сарын 22-ны орой 22 цагийн үед Архангай аймгийн Хайрхан сумын Өгөөмөр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Жаргалант хайрхан” үйлчилгээний төвийн хойд талд иргэн М.Гыг хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүх хуралдаанд шүүгдэгч Г.Б мэдүүлэхдээ: Би тухайн хэргийг үйлдсэн нь үнэн. 2018 оны 10 дугаар сарын 22-ны орой 22 цагийн үед Архангай аймгийн Хайрхан сумын Өгөөмөр багийн нутагт үйл ажиллагаагаа явуулдаг “Жаргалант хайрхан” караоке бааранд нутгийн хоёр залуутай архи уугаад сууж байхад гаднаас Г, Х, Б нар орж ирсэн. Тухайн үед би иргэн Б бид хоёр жаахан хувийн таарамжгүй харьцаатай байсан учраас гадаа үүдэн дээр нь Бтай маргалдаад зогсож байтал Г хажуу талаас орж ирээд Бтай маргалдаж болохгүй гэхээр нь Бд уурласан уураа Год гаргасан нь миний буруу байсан гэв.
Мөрдөн байцаалтын шатанд 1812004490244 дугаартай эрүүгийн хэргээс:
Хохирогч М.Гын мэдүүлсэн: ...Намайг Б хоёулаа ийшээ гараад үзье гэж хэлэхээр нь би дагаж гараад “Жаргалант хайрхан” үйлчилгээний төвийн хойд тал руу Б бид хоёр гарсан. Тэгээд Б юм ярилгүй шууд миний нүүр рүү гараараа 2 удаа цохиод, би газарт унасан юм. Намайг газарт унасаны дараа хэвлий болон бусад газарт олон удаа өшиглөсөн. Тэгээд би нэг хэсэг ухаан балартаад сэртэл Б цаашаа алхаж байхаар нь би мань нь үхлээ тусламж дуудаач гэтэл буцаж ирээд хэвлий рүү өшиглөсөн. Тэгээд би ухаан алдаад нэг мэдэхэд эмнэлэг дээр байсан. Намайг Б зодох үед гадаа харанхуй болсон, ойр хавьд бид хоёроос өөр хүн байгаагүй. Тухайн үед Б бид хоёр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Бид хоёр хүмүүстэй 0.75 литрийн 2 шил “Ерөөл” нэртэй архи уусан ба би өмнө нь нэг шил архи уусан байсан. Тухайн үед би нилээд согтсон байсан. Надад учирсан эмчилгээний зардал мөнгийг төлөөд өгчих юм бол надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Харин намайг хохиролгүй болгохгүй бол би гомдолтой...гэх мэдүүлэг /хх-ийн 07-09 хуу/
Гэрч М.Бийн мэдүүлсэн: ...2018 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 18 цагийн үед Архангай аймгийн Хайрхан сумын төв рүү Г бид хоёр орсон. Тэгээд Болдоо ахын дэлгүүрийн гадна Х ах, Б ах нартай таарсан. Тэгээд Сүүеэ ахын караоке руу бид 4 очсон бөгөөд очоод караокед орсон чинь Баагий танихгүй 2 залуутай сууж байсан. Тэгээд бид хэд цуг сууж 0.75 граммын 2 шил архи уусан. Г, Баагий хоёр гарчихаад ороод ирсэн. Тэгээд сууцгааж байгаад караокегоос гараад гадаа үүдэн дээр нь бөөндөө сууцгаасан. Г Баагий хоёр хашаа тойроод явсан. Хаачих гэж байгаа юм гэсэн чинь ийшээ явчихаад ирье гэсэн. Тэгээд 10 минутын дараа Баагий хүрээд ирсэн. Гыг өшиглөөд унагаасан шүү, очиж аваарай гэсэн. Би хаана байгаа юм, яаж байгаа юм гэж асуухад цаана чинь байгаа гэсэн. Би хайгаад хойшоо явсан олоогүй. Удалгүй цагдаа ирээд эмнэлэг рүү явсан. Тэгсэн чинь Г эмнэлэг дээр байсан. Маргааш нь Баагий унаа олж өгч Гыг суулгаж явуулсан. Бид хэд нэг их айхавтар согтоогүй байсан бөгөөд биеэ авч явах чадвартай байсан. Бид хоёр эрүүл байсан. Г Б ахтай уулзах гэж очсон. Хувийн таарамжгүй харьцаа байгаагүй. Г Б ахыг өмөөрсөн юм шиг байна лээ, сайн мэдэхгүй байна. Элэг нь бяцарсан гэж дуулсан. Тухайн үед өмдөндөө шингэнээ гаргачихсан байсан. Шанаа нь бомбойгоод, нүд нь хөхөрсөн байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 17-19 хуу/
Гэрч Б.Эын мэдүүлсэн: ...2018 оны 08 дугаар сарын 22-ны орой би Хайрхан сумын Өгөөмөр багийн Дэнж хорооллоор эргүүлийн үүрэг гүйцэтгэж явахад Ц гэх эмэгтэй “Залуус” хороололд согтуу хүн орилоод байна гэсэн дуудлага өгсөн юм. Тэгээд би дуудлагын дагуу сумын иргэн О гэх хүнийг машинтай нь дагуулаад “Залуус” хороололд ирэхэд 30 орчим насны залуу эмч дуудаарай, үхлээ гээд орилоод хэвтэж байсан. Тэгээд би тухайн машинд суулгаад сумын эрүүл мэндийн төвд хүргэж ирсэн бөгөөд хэн гэдгийг нь асуухад Г гэж байсан. Тэгээд би сумын эмч Цад хүлээлгэн өгсөн юм. Гоос архи согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан. Тухайн үед Баагий гэх хүнд зодуулсан гэж хэлж байсан. Гын уруул, амнаас нь цус гараад хатсан байдалтай байсан ба өөр ил харагдах гэмтэл гэх зүйл ажиглагдаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 хуу/
Гэрч Г.Оын мэдүүлсэн: ...2018 оны 08 дугаар сарын 22-ны орой 22 цагийн үед Хайрхан сумын Өгөөмөр багийн Дэнж хороололд явж байхад манай сумын цагдаа Э тааралдаад хүн дуудлага өгөөд байна, хүргээд өг гэхээр нь суулгаж аваад “Залуус” хороололд ирэхэд Ц гэх айлын гадна танихгүй залуу доош харсан байдалтай үхлээ гээд орилоод хэвтэж байсан. Тэгээд би Э цагдаатай хамт сумын эрүүл мэндийн төвд хүргэж өгөөд би буцаад явсан юм. Г гэх залуугаас архи согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан. Тухайн үед би эрүүл мэндийн төв рүү оруулж өгөөд гараад явсан болохоор ямар нэгэн юм ярьсан үгүйг нь мэдэхгүй байна. Намайг хүргэж өгөх хугацаанд ямар нэгэн зүйл яриагүй. Гын амнаас нь цус гараад хатсан байдалтай байсан, өөр зүйл хараагүй. Ц, хажууд нь танихгүй эмэгтэй хүмүүс байсан бөгөөд тэр хавийн оршин суугчид байсан байх. Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй үедээ даруухан, төлөв томоотой, хүнд тусархаг залуу байгаа юм. Хайрхан сумын Могой багийн малын эмч хийдэг, ажилтай залуу байгаа юм...гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 хуу/
Гэрч Н.Аын мэдүүлсэн: ...2018 оны 08 дугаар сарын 22-ны орой би гэртээ байж байхад манай хөрш Ц, Нэрзэд хоёр манай гэрийн гадна Анхаа гээд намайг дуудаад байсан. Тэгэхээр нь гараад ирсэн чинь манай найз Г манай үүдний довжоон дээр доош харсан байдалтай үхлээ эмч дуудаарай гэж орилоод ганцаараа хэвтэж байсан. Тэгээд Ц сумын цагдаа руу залгаад дуудлага өгсөн. Э цагдаа манай сумын О гэх залуутай хамт ирээд Гыг машинд суулгаад сумын эрүүл мэндийн төв рүү Гыг аваад явсан юм. Тухайн өдөр би хөдөө ажилтай байж байгаад орой нь гэртээ ирсэн бөгөөд намайг ирснээс хойш манайхаар Г орж гараагүй, би Гыг Хайрхан суманд ирсэн эсэхийг нь мэдээгүй байсан. Харин өмнө нь Г 2018 оны 07 дугаар сард наадмаар манай гэрт ирж байсан. Намайг гараад ирэхэд Г доош харсан байдалтай хэвтэж байсан болохоор нүүр, амыг нь хараагүй, гэдсээ бариад хэвтэж байсан. Тухайн үед би юу болсон талаар мэдээгүй, сүүлд нь хүмүүсийн ярианаас сонсоход Г.Бд зодуулсан гэж сонссон юм. Надад өөр мэдэх зүйл байхгүй. Би өмнө нь Г, Б нартай аль алинтай нь ганц нэг удаа хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байсан бөгөөд тэр хоёр архи уусан үедээ ямар нэгэн ширүүн зан авир гаргаж байгаагүй. Б, М.Г хоёртой нэг их харьцаад байдаггүй болохоор ямар хүмүүс гэдгийг нь сайн мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 28-30 хуу/
Гэрч Б.Цын мэдүүлсэн: ...2018 оны 08 дугаар сарын 22-ны орой би жижүүрийн хуваарьтай байсан. Тэгээд эмнэлэгт хүн үзүүлэхээр ирлээ гэж сувилагч дуудахаар нь би ирж М.Гыг үзсэн. Энэ үед М.Гын амнаас архи үнэртэж бөөлжсөн, ёолж тонгочсон байдалтай байсан. Намайг үзэхэд ил харагдах байдал нь уруул бага зэрэг хавдсан, хатсан цустай, цээж өвчүүний орчимд бага зэрэг хөхөрч зулгарсан, цээж хэвлий хэсэгт эмзэглэлтэй, артерийн даралт 110/80-тай, судасны цохилт 1 минутанд 112 удаа цохилж байсан, өөрийн ухаантай байсан. Тэгээд би М.Год эмчилгээ хийж өөрөөс нь ар гэрийнх нь утасны дугаарыг авч ээжтэй нь холбогдож биеийн байдлыг нь танилцуулсан. Тэр шөнөдөө эмнэлгийн онош тодруулах өрөөнд эмчилгээ хийж, ажиглаж хоносон. Эмнэлэгт анх Хайрхан сумын цагдаа Э хүргэж ирсэн гэж байсан. Өглөө хэвлийн өвдөлт ихтэй байсан тул өвчин намдаах тариа хийж хамт явсан хүнд нь яаралтай аймаг руу явж онош тодруулах шаардлагатай байна гэж хэлээд явуулсан. Тухайн үед Г цуг архи уусан хүндээ зодуулсан гэж байсан. Би тэр хүнээ таних уу гэж өөрөөс нь асуутал би танина гэж байсан. Тэр үедээ Г нь согтолттой, мөн дээрээс нь өвдөлттэй, ёолж, тонгочоод байсан тул өөр ямар нэгэн юм яриагүй. Харин маргааш нь хүмүүсээс сонсоход манай сумын иргэн Б М.Гыг зодсон гэж байсан. Сонсоход Бд зодуулсан гэж сонссон юм. Надад өөр мэдэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 31-33 хуу/
Гэрч Д.Сгийн мэдүүлсэн: ...Би 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хөдөө ажлаар яваад шөнө ирсэн. Маргааш нь хүмүүсээс сонсоход Б хүн зодсон гэж ярьж байсан. Түүнээс энэ талаар нарийн сайн мэдэхгүй. Би Г гэх хүнийг танихгүй, харин Б гэх залууг бол танина, манай сумын залуу байгаа юм. Түүнээс ямар нэгэн төрөл садангийн холбоо байхгүй. Миний ажиллуулдаг “Жаргалант Хайрхан” үйлчилгээний төвийн караоке нь хяналтын камергүй тул бичлэг хадгалдаггүй, одоо шинээр камержуулж байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 34-35 хуу/
Гэрч Д.Цгийн мэдүүлсэн: ...Би 2018 оны 08 дугаар сарын 22-ны орой 22 цагийн орчимд гэрээсээ гараад явж байтал миний хажуугаар нэг согтуу хүн өнгөрөөд явсан. Тэгээд би удалгүй эргээд гэртээ орж явтал манай хажуу талын айлын довжоон дээр надтай зөрсөн залуу доош хараад дөрвөн хөллөж эмч, цагдаа дуудаад өг үхлээ гэхээр нь би Хайрхан сумын эмнэлгийн жижүүр болон сумын цагдаа Эод энэ талаар мэдэгдсэн. ...Тухайн үед гадаа харанхуй байсан ба намайг харахад ямар нэгэн ил харагдах шарх анзаарагдаагүй. Тухайн үед тэр залуу согтуу, мөн ганцаараа явсан. Юу болсон талаар надад ямар нэгэн юм яриагүй. Энэ талаар надад өөр мэдэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 хуу/
Шинжээч С.Хгийн мэдүүлсэн: ...Миний 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр гаргасан 400 дугаартай дүгнэлт үндэслэлтэй. Би дүгнэлт гаргахдаа Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасагт 2018 оны 08 дугаар сарын 23-нд хэвтсэн №4101 тоот өвчний түүхийг үндэслэн гаргасан. Уг өвчний түүхэнд элэгний зүүн дэлбэн задарснаас болж дотуур цус алдсан, хэвлийн хөндийг нээж, шалгах, элгэнд оёдол тавих, хэвлийн хөндийг угааж, гуурс тавих мэс ажилбар хийсэн тухай бичлэгтэй байсан. Мөн тархи доргилт, зүүн нүдний зовхи хагарч хөхөрсөн гэсэн бичлэг байсан боловч тархи доргилтын нэг ч шинж тэмдэг тусгагдаагүй, зүүн нүдний зовхи хагарсан, хөхөрсөн гэх хэмжээ бичигдээгүй байсан. Элэгний зүүн дэлбэнгийн задарсан гэмтэл нь хэвлий рүү цохих, өшиглөх, биеийн жингээр хэвлийгээр унах, ойчих үед үүсэх боломжтой. Зүүн нүдний зовхи хагарсан, хөхөрсөн нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. Өвчний түүхэнд тархи доргилтын нэг ч шинж тэмдэг тусгагдаагүй, зүүн нүдний зовхи хагарч, хөхөрсөн хэмжээ бичигдээгүй байсан тул мэс заслын эмчийн тавьсан тархи доргилт оношийг үгүйсгэсэн. Зүүн нүдний зовхи хагарч, хөхөрсөн нь биеийн гадаргуугийн 1 хувьд хүрэхгүй байх боломжтой байсан тул дүгнэлтэнд тусгагдаагүй юм. Дээрх хүнд гэмтлийг авсан хүн явах, ярилцах зэрэг үйл хөдөлгөөн хийх боломжтой...гэх мэдүүлэг /хх-ийн 38-39 хуу/
Яллагдагч Г.Б мэдүүлсэн: ...Би өмгөөлөгчгүй мэдүүлэг өгнө, би өөрөө уншиж бичиж чадна. Би тогтоолтой танилцлаа, уг зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. ...2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 22 цагийн орчимд Архангай аймгийн Хайрхан сумын Өгөөмөр багийн “Жаргалант Хайрхан” үйлчилгээний төвийн хажуу талд Б гэх нутгийн залуутай маргалдаад байж байтал М.Г хажуугаас орж ирээд чи Б ахтай маргалдаж болохгүй гэж хэлэхээр нь би М.Гыг цааш нь дагуулж яваад хашааны хойд талд авч очоод М.Гыг гараараа нэг удаа нүүр рүү нь цохиод газар унах үед нь цээж, хэвлий, аймхай орчимд нь хөлөөрөө 2 удаа өшиглөсөн. Тэгээд л үлдээгээд яваад өгсөн. Тэгээд би Б дээр очоод Г тэр хашааны хажууд уначихсан хэвтэж байгаа шүү, очиж аваарай гэж хэлээд шууд гэр рүүгээ хариад унтаад өгсөн. Маргааш өглөө нь М.Гыг эмнэлэг дээр очсон гэж дуулаад эмнэлэг дээр очиж Гтой уулзахад Г би Архангай аймгийн төв явмаар байна гэхээр нь Хайрхан сумын эмнэлгээс аваад Архангай аймаг явах унаанд суулгаж өгөөд харьсан. Өөр надад нэмж ярих зүйл байхгүй. М.Гын биед учирсан хүнд зэргийн гэмтлийг би учруулсан. Тийм зүйл байхгүй. Тухайн үед бид бүгдээрээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Миний биед ямар нэгэн гэмтэл шарх учраагүй. Намайг Г цохиж, зодсон асуудал байхгүй. Би М.Год 600.000 төгрөг хохиролд нь төлсөн бөгөөд учирсан хохирлыг нь бүрэн төлж барагдуулаагүй байгаа. Би өөрийн өндөр настай ээжийн хамтаар мал маллаж амьдардаг. Манай ээж бие нь тааруу, 2 удаа даралт харвасан учир хүний асаргаанд байдаг, манайх амьжиргааны түвшин доогуур амьдралтай...гэх мэдүүлэг /хх-ийн 67-70 хуу/
Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 400 тоот шинжээчийн дүгнэлт:
Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: ...1. М.Гын биед хэвлийн хөндийн битүү гэмтэл болох элэгний зүүн дэлбэнд язралт, ходоодны нугалуур, цөсний суваг орчим няцралт гэмтэл учирчээ. Элэгний язралтаас дотуур их хэмжээгээр цус алдсан байна. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр, цаг хугацааны хувьд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох заавар”-ын 3.1.12-д зааснаар амь насанд аюултай хүнд гэмтэлд хамаарна. 4. Ерөнхий хөдөлмөрийн чадварыг 35-аас дээш хувиар тогтонги байдлаар алдагдуулах ба эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамааран эргэн сэргэх боломжтой...гэх дүгнэлт /хх-ийн 41-42 хуу/
Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн №4101 дугаартай өвчний түүх, яаралтай тусламжийн хуудас, мэс ажилбар хийлгэх тусгай зөвшөөрлийн хуудас, мэдээгүйжүүлэгч эмчийн үзлэг, мэдээ алдуулалтын явц сэргээх үеийн хяналтын хуудас, мэс заслын сувилагчийн хяналтын хуудас, мэс заслын тэмдэглэл /хх-ийн 43-61 хуу/
Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 72-73 хуу/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 74 хуу/ зэрэг болно.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон 2018 оны 08 дугаар сарын 22-ны орой 22 цагийн үед Архангай аймгийн Хайрхан сумын Өгөөмөр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Жаргалант хайрхан” үйлчилгээний төвийн хойд талд иргэн М.Гын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг мөн гэж дүгнэв.
Шүүгдэгч Г.Б нь дээрх гэмт хэрэгт гэм буруутай, 2018 оны 08 дугаар сарын 22-ны орой 22 цагийн үед Архангай аймгийн Хайрхан сумын Өгөөмөр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Жаргалант хайрхан” үйлчилгээний төвийн хойд талд иргэн М.Гыг хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: хохирогч М.Гын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “Б юм ярилгүй шууд миний нүүр рүү гараараа 2 удаа цохиод, би газарт унасан юм. Намайг газарт унасаны дараа хэвлий болон бусад газарт олон удаа өшиглөсөн. Би нэг хэсэг ухаан балартаад сэртэл Б цаашаа алхаж байхаар нь би мань нь үхлээ тусламж дуудаач гэтэл буцаж ирээд хэвлий рүү өшиглөсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 07-09/, гэрч М.Бийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “10 минутын дараа Баагий хүрээд ирсэн бөгөөд Гыг өшиглөөд унагаасан шүү, очиж аваарай гэсэн. Гын элэг нь бяцарсан гэж дуулсан. Шанаа нь бомбойгоод, нүд нь хөхөрсөн байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 17-19/, гэрч Б.Эын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “2018 оны 08 дугаар сарын 22-ны орой би Хайрхан сумын Өгөөмөр багийн Дэнж хорооллоор эргүүлийн үүрэг гүйцэтгэж явахад Ц гэх эмэгтэй “Залуус” хороололд согтуу хүн орилоод байна гэсэн дуудлага өгсөн юм. Тэгээд би дуудлагын дагуу сумын иргэн О гэх хүнийг машинтай нь дагуулаад “Залуус” хороололд ирэхэд 30 орчим насны залуу эмч дуудаарай, үхлээ гээд орилоод хэвтэж байсан. Тэгээд би тухайн машинд суулгаад сумын эрүүл мэндийн төвд хүргэж ирсэн бөгөөд хэн гэдгийг нь асуухад Г гэж байсан. Гын уруул, амнаас нь цус гараад хатсан байдалтай байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25/, гэрч Г.Оын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “2018 оны 08 дугаар сарын 22-ны орой 22 цагийн үед Хайрхан сумын Өгөөмөр багийн Дэнж хороололд явж байхад манай сумын цагдаа Э тааралдаад хүн дуудлага өгөөд байна, хүргээд өг гэхээр нь суулгаж аваад “Залуус” хороололд ирэхэд Ц гэх айлын гадна танихгүй залуу доош харсан байдалтай үхлээ гээд орилоод хэвтэж байсан. Гын амнаас нь цус гараад хатсан байдалтай байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27/, гэрч Н.Аын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “2018 оны 08 дугаар сарын 22-ны орой би гэртээ байж байхад манай хөрш Ц, Нэрзэд хоёр манай гэрийн гадна Анхаа гээд намайг дуудаад байсан. Тэгэхээр нь гараад ирсэн чинь манай найз Г манай үүдний довжоон дээр доош харсан байдалтай үхлээ эмч дуудаарай гэж орилоод ганцаараа хэвтэж байсан. Намайг гараад ирэхэд Г доош харсан байдалтай хэвтэж байсан болохоор нүүр, амыг нь хараагүй, гэдсээ бариад хэвтэж байсан. Тухайн үед би юу болсон талаар мэдээгүй, сүүлд нь хүмүүсийн ярианаас сонсоход Г.Бд зодуулсан гэж сонссон юм” гэх мэдүүлэг /хх-ийн 28-30/, гэрч Б.Цын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн орой би жижүүрийн хуваарьтай байсан бөгөөд эмнэлэгт хүн үзүүлэхээр ирлээ гэж сувилагч дуудахаар нь би ирж М.Гыг үзсэн. Энэ үед М.Гын амнаас архи үнэртэж бөөлжсөн, ёолж тонгочсон байдалтай байсан. Намайг үзэхэд ил харагдах байдал нь уруул бага зэрэг хавдсан, хатсан цустай, цээж өвчүүний орчимд бага зэрэг хөхөрч зулгарсан, цээж хэвлий хэсэгт эмзэглэлтэй, артерийн даралт 110/80-тай, судасны цохилт 1 минутанд 112 удаа цохилж байсан, өөрийн ухаантай байсан. Тухайн үед Г цуг архи уусан хүндээ зодуулсан гэж байсан. Харин маргааш нь хүмүүсээс сонсоход манай сумын иргэн Б М.Гыг зодсон гэж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 31-33/, гэрч Д.Сгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн ”маргааш нь хүмүүсээс сонсоход Б хүн зодсон гэж ярьж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35/, гэрч Д.Цгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “би удалгүй эргээд гэртээ орж явтал манай хажуу талын айлын довжоон дээр надтай зөрсөн залуу доош хараад дөрвөн хөллөж эмч, цагдаа дуудаад өг үхлээ гэхээр нь би Хайрхан сумын эмнэлгийн жижүүр болон сумын цагдаа Эод энэ талаар мэдэгдсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37/, Г.Б мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар гэм буруугаа хүлээж мэдүүлсэн “би зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 22 цагийн орчимд Архангай аймгийн Хайрхан сумын Өгөөмөр багийн “Жаргалант Хайрхан” үйлчилгээний төвийн хажуу талд Б гэх нутгийн залуутай маргалдаад байж байтал М.Г хажуугаас орж ирээд чи Б ахтай маргалдаж болохгүй гэж хэлэхээр нь би М.Гыг цааш нь дагуулж яваад хашааны хойд талд авч очоод М.Гыг гараараа нэг удаа нүүр рүү нь цохиод газар унах үед нь цээж, хэвлий, аймхай орчимд нь хөлөөрөө 2 удаа өшиглөсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 67-70/, хохирогч М.Гын эрүүл мэндэд учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 400 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 41-42/, Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн №4101 дугаартай өвчний түүх, яаралтай тусламжийн хуудас, мэс ажилбар хийлгэх тусгай зөвшөөрлийн хуудас, мэдээгүйжүүлэгч эмчийн үзлэг, мэдээ алдуулалтын явц сэргээх үеийн хяналтын хуудас, мэс заслын сувилагчийн хяналтын хуудас, мэс заслын тэмдэглэл /хх-ийн 43-61/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч О овогт Гийн Бат-Эрдэнийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага оногдуулах, шүүгдэгч Г.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний улмаас учирсан хохирлыг төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Энэ хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитой тогтоохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авсан бөгөөд хэрэгт хамааралтай, эх сурвалж нь тодорхой нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нийцсэн үндэслэл журмын дагуу цуглуулан бэхжүүлсэн байх тул тэдгээр нотлох баримтыг үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол, хамааралтай байна.
Шүүгдэгч Г.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.6, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч О овогт Гийн Б-ийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-ийг 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бд оногдуулсан 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс сар бүр 300.000 /гурван зуун мянга/ төгрөгөөр тооцож, 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Г.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, хохирогч нь бусад учирсан хохирлоо баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч нар өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Бд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.АЛТАНЦЭЦЭГ