Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2023/00939

 

Д.О-гийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч Э.Золзаяа, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2023/00795 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Д.О-гийн хариуцагч Б.М-д холбогдуулан гаргасан гэм хорын хохиролд нийт 14,970,000 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Шолпан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: 2020 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 18-нд шилжих шөнө Б.М- согтуу байхдаа миний үснээс зулгааж газар унагаах, тонгойход нүүрэн тус газар өвдөглөх, зүүн гараараа уруул, нүүр орчим цохин цээжин тус газар өшиглөж зодсон. Түүнд зодуулсны улмаас 1 шүдний булгарал, нэг шүдний хугарал, 2 шүдний сулрал, доод уруулд шарх, цус хуралт, цээж болон баруун өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдсон хэдий ч шүдний булгарал, хугарал сулрал нь шүднүүд гэмтсэнээс улбаалаад хажуу талын шүднүүдэд цуурал үүсэн авахаас өөр аргагүй байдалд хүрсэн. Нийт 9 шүдэнд эмчилгээ болон хиймэл шүд хийлгэх шаардлагатай болсон. Б.М-ын буруутай үйлдлээс болж хохирсон ба надад учруулсан хохирлоо төлөөгүй, маш их зардал гарсан ч баримтын хүрээнд нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан. Шүдээ эмчлүүлж янзлуулахад гарсан зардал 14,970,000 төгрөгийг хариуцагч Б.М-аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Б.М-ыг шүүхээс гэм буруутайд тооцож, зохих ял авч, торгох шийтгэл оногдуулсан. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлтээр 1 шүдний булгаралт, 1 шүд хугарал, 2 шүд суларсан гэсэн. Эрүүгийн хэрэгт 4 шүднээс гадна нэмж 5-9 дэх шүдний хохирлын асуудлыг ярих боломжгүй буюу эрүүгийн хэргийн зүйлчлэл өөрчлөгдөх асуудал яригдах ёстой.Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл 9 биш 18 шүдэнд эмчилгээ хийлгэсэн үйл баримт байна. Циркон гэдгийг тухайн байгууллагаас асуухад хүмүүсийн хэлдгээр холливүүд смайл, анагаахын нэршил нь циркон гэдэг. Шүдийг өрөмдөж байгаад гадна талд паалан суулгаж өгдөг. Энэхүү 2 эмнэлгийн баримтаар давхцаж нийт 18 шүдний мөнгө нэхэмжилж байна гэж ойлгож байна. Энэхүү баримтуудыг тооцож 14,970,000 төгрөгийг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлтээр 4 шүдэнд 3 өөр төрлийн гэмтэл учирсан. 3 өөр төрлийн гэмтэлд 3 төрлийн өөр эмчилгээ хийлгэх ёстой. Гэтэл энэхүү баримтуудад бүгдэд нь циркон гэсэн байх тул 4 шүдний мөнгийг нь төлье гэхэд бодит эмчилгээ мөн эсэх нь эргэлзээтэй байх тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

3.Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт: Нэхэмжлэгч Д.О-гийн дөрвөн шүд гэмтсэн байна. Иймд үүнийг тухайн үеийн гэмтлээр нь төлбөрийг гаргуулах нь зөв гэж үзэж байна гэжээ.

4.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.М-аас 7,850,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.О-д олгож, нэхэмжлэлээс 7,120,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Б.М-аас 140,550 төгрөгийг гаргуулж улсын орлого болгож шийдвэрлэжээ.

 

5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоос хальж хариуцагчийн эрх зүйн байдлыг дордуулсан. Б.М- нь 2020 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Д.О-тай үл ялих зүйлээс болж маргалдан, нь нэг шүдний булгарал, нэг шүдний хугарал, хоёр шүдний сулрал гэмтэл учруулсан. Нэг шүдний булгарал, нэг шүдний хугарал, хоёр шүдний сулрал гэх 4 ширхэг шүдэнд учирсан 3 өөр төрлийн гэмтэлд 3 өөр төрлийн эмчилгээ хийгдэх ёстой. Жишээ нь: хугарсан шүдэнд нөхөх эсхүл хиймэл шүд суулгах, суларсан шүдийг хөдөлгөөнгүй болгох гэх мэт. Гэтэл нэхэмжлэгч нийт 18 шүдэндээ циркон хийлгэсэн. Циркон гэдэг нь анагаах ухааны нэршил бөгөөд үүнийг холливүүд смайл гэдэг нэрээр нь салбарын бус хүмүүс хэрэглэдэг, энэ нь эмчилгээний төрөл биш юм. Нэхэмжлэгч Д.О-гийн зүгээс 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ 18 шүдэнд холливүүд смайл хийлгэсэн үйл баримттай холбогдуулж эмчилгээ хийлгэсэн гэх баримтуудыг хавсарган нийт 14,970,000 төгрөг нэхэмжилсэн байдаг. Д.О- 18 шүдэнд холливүүд смайл хийлгэсэн төлбөр нэхэмжилсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах баримтуудаас тодорхой харагддаг. Юу Би Өү Эс Эс Ти И Эм ХХК-д нийт 9 шүдэнд холливүүд смайл хийлгэсэн гэх 4 ширхэг баримт гаргасан. 9 ширхэг шүдэнд холливүүд смайл хийлгэсэн гэх утга нь хавтаст хэргийн 8-10 дугаар талд авагдсан Хиймэл шүдэлбэр хийх гэрээ-ний 2 дахь хуудсанд бичигдсэн Циркон 3, 2, 1 - 1, 2, 35х39х750,000, 6,750,000 гэх бичиглэл, - хавтаст хэргийн 15 дугаар талд авагдсан zirconia 6,750,000 - 3,2,1-1,2,3- 5х3 гэх бичиглэл зэргээс тодорхой харагддаг. Молар шүдний эмнэлэгт нийт 9 шүдэнд холливүүд смайл хийлгэсэн гэх 2 ширхэг баримт гаргасан. 9 ширхэг шүдэнд холливүүд смайл хийлгэсэн гэх утга нь хавтаст хэргийн 27 дугаар талд авагдсан 13, 12, 11, 21, 22, 23, 45, 44, 43 - Циркон бүрээс гэх бичиглэл, 33 дугаар талд авагдсан 11, 12, 13, 21, 22, 23, 43, 44, 45-р шүдэнд циркон бүрээс хийнэ гэх бичиглэл зэргээс мөн тодорхой харагддаг. Гэтэл анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хариуцагчийн эрх зүйн байдлыг дордуулж, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан төлбөрийн баримтуудын үнэн зөв эсэхэд үнэлэлт дүгнэлт өгөлгүйгээр, нэхэмжлэгчийн үндэслэлгүйгээр нэхэмжилсэн үнийн дүнг ямар үндэслэлээр хангаж шийдвэрлэж байгаа талаар дүгнэлт хийлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн. Хариуцагч шүдэндээ эмчилгээ биш холливүүд смайл хийлгэсэн, анхан шатны шүүх хариуцагчийн эрх зүйн байдлыг дордуулж 4 биш 18 шүдэнд хийлгэсэн холливүүд смайл-н төлбөрийг бүтэн гаргуулсан нь бүхэлдээ үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

6.Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарын агуулга: Иргэний хуулийн 228 дугаар зүйлд зааснаар гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд буюу хариуцагч Б.М-аас гэм хорыг арилгуулахаар шаардах эрхтэй учир гэм хор учруулахаас өмнөх байдалд буюу бүрэн бүтэн шүдээ хийлгэсэн төлбөр 14,370,000 төгрөг нэхэмжилсэн. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон гэж үзэж байгаа тул хэвээр үлдээлгэх саналтай байна. Д.О- нь шүүх хуралдаанд циркон гэдэг нь холливүүд смайл гэж хэлсний төлөө түүний үгийг мушгиж гоо сайхан гэсэн гэж тайлбарласан төдийгүй гомдолдоо бичжээ. Тэгвэл анагаахын шинжлэх ухаанд циркон бүрээс нь маш бат бөх кристал бүтэцтэй хүний бие организмд 100 хувь нийцтэй байдгаараа бүрээсний бусад төрлөөс давуу талтай байдаг гэсэн ойлголт юм байна. Д.О-гийн 4 шүд нь гэмтсэн хэдий ч хажуугийн шүднүүддээ нөлөөлж 9 шүдний эмчилгээний зардал яригдаж байгаа болно. Иймд шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. Жич өмгөөлөгч намайг анхан шатны шүүх хуралд оруулаагүй бөгөөд хуралдааны товыг ч мэдэгдээгүй болно гэжээ.

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2.Нэхэмжлэгч Д.О- нь хариуцагч Б.М-д холбогдуулан гэм хорын хохиролд нийт 14,970,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй байгааг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой гэж үзлээ.

4.Хариуцагч Б.М- нь 2020 оны 10 сарын 17-ны өдрөөс 18-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Хаан гэх нэртэй зочид буудлын 208 тоот өрөөнд Д.О-тай маргалдаж, улмаар түүний үснээс зулгааж газар унагаах, тонгойход нь нүүрэн тус газар нь өвдөглөх, зүүн гараараа уруул, нүүр орчимд нь цохих, цээжин тус газарт нь өшиглөх зэргээр зодож, нэг шүдний булгарал, нэг шүдний хугарал, хоёр шүдний сулрал, доод уруулд шарх, цус хуралт, цээж баруун өвдөгний цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн үйл баримтын талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

4.а.Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 338 дугаар шийтгэх тогтоолоор Б.М-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнийг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, хохирогч Д.О- нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн байна. /хх-ийн 5-7-р тал/

4.б.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар бусдын эрүүл мэндэд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй тул хариуцагч Б.М- нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хариуцах үүрэг хүлээнэ. Өөрөөр хэлбэл, хариуцагчийн хууль бус үйлдэл буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгч Д.О-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь шалтгаант холбоотой байна.

4.в.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээчийн дүгнэлтээр нэхэмжлэгч Д.О-д нэг шүдний булгарал, нэг шүдний хугарал, хоёр шүдний сулрал ... буюу нийт 4 шүдэнд гэмтэл тогтоогдсон. /хх-ийн 6-р тал/. Гэтэл нэхэмжлэгч Д.О- нь гэмтсэн шүднүүдээс улбаалаад бусад шүдэнд цуурал үүсэж, есөн шүдэнд эмчилгээ хийлгэсэн гэх үндэслэлээр хохирол шаардсан нь үндэслэлгүй.

4.г.Учир нь Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.2 дахь хэсэгт зааснаар гэм хорын хэмжээг тодорхойлохдоо хохирогчийн ашиг сонирхол, гэм хор учирсан нөхцөл байдал, гэм хор учруулагчийн гэм буруугийн хэр хэмжээг харгалзан үзэх бөгөөд нэхэмжлэгч Д.О- нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон хүрээнд хохирлоо шаардах эрхтэй.

4.д.Хэргийн 15 дугаар талд авагдсан Юу би өү эс эс ти и эм клиникийн баримтад 9 шүд х 750,000 буюу нийт 6,750,000 төгрөг гэсэн байх боловч шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон 4 шүдний төлбөр буюу нийт 3,000,000 төгрөгийг хариуцагч Б.М- хариуцан төлөх нь дээрх хуульд нийцнэ.

4.е.Мөн нэхэмжлэгч Д.О- нь Юу би өү эс эс ти и эм эмнэлэгт шүдний эмчийн үйлчилгээ гэх гүйлгээний утгаар 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 1,700,000 төгрөг, 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 80,000 төгрөг, 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 70,000 төгрөг, Молар шүдний эмнэлэгт 2022 оны 05 дугаар сарын 07-ны өдөр 600,000 төгрөг буюу нийт 2,450,000 төгрөгийг тус тус төлсөн болох нь хэрэгт авагдсан төлбөрийн баримтуудаар тогтоогдсон тул хариуцагч Б.М-аас нийт 5,450,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.О-д олгох нь зүйтэй гэж үзлээ.

Өөрөөр хэлбэл, дээрх төлбөрийн баримтуудын гүйлгээний утга, шилжүүлсэн мөнгөн дүн тодорхой буюу энэ нь нэхэмжлэгч Д.О-гаас гарсан бодит зардал байна. Хариуцагчийн хувьд дээрх баримтуудыг үндэслэл бүхий баримтаар няцааж чадаагүй байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

4.ё.Харин хэргийн 16 дугаар талд авагдсан Молар шүдний эмнэлгийн 5,400,000 төгрөгийн баримт нь хэдэн шүдэнд ямар эмчилгээ хийсэн талаар тодорхойгүй байхаас гадна мөнгө хүлээн авсан хэсэгт холбогдох этгээд гарын үсэг зураагүй байна. Иймд эргэлзээ бүхий тус баримтыг үндэслэн, төлбөр гаргуулах үндэслэлгүй. Мөн нэхэмжлэлээс 7,120,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэнд нэхэмжлэгч тал гомдол гаргаагүй тул иргэний эрх зүйн диспозитив зарчмын хүрээнд гомдол гаргаагүй асуудлаар дүгнэлт хийхгүй болно.

5.Иргэдийн төлөөлөгчийн ... дөрвөн шүд гэмтсэн, үүнийг тухайн үеийн гэмтлээр нь төлбөрийг гаргуулах нь зөв гэж үзэж байна гэх дүгнэлтийг давж заалдах шатны шүүх шийдвэр гаргахдаа харгалзан үзэв.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2023/00795 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын ... 7,850,000 ... гэснийг 5,450,000 гэж, ... 7,120,000 ... гэснийг 9,520,000 гэж,

2 дахь заалтын ... 140,550 ... гэснийг 102,150 гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Б.М-аас төлсөн 140,550 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

Г.ДАВААДОРЖ