Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 02

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Өлзий-Отгон даргалж,

Нарийн бичгийн дарга Х.Ууганбат,

Улсын яллагч А.Амгалан,

Шүүгдэгч Х.Х /өөрөө өөрийгөө өмгөөлөн оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Баг мод овогт Хулдангийн Хд холбогдох 1829001450089 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч Х.Х нь 2018 оны 11 дүгээр сарын 12-ны орой согтуугаар Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төв буюу Цагаан-Овоо багийн Ямаан-хүрэнгийн 6-5 тоотод иргэн Ц.Буянхүүтэй маргаж, улмаар эрх чөлөөнд нь хүч хэрэглэн халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Х мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй.” гэв.

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-н 6 дугаар хуудас/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 7-11,15 дугаар хуудас/,

Хойшлуулашгүй тохиолдолд явуулсан прокурорын тогтоол / хх-ийн 13 дугаар хуудас/,

Эд зүйл, баримт, бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хавтаст хэрэг тусгах тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 13 дугаар хуудас/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Од-Эрдэнийн: “... Би мэдүүлэг өгөхдөө өмгөөлөгч оролцуулахгүй. ... Буянхүүгийн хоёр дахь охин нь юм. ... Гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 дүгээр хуудас/,

Б.Од-Эрдэнийн гэрчээр өгсөн : “... тэр хоёр юм ярьж сууж байгаад Х ах нэг шил архи гаргаж ирээд аавтай цуг ууж байгаад манай аав Х ахад чи намайг том хүүхдээрээ зодуулсан гэсэн. Тэр хоёр маргалдаж би чамайг том болсон хүүхдээрээ зодуулахдаа яасын гэсэн, тэгсэн аав чи намайг хүүхдээрээ зодуулж байхдаа нэг удаа боль гээд хэлчихгүй яасын хүний ах юм бол гээд хэрэлдэж байгаад Х ах ууж байсан архи аваад аав руу шидсэн, тэгсэн толгой хэсэгт нь оноод аавыг толгойноос цус гараад эмнэлэг дуудсан, тэгсэн хацар хэсэгт нь хоёр газар зүсэж гэмтээсэн, тэгсэн эмнэлэг дуудсан. Тэгээд цагдаад мэдэгдсэн тэгсэн удалгүй цагдаа нар ч ирсэн араас нь эмнэлэг ирээд авч явсан ийм юм болсон. ... Өмнө нь маргалдаж байсан зүйл байхгүй ээ, өш хонзонгийн асуудал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 дүгээр хуудас/,

Ц.Буянхүүгийн гэрчээр өгсөн: “... Би Хгийн биед халдсан зүйл байхгүй ээ. ... Миний биед зүүн талын хацар хэсэгт оёдол хийлгэсэн, бас толгойн хэсгийн оройгоор зүсэгдсэн шархтай байгаа, зовиур байхгүй ээ. ... Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. ...” мэдүүлэг /хх-ийн 23-24 дүгээр хуудас/,

,Б.Өнөрбаярын гэрчээр өгсөн ,: “...Намайг хэн таныг ийм болгов гэхэд ахдаа архины шилээр цохиулсан гэж хэлж байсан. ... Дух болон зүүн талын хацар хэсэгт хурц зүйлээр зүсэгдсэн шархтай байсан...” мэдүүлэг /хх-ийн 26 дугаар хуудас/,

,Ө.Отгонбаатарын гэрчээр өгсөн: “... Х ахын зуухны баруун талд сууж байгаад талийгаачийг ууж байсан архины шилээр толгой хэсэгт нь цохисон. Талийгаач босож ирээд зуухны урдуур тойрч ирээд Х ахтай ноцолдоод орон дээр зууралдаад унасан. Тэгээд би талийгаач Х ах хоёрыг салгасан чинь талийгаачийн толгой хацар хэсгээс нь их хэмжээний цус гараад байхаар нь би түргэн дуудсан дараа нь тэгсэн цагдаа нар ороод ирсэн, араас нь эмнэлгийн ажилтан ирсэн, ийм л зүйл болсон..” мэдүүлэг /хх-ийн 28 дугаар хуудас/,

Х.Отгонбаатарын гэрчээр өгсөн: “... Би энэ зун эмээ өвөөгийнд очиж унага уясан. Тэгээд манай аавын дүү Буянхүү согтуу намайг хэл амаар доромжлоод байсан. Тэгээд би уурлаад бид хоёр хэрэлдсэн, тухайн үед зодолдож цохилцсо зүйл байхгүй ээ. ... би аавын дүү болохоор тэгж зодсон зүйл байхгүй ээ. Надад ах хүний ёсоор надад сургамж хайрлах гэдэг тэрийгээ согтуудаа хэлээд агсам тавих гээд байдаг...” мэдүүлэг /хх-ийн 29 дүгээр хуудас/,

Шүүхийн шинжээчийн хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлэгийн 158 дугаартай: “Ц.Буянхүүгийн биед дух, зүүн шанаа хэсэгт урагдаж, зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир, ирмэг бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.“ гэсэн дүгнэлт /хх-ийн 31 дүгээр хуудас/ болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, хэргийг зүйлчилсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна.

  1. Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Х.Х нь 2018 оны 11 дүгээр сарын 12-ны орой согтуугаар Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төв буюу Цагаан-Овоо багийн Ямаан-хүрэнгийн 6-5 тоотод иргэн Ц.Буянхүүтэй маргаж, улмаар эрх чөлөөнд нь хүч хэрэглэн халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд хохирогч Ц.Буянхүүгийн биед учирсан хөнгөн гэмтэл нь шүүгдэгч Х.Х хохирогчийг архины шилээр цохьсон үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой, шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь  Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний халдашгүй чөлөөтэй байх эрх, эрх чөлөөнд нь халдаж эрүүл мэндэд нь хохирол учруулсан гэмт үйлдэл болох юм. 

Иймд шүүгдэгч Х.Хгийн гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцох эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

  1. Хохирол, хор уршгийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж заасан.

Хохирогч Ц.Буянхүүгийн биед хохирол учирсан болох нь Шүүх эмнэлэгийн шинжээчийн “Ц.Буянхүүгийн биед дух, зүүн шанаа хэсэгт урагдаж, зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир, ирмэг бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн дүгнэлт /хх-ийн 31 дүээр хуудас/-ээр тогтоогдож байна.

Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй” хэдий ч энэ хэргийн  хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Од-Эрдэнэ нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” тухайгаа мөрдөн шалгах болон прокурорын хяналтын шатанд илэрхийлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан үндэслэл болох анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид төлөх төлбөргүй, хийсэн хэрэгтээ үнэн санаасаа гэмшиж байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан, улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулвал зохих эрүүгийн хариуцлагын талаар  гаргасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 /найман зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянга/-н төгрөгөөр торгох саналын хүрээнд ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Х.Хд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Мөрдөгчийн тогтоолоор эд мөрийн баримтаар хурааж авсан Ерөөл архины шилний хүзүү хэсэг болон хагархай шилийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгах нь зүйтэй.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Баг мод овогт Хулдангийн Хг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Хг 800 /найман зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Х.Х нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Х.Х нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Од-Эрдэнэ нь гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Мөрдөгчийн тогтоолоор эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн Ерөөл архины шилний хүзүү хэсэн болон хагархай шилийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

6. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, Х.Хгийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Х.Хд урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Х.Хд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.ӨЛЗИЙ-ОТГОН