Улсын дээд шүүхийн Тогтоол

2021 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 001/ХТ2021/0068

 

“УДС” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

ЭХЯ-нд холбогдох захиргааны

хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, Танхимын тэргүүн: Ч.Тунгалаг,

Шүүгчид:                                            Г.Банзрагч,

                                                                  М.Батсуурь,

                                                                  Д.Мөнхтуяа,

Нарийн бичгийн дарга:              Т.Даваажаргал,

      Нэхэмжлэлийн шаардлага: 2017 оны Увс аймгийн төв Улаангом сумын “УД 2-р С” ОНӨААТҮГ-ын дулааны сүлжээний хангамжийн гидравлик горим, тооцоо техникийн шийдэл, Увс аймгийн төв Улаангом сумын дулааны сүлжээний гидравлик горим, тооцоо техникийн шийдлийг тус тус хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах,

     Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 128/ШШ2020/0601 дүгээр шийдвэр,

       Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 638 дугаар магадлалтай,

       Шүүх хуралдаанд оролцогч: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О, Д.Т нарыг оролцуулж,

         Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Өмнөх шүүхийн шийдвэр:

  1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 128/ШШ2020/0601 дүгээр шийдвэрээр: 1 дэх заалтаар Эрчим хүчний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.5, 6.1.8, Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 43 дугаар зүйлийн 43.1, 43.2-т заасныг баримтлан ЭХЯ-наас Увс аймгийн төв Улаангом сумын дулааны сүлжээний хангамжийн гидравлик горим, тооцоо техникийн шийдлийг шинээр батлах хүртэл 2017 оны Увс аймгийн төв Улаангом сумын “УД 2-р С” ОНӨААТҮГ-ын дулааны сүлжээний хангамжийн гидравлик горим, тооцоо техникийн шийдэл, Увс аймгийн төв Улаангом сумын дулааны сүлжээний гидравлик горим, тооцоо техникийн шийдлийг тус тус 6 сарын хугацаатай түдгэлзүүлж, 2 дахь заалтаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар хариуцагч шүүхээс тогтоосон 6 сарын хугацаанд шинэ акт гаргаагүй бол уг маргаан бүхий актыг хүчингүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
  2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 638 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 601 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Хяналтын гомдлын үндэслэл:

  1.  Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Маргаан бүхий захиргааны актуудыг ЭХЯ-ны БХЗГ-ын дулааны хэлтсийн дарга Т.Б, ЭХЯ-ны СТГ-ын ахлах мэргэжилтэн Е.Э, хянасан Улаанбаатар дулааны станцын ерөнхий инженер Б.Б, Тохируулгын албаны дарга М.Д, Тохируулгын албаны Орон нутгийн дулаан хангамжийн хэсгийн ахлах мэргэжилтэн М.У, Тохируулгын албаны Дулааны хянах хэмжүүр, автоматикийн завсарын слесарь Б.Т нар Увс аймгийн төв Улаангом сумын “УД 2-р С” ОНӨААТҮГ-ын дулааны сүлжээний гидравлик тооцоог боловсруулсан байна. Засгийн газрын 2001 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 263 дугаар “Дүрэм батлах тухай” тогтоолын 2 дугаар хавсралтаар дулааны эрчим хүч хэрэглэх дүрмийн 1-т “Эрчим хүчний тухай хуулийг хэрэгжүүлэхэд дулааны эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, хангах тусгай зөвшөөрөл эзэмшигчид /цаашид дамжуулагч, түгээгч, хангагч гэнэ/, хэрэглэгчийн хоорондын харилцаа, тэдгээрийн эрх, үүрэг хариуцлагыг тодорхойлоход энэхүү дүрмийг зорилт оршино” гэжээ. Уг дүрмийн 2 дугаар бүлгийн 7-т “Шинээр баригдах, өргөтгөл шинэчлэл хийх барилга байгууламжид дулааны эрчим хүч авах, ачааллыг өөрчлөх болон дулааны тоног төхөөрөмж, шугам сүлжээ, халаалтын системийн техникийн шийдлийг өөрчлөх, технологийн шинэчлэл хийх тухай бүрт хэрэглэгч нь дамжуулагч, түгээгчээс дулааны техникийн нөхцөл авна”, 8-т “Дамжуулагч түгээгч нь хэрэглэгчид техникийн нөхцөл олгохдоо эрчим хүчний зохицуулах газраас баталсан холболтын загварыг баримтлан тухайн нутаг дэвсгэрийн хөгжлийн хэтийн төлөв, дулааны шугам сүлжээ, эх үүсвэрийн техникийн боломжийг харгалзана”, 9-т “Дамжуулагч түгээгч нь хэрэглэгчээс техникийн нөхцөл авахаар ирүүлсэн хүсэлтийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор техникийн нөхцөл олгох эсэхийг шийдвэрлэнэ. Техникийн нөхцөлд дараах асуудлыг тусгасан байна” /9.1.1-9.1.6/, 10-т “Дамжуулагч түгээгчээс олгосон холболтын техникийн нөхцөлийг зураг төслийн байгууллага болон хэрэглэгч заавал биелүүлэх үүрэгтэй”, 11-т “Техникийн нөхцөлийн хүчин төгөлдөр байх хугацааг гүйцэтгэх ажлын хэмжээнээс хамааруулан 1-3 жилээр тогтооно. Энэ хугацаанд дулаан хэрэглэх барилга байгууламжийг ашиглалтад оруулаагүй бол техникийн нөхцөлийн хугацааг түүнийг дуусахаас 2 сарын өмнө сунгуулна”. Мөн дүрмийн 38.3-т “дулааны хангамжийн системийн /эх үүсвэр, шугам сүлжээ, хэрэглэгчийн хэрэглээг оруулан/ өвөл, зуны ажиллагааны горим тооцоог хийж батлуулан хэрэгжүүлэх” гэж хангагчийн эрх байхаар тусгагдсан. Дээрх дүрмийн дагуу хангагч гэж Увс аймгийн Улаангом суманд дулаан үйлдвэрлэх, дамжуулах түгээх үйл ажиллагаа явуулдаг “УДС” ХХК, Улаангом сумын “УД 2-р С” ОНӨААТҮГ байдаг.
  2. Гэтэл Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК болон Тохируулгын албаны орон нутгийн дулаан хангамжийн хэсгээс Улаангом сумын дулааны сүлжээний гидравлик горим, тооцоо техникийн шийдлийг боловсруулсан байна. “УДС” ХХК-д тайлбар, санал гаргах боломж олгоогүй, түүнчлэн батлан гаргасны дараа мэдэгдээгүй болох нь хариуцагчийн тайлбар, ЭХЯ-ны 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн В/974 дүгээр албан бичгээр нотлогдсон. Энэ нь “УДС” ХХК-иас санал аваагүй, сонсох ажиллагаа хийгээгүй, мэдэгдээгүй.
  3. Маргаан бүхий захиргааны актын алдааны талаар шийдвэр, магадлалын хянавал хэсэгт тодорхой дүгнэлт хийсэн боловч 128/ШШ2020/0601 дүгээр шийдвэр, 638 дугаар магадлал нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д заасан захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох хуулийн заалтыг зөрчсөн, шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүйд гомдолтой байна.
  4. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заасныг зөрчсөнд гомдолтой байна. Учир нь Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 176 дугаар шийдвэрээр Эрчим хүчний сайдын 2014 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн А/3353 дугаар албан бичгийн хавсралт гидравлик тооцооллын “УДС” ХХК-д холбогдох хэсэг буюу Увс аймгийн Улаангом сумын дулаан хангамжийн гидравлик горим, тооцоо, техникийн шийдлийн хэсгийг захиргааны байгууллагаас дахин захиргааны акт гартал 3 сарын хугацаагаар түдгэлзүүлсэн. Уг шийдвэрийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 400 дүгээр магадлалаар хэвээр үлдээж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ. Гэтэл ЭХЯ-наас дээрх захиргааны актыг 2017 онд дахин гаргахдаа шүүхээс түдгэлзүүлсэн актыг хуулбарлаж, албажуулсаныг шүүхийн шийдвэрийг хэлбэрийн төдий биелүүлсэн гэж үзэж байна.
  5. Өөрөөр хэлбэл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т “захиргааны акт гэж нийтийн эрх зүйн хүрээнд үүссэн тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар захиргааны байгууллага, албан тушаалтнаас амаар буюу бичгээр гарсан захирамжилсан шийдвэр болон эрх зүйн үр дагавар шууд бий болгодог нэг удаагийн захирамжилсан үйл ажиллагааг, энэ хуулиар захиргааны байгууллагын хэм хэмжээ тогтоосон шийдвэрийг захиргааны актад хамааруулна” гэжээ. 2017 оны Увс аймгийн төв, Улаангом сумын “УД 2-р С” ОНӨААТҮГ-ын дулааны сүлжээний хангамжийн гидравлик горим, тооцоо техникийн шийдэл, Увс аймгийн төв Улаангом сумын дулааны сүлжээний гидравлик горим, тооцоо техникийн шийдэл нь “УДС” ХХК-ны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх оролцоог нь хангах зарчим алдагдсан төдийгүй сонсох ажиллагаа хийх, тайлбар гаргах, нотлох баримт гаргах, тооцоо судалгаагаа гаргах эрхээр хангасангүй.
  6. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-т “Шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин суугаа хувь хүн, үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй” гэжээ. Гэтэл Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 176 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 400 дүгээр магадлалыг биелүүлээгүй хариуцагч нь захиргааны актын алдаагаа засч, хууль ёсны захиргааны акт гаргах шүүхээс олгож буй боломжийг ашиглахгүй, захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулах нэхэмжлэгчийг эрхийг зөрчсөн байхад дахин 6 сараар түдгэлзүүлж хэтэрхий нэг талыг барьж хянан шийдвэрлэсэнд гомдолтой байна.

 

  1. Өөрөөр хэлбэл, ЭХЯ-наас 2014, 2017 онуудад батлан гаргасан Увс аймгийн Улаангом сумын дулаан хангамжийн гидравлик горим, тооцоо, техникийн шийдлүүд дэх захиргааны актын алдаа нь нэгэн адил байдаг. Захиргааны актын уг алдааг залруулах боломжийг хариуцагчид дахин олгосон анхан шатны шүүхийн шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-т заасныг зөрчсөн байна.
  2. Иймд, шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

  1. Анхан болон давж заалдах шатны шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх хэсгийг маргааны үйл баримтад холбогдуулан тайлбарлан хэрэглээгүй байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
  2. Нэхэмжлэгч “УДС” ХХК нь ЭХЯ-нд холбогдуулан 2017 оны Увс аймгийн төв Улаангом сумын “УД 2-р Сын дулаан” ОНӨААТҮГ-ын сүлжээний хангамжийн гидравлик горим, тооцоо, техникийн шийдэл, Увс аймгийн төв Улаангом сумын дулааны сүлжээний гидравлик горим, тооцоо, техникийн шийдлийг тус тус хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
  3. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т “захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж заасан, энэ тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагад заасан дулааны шугам сүлжээний гидравлик горим, тооцоо шийдэл нь захиргааны актын шинжийг бүрэн агуулаагүй буюу эрх зүйн үр дагавар учруулаагүй байх тул захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан биш гэж үзлээ.
  4. Тухайлбал, “гидравлик тооцоо” гэсэн баримт нь хүн амын судалгаа, цаг агаарын мэдээ, темпаратурын график, дулааны шугамын диаметр урт, тоноглолын марк хүчин чадал, дулааны ачаалын судалгаа, дүгнэлт зөвлөмж, шугамын тохируулга гэсэн бүтэцтэй байх бөгөөд нэхэмжлэгчид чиглээгүй, эрх зүйн үр дагавар учруулаагүй, харин тусгай мэдлэг эзэмшсэн этгээдээс жигд дулаан хуваарилах зорилгоор гаргасан зуухны хүчин чадлын тооцоолол, техникийн шийдэл байна.
  5. Нэхэмжлэгчээс “тооцоолол хийхдээ эрх ашиг нь хөндөгдөх манай компанид мэдэгдээгүй, оролцоог хангаагүй” гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон боловч ийнхүү тооцоолол хийх ажиллагаанд оролцсоноор нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдөх байсан талаар үндэслэл бүхий тайлбар гаргаагүй, өөрийн үйлдсэн тооцооллыг батлуулахаар эрх бүхий байгууллагад хандаж байгаагүй, “дээрх тооцооллоос шалтгаалан хэрэглэгчээ алдсан” гэх тайлбар нь нэхэмжлэлд дурдсан гидравлик шийдлээс шалтгаалсан болох нь тодорхойгүй, нэхэмжлэлд дурдсан үйл баримт нь тухайн компанийн үйл ажиллагааны чанар, зах зээлийн өрсөлдөөнөөс хамаарах тул нэхэмжлэгчид захирамжилсан үр дагавар учруулсан гэж үзэхгүй.
  6. Иймээс захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан биш байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүнээс үзлээ.
  7. Хяналтын шатны шүүхэд, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Мөнхбат хяналтын журмаар гомдол гаргахдаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т “...улсын тэмдэгтийн хураамж төлнө” гэж заасныг биелүүлээгүй тул өмгөөлөгчийн гомдлыг хэлэлцээгүй болно.

       Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

      1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 128/ШШ2020/0601 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 638 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч “УДС” ХХК-ийн ЭХЯ-нд холбогдуулан гаргасан 2017 оны Увс аймгийн төв Улаангом сумын “УД 2-р С” ОНӨААТҮГ-ын дулааны сүлжээний хангамжийн гидравлик горим, тооцоо, техникийн шийдэл, Увс аймгийн төв Улаангом сумын дулааны сүлжээний гидравлик горим, тооцоо, техникийн шийдлийг тус тус хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

      2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН, ШҮҮГЧ                           Ч.ТУНГАЛАГ

ШҮҮГЧИД                                                                     Г.БАНЗРАГЧ

                М.БАТСУУРЬ

                Д.МӨНХТУЯА

                П.СОЁЛ-ЭРДЭНЭ