| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржийн Баттулга |
| Хэргийн индекс | 144/2019/0003/Э |
| Дугаар | 04 |
| Огноо | 2018-12-27 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | А.Амгалан |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 27 өдөр
Дугаар 04
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баттулга даргалж,
Нарийн бичгийн дарга Х.Ууганбат,
Улсын яллагч А.Амгалан,
Шүүгдэгч Л.А/ өөрөө өөрийгөө өмгөөлсөн / нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурорын газрын хяналтын прокурор А.Амгалангаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Мэргэд овогт Лувсандоржийн Аэд холбогдох эрүүгийн 1829002870158 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1960 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 58 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, нүүрсний тээвэрлэлт хийх ажил эрхэлж байсан, ам бүл 1, Улаанбаатар хот Баянгол дүүргийн 10-р хороо, 33 дугаар байрны 0 тоотод оршин суух, урьд 1984 оны 05 дугаар сарын 18-нд Эрүүгийн хуулийн 169б-д зааснаар 6 сарын хорих ялаар шийтгүүлж байсан. Мэргэд овогт Лувсандоржийн А /РД:МЗ60122970/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Л.А нь 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр “Монпорт” ХХК-ийн эзэмшлийн 56-67 АЧ улсын дугаартай чиргүүл бүхий 56-67 ӨМА улсын дугаартай Норд бенз маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Замын хөдөлгөөний дүрмийн 7.15, 1.5, 9.2-т заасныг зөрчин, Өмнөговь аймгийн Ханбогд сумын Жавхлант багийн нутагт буюу Ухаа худгийн уурхайгаас Гашуунсухайт хилийн боомт хүртэлх хатуу хучилттай засмал замын 134 дэх км-т “Хуажин вэйэ” ХХК-ийн эзэмшлийн 83-00 АЧ улсын дугаартай чиргүүл бүхий, 07-46 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, иргэн Г.Отгонбаатарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.А мэдүүлэхдээ: “...би “Эрдэнэс Тавантолгой” ХК-аас нүүрс ачиж яваад 134-р километрт зогсож байсан машиныг тойрч гарах үед урдаас машин гарч ирсэн. Би нэгэнт хөдөлгөөн хийж эхэлсэн байсан учраас шууд чигээрээ явсан бөгөөд тухайн машины чиргүүл миний машины чиргүүлтэй шүргэлцэж замын хажуу руу машинаа шахаж зогсоосон” гэв.
Зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 10-р хуудас/
Хэргийн газар, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-23-р хуудас/
Хохирогч Г.Отгонбаатарын өгсөн: “...134 дэх км-т өөдөөс 56-67 ӨМА дугаартай авто машин зам дээр эвдрээд зогсож байсан машиныг тойроод өөдөөс урсгал сөрөөд гараад ирсэн. Би машинаа зогсоох гэсэн боловч зогсож амжилгүй мөргөлдсөн. Би машинаа замын баруун тал руу шахаад өөдөөс ирж байсан машинтай зөрөх үед чиргүүл нь миний машины чиргүүлтэй булангаараа мөргөлдөөд миний машин ачаагүй хоосон байсан болохоор татагдаж савагдаад кабиныхаа зүүн талаар нөгөө машины чиргүүлд саваад шарваж, замын зүүн тал руу гарч зогссон. Би тэр замын баруун тал руу гарчих гэсэн боловч зам нь өндөр эрэгтэй байсан болохоор гарч болоогүй юм. ...Миний эрүүл мэнд гол нь байна. Би цаашдаа сайн эмчилгээ хийлгэмээр байна. Ррупп-д орох санаа байна. Надад эмчилгээний зардалд 10,000,000 төгрөг төлчихвөл гомдол, санал байхгүй. Цаашид 4-5 удаа курс эмчилгээ хийлгэхэд энэ мөнгө хэрэгтэй байгаа. Би хэргийн материалтай танилцах, шүүх хуралд суух эсэхээ тэр үед нь шийднэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 71-72-р хуудас/
Иргэний нэхэмжлэгч Т.Ганбаярын өгсөн: “...Уг ослын улмаас манай компаанийн эзэмшлийн автомашинд эвдрэл гарсан. Одоог хүртэл засаж ажилд гараагүй байгаа. Жолооч Отгонбаатар бас эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн байдалтай байгаа. ...гарсан хохирлоо нэхэмжилж байна. Компанийн зүгээс хохирол төлөгдсөн тохиолдолд гомдол, санал байхгүй. ...Би хэргийн материалтай танилцахгүй. Шүүх хуралд сууна...” гэх мэдүүлэг /хх-ийн 74-75-р хуудас/
Иргэний хариуцагч Э.Хатанбаатарын өгсөн: “...Манай компанийн зүгээс Хуа Жун Вэй ХХК-ийн хуулийн зөвлөх Ганбаяр гэдэг хүнд осолд орсон авто машиныг тээвэрлэсэн болон журмын хашааны төлбөрт 11 дүгээр сарын 06-ны өдөр 2,876,000 төгрөг төлсөн. Хохирогч Г.Отгонбаатарын эмчилгээний зардалд 11 сарын 14-ний өдөр 2,416,419 төгрөг, 11 дүгээр сарын 19-ний өдөр 734,000 төгрөг төлсөн байгаа. Үүний дараа хохирогч эмчилгээний зардалд 10,000,000 төгрөг нэхэмжилсэн, уг мөнгийг төлөх талаар хөөцөлдөж байгаа. Осолд орж эвдэрсэн 07-46 УНЦ дугаартай авто машиныг бүрэн засч дууссан байгаа. Удахгүй компанид хүлээлгэж өгнө...” гэх мэдүүлэг /хх-ийн 77-78-р хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн №12994 дугаартай Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний дүгнэлтэд:
Замын цагдаагийн шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн дүгнэлтэд: “...Норд бенз маркийн 56-67 ӨМА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Лувсандорж овогтой А нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.15-д “саадыг тойрон гарахдаа өөдөөс яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг, мөн 1.5-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан байх үндэслэлтэй байна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 54-55-р хуудас/
Л.Аийн яллагдагчаар өгсөн: ”...134 дэх км-т явж байхад урд зам дээр машин зогсож байхаар нь дохиогоо өгөөд тойрон гарах үед өөдөөс ирж байгаа машин харагдахгүй болохоор нь зам дээр зогсож байсан машиныг тойроод зогсож байсан машинтай зэрэгцээнд ирэх үед өөдөөс 07-46 УНЗ дугаартай машин нэлээд хурдтай гараад ирсэн. Тэгээд би машиныхаа хурдыг саагаад зөрөх гэтэл өөдөөс ирж байсан машин хурдаа хасалгүй орж ирээд миний машины толгой хэсгийг өнгөрөөд 2 машины чиргүүл хэсэг мөргөлдсөн. Тэгээд би машинаа хөдөлгөөд зам чөлөөлж зогсоод машинаасаа буугаад очиход нөгөө мөргөлдсөн машин замын баруун тал руу гараад зогссон байсан. Чирэгчнийх нь кабин нэлээд эвдэрсэн байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 85-86-р хуудас/
Шүүгдэгч Л.Аийн хувийн байдлын талаар:
Шүүгдэгч Л.Аийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 93-р хуудас/
Шүүгдэгч Л.Аийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа, жолоочийн лавлагаа, мэдээлэл, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа, /хх-ийн 94-98-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.
Шүүгдэгч Л.А нь 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр “Монпорт” ХХК-ийн эзэмшлийн 56-67 АЧ улсын дугаартай чиргүүл бүхий 56-67 ӨМА улсын дугаартай Норд бенз маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Замын хөдөлгөөний дүрмийн 7.15, 1.5, 9.2-т заасныг зөрчин, Өмнөговь аймгийн Ханбогд сумын Жавхлант багийн нутагт буюу Ухаа худгийн уурхайгаас Гашуунсухайт хилийн боомт хүртэлх хатуу хучилттай засмал замын 134 дэх км-т “Хуажин вэйэ” ХХК-ийн эзэмшлийн 83-00 АЧ улсын дугаартай чиргүүл бүхий, 07-46 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, иргэн Г.Отгонбаатарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: Зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 10-р хуудас/, Хэргийн газар, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-23-р хуудас/, Хохирогч Г.Отгонбаатарын өгсөн: “...134 дэх км-т өөдөөс 56-67 ӨМА дугаартай авто машин зам дээр эвдрээд зогсож байсан машиныг тойроод өөдөөс урсгал сөрөөд гараад ирсэн. Би машинаа зогсоох гэсэн боловч зогсож амжилгүй мөргөлдсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 71-72-р хуудас/, Иргэний нэхэмжлэгч Т.Ганбаярын өгсөн: “...Уг ослын улмаас манай компааний эзэмшлийн автомашинд эвдрэл гарсан. Одоог хүртэл засч ажилд гараагүй байгаа. Жолооч Отгонбаатар бас эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн байдалтай байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 74-75-р хуудас/, Иргэний хариуцагч Э.Хатанбаатарын өгсөн: “...Үүний дараа хохирогч эмчилгээний зардалд 10,000,000 төгрөг нэхэмжилсэн, уг мөнгийг төлөх талаар хөөцөлдөж байгаа. Осолд орж эвдэрсэн 07-46 УНЦ дугаартай авто машиныг бүрэн засч дууссан байгаа. Удахгүй компанид хүлээлгэж өгнө...” гэх мэдүүлэг /хх-ийн 77-78-р хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн №12994 дугаартай Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний дүгнэлт /хх-ийн 59-р хуудас/, Замын цагдаагийн шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн дүгнэлтэд: “...Норд бенз маркийн 56-67 ӨМА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Лувсандорж овогтой А нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.15-д “саадыг тойрон гарахдаа өөдөөс яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг, мөн 1.5-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан байх үндэслэлтэй байна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 54-55-р хуудас/, Л.Аийн яллагдагчаар болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 85-86-р хуудас зэргээр тогтоогдож байна гэж үзэв.
Иймд шүүгдэгч Л.Аийг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Хохирогч Г.Отгонбаатар нь 3,474,075 төгрөгийн хохирлын баримтыг хэрэгт ирүүлсэн бөгөөд цаашид гарах эмчилгээний зардалд 10,000,000 төгрөг нэхэмжилснийг иргэний хариуцагч “Монпорт” ХХК нь нөхөн төлөхөө илэрхийлсэн мөн “Монпорт” ХХК нь Г.Отгонбаатарын ажиллаж байсан иргэний нэхэмжлэгч “Хуажун Вэйэ” ХХК-д учирсан хохирол болох 2,876,000 төгрөг, хохирогч Г.Отгонбаатарын эмчилгээний зардалд 3,150,419 төгрөгийг тус тус нөхөн төлсөн тул шүүгдэгч Л.А нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.
Хохирогч Г.Отгонбаатар нь цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Л.А нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдлаар тус тус тооцож, түүний хувийн байдал, гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн байдал зэргийг харгалзан үзэв.
Шүүгдэгч Л.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, Л.Аийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Мэргэд овогт Лувсандоржийн Аийг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний биед хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Л.Аийг 600 /зургаан зуу/-н нэгж буюу 600,000 /зургаан зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Аэд оногдуулсан 600 /зургаан зуу/-н нэгж буюу 600,000 /зургаан зуун мянга/-н төгрөгөөр торгох ялыг 2 /хоёр/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Л.А нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Л.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, хохирогч Г.Отгонбаатар нь цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
6. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, Л.Аийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Л.Аэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТТУЛГА