Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2023/00928

 

Д.Н- нарын нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 101/ШШ2023/00891 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч О.М-, О.У- болон Г.М-, Г.У- нарын хууль ёсны төлөөлөгч Д.Н- нарын хариуцагч М- ХХК-д холбогдуулан гаргасан гэм хорын хохиролд нийт 55,002,000 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Минжээ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч нарын нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: М- ХХК-д барилгын даамал албан тушаал эрхэлдэг Б.Б- нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцэлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу нэхэмжлэгчийн гэр бүлийн хүн болох Н.Отгонбаярт аюулгүй ажиллагааны зааварчилга өгч ажилд гаргаагүйн улмаас үйлдвэрлэлийн осол болж хүний амь нас хохирсон.

2021 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор Б.Б-ыг гэм буруутайд тооцож, хохирогчийн төлөөлөгч Д.Н- нь гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар иргэний хариуцагч М- ХХК-аас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсан байдаг.

Хохирогч Н.Отгонбаяр нь өөрийн эхнэр болох Д.Н-, төрсөн хүүхдүүд болох О.У-, О.М-, дагавар хүүхдүүд болох Г.У-, Г.М- нарын хамт амьдардаг байсан ба Дархан-Уул аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас хохирогчийн төрсөн хүүхдүүд болох О.У-, О.М- нарт тэжээгчээ алдсаны тэтгэмжийг 188,000 төгрөгөөр тогтоож, түүний асрамжинд байсан Г.У-, Г.М- нарт тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоогоогүй юм.

Дээрх хэрэгтэй холбоотойгоор амь хохирогч нэг сарын 900,000 төгрөгний цалин авдаг байсан болох нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагаар нотлогддог. Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.3 дахь заалтын аргачлалаар нэхэмжлэлийн дүнг дараах байдлаар тооцвол

2017 оны 8 дугаар сарын 25-ны өдөр төрсөн О.У- 216 сар /18жил/ тэтгэмж авахад цалингийн ногдох хэсэг 103,000 төгрөг буюу 22,248,000 төгрөг, 2011 оны 06 дугаар сарын 09-ний өдөр төрсөн О.М- 14 сар /12 жил/ тэтгэмж авахад цалингийн ногдох хэсэг 103,000 төгрөг буюу 14,832,000 төгрөг, 2006 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн Г.У- 83 сар /7 жил/ тэтгэмж авахад цалингийн ногдох хэсэг 103,000 төгрөг буюу 8,549,000 төгрөг, 2007 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн Г.М- 91 сар /8 жил/ тэтгэмж авахад цалингийн ногдох хэсэг 103,000 төгрөг буюу 22,248,000 төгрөг, нийт 55,002,000 төгрөг болж байна.

Иймд хариуцагч нь М- ХХК-аас гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох тэтгэмжийн зөрүүг Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1, 508.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр тооцоолж, нэхэмжилж байгаа ба хохирогч нас барсны улмаас учирсан гэм хорын хохирол болох 55,002,000 төгрөгийг хариуцагч М- ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Н.Отгонбаяр нь М- ХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй буюу талуудын хооронд хөдөлмөрийн харилцаа үүсээгүй. Н.Отгонбаяр нь тодорхой ажил гүйцэтгэж, гүйцэтгэсэн ажил үүрэгт тохиролцсон хөлс төлөх үүргийг М- ХХК хүлээн ажилласан.

2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 05-092/14 дугаартай шинжээчийн дүгнэлтэд дурдсан 900,000 төгрөг нь Н.Отгонбаярын нэг сарын орлого бус гүйцэтгэсэн ажилд нь төлөхөөр тохиролцсон ажлын хөлс юм.

Тиймээс хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлд заасан хохирлыг нөхөн төлөх үүргийг хүлээгээгүй болно. М- ХХК нь Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт заасны дагуу хохирогчийн оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг бүрэн төлсөн бөгөөд үүнтэй холбоотой баримтыг эх хувиар шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн болно. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.3, 509 дүгээр зүлйийн 509.1-д заасныг баримтлан хариуцагч М- ХХК-аас 1,679,660 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О.У-, О.М- нарын хууль ёсны төлөөлөгч Н.Норовринчин нарт олгож, нэхэмжлэлээс үлдэх 48,322,340 төгрөгийг болон Г.У-, Г.Мөнхдайлай нарын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.7, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 д заасныг баримтлан нэхэмжлэгч нар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч М- ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 41,825 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

4.Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаар нэхэмжлэлийн шаардлагаас 34,085,434 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосныг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:

Шийдвэрийн үндэслэх хэсгийн 14амь хохирогч Н.Отгонбаярын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн баримтыг үндэслэн М- ХХК-д барилгын туслах үндсэн ажилтнаар ажиллаж байсан нь няцаагдаж байна гэж үзсэн нь үндэслэлгүй болно. Монгол Улсын Дээд шүүхийн 2012 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн Хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргаантай хэргийг хянан шийдвэрлэхэд анхаарах зарим асуудал зөвлөмжийн 1.4 Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д Ажил олгогч буюу түүний эрх олгосон албан тушаалтан иргэнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй. Байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээнээс бусад төрлийн гэрээ байгуулахыг хориглоно гэснээс үзэхэд ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулах үүрэг ажил олгогчид хуулиар ногдсон бөгөөд энэ үүргээ ажил олгогч хэрэгжүүлээгүй явдалд ажилтан буруугүй байна. Ийнхүү хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй атлаа ажилтныг ажил, үүрэг гүйцэтгүүлсэн бол тухайн ажилтны эрх зүйн байдал нь хөдөлмөрийн гэрээний дагуу ажиллаж буй ажилтны нэгэн адил гэж үзнэ гэж заасан. Мөн ажилтанд цалин хөлс олгохдоо нийгмийн даатгалыг суутган авч төлөх үүргийг Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн дагуу ажил олгогчид хүлээлгэсэн болно. М- ХХК нь 45 хоног ажилласан ажилтантай хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй, нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй нь ажилтны буруу биш болно.

Шийдвэрийн үндэслэх хэсгийн 15-д Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.4 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг нотлохгүй, энэ талаар зохигч маргах эрхгүй гэж зөв дүгнэсэн атлаа амь хохирогчийг М- ХХК-ийн барилгын туслах үндсэн ажилтнаар ажиллаж байсан гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй гэж буруу дүгнэсэн. Учир нь эрүүгийн хэргийг хянан шалгах явцад иргэний хариуцагчаар М- ХХК-ийг татсан нь шинжээчийн дүгнэлт, компанийн хууль ёсны төлөөлөгчийн тайлбар, үйлдвэрлэлийн ослын акт, гэрчийн мэдүүлэг болон бусад нотлох баримтыг үндэслэн амь хохирогчийг М- ХХК-ийн ажилтан гэж үзсэнтэй холбоотой юм. Иймд шүүхээс эрүүгийн хэргийг шийдвэрлэсэн шийтгэх тогтоол болон түүний агуулгыг буруу тайлбарлаж, дүгнэсэн гэж үзэж байна. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан дундаж цалин хөлс тодорхойлох журам-д заасны дагуу цалинг тооцвол амь хохирогчийн нийт авсан цалин холс буюу 1,500,000 төгрөгийг ажилласан нийт хоног болох 45 хоногт хуваахад 1 өдрийн цалин нь 33,333 төгрөг болно. Үүнийг ажлын 1 сард ажлын 21-22 хоногоор үржүүлбэл 700,000 төгрөгийн үндсэн цалин, байрлаж ажиллаж байгаа буюу амралтын өдрөөр ажилласан цагийг 266,664 төгрөг буюу нийт авч буй дундаж цалин хөлс нь 966,664 төгрөг болно.

Иймд шүүхээс амь хохирогчийн дундаж цалин хөлсийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцсон нь буруу бөгөөд шүүхээс О.У-, О.М- нарт тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг олгох ёстой гэж үзэх тохиолдолд дээрх дундаж цалин хөлснөөс тооцох ёстой байна. Уг дүнгээс тооцвол гэр бүлийн нэг гишүүнд ногдох хэсэг нь 241,666 төгрөг бөгөөд амь хохирогч болон хөдөлмөрийн чадвартай эхэд ногдох хэсгийг хасахад 483,332 төгрөг болно. Дээрх дүнгээс тэжээгчээ алдсаны тэтгэмж 288,000 төгрөгийг хасахад 195,332 төгрөг, нэг хүүхдэд ногдох тэтгэмж 97,666 төгрөг болж байна. Иймд тэтгэмж авах эрхтэй хугацаа болох 216 сар /18 жил/, 133 сар /12 жил/-аар үржүүлэн тооцоход 21,095,856 төгрөг, 12,989,578 төгрөг буюу нийт 34,085,434 төгрөг болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагаас 34,085,434 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

5.Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга: 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор М- ХХК болон Н.Отгонбаяр нарын хооронд хөдөлмөрийн харилцаа үүссэн талаар нотлоогүй тул үндэслэлгүй. Харин Б.Б-, Н.Отгонбаяртай хэлцэл хийж, цалин хөлс олгогдож байсан талаарх үйл баримт эрүүгийн хэргийн шийтгэх тогтоолоор тогтоогдсон. Тус шийтгэх тогтоолоор М- ХХК-ийн ажилтан Б.Б- гэм буруутай, мөн М- ХХК-ийн ажил үүргийг гүйцэтгэж байсан гэх агуулгаар иргэний хариуцагчаар оролцсон бөгөөд хөдөлмөрийн харилцаа үүссэн нөхцөл байдлын улмаас хариуцагчаар оролцоогүй. Анхан шатны шүүхэд давж заалдах гомдол гаргасан тооцооллын талаар дурдаагүй.

Анхан шатны шүүх хуралдаанд амь хохирогчийн дансны хуулгыг гаргуулах, мөн нэхэмжлэлийн шаардлагыг тодруулахаар шүүх хуралдааныг хойшлуулсан. Гэвч нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа өмнөх гаргасан шаардлагын дагуу ирүүлсэн. Н.Отгонбаярын эхнэрийн дансанд 900,000 төгрөгийн орлого, Н.Отгонбаяр нас барсны дараа 600,000 төгрөгийн орлого тус тус орсон. Үүнийг ажлын хөлс эсхүл хохирол төлсөн гэж үзэх эсэх нь тодорхойгүй, энэ талаар нотлох баримт гаргаагүй. Ямар хугацаанд 1,500,000 төгрөгийн орлоготой байсан нь тогтоогдохгүй тул дундаж цалин хөлсийг тодорхойлох боломжгүй. Н.Отгонбаяр М- ХХК-ийн түлш агуулахыг будах түр ажил эрхэлж байсан тул хөдөлмөрийн харилцаа үүсээгүй. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт найруулгын өөрчлөлт оруулав.

2.Нэхэмжлэгч О.М-, О.У- болон Г.М-, Г.У- нарын хууль ёсны төлөөлөгч Д.Н- нар нь хариуцагч М- ХХК-д холбогдуулан гэм хорын хохиролд нийт 55,002,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3.Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 24 дүгээр зүйлд заасан хэргийн оролцогч болох нэхэмжлэгч нарын иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эрх зүйн чадамжийг зөв тодорхойлоогүй, мөн хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт заасан шийдвэрийн тогтоох хэсэгт хэргийг хянан шийдвэрлэхэд баримтлах хуулийн заалтыг буруу баримталсан зэрэг алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой гэж үзлээ.

3.а.Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 778 дугаар шийдвэрээр Д.Н-, Г.Ганбаяр нарын гэрлэлтийг цуцалж, 2006 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн охин Г.У-, 2007 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн хүү Г.М- нарыг эх Д.Н-гийн асрамжид үлдээж шийдвэрлэсэн байна./1хх-ийн 114-116-р тал/

3.б.Мөн Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 972 дугаар шийдвэрээр Д.Н-, Н.Отгонбаяр нарыг 2010 оноос 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоож шийдвэрлэжээ. /1хх-ийн 15-16-р тал/

3.в.Нэхэмжлэгч Д.Н-, Н.Отгонбаяр нарын дундаас 2011 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хүү О.М-, 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр охин О.У- нар төрсөн болох нь хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбараар тогтоогдсон байна. /1хх-ийн 48-49-р тал/

3.г.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэгт Насанд хүрээгүй буюу 14-өөс 18 хүртэлх насны иргэн өөрийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлоо шүүхэд хамгаалах эрхтэй гэж заасан тул нэхэмжлэгч Р.Урангоо 16 настай, Г.М- 17 настай байх тул тэдгээр нь нэхэмжлэл гаргах эрхтэй юм. Харин О.М- 5 настай, О.У- 11 настай байх тул тэдгээрийг хууль ёсны төлөөлөгч Д.Н- төлөөлөн нэхэмжлэл гаргаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоор байна.

3.д.Харин Д.Н- нь өөрт холбогдуулж нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй тул түүний нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2-т заасан бусдын буюу О.М-, О.У- нарын эрх, ашиг сонирхлыг хамгаалж мэдүүлэх эрхийн хүрээнд хуулиар олгогдсон этгээдийн хувьд насанд хүрээгүй хүүхдүүдээ төлөөлөн нэхэмжлэл гаргасан гэж дүгнэнэ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн удиртгал болон тогтоох хэсэгт нэхэмжлэгчийг тодорхойлсон хэсэгт өөрчлөлт оруулна.

4.Хариуцагч М- ХХК-ийн барилгын даамал Б.Б- нь 2017 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгч ажилд гаргаагүйн улмаас Н.Отгонбаяр нь Сонгинохайрхан дүүрэг, 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Мон суль ХХК-ийн агуулахын хашаан дотор 12 метр өндөртэй нефть агуулах босоо савыг будаж байхдаа өндрөөс унаж, 05 дугаар сарын 15-ны өдөр эмнэлэгт нас барсан үйл баримтын талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

4.а.Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 813 дугаар шийтгэх тогтоолоор Б.Б-ыг хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас нэг хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нэг жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар нэг жилийн хорих ялаас өршөөн хэтрүүлж, хохирогчийн төлөөлөгч нь гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар хариуцагч М- ХХК-аас нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэсэн байна. /1хх-ийн 6-14-р тал/

4.б.Хариуцагч М- ХХК-аас талийгаач Н.Отгонбаярын ар гэрт нийт 55,160,000 төгрөгийн буцалтгүй тусламж олгосон болох нь талуудын тайлбар, бэлэн мөнгөний зарлагын баримтуудаар тогтоогдсон, мөн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Д.Н- нь ... цаашид нэхэмжлэх зүйл, гомдол санал үгүй болохоо илэрхийлсэн бичгийн баримт хэрэгт авагджээ. /1хх-ийн 106-110-р тал/

4.в.Нэхэмжлэгч Г.У-, Г.М- нар бие дааж, насанд хүрээгүй хүүхдүүдийн хууль ёсны төлөөлөгч Д.Н- нар талийгаач Н.Отгонбаярын амь нас хохирсонтой холбоотойгоор 4 хүүхдийн тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг 18 нас хүртэл хугацаанд шаардсан. Гэвч нэхэмжлэгч Г.У-, Г.М- нар Гэр бүлийн тухай хуульд зааснаар өөрсдийн төрсөн эцэг Г.Ганбаяраар тэжээн тэтгүүлэх эрхтэй тул тэдгээр нь М- ХХК-аас тэжээгчээ алдсантай холбоотой тэтгэмжийг шаардах эрхгүй гэх анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцсэн байх бөгөөд шийдвэрийн энэ хэсэгт нэхэмжлэгч тал давж заалдах гомдол гаргаагүй болно.

4.г.Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.2 дахь хэсэгт Гэм хор учруулсны төлбөрийг нас барсан хохирогчийн асрамжид байсан буюу нас барах үед түүнээс тэтгэвэр авах эрхтэй байсан хөдөлмөрийн чадваргүй этгээд, хохирогчийг нас барсны дараа төрсөн хүүхэд тус тус, түүнчлэн нас барагчийн найман нас хүрээгүй хүүхэд, дүү, ачийг асран хүмүүжүүлж байгаа байнгын цалин хөлс орлогогүй эцэг, эх, нөхөр /эхнэр/-ийн аль нэг нь авах эрхтэй гэж, мөн зүйлийн 508.3 дахь хэсэгт Төлбөр гаргуулах хэмжээг тогтоохдоо нас барагчид өөрт нь болон түүний асрамжид байсан хөдөлмөрийн чадвартай бөгөөд төлбөр авах эрхгүй этгээдэд оногдох хэсгийг хасаад нас барагчийн сарын цалин хөлс, орлогын дунджаар тогтооно. Түүнчлэн төлбөр авагч тус бүрт тогтоосон төлбөрийн хэмжээнээс тэжээгчээ алдсаны тэтгэврийг хасна гэж тус тус заасан.

4.д.Насанд хүрээгүй О.У-, О.М- нар тэжээгчээ алдсаны тэтгэвэрт сар бүр 288,000 төгрөг авдаг байх бөгөөд талийгаач Н.Отгонбаяр нь хариуцагч байгууллагаас сарын 1,500,000 төгрөгийн цалин авдаг байсан гэх нөхцөл байдал эргэлзээгүй баримтаар тогтоогдоогүй. Иймд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг тооцож, хариуцагч М- ХХК-аас 1,679,660 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч О.У-, О.М- нарын хууль ёсны төлөөлөгч Н.Норовринчинд олгож, нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн шүүхийн шийдлийг зөв гэж үзнэ.

4.е.Учир нь Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлыг урьдчилан гаргах журамтай. Иймд 18 нас хүртэл хугацаанд тэтгэмж гаргуулах тухай нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

5.Анхан шатны шүүх зохигчийн зөвшөөрлөөр иргэдийн төлөөлөгчийн эзгүйд шүүх хуралдааныг явуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8 дахь хэсгийг зөрчөөгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт найруулгын өөрчлөлт оруулав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 101/ШШ2023/00891 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч М- ХХК-аас 1,679,660 төгрөг гаргуулж нэхэмжлэгч О.У-, О.М- нарын хууль ёсны төлөөлөгч Н.Норовринчинд олгож, нэхэмжлэлээс үлдэх хэсэг болон Г.У-, Г.М- нарын нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-т зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах гомдолд төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

Г.ДАВААДОРЖ