Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 03

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баттулга даргалж,

Нарийн бичгийн дарга Х.Ууганбат,

Улсын яллагч А.Амгалан,

Шүүгдэгч Б.А / өөрөө өөрийгөө өмгөөлсөн / нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурорын газрын хяналтын прокурор А.Амгалангаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Болдын Аод холбогдох эрүүгийн 1829002660165 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.А нь 2018 оны 10 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө “Хероесвин” ХХК-ийн эзэмшлийн 13-93 БЧ улсын дугаартай чиргүүл бүхий 18-84 ӨМҮ улсын дугаартай Норд бенз маркийн чирэгч тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5, 7.6-д заасныг зөрчиж, Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг дэвсгэрт буюу Цагаан хад гэх газраас 6,4 км зайд зогсож байсан “Галба ложистик” ХХК-ийн эзэмшлийн 92-13 БЧ улсын дугаартай чиргүүл бүхий 57-37 ӨМҮ улсын дугаартай Норд бенз маркийн тээврийн хэрэгслийн дээр чиргүүлийг унагаснаас иргэн Б.Ганбаатарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.А нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрхийнхээ дагуу шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхөөс татгалзсан болно.

 Зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 12-р хуудас/

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 13-18-р хуудас/

Хохирогч Б.Ганбаатарын өгсөн: “...Б.А надад 3,000,000 төгрөг өгсөн. Уг осол болсноос хойш миний эмчилгээний зардал болон бусад зардалд 3,000,000 төгрөг төлсөн. Надад ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. ...Би хэргийн материалтай танилцахгүй. Шүүх хуралд суухгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-р хуудас/

Хохирогч Б.Ганбаатарын гэрчээр өгсөн: “...Би мэдүүлэг өгөхдөө өмгөөлөгч оролцуулахгүй. ... би унтаж байгаад дуу чимээ гарахаар нь сэртэл миний машины кабины дотор нүүрс орж ирсэн. Босох гэтэл зүүн хөл даруулаад хөдлөхгүй байсан. Тэгээд нөгөө машины жолооч ах миний кабины цонхыг хагалж, намайг цонхоор гаргасан. ...Би тэнд шөнийн 00 цагийн үед явж байхад машин эвдрээд уг осол нь 02 цагийн үед болсон. Би машинаа асаагаад араанд нь хийх гээд оролдож, арагшаа 10 метр ухраасан. Миний машин зам дээр ташуу байрлалтай байсан юм. Би тухайн үед компанийнхаа хариуцсан хөтөч рүү залгаж, машинаа засуулах гэсэн боловч маргааш өглөө эрт очъё гэсэн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37-р хуудас/

Иргэний хариуцагч Э.Хатанбаатарын өгсөн: Б.А нь манай “Хероесвин” ХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулсан эсэхийг мэдэхгүй тодруулъя. Нийгмийн даатгал нь төлөгдөж байгаа. Уг авто машины хятад эзэнтэй аман гэрээ байгуулан, авто машин хүлээн авч, тээвэрт явж байсан. ...Манай компанийн зүгээс одоогоор хохирол төлөөгүй байна. Хохирогч нэхэмжилж байгаа баримтаа гаргаж өгвөл бид төлнө...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34-р хуудас/

Замын цагдаагийн шинжээчдийн бүрэлдэхүүнээр гаргасан 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дүгнэлтэд: “...

1.Ослын үед “Нордбенз” маркийн 18-84 ӨМӨ улсын дугаартай автомашиныг жолоодож явсан Болд овогтой А нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5. “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 7.6.” Жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам, орчны байдлыг биеэр шалгаж, байр эзлэх, хөдөлгөөний чиг өөрчлөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтуудыг зөрчсөн байна. Болд овогтой А Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас тухайн зам тээврийн осол гарсан байна.

2. Ослын үед “Нордбенз” маркийн 57-37 ӨМҮ улсын дугаартай авто машиныг жолоодож явсан Батбаяр овогтой Ганбаатар нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1а “Тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэхтэй байна.” гэсэн заалтыг зөрчсөн байна. Батбаяр овогтой Ганбаатар нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн үйлдэл нь тухайн зам тээврийн осол гарахад нөлөөлөөгүй байна.

3. Гэрээт цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахмад Д.Ууганбаярын гаргасан зам тээврийн ослын акт, Ханбогд сум дахь Цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Б.Зоригтбаатарын гаргасан дүгнэлтээр Норд бенз маркийн 18-84 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Болд овогтой А дээр тавьсан акт, дүгнэлт үндэслэлтэй байна. Ханбогд сум дахь Цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Б.Зоригтбаатарын №2 дүгнэлтээр “Нордбенз” маркийн 57-37 ӨМҮ улсын дугаартай автомашиныг жолоодож явсан Батбаяр овогтой Ганбаатарт гаргасан дүгнэлт үндэслэлгүй байна.

4. Болд овогтой А нь №514357 тоот дугаарын ВСДЕ ангиллын үнэмлэхтэй, уг үнэмлэх хүчинтэй байна. Батбаяр овогтой Ганбаатар нь №1237207 тоот дугаарын ВСД ангиллын үнэмлэхтэй, уг үнэмлэх хүчинтэй байна.” гэсэн дүгнэлт /хх-ийн 45-46-р хуудас/

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний №12570 дугаартай дүгнэлтэд:

  1. Б.Ганбаатарын биед зүүн тахилзуур ясны далд хугарал, зүүн өвдөгний дотор жийргэвч мөгөөрсний их биеийн арын эврийн хөдлөн урагдал гэмтэл тогтоогдлоо. 
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.
  5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.гэсэн дүгнэлт /хх-ийн 59-р хуудас/

А.Аын яллагдагчаар өгсөн: ”...Цагаан хаднаас урагшаа гараад шороон замаар явж байсан чинь зам дээр 57-37 ӨМҮ дугаартай машин зогсож байхаар нь хажуугаар нь орж тойрон гарах гэхэд миний машин арай багтмааргүй юм шиг болохоор нь машиныхаа зүүн талын дугуйнуудыг замыг зүүн талд байсан овоолсон шороог дайруулаад гарсан. Миний машин уг зогсож байсан машиныг өнгөрч байх үед чиргүүлийн хойд үзүүр гарах үед чиргүүлийн дугуйнууд овоолсон шороог дайрч байгаад баруун тийшээ савж унаад нөгөө зогсож байсан машины кабин дээр дарж унасан. Тэгээд би буугаад очсон чинь жолооч нь цонхоороо гарах гээд байж байхаар нь хаалгыг нь онгойлгох гэсэн чинь онгойхгүй болохоор нь хаалганых нь шилийг хагалж жолоочийг нь өргөж гаргаж ирсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 67-68-р хуудас/

Шүүгдэгч А.Аын хувийн байдлын талаар:

Шүүгдэгч А.Аын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 91-р хуудас/

Шүүгдэгч А.Аын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 87-р хуудас/

“Галба ложистик” ХХК-ийн захирлын 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хүсэлт: ...18-84 ӨМҮ улсын дугаартай автомашины эзэмшигч “Херосвин” ХХК нь манай байгууллагад учруулсан хохирлын талаар ямар нэг санал гомдол байхгүй болно...” гэх /хх-ийн 123-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

Шүүгдэгч Б.А нь 2018 оны 10 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө “Хероесвин” ХХК-ийн эзэмшлийн 13-93 БЧ улсын дугаартай чиргүүл бүхий 18-84 ӨМҮ улсын дугаартай Норд бенз маркийн чирэгч тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5, 7.6-д заасныг зөрчиж, Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг дэвсгэрт буюу Цагаан хад гэх газраас 6,4 км зайд зогсож байсан “Галба ложистик” ХХК-ийн эзэмшлийн 92-13 БЧ улсын дугаартай чиргүүл бүхий 57-37 ӨМҮ улсын дугаартай Норд бенз маркийн тээврийн хэрэгслийн дээр чиргүүлийг унагаснаас иргэн Б.Ганбаатарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: Зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 12-р хуудас/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 13-18-р хуудас/, Хохирогч Б.Ганбаатарын өгсөн: “...Б.А надад 3,000,000 төгрөг өгсөн. Уг осол болсноос хойш миний эмчилгээний зардал болон бусад зардалд 3,000,000 төгрөг төлсөн. Надад ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-р хуудас/, Хохирогч Б.Ганбаатарын гэрчээр өгсөн: “... би унтаж байгаад дуу чимээ гарахаар нь сэртэл миний машины кабины дотор нүүрс орж ирсэн. Босох гэтэл зүүн хөл даруулаад хөдлөхгүй байсан. Тэгээд нөгөө машины жолооч ах миний кабины цонхыг хагалж, намайг цонхоор гаргасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37-р хуудас/, Иргэний хариуцагч Э.Хатанбаатарын өгсөн: Б.А нь манай “Хероесвин” ХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулсан эсэхийг мэдэхгүй тодруулъя. Нийгмийн даатгал нь төлөгдөж байгаа. Уг авто машины хятад эзэнтэй аман гэрээ байгуулан, авто машин хүлээн авч, тээвэрт явж байсан. ...Манай компанийн зүгээс одоогоор хохирол төлөөгүй байна. Хохирогч нэхэмжилж байгаа баримтаа гаргаж өгвөл бид төлнө...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34-р хуудас/, Замын цагдаагийн шинжээчдийн бүрэлдэхүүнээр гаргасан 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дүгнэлт /хх-ийн 45-46-р хуудас/, Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний №12570 дугаартай дүгнэлт /хх-ийн 59-р хуудас/,  А.Аын яллагдагчаар өгсөн: ”...Миний машин уг зогсож байсан машиныг өнгөрч байх үед чиргүүлийн хойд үзүүр гарах үед чиргүүлийн дугуйнууд овоолсон шороог дайрч байгаад баруун тийшээ савж унаад нөгөө зогсож байсан машины кабин дээр дарж унасан. Тэгээд би буугаад очсон чинь жолооч нь цонхоороо гарах гээд байж байхаар нь хаалгыг нь онгойлгох гэсэн чинь онгойхгүй болохоор нь хаалганых нь шилийг хагалж жолоочийг нь өргөж гаргаж ирсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 67-68-р хуудас/ зэргээр тогтоогдож  байна гэж үзэв.

Иймд шүүгдэгч Б.Аыг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Хохирогч Б.Ганбаатар нь шүүгдэгч Б.Аоос нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй гэсэн тул шүүгдэгчийн бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгч Б.А нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдлаар тус тус тооцож, түүний хувийн байдал, гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн байдал зэргийг харгалзан үзэв.

Шүүгдэгч Б.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, Б.Аын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Болдын Аыг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний биед хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Аыг 600 /зургаан зуу/-н нэгж буюу 600,000 /зургаан зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Аод оногдуулсан 600 /зургаан зуу/-н нэгж буюу 600,000 /зургаан зуун мянга/-н төгрөгөөр торгох ялыг 2 /хоёр/ сарын хугацаанд төлүүлэхээр  тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.А нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй. 

5. Шүүгдэгч Б.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Б.Ганбаатарт хохирол төлбөрт 4,684,534 төгрөгийг төлсөн болохыг дурдсугай. 

6. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, Б.Аын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Б.Аод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Д.БАТТУЛГА