Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 0003

 

      Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Бүрнээ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

        Нэхэмжлэгч: Ц.Даваадорж, Ж.Оюунгэрэл, Б.Буянхишиг нарын нэхэмжлэлтэй

        Хариуцагч: Булган аймгийн Орхон сумын Сонгуулийн хороонд холбогдох

       Нэхэмжлэлийн шаардлага: “Булган аймгийн Орхон сумын Сонгуулийн хорооны  2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 04 дүгээр тогтоолыг илт хууль бусад тооцуулах”-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

     Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Даваадорж, Ж.Оюунгэрэл, Б.Буянхишиг, тэдгээрийн өмгөөлөгч М.Даваасүрэн, хариуцагч Орхон сумын Сонгуулийн хорооны дарга Ч.Цагаанхүү, түүний өмгөөлөгч М.Ганзориг, гэрч Д.Нармандах, Т.Гансүх,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Буманбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

       Нэхэмжлэгч Орхон сумын иргэн Ц.Даваадорж, Ж.Оюунгэрэл, Б.Буянхишиг нараас шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Булган аймгийн Орхон сумын орон нутгийн хурлын сонгуульд МАН-аас 341-р тойрогт Ц.Даваадорж, Ж.Оюунгэрэл, Б.Буянхишиг бид гурав нэр дэвшин иргэдийнхээ итгэлийг хүлээж хамгийн их санал аван сумын ИТХ-д сонгогдсон. Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн анхан шатны шүүхийн шүүгч С.Цэрэндуламын 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 50 тоот захиргааны шийтгэвэр нь Орхон сумын Монгол Ардын намын хороог Сонгуулийн тухай хууль зөрчсөн буруутай гэж үзэн торгуулийн  арга хэмжээ авсан шийтгэвэр гаргасан байдаг.

       Сумын Монгол Ардын намын хэвлэлийн ажилтан Ю.Пүрэвдорж нь мэдээллийг төсвийн нягтлангаас аван хэвлэсэн материалдаа оруулсан. Гэтэл Орхон сумын Сонгуулийн хороо нь сумын Монгол Ардын намын хороог буруутай гэсэн шүүгчийн шийтгэвэр гарсан байтал нэр дэвшин ялалт байгуулсан бид гуравт хамаатуулан нэр татсан илт хууль бус шийдвэр гаргалаа. Энэ нь Орхон сумын 5 дугаар багийн иргэдийн сонголтыг үнэгүйдүүлсэн, үл хүндэтгэсэн нэг намын эрх ашгийн төлөө  байна. Мөн Булган аймгийн Сонгуулийн хорооноос тус сумын Сонгуулийн хороонд Монгол Ардын намаас нэр дэвшин ялалт байгуулсан гурван төлөөлөгчийн нэрийг татах хурал хийж шийдвэр гаргавал илт хууль зөрчсөн шийдвэр болно гэж удаа дараа анхааруулан зөвлөсөн байдаг.

      Орхон сумын Сонгуулийн хорооны нарийн бичгийн дарга Д.Туул нь хууль бус шийдвэр гаргах гэж байгаа хуралд оролцох боломжгүй, хариуцлага хүлээхгүй гэж хурлыг хойшлуулж энэ тухайгаа тэмдэглэлд тэмдэглүүлсэн. Гэтэл сумын Сонгуулийн хорооны дарга Ч.Цагаанхүү нь Ардчилсан намын эрх ашгийн төлөө, аижлтай үлдэхийн төлөө Сонгуулийн хорооны гишүүдийг хүчээр цуглуулан хурал хийлгэн хууль бус шийдвэр гарган биднийг хохироолоо. Ч.Цагаанхүү нь Ардчилсан намын шахалтаар энэ хурлыг хийж байгаа гэдгээ ойр дотны хүмүүстээ ярьсан яриа байдаг. Иймд энэ хууль бус шийдвэрийг хүчингүйд тооцож, бидний төлөөлөгчийн эрхийг сэргээн анхдугаар хуралдаанд оролцож иргэдийнхээ төлөө дуугарах эрхийг олгож өгнө үү” гэв.

      Хариуцагч Орхон сумын Сонгуулийн хороон дарга Ч.Цагаанхүүгээс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Булган аймгийн Орхон сумын Ардын намаас 341 дүгээр тойрогт нэр дэвшигчид нь  сонгуулийн сурталчилгааныхаа тараах материалд тус сумын Мандал багийн Далт хороонд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдсэн хүүхдийн тоглоомын талбайг 98 сая төгрөгөөр баригдсан гэж илтэд хуурамч мэдээлэп сонгогчдод тараасан тул хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг Ардчилсан намаас сумын Сонгуулийн хороонд гомдол гаргасныг Булган аймгийн Орхон сумын Цагдаагийн хэрэг бүртгэгч, цагдаагийн дэслэгч Б.Отгонбаярт хүргүүлсэн болно.

      Тус сумын хэсгийн төлөөлөгч Б.Отгонбаяр нь уг гомдол мэдээллийг хүлээн авч Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.5.13-т заасан заалтыг зөрчсөн эсэхийг материалжуулан шалгаад тогтоогдсон гэж үзэн Захиргааны хариуцлагын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт зааснаар тус зөрчлийг шийдвэрлүүлэхээр материалыг Булган аймаг дахь сумын дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн ба тус шүүхээс 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн шүүгч С.Цэрэндуламын 50 тоот шийтгэвэр гарч илт хууль бус мэдээлэл тараасан болох нь тогтоогдсон. Орхон сумын Ардчилсан намын хорооноос сумын Сонгуулийн хороонд ирүүлсэн 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн №09 тоот албан бичиг, 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн №10 тоот албан бичигтэй танилцаад, 5 дугаар багт МАН-аас нэр дэвшигч Ц.Даваадорж, нэр дэвшигч Б.Буянхишиг, нэр дэвшигч Ж.Оюунгэрэл нарыг Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 04-ны өдрийн №50 тоот шийтгэвэр, Сонгуулийн тухай хуулийн 159 дүгээрзүйлийн 159.2, 159.3 дахь заалтыг үндэслэн нэрийн жагсаалтаас хасаж хурлын төлөөлөгчийн түр үнэмлэхийг хүчингүйд тооцсон болно.

      Тухайн үед аймгийн Сонгуулийн хороо нь татан буугдсан учраас 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр №3 тоот албан бичиг, шүүгчийн шийтгэврийн хамт СЕХ-д зөвлөмж авахаар хүргүүлсэн боловч албан бичгээр зөвлөмжийг өгөх боломжгүй сумын Сонгуулийн хорооны шийдэх асуудал гэсэн хариуг өгсөн болно.

      МАН-аас нэр дэвшигч Ц.Даваадорж, Б.Буянхишиг, Ж.Оюунгэрэл нар нь гаргасан нэхэмжлэлдээ “МАН-ын хороо нь буруутай байтал нэр дэвшин ялалт байгуулсан бид гуравт хамаатуулан нэр татсан илт хууль бус шийдвэр” гэсэн нь хууль зөрчиж сонгуулийн сурталчилгаа хийсэн нь нотлогдож байна. Учир нь Улс төрийн намын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т /Нам нь Монгол Улсын Yндсэн хуульд заасны дагуу нийгмийн ашиг сонирхол болон хувийн үзэл бодол, улс төрийн үйл ажиллагаа явуулах зорилгын үүднээс сайн дураараа эвлэлдсэн Монгол Улсын иргэдийн нэгдэл мөн/ гэж заасны дагуу намын хорооны гаргасан шийдвэр нь дээрх гурван нэр дэвшигчийн шийдвэр гэж үзэж байна. Эдгээр нэр дэвшигчид нь иргэдийн саналыг хууль бусаар авах зорилгоор 5 дугаар багийн иргэд, сонгогчдод илтэд хуурамч мэдээллийг хамгийн олон тоогоор /А4 хэмжээтэй плакат хэлбэрээр/ тараасан. Мөн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдсэн хүүхдийн тоглоомын талбайн ажил нь энэ 3 нэр дэвшигчийн нэр дэвшсэн тойрогт хамаарагддаг бөгөөд энэхүү давуу байдлыг ашиглаж сонгогчдын саналыг Сонгуулийн тухай хуулийг зөрчин санал авсан нь нотлох баримтаар тогтоогдсон байна.

        МАН-аас нэр дэвшигч Ц.Даваадорж, Б.Буянхишиг, Ж.Оюунгэрэл нар нь 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Орхон сумын Сонгуулийн хэсгийн хороонд ажиллаж буй нэр бүхий төрийн жинхэнэ албан хаагчдыг Ардчилсан намын гишүүд гэж илтэд гүтгэсэн байна. Эдгээр төрийн албан хаагчид нь Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.6-т заасны дагуу ямар нэг намын харъяалалгүй болно. Мөн Сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.6.2, 29.7 дахь заалтууд зөрчсөн нь үндэслэлгүй. Уг зөрчил нь тухайн тойрогт гарсан, үүнийг шүүхээс тогтоосон, сонгуулийн сурталчилгааны илт хуурамч тараах материалыг тус сумын төвийн хэмжээнд болон бусад баг, тойрогт  тараасан байсан. МАН-аас нэр дэвшигч бүрийг хасаагүй, хүүхдийн тоглоомын талбай нь эдгээр нэр дэвшигчдийн тойрогт сумын төвд байрладаг учраас нэр дэвшигч Ц.Даваадорж, Ж.Оюунгэрэл, Б.Буянхишиг нарыг нэр дэвшигчдийн жагсаалтаас хассан.

     Тус сонгуулийн хороо нь Сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т заасан зарчмыг баримтлан ажилласан болно” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

    Нэхэмжлэгч Ц.Даваадорж, Ж.Оюунгэрэл, Б.Буянхишиг нараас Булган аймгийн Орхон сумын Сонгуулийн хороо /цаашид Сонгуулийн хороо гэх/-д холбогдуулан “Орхон сумын Сонгуулийн хорооны 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 04 дүгээр тогтоолыг илт хууль бусад тооцуулах” нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.

     Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үнэлэлт, дүгнэлт хийж дараах үндэслэлээр нэхэмжлэлийн бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

     1. Нэхэмжлэгч Ц.Даваадорж, Ж.Оюунгэрэл, Б.Буянхишиг нар нь Булган аймгийн Орхон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуульд Монгол Ардын Намаас /цаашид Ардын нам гэх/ Орхон сумын 5-р баг буюу 341 дүгээр тойрогт нэр дэвшин бүртгүүлж[1], нэр дэвшигчийн үнэмлэхээ авч сонгуульд оролцсон бөгөөд улмаар санал хураалтын дүнгээр Ардын намаас уг тойрогт Ц.Даваадорж, Ж.Оюунгэрэл, Б.Буянхишиг нар нь хамгийн олон санал авсан[2] байх ба энэ талаар нэхэмжлэгч, хариуцагч нараас маргаагүй болно. Харин нэхэмжлэгч нараас Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 50 дугаар шийтгэвэрээр Орхон сумын Ардын намыг Сонгуулийн тухай хууль зөрчсөн буруутай гэж үзсэн байтал нэр дэвшин ялалт байгуулсан бид гуравт хамаатуулж, нэр дэвшигчээс хассан нь илт бус гэж, хариуцагчаас нэр дэвшигчдийн тойрогт уг зөрчил гарсан, үүнийг шүүхээс тогтоосон тул нэр дэвшигчдийн жагсаалтаас хасах үндэслэлтэй хэмээн маргаж, тайлбарладаг бөгөөд шүүхээс маргааны энэхүү үйл баримтад үнэлэлт, дүгнэлт өгч шийдвэрээ гаргалаа.

       Орхон сумын Сонгуулийн хорооны 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 04 дүгээр “Нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хасах тухай” тогтоолоор[3] Сонгуулийн тухай хуулийн 159 дүгээр зүйлийн 159.2, 159.3 дахь заалтыг үндэслэн 1 дэх заалтаар тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуульд Ардын намаас Орхон сумын 341 дүгээр тойрогт нэр дэвшигч Ц.Даваадорж, Ж.Оюунгэрэл, Б.Буянхишиг нарыг нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасч хурлын төлөөлөгчийн үнэмлэхийг хүчингүйд тооцож, 2 дахь заалтаар Ц.Даваадорж, Ж.Оюунгэрэл, Б.Буянхишиг нарыг нэрийн жагсаалтаас хасч нийтэд мэдээлэхийг сумын Сонгуулийн хорооны гишүүдэд даалгаж шийдвэрлэжээ.

            Булган аймгийн Орхон сумын Ардчилсан намын хорооны 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 08 тоот албан бичгээр[4] тус сумын Монгол Ардын намаас нэр дэвшигчид болон ухуулагчид Сонгуулийн тухай хуулийг зөрчсөн гэх гомдлыг Сонгуулийн хороонд гаргаж, улмаар зөрчлийг Цагдаагийн байгууллага шалгасан байна. Энэхүү захиргааны зөрчлийн материалыг Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хянаж үзээд 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 50 дугаар шийтгэвэрээр[5] Орхон сумын Монгол Ардын намыг Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.5.13-т заасан илтэд хуурамч мэдээлэл тараасан гэсэн үндэслэлээр Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.14.1-д зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 21 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний 4 032 000 / дөрвөн сая гучин хоёр мянга/ төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан байна.                            

            Ийнхүү Орхон сумын Сонгуулийн хороо дээрхи шүүхийн шийтгэвэрийг үндэслэн 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн хуралдаанаар[6] “Ардчилсан намаас ирсэн албан тоотын хариуг хэлэлцэх” тухай асуудлыг хэлэлцэж, олонхийн саналаар Ардын намаас Орхон сумын Мандал багт нэр дэвшсэн нэр дэвшигч Ц.Даваадорж, Ж.Оюунгэрэл, Б.Буянхишиг нарыг нэрийн жагсаалтаас хасаж шийдвэрлэснийг хууль зөрчөөгүй, буруу биш гэж үзлээ. Учир нь:

       Сонгуулийн тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.2-т “Энэ хуульд заасан захиргааны зөрчлийн талаар шууд ирүүлсэн гомдол, мэдээллийг шүүгч шийдвэрлэнэ. Шаардлагатай гэж үзвэл шүүгч гомдол, мэдээлэлд дурдсан үйл баримт, нотлох баримтыг шалгуулахаар тухайн орон нутаг дахь цагдаагийн байгууллагад даалгавар өгнө”, 118 дугаар зүйлийн 118.1-д “Энэ хуульд заасан захиргааны зөрчлийг шалгаж, хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад тухайн зөрчилд оролцогч тус бүрийн үйлдэл, эс үйлдлийг тогтоож шийдвэрлэнэ” гэж тус тус заасны дагуу Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх тухайн тохиолдолд зөрчилд оролцогч тус бүрийн үйлдэл, эс үйлдлийг нягтлаж тогтоогоогүй боловч Орхон сумын Монгол Ардын нам Сонгуулийн тухай хууль зөрчсөн болохыг тогтоож, хариуцлага ногдуулсан байх ба Сонгуулийн тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1-д “Захиргааны зөрчлийн асуудлыг шийдвэрлэсэн шүүгчийн шийтгэвэр, захирамжид гаргасан гомдлыг захиргааны зөрчлийн хууль тогтоомжид заасны дагуу шийдвэрлэнэ”, Захиргааны хариуцлагын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Зөрчил гаргасан этгээд захиргааны шийтгэл ногдуулсан торгуулийн хуудас, шийтгэврийг хүлээн авсан өдрөөс хойш 10 хоногийн дотор дараахь журмаар давж заалдаж болно: 1/-т шүүгчийн гаргасан шийтгэврийг дээд шатны шүүхэд” гэж тус тус зааснаар Ардын намаас тухайн шийтгэвэрт давж заалдах гомдол гаргаж маргаагүй, хуулийн хүчин төгөлдөр болжээ.

       Сонгуулийн тухай хууль нь[7] 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр батлагдаж, мөн өдрөөс эхлэн дагаж мөрдсөн байна. Мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т “сонгуулийн жил” гэж дөрвөн жил тутам явагдах ээлжит сонгуулийн жилийг”, 70 дугаар зүйлийн 70.1-д “Ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал хурааж дуустал аливаа этгээд сонгогчдын саналыг татах зорилгоор дараах үйлдэл, үйл ажиллагаа явуулахыг хориглоно”, 70.5-д “Сонгуулийн сурталчилгаа хийх эрх бүхий этгээд нь сонгуулийн сурталчилгааны явцад дараах үйлдэл гаргах, үйл ажиллагаа явуулахыг хориглоно”, 70.5.16-д “сонгогчдын санал худалдан авахад чиглэсэн бусад аливаа үйлдэл, үйл ажиллагаа явуулах”-ыг хориглох бөгөөд хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-д “Энэ хуульд өөрөөр заагаагүй бол сонгуулийн сурталчилгааг санал авах өдрөөс арван найм хоногийн өмнө эхлүүлж санал авах өдрөөс нэг хоногийн өмнө дуусгана” гэж зааснаас үзэхэд Орхон сумын Монгол Ардын намын 2016 оны орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн үеэр гаргасан хууль бус үйлдэл нь ээлжит сонгуулийн жилд хамаарч байна.

      Түүнчлэн Сонгуулийн тухай хуулийн 159 дүгээр зүйлийн 159.2-т “Нэр дэвшигч бүртгүүлсний дараа тухайн нэр дэвшигчийг нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасах энэ хуулийн 52, 67.3, 70.1, 70.5.1-70.5.10, 70.5.13-70.5.16-д заасан үндэслэл тогтоогдвол уг нэр дэвшигчийг бүртгэсэн сонгуулийн байгууллага нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасч, нийтэд мэдээлнэ”, 159.3-т “Сонгуулийн дүн гарсны дараа тухайн нэр дэвшигчийг нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасах энэ хуульд заасан үндэслэл тогтоогдвол уг нэр дэвшигчийг бүртгэсэн Сонгуулийн хороо нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасч, сонгуулийн дүнгээс уг нэр дэвшигчид холбогдох хэсгийг хүчингүй болгоно. Хэрэв уг нэр дэвшигч орон нутгийн хурлын төлөөлөгчийн түр үнэмлэхээ авсан бол үнэмлэх нь хүчингүйд тооцогдоно” гэж тус тус заасан бөгөөд 159 дүгээр зүйлийн зохицуулалтаас дүгнэхэд сонгуулийн дүн гарсны дараа нэр дэвшигчийг Сонгуулийн тухай хууль тогтоомж зөрчсөн болох нь тогтоогдвол сонгуулийн үр дүнгээр тухайн нэр дэвшигч ямар эрх зүйн байдалд байгаагаас үл хамааран нэр дэвшигчийнх нь хувьд нэрийн жагсаалтаас хасах шийдвэр гаргах эрх нэр дэвшигчээр бүртгэсэн Сонгуулийн хороонд олгогдсон байх ба нэр дэвшигч Ц.Даваадорж, Ж.Оюунгэрэл, Б.Буянхишиг нарыг Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.5.13-т заасан зөрчил гаргасан нь тогтоогдсон гэж үзлээ.

        2.  Улс төрийн намын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т “Нам нь Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу нийгмийн ашиг сонирхол болон хувийн үзэл бодол, улс төрийн үйл ажиллагаа явуулах зорилгын үүднээс сайн дураараа эвлэлдсэн Монгол Улсын иргэдийн нэгдэл мөн” гэж, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 10-т “нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс, нам олон нийтийн бусад байгууллага байгуулах, сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрхтэй. Нам, олон нийтийн бусад бүх байгууллага нийгэм, төрийн аюулгүй байдлыг сахиж, хуулийг дээдлэн биелүүлнэ...” хэмээн тус тус заажээ.

        Мөн Сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11-д “сонгогчдын санал худалдан авахад чиглэсэн бусад аливаа үйлдэл, үйл ажиллагаа явуулах” гэж мөнгө, эд хөрөнгө өгөх, амлах, дамжуулах, зуучлах, аливаа ажил, үйлчилгээг төлбөргүй үзүүлэх зэрэг бүх төрлийн арга, хэлбэрээр сонгогчийн санал өгөх эрхийг өөрийн сонирхолд нийцүүлж, тодорхой нам, эвсэл, нэр дэвшигчид санал өгүүлэх зорилгоор явуулж байгаа ажиллагааг”, 3.1.7-д  “сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн болох нь тогтоогдсон” гэдгийг сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн болохыг шүүхээс тогтоож, тухайн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байхыг”  ойлгох бөгөөд Орхон сумын Монгол Ардын намыг сонгуулийн тухай хууль тогтоомж зөрчсөн болохыг Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс тогтоосон байна.

        Сонгуулийн тухай хуульд нэр дэвшигч, нам, эвсэл, сонгуулийн менежер, шадар туслагч, ухуулагчид, сонгуулийн штабын удирдлага гэж зааглан, хүлээх хариуцлагыг ч мөн өөр өөр байдлаар ялгамжтай ногдуулсан байх ба хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д “Нам, эвслийн сонгуулийн штабын бүрэлдэхүүнд нам, эвслийн дарга, түүнтэй адилтгах албан тушаалтнаас гадна түүний ажилтан хамаарна”, 75 дугаар зүйлийн 75.1-д “Нэр дэвшигчийн сонгуулийн штабын бүрэлдэхүүнд нэр дэвшигчээс гадна түүний менежер, шадар туслагч, ухуулагч хамаарна”, 77 дугаар зүйлийн 77.6-д “Сонгуулийн сурталчилгааны хэвлэмэл материалын хэмжээ, хэлбэрээс үл хамааран нүүр тус бүрийн доор тухайн материалыг эрхлэн хэвлүүлсэн нэр дэвшигч, нам, эвслийн нэр, эсхүл тэдгээрийн сонгуулийн штабын нэрийг дурдах ба хариуцлагыг сонгуулийн штабын удирдлага хүлээнэ”, 77.8-д “Зурагт болон ухуулах хуудсыг гудамж, талбай, олон нийтийн газарт байрлуулах байршлыг нам, эвсэл, нэр дэвшигчийн эрх тэгш байдлыг хангах зарчмыг баримтлан сонгуулийн жилийн дөрөвдүгээр сарын нэгний дотор тухайн сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчид тогтооно”, 126 дугаар зүйлийн 126.2-т “Нам, эвслээс нэр дэвшиж байгаа... нэр дэвшигч байна”  гэж тус тус заажээ.

       Хэдийгээр Ардын намд захиргааны шийтгэвэр ногдуулсан боловч хуулийн дээрхи заалтуудаас үзвэл нам гэж байгаа боловч намаас нэр дэвшсэн нэр дэвшигчид байх бөгөөд тухайн зөрчил нь Ардын намаас нэр дэвшигч Ц.Даваадорж, Ж.Оюунгэрэл, Б.Буянхишиг нарын нэр дэвшсэн 341 дүгээр тойрогт гарсан, зөрчил гарсан талаар Орхон сумын Монгол Ардын нам, түүнээс нэр дэвшсэн нэр дэвшигчид маргаагүй, “нам” буруутай нэр дэвшигчид буруугүй гэх байдлаар буруу жишиг тогтох, мөн тухайн орон нутгийн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдийн “нэг адил түвшингээс эрх тэгш өрсөлдөх, адил боломжоор хангагдах” эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөх бөгөөд “хууль дээдлэх”, “тэгш эрх”-ийн зарчим алдагдахаар байна.

      Мөн Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-д заасан “аливаа этгээд”, 70.5-д заасан “сонгуулийн сурталчилгаа хийх эрх бүхий этгээд гэдэгт тухайн сонгуульд нэр дэвшиж байгаа нэр дэвшигч, нам, эвсэлд хамааралтай заалт гэж ойлгох бөгөөд Үндсэн хуульд заасан сонгогдох эрхээ хэрэгжүүлэхийн тулд Сонгуулийн тухай хуульд заасан хориглосон ямарваа нэг үйлдлийг сонгууль явагдах хугацаанд гаргаж болохгүй гэж хуульд тодорхой заасан байна.

       Иймд дээрх үндэслэлээр маргаан бүхий акт нь Сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д “хууль дээдлэх”, 5.1.3-т “шударга ёсыг сахих” гэсэн зарчмыг хөндөөгүй гэж үзлээ. Хариуцагч Сонгуулийн хорооны эрх хэмжээг Сонгуулийн тухай хуулийн 34 дүгээр зүйлд [8] тодорхой заасан бөгөөд энэ эрх хэмжээг хэтрүүлэн иргэдээс тайлбар, мэдүүлэг авч хуулийн 117 дугаар зүйлийн[9] 117.1-д заасан ажиллагааг явуулсан буруутай болохыг дурьдах нь зүйтэй.

         Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.14, 106.4, 107 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1, 70 дугаар зүйлийн 70.1, 70.2, 70.5, 70.5.13, 115 дугаар зүйлийн 115.1, 159 дүгээр зүйлийн 159.2, 159.3-т заасныг тус тус баримтлан Ц.Даваадорж, Ж.Оюунгэрэл, Б.Буянхишиг нарын “Орхон сумын Сонгуулийн хорооны  2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 04 дүгээр тогтоолыг илт хууль бусад тооцуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

          2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.                                                 

         3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 113 дугаар зүйлийн 113.1, 113.2-т зааснаар энэ хуулийн 112.1.3, 112.4-д заасан маргааныг хянан шийдвэрлээд гаргасан шүүхийн шийдвэрийг 5 хоногийн дотор бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, шүүгч, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурах бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.БҮРНЭЭ

                                                                 

 

 

 

 


[1] Хэргийн материалын 74 дэх хуудас

[2] Хэргийн материалын 65 дахь хуудас

[3] Хэргийн материалын 10 дахь хуудас /маргаан бүхий акт/

[4] Хэргийн материалын 21 дэх хуудас

[5] Хэргийн материалын 8, 20 дахь хуудас

[6] Хэргийн материалын 66 дахь хуудас

[7] Төрийн мэдээлэл сэтгүүл, 2016.01.22.№04/913

[8] 34 дүгээр зүйл. Сум, дүүргийн Сонгуулийн хорооны эрх, хэмжээ

[9] 117 дугаар зүйл.Зөрчил шалгах