Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 1317

 

Хийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Т.Туяа, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 102/ШШ2016/03908 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Хийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч ХХд холбогдох,

 

4 069 800 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 1 900 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ХХХ,

Хариуцагч ХХ,

Хариуцагчийн өмгөөлөгч ХХХХ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгч Х шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ХХ нь Нарантуул олон улсын худалдааны зах дээр К-152, 53 дугаар агуулах бүхий лангуу ажиллуулдаг бөгөөд Х миний бие нь ХХд 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 1 800 000 төгрөгийн өртөг бүхий барааг зээлээр хүлээлгэн өгсөн. Үүнд:

Шар эссэ тамхи 50 блок х 20 000 төгрөг = 1 000 000 төгрөг, жижиг мон амур жигнэмэг 60 авдар х 10 000 төгрөг = 600 000 төгрөг, жижиг мон амур жигнэмэг 20 авдар х 10 000 төгрөг = 200 000 төгрөгийн барааг хүлээлгэн өгсөн.

Тухайн хүлээлгэн өгсөн барааны үнээс 2014 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр миний бие 200 000 төгрөгийг төлсөн бөгөөд бусад төлбөрийг гүйцэтгээгүй. Улмаар 2014 оны 10 дугаар сарын 04-ний өдөр ХХыг гуйсны дагуу би өөрт байсан 2 469 800 төгрөгийг түүний Хаан банкны 5035231523 дансанд шилжүүлсэн. Гэвч өнөөдрийг хүртэл ямар ч төлбөр тооцоо хийхгүй байна. Хариуцагчаас нийт 4 069 800 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч ХХ шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. 2014 оны 01 дүгээр сарын 25-нд утсаар над руу залгаж тамхи зээлүүлээч, хүнтэй нийлж компанид мөнгөө өгсөн байгаа тамхиар нь буцааж өгье гэхээр нь 5 авдар цэнхэр эссэ тамхийг түүний охин ХХХХХХХд манай туслах ХХХХХХ агуулахаас гаргаж өгсөн. Хийн 2013 оны 12 дугаар сарын 15-нд багцын урамшуулалтай хүнсний бараа зээлээр Хт Нарантуулын хажууд байсан шилэн шинэ захын 1 давхарт ажиллаж байхад нь гар тэргээрээ зөөж аваачиж өгсөн.

0.5 алоэ жүүс 1 хайрцагт 20ш -15 авдар, лаазтай ундаа 1 авдартаа 2 ширхэг-50 авдар, 24 ширхэг печень 5 авдар, том шагшуурга зэрэг 1 531 000 төгрөгийн зэрэг барааг зээлээр өгсөн. Х нь 2013 оны 12 сард 1 авдар шар эссэ 19 000 төгрөгөөр бодоход 50 блок, 950 000 төгрөг, жижиг контик 20 авдар 50 авдар, 1 авдар нь 10 000 төгрөгний үнэтэй нийт 70 авдар 700 000 төгрөгийн барааг зээлээр өгсөн. Барааны үнэ 1 531 000 төгрөгнөөс шар эссэний үнэ 950 000 төгрөгийг хассан. Контикт 288 000 төгрөгийг суутгаж 293 000 төгрөгийг нь бэлэн өгөөд дуусгасан. Миний болон Хийн тооцоо дууссан.

20 авдар контик нь 500.000 төгрөг болж байна. 2013 оны 12 дугаар сарын 19-нд 200 000 төгрөгийг өөрт нь, охин ХХХХХХХт нь 300 000 төгрөгийг 12 дугаар сарын 31-ний өдөр өгсөн. Нэхэмжлэлдээ контикийг 60 авдар гэж бичсэнээс 10 авдар нь үндэслэлгүй, ингэж би 50 шар контик авсан. Х 2 469 800 төгрөгийг надад зээлүүлсэн гэдэг нь бас үндэслэлгүй, 5 авдар тамхины мөнгөнөөс өгсөн. Үлдэгдэл 1 900 000 төгрөгийг одоо хүртэл өгдөггүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч ХХ шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Х нь 2014 оны 01 дүгээр сарын 25-нд над руу утсаар залгаж тамхи зээлдүүлээч гэж гуйсны дагуу би 5 авдар цэнхэр эссэ тамхийг өгсөн. Охин ХХХХХХХХ нь тамхиа аваад явсан. 2 469 800 төгрөгийг 5 авдар эссэ тамхины мөнгөнөөс өгсөн. Үлдэгдэл 1 900 000 төгрөгийг одоо хүртэл өгөөгүй тул 1 900 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Х сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Миний бие ХХд 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 1 800 000 төгрөгийн барааг зээлээр өгч гарын үсгийг нь зуруулсан, уг баримт нь байгаа. Мөн 2014 оны 10 дугаар сарын 04-ний өдөр мөнгө зээлээч гэж гуйхаар нь 2 469 800 төгрөгийг ХХын дансаар шилжүүлсэн. Гэтэл ХХ нь 2014 оны 01 дүгээр сарын 25-нд намайг өөрөөс нь 5 авдар цэнхэр эссэ тамхи авсан гэж гүтгэж байна. Би хүнээс авсан, мөн өгсөн бүх бараа, материалд баримт үйлдэж гарын үсэг зуруулдаг. Ингээд өөрт байгаа баримтаа шүүж үзэхэд би 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Нарантуул захын К-145 дугаар агуулах ХХХХХХХХХ гэдэг хүнээс 2 авдар цэнхэр эссэ, мөн К-141 контейнер ХХХХХгоос цэнхэр эссэ 1 авдрыг тус тус авсан. Эдгээр хүмүүсээс тухайн үед тамхи авсан баримт нь байгаа болно. Би тамхи жижиглэнгээр зардаг хүн учраас 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 4 хайрцаг тамхи авсан болохоор нэг хоногийн дараа дахин 5 авдар тамхи авах ямар ч боломжгүй. 1 авдар тамхийг ойролцоогоор 7 хоног зардаг. 4 авдар тамхи бол миний 1 сар зарах тамхи гэсэн үг юм. Энэ нь надад 5 авдар цэнхэр эссэ өгсөн гэдэг нь үгүйсгэгдэж байна. Түүнчлэн тухайн үед буюу 2014 оны 02 дугаар сарын 01-нд эрүүл мэндийн шалтгаанаар эмнэлэгт хэвтсэн. Тэгэхээр тийм богино хугацаанд тийм их хэмжээний тамхи авах боломжгүй юм. Миний бие ХХаас 2013 оны 12 дугаар сарын 15-нд 1 531 000 төгрөгийн бараа авсан нь үнэн. Гэхдээ уг барааг зараад хугацаа дууссан 5 авдар 138 000 төгрөгийн вафилан печенийг буцаан өгсөн. Буцааж өгсөн пичений үнэ 138 000 төгрөгийг хасаад бусад барааны үнэ 1 393 000 төгрөгийг 2013 оны 12 дугаар сарын 25-нд ХХд бэлнээр тоолж өгч падаан дээр гарын үсэг зуруулж тооцоо дуусгасан. Уг гарын үсэгтэй баримт нь байгаа болно.

ХХ нь 2013 оны 12 дугаар сарын 19-ний өдөр надад 200 000 төгрөг өгсөн гэдэг нь худлаа. Харин 2014 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр 200 000 төгрөг надад өгсөн баримт байгаа болно. Мөн 2013 оны 12 дугаар сарын 31-нд охин ХХХХХХХХХт 300 000 төгрөг өгсөн гэж мөн л худлаа хэлсэн байна. Гэтэл ХХХХХХХХХ нь 2013 оны 6 дугаар сарын 10-наас 2014 оны 4 дүгээр сарын 02-нд Америк улс руу суралцаж байсан.

Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, миний нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан ХХаас 1 600 000 төгрөгийг гаргуулан Хт олгож, нэхэмжлэлээс 2 469 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан Хээс 1 900 000 төгрөгийг гаргуулах тухай ХХын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 80 070 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 45 350 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ХХаас 40 550 төгрөгийг гаргуулан Хт олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Х давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн Баянгол, Хан-Уул, Сонгино-Хайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн №102/ШШ2016/03908 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч уг шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг буруу үнэлсэн байх тул энэхүү гомдлыг гаргаж байна.

Нотлох баримтыг буруу үнэлсэн талаар:

1. Нэхэмжлэгч тал нь хариуцагч талаас 1 531 000 төгрөгийн бараа материал хүлээн авсан бөгөөд тухайн бараанаас 138 000 төгрөгний шаардлагаг хангахгүй барааг хариуцагчид буцаан, үлдэгдэл барааны мөнгө болох 1 393 000 төгрөгийг бэлнээр тоолон өгсөн. Ингээд хариуцагчийн тухайн үед надад хүлээлгэж өгсөн бараа материалын үнэ, тоо хэмжээг бичсэн байсан зарлагын баримтын доод хэсэгт буцаан өгсөн барааны үнийг болон бэлнээр өгсөн мөнгөний тоо хэмжээг нэгбүрчлэн бичиж тэмдэглэн, зарлагын баримтын маягтын “… тооцоогүй, хүлээн авагч…” гэсэн гарын үсэг зурах зориулалтын хэсэгт хариуцагчаар гарын үсэг зуруулан баталгаажуулсан. /хх 35 тал/

Тэгээд ч хариуцагчийн гарын үсэг зурсан балны өнгө барааны тоо ширхэг хэмжээг бичсэн балны өнгөнөөс ондоо буюу хэрэв шүүхийн үзэж буйгаар эхэлж хүлээлгэн өгсөн барааг баталгаажуулж гарын үсэг зурсан бол нэг өнгийн балаар бичигдэх байтал өөр өөр өнгийн балаар бичигдсэнээрээ нэхэмжлэгчийн тайлбарын үнэн зөвийг бататгаж байна. Харин нэхэмжлэгчийн бараа болон мөнгийг хүлээлгэн өгснийг тодорхойлж бичсэн балны өнгө, зарлагын баримт дээрх хүлээлгэн өгсөн эд хариуцагч гэсэн хэсэгт гарын үсэг зурсан балны өнгөтэй адил буюу нэг цаг хугацаанд, нэг балаар бичигдсэн болох нь энгийнээр илэрхий байдаг юм.

Ийм байтал шүүхийн шийдвэрийн 6 дугаар хуудсанд “Цаг хугацааны хувьд эхлээд барааг хүлээлгэж өгсөн байх учиртай тул бараа хүлээлгэж өгсөн бичвэрт талууд гарын үсгээ зурсан гэж үзнэ” хэмээн өөрийн үзэмжээр тулган шийдсэн. Хэрэв тухайн зарлагын баримт дээрх хариуцагчийн гарын үсэг бараа материал хүлээлгэн өгснийг гэрчилж байгаа бол яагаад маягтын хүлээн авсан гэсэн хэсэгт зурагдсан нь ойлгомжгүй, шүүхийн шийдвэрт тодорхойгүй байна. Нэхэмжлэгч тал шүүх хуралдаан дээр хариуцагч талаас эл байдлыг лавлан тодруулахад “…гарын үсэг зурагдсан маягтыг ашиглан нэмж бичилт хийсэн, хуурамчаар баримт үйлдсэн…” гэх боловч өмнө нь баримтын талаар санал гомдол гаргаж байгаагүй бөгөөд энэ гүтгэлэг тайлбар нь юугаар ч нотлогддоггүй. Ийм байтал шүүхээс Х нь авсан барааны үнэ болох 1 393 000 төгрөгийг буцаан төлсөн баримт тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн нь нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг сонирхолыг илтэд хохироосон хууль бус шийдвэр болсон.

2. Шийдвэрт “2014 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Хаан банкны орлогын мэдүүлгийн гүйлгээний зориулалт хэсэгт “орлогын бэлнээр” гэж бичигдсэн байгаагаас зээл олгосон гэж үзэх боломжгүй…” гэж буруу дүгнэжээ. Хаан банкны орлогын баримт нь 2014 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн баримт юм. Мэдүүлгийн бичиглэл нь 04/10/2014 гэсэн хэлбэрээр бичигдсэн байгаа.

Мөн шүүх “…2014 оны 4 дүгээр сараас хойш хүнд өвчний улмаас худалдаа наймааны үйл ажиллагаа эрхлээгүй гэх атлаа… 2014 оны 10 дугаар сарын 04-ний өдөр өмнөх өдрүүдийн болон тухайн өдрийн орлогоо задгай мөнгөтэй зээлдүүлсэн… гэж зөрүүтэй тайлбар гаргаж…” дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ.

Нэхэмжлэгч тал Хаан банкны мэдүүлгийн баримтын огноог баримт бичиг боловсруулах стандартын дүрэмд заасны дагуу он, сар, өдөр гэсэн дэс дарааллын дагуу урвуу тайлж уншин нэхэмжлэлд буруу ташаа тусгасан байх бөгөөд шүүх мөн адил алдааг давтан гарган буруу дүгнэлтэнд хүрчээ.

Хариуцагч талаас мөнгийг хүлээн авснаа зөвшөөрдөг боловч, мөнгө зээлийн харилцаа биш миний биеэс бараа зээлж авсны хариу төлбөр гэж мэтгэлцэж 1 900 000 төгрөгний сөрөг нэхэмжлэл гаргасан боловч шүүхээс нотлогдохгүй байгаа үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон. Би бол маргаан бүхий 2 469 800 төгрөгийг хариу төлбөргүй, бэлэглэлийн журмаар ч юм уу шилжүүлээгүй, хариуцагч талаас хариу төлбөргүй шилжүүлсэн гэж мэтгэлцээгүй, мөнгө шилжүүлсэн баримттай атал бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдсэнд гомдолтой байна.

Хэрэв нэхэмжлэгч тал “орлого бэлнээр” гэж бичилгүй “зээл” гэж бичсэн бол хариуцагч тал “… бараа зээллэгийн мөнгөө л төлсөн…” гэж улам бүр мушгин гүтгэх нь зайлшгүй юм. Нэхэмжлэгч тал үнэн зөвөөрөө мэтгэлцэн тухайн үед жижиг лангуу ажиллуулсны өөрт байсан наймаа, орлогын бүх бэлэн мөнгөө хариуцагчийн данс руу түүний гуйснаар зээлүүлэн “орлого бэлнээр” гэж бичилт хийн шилжүүлснээ шүүхэд тайлбарласан боловч хэрэгссэнгүй.

Иймд 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн №102/ШШ2016/03908 дугаартай шийдвэр нь хууль ёсны байх шаардлага хангаагүй байх тул дээр дурдсан үндэслэлүүдээр шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэгчийн эрх ашиг сонирхлыг хамгаалж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч ХХХХ давж заалдах гомдолдоо: 2016 оны 5 сарын 11-ны өдрийн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 102/ШШ2016/03908 тоот шийдвэр нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаж чадаагүй тул дараах гомдлыг гаргаж байна.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан доорхи нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг 40 дугаар зүйлд заасан журмын дагуу үнэлээгүй байна.

Мөн шүүх нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх талаар заасан хуулийн шаардлагыг хангасангүй.

Х жижиг мон амурыг хэнд ч хүлээлгэж өгсөн нь мэдэгдэхгүй намайг ажилдаа очоогүй байхад орхиод явсан байсан. Шар эссэ болон жижиг мон амур надад хүлээлгэж өгсөн баримт ч байхгүй байхад шүүх нэг талыг барьж шийдвэрээ гаргасан.  Хт 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн лаазтай ундаа, алое, печень, шагшуур зэрэг зээлээр S2 утасны урамшуулалттай өгсөн барааны үнэ 1 531 000 төгрөгнөөс шар эссений үнэ 950 000 төгрөгийг хасаж өгсөн. Жижиг мон амурны үнэ 1 авдрыг 14 400 төгрөгөөр бодож 288 000 төгрөгийг суутгасан. 2013 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 200 000 төгрөг өгсөн. 138 000 төгрөгийн печенийг надад буцааж өгсөн. 24 000 төгрөгийг зөрүү гээд өөрт нь өгсөн.

Шар эссэ 950 000 төгрөг, жижиг мон амур 1 авдрыг 14 400 төгрөгөөр бодож 288 000 төгрөг, 2013 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 200 000 төгрөг бэлнээр, печенийг надад буцааж өгсөн 138 000 төгрөг, өөрт нь 24 000 төгрөгийг өгсөн.

Х надад мөнгө өгөх тооцоо байхгүй, шар эссэ тамхи, жижиг мон амур өгсөн нотлох баримт байхгүй байхад надаас 1 600 000 төгрөгийг гаргаж шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгож өгнө үү.

Мөн Х нь барааны үнэ болох 1 393 000 төгрөгийг 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдөр надад бэлнээр хүлээлгэж өгсөн гэх баримтыг хуурамчаар хийсэн.

2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн лаазтай ундаа, алое, печени, шагшуур өгсөн баримтыг чагталсан байхад доорхи хоосон зайд 1 393 000 төгрөгийг өгсөн гэж миний санхүүгийн баримтыг хуурамчаар нөхөж бичсэн байхад шүүх үнэлж сөрөг нэхэмжлэл гаргаагүй байна гэж үйл баримтыг буруу дүгнэсэн.

Сөрөг нэхэмжлэлийн хувьд 2 авдар эссэний үнэ болох 1 900 000 төгрөг Хээс авах байсныг хэрэгсэхгүй болгосонд маш их гомдолтой байна. ХХХХХХ, ХХХХХХХ нар Хийг охин ХХХХХХХХд 5 авдар цэнхэр эссэ өгсөн гэдгийг гэрчлээд байхад шүүх гэрчийн мэдүүлгүүдийг үнэлсэнгүй. Бага охин ХХХХХХХХ худал мэдүүлэг өгсөн, Х хуурамч нотлох баримт нөхөж бичсэн учраас цагдаагийн байгууллагад өргөдөл өгч шалгуулж байгаа болно. Иймд миний сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан шаардлагын дагуу үнэлээгүй байна.

Нэхэмжлэгч Х нь хариуцагч ХХд холбогдуулан 50 блок “Эссэ” тамхины үнэ 1 800 000 төгрөг, 80 хайрцаг жигнэмэгийн үлдэгдэл төлбөр 1 600 000 төгрөг, 2014 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хариуцагчид зээлдүүлсэн гэх 2 469 000 төгрөг, нийт 4 069 800 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, зээлүүлсэн 5 авдар “Эссэ” тамхины үлдэгдэл үнэ 1 900 000 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасныг нэхэмжлэгч эс зөвшөөрч тус тус маргажээ.

 

Хэрэгт цугларсан баримт болон талуудын тайлбараар зохигчид мөнгийг нь дараа өгөх нөхцөлтэйгээр бараа өгч авалцдаг байсан үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ талаар маргаагүй тул анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан Худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

 

Хариуцагч нь 50 блок “Эссэ” тамхи, 70 хайрцаг жигнэмэгийг нэхэмжлэгчээс авсан нь түүний тайлбараар тогтоогдсон бөгөөд хариуцагч 1 хайрцаг жигнэмэг 10 000 төгрөгийн үнэтэй талаар маргаагүй, харин 50 блок “Эссэ” тамхины үнэ 950 000 төгрөг гэснийг шүүх нэхэмжлэгчийн шаардсан 1 000 000 төгрөгийн хэмжээгээр тооцсонд хариуцагч маргаагүй тул буруутгах боломжгүй юм.

 

Хэргийн 6 дугаар талд авагдсан нэхэмжлэгчээс хариуцагчид 1 000 000 төгрөгийн үнэ бүхий “Эссэ” тамхи, 800 000 төгрөгийн үнэ бүхий 80 хайрцаг жигнэмэг хүлээлгэн өгсөн баримтанд зохигчид гарын үсэг зурсан талаар маргаагүй тул нэхэмжлэгч нь хариуцагчид 1 800 000 төгрөгийн бараа хүлээлгэн өгсөн гэж үзэх үндэслэлтэй болно.

 

Анхан шатны шүүх уг баримтанд хуулийн этгээдийн тэмдэг дарагдсан байгаа нь үнэн зөв эргэлзээгүй баримт болохгүй гэж дүгнэсэн нь буруу боловч дээрх барааны үнээс 200 000 төгрөгийг хариуцагчаас авсан гэсэн нэхэмжлэгчийн тайлбарын дагуу нэхэмжлэлийн үнийн дүн болох 1 600 000 төгрөгийн хэмжээгээр хариуцагчид шилжүүлсэн эд хөрөнгийн үнийн үлдэгдлийг тооцсон нь зөв болжээ.

 

Харин нэхэмжлэгч нь 2014 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хариуцагчид 2 469 000 төгрөгийг зээлүүлсэн гэх боловч уг мөнгийг шилжүүлсэн “Хаан” банкны орлогын мэдүүлэгт “орлого бэлнээр” гэж бичсэн нь хариуцагчид мөнгө зээлүүлсэн болохыг нотлох үнэн зөв эргэлзээгүй баримт болохгүй гэсэн анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлтийг буруутгах боломжгүй юм.

 

Түүнчлэн шүүх нэхэмжлэгчид 2013 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 1 531 000 төгрөгийн барааг хариуцагч хүлээлгэн өгч, чанарын шаардлага хангаагүй 138 000 төгрөгийн барааг буцаан авсан талаар зохигчид маргаагүй гэж үзсэн атлаа, уг барааны үнэ 1 393 000 төгрөгийг хариуцагчид нэхэмжлэгч хүлээлгэн өгсөн болох нь нотлогдоогүй, энэ талаар хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй гэж харилцан зөрчилтэй дүгнэлт хийж, уг барааны үнэ 1 393 000 төгрөгийг нэхэмжлэгчээс авсан барааны үнэ 1 600 000 төгрөгөөс хасч тооцоогүй нь буруу байна.

 

Нэхэмжлэгч нь 2 469 000 төгрөгийг 2014 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хариуцагчид зээлдүүлсэн гэж, анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, удаа дараа энэ талаар тайлбар гаргасан байх тул уг мөнгийг 2014 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хариуцагчид зээлүүлснээ нэхэмжлэлд буруу бичсэн гэх давж заалдах гомдлын үндэслэлийг хүлээн авах боломжгүй.

 

Зохигчдын хүсэлтээр гэрчээр асуугдсан ХХХХХХХХ нь “5 хайрцаг тамхийг би аваагүй” гэж, гэрч ХХХХХХ нь “5 хайрцаг тамхийг нэхэмжлэгчийн охин ХХХХХХХХд хүлээлгэж өгөхийг харсан” гэж, гэрч ХХХХХХХ нь “ХХХХХХХХд 5 авдар “Эссэ” тамхийг хүлээлгэж өгсөн” гэж хоорондоо зөрүүтэй мэдүүлсэн нь өөр баримтаар давхар тогтоогдоогүй гэж анхан шатны шүүх дүгнэж, нэхэмжлэгчид 5 хайрцаг “Эссэ” тамхи зээлүүлснээ хариуцагч нотлоогүй гэж үзэж сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг үндэслэлтэй гэж үзнэ.

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 207 000 төгрөгийг хангаж, үлдэх 3 862 800 төгрөгийг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 102/ШШ2016/03908 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “1 600 000” гэснийг “207 000” гэж, “2 469 000” гэснийг “3 862 800” гэж,

3 дахь заалтын “40 550” гэснийг “6 860” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа нэхэмжлэгч Хийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54 470 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч ХХын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 85 900 төгрөгийг тус шүүхийн шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           А.МӨНХЗУЛ

 

                                                        ШҮҮГЧИД                           Т.ТУЯА     

           

                                                                                                  С.ЭНХТӨР