Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 216/МА2023/00004

 

 

 

 

 

2023 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 216/МА2023/00004

 

 

   Г.У нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

       Говьсүмбэр аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Г.Тэгшсуурь даргалж, шүүгч Х.Байгалмаа, шүүгч О.Однямаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн нээлттэй хийсэн хуралдаанаар,

      Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 134/ШШ2023/00072 дугаар шийдвэртэй,

        Нэхэмжлэгч Т.У

        Хариуцагч  Б.Б холбогдох

       Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохиролд 1,413,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч Б.Б нарын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн шүүгч О.Однямаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

      Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.У, хариуцагч Б.Б, нарийн бичгийн дарга  Ө.Бямбасайхан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь :

  1. Нэхэмжлэл түүний үндэслэл, шаардлага:

    Т.У би 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 09 цагийн орчимд 56-67 ГСА улсын дугаартай toyoto fielder машинтайгаа Найрамдал хотхоны 4-р байрны урд замаар 12 дугаар байрны чиглэлд чигээрээ зорчиж байтал 4-р байрны автомашины зогсоолоос 06-03 ДУА улсын дугаартай mighty машин ухрах үйлдэл гаргахаар нь сигнал өгөхөд ухарсаар байгаад миний машины буруу талын крило, гэрлийг цөм мөргөсөн учир цагдаад хандсан боловч өнөөдрийг хүртэл хохирлыг барагдуулаагүй тул иргэн Б.Б 1,413,000 төгрөгийг барагдуулахаар нэхэмжилсэн. Хохирлын үнэлгээ 1,320,000 төгрөг, үнэлгээний зардал 93,000 төгрөг, нийт 1,413,000 төгрөг болсон. 02 дугаар сарын 08-ны өдөр Б.Б хятад гэрэл авч ирж өгсөн. Ориг гэрэл нь бол 850,000 төгрөгийн үнэтэй байдаг. Тухайн өгсөн гэрэл хятад гэрэл байсан учраас 450,000 төгрөгөөр үнэлж байгаа. 02 дугаар сарын 13-ны өдөр би охиныхоо дансыг өгсөн чинь 300,000 төгрөг шилжүүлсэн байсан. Надад ууцны хонь өгсөн гэж тайлбартаа бичсэн байсан. Ууцны хонь авсан зүйл байхгүй. Нийт 1,413,000 төгрөгнөөс гэрэлний 450,000 төгрөг, дансаар авсан 300,000 төгрөг, нийт 750,000 төгрөгийг хасаад үлдэгдэл нь 663,000 төгрөг болж байгаа. Энэ мөнгийг Б.Б гаргуулж өгнө үү гэжээ.

  1. Хариуцагчийн татгалзал, түүний тайлбарын агуулга:

    Хариуцагч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Б миний бие нь 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 09 цагийн орчимд 06-03 ДУА улсын дугаартай дүүгийнхээ машиныг унаж яваад Найрамдал хотхоны 4 дүгээр байрны зогсоолоос ухрах үйлдэл хийхдээ 56-67 ГСА улсын дугаартай toyoto fielder машиныг гэмтээсэн. Тус иргэн урагш явж байх нэрийдлээр өмнөх зайг харалгүй намайг буруутгасан. Ингээд тухайн үед цагдаад хандан асуудлыг шийдвэрлүүлсэн бөгөөд тухайн иргэн шийдтэй хариу өгөхгүй байсан. Би хохирлыг барагдуулахаар автомашины гэрлийг 450,000 төгрөг 1 ууцны хониор авч, крилог засуулахаар 300,000 төгрөг зэргийг өгсөн. Мөн цагдаад 200 нэгжээр торгуулж, 5 оноо хасуулсан. Яг ухрах үйлдэл хийх үед нэхэмжлэгч бол харагдаагүй. Тэгээд ухрах үед шүргэсэн байсан. Миний ухрах үйлдлийг хараад сигнал дарахын оронд зогссон бол арай өөр байдалтай байх байсан. Аль аль нь хариуцлага алдсан гэж бодож байна. Автомашины засварын үнэ бол төлөх боломжтой хэмжээний үнийн дүн гарах байх гэж бодсон. Нэхэмжлэлийн шаардлага бол өндөр үнийн дүнтэй байна. Би гэрлийг хотоос хямдарсан үнээр нь бодуулаад 450,000 төгрөг дээр нэг ууцны хонь өгч авсан. Ууцны хонио 200,000 төгрөгөөр бодсон. Тэр гэрэл бол хятад гэрэл биш ориг гэрэл. Машины сэвийг арилгуулъя гээд 300,000 төгрөг өгсөн. Одоо би үнэлгээний 93,000 төгрөг, хотруу явах бензины мөнгө 200,000 төгрөг, нийт 293,000 төгрөгийг өгөх саналтай байна гэжээ.

  3. Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Бүх зүйл нотлогдсон байна. Харилцан тохиролцсон бол энэ асуудал хурдан шийдэгдэх байсан. Нотлох баримтуудад тулгуурлаад шийдвэр гаргах нь зөв гэж бодож байна. Б.Б гэм буруутай гэж үзэж байна гэжээ.

     4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 449.1, 510 дугаар зүйлийн 510.1, 227 дугаар зүйлийн 227.3-т зааснаар хариуцагч Б.Б гэм хорын хохиролд 663,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т.У олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 750,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2.-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 37,558 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 37,558 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, ... гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

      5.   Давж заалдах гомдлын агуулга:

      Хариуцагч Б.Б давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Б овогтой Б миний бие нь 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 09 цагийн орчимд 06-03 ДУА улсын дугаартай дүүгийнхээ машиныг унаж яваад Найрамдал хотхоны 4-р байрны зогсоолоос ухрах үйлдэл хийхдээ 56-67 ГСА улсын дугаартай Тoyota Filder машиныг гэмтээсэн. Гэвч би энэ үйлдлээ хүлээн зөвшөөрч цагдаагийн байгууллагаас авсан арга хэмжээ, тухайн хохирогч иргэний хохирлыг өөрийн бололцоондоо барагдуулан машины гэрэл, засварын мөнгийг өгсөн. Миний бие нь эрхэлсэн тодорхой ажилгүй, нэмж мөнгө гаргах боломжгүй. Иймээс тухайн хэргийг дахин нягтлан шийдвэрлэж өгнө үү. Анхан шатны шүүхийн шийдвэрийн гэрлийн зөрүү 250.000 төгрөг, замын зардал болох 200.000 төгрөг, нийт 450,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

                                              ХЯНАВАЛ:

         1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдсан гомдлын үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, маргаанд холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна гэж дүгнэв.

         2. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1, 227 дугаар зүйлийн 227.3-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх ба хариуцагч Б.Б нь “ ... нэмж мөнгө гаргах боломжгүй.

            Иймээс тухайн хэргийг дахин нягтлан шийдвэрлэж өгнө үү. Анхан шатны шүүхийн шийдвэрийн гэрлийн зөрүү 250.000 төгрөг, замын зардал болох 200.000 төгрөг, нийт 450,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна  гэсэн агуулга бүхий давж заалдсан гомдол гаргажээ.

         3. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа хариуцагч Б.Б нь 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, 4 дүгээр байрны авто зогсоолоос 06-03 ДУА улсын дугаартай автомашиныг жолоодож ухрах үйлдэл хийх үедээ миний жолоодож явсан 56-67 ГСА дугаартай автомашиныг мөргөж 1.413.000 төгрөгийн хохирол учруулсан гэж тодорхойлжээ.

       4. Хариуцагч  Б.Б нь нэхэмжлэлийн шаардлагыг ... ориг гэрэл авчирч өгсөн 650.000 төгрөгөөр тооцно. Улаанбаатарт очиж засварлуулах замын зардал 200.000 төгрөг, үнэлгээний хөлс 93.000 төгрөг нийт 293.000 төгрөгийг хүлээн зөвшөөрнө. Бусдыг нь зөвшөөрөхгүй хэмээн маргажээ.

    5. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, шийдвэрлэх үндэслэлгүй байна. Учир нь  Иргэний хуулийн  147 дугаар зүйлийн 147.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар хариуцагч******* нь тээврийн хэрэгсэл жолоодож ухрах үйлдэл хийх үедээ нэхэмжлэгчийн автомашиныг мөргөж 1.320.000 төгрөгийн хохирол учруулсан байх тул хохиролыг нөхөн төлж, гэм хор учруулахаас өмнөх байдалд нь сэргээх үүрэгтэй байна.

      6. Анхан шатны шүүхийн Иргэний хуулийн 497, 499, 510 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч нь өөрт учирсан хохирлыг гэм хор учруулагчаас шаардах эрхтэй болохыг, мөн Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 229 дүгээр зүйлийн 229.2 дахь заалт зэргийг зөв тайлбарлан хэрэглэсэн ба энэ талаар хийсэн дүгнэлт нь үндэслэлтэй зөв болжээ.

       Мөн “Ашид билгүүн” ХХК нь их гэрэлийг 850.000 төгрөгөөр үнэлсэн ба нэхэмжлэгч нь хариуцагчийн өгсөн гэрэлийг ориг биш гэж үзэж үнэлгээг 450.000 төгрөгөөр тооцно гэж маргаж байгаа нь үндэслэлтэй байна.  

     7. Түүнчлэн нэхэмжлэлийн шаардлага 1.413.000 төгрөгөөс хариуцагчийн төлсөн 750.000 төгрөгийг хасч үлдэх 663.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шүүх  шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна.

     Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх  дүгнэв.

        Харин анхан шатны шүүх нь  шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 гэхийг “...449.1 “гэж бичсэн нь техникийн шинжтэй алдаа гэж үзээд энэ үндэслэлээр шийдвэрт  өөрчлөлт оруулаагүй  болно.

     Цаашид шүүхээс гарч буй эрхийн актад баримталсан хуулийн зүйл, заалтыг зөв бичсэн эсэхээ сайтар магадлан хянаж байхыг анхаарах нь зүйтэй болохыг магадлалд тэмдэглэв.

           Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.1 дэх хэсэгт заасныгудирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Говьсүмбэр аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 134/ШШ2023/00072 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

       2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 14,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

       3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

       4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийн Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгсүгэй.

       

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Г.ТЭГШСУУРЬ

        ШҮҮГЧ                                                     Х.БАЙГАЛМАА

        ШҮҮГЧ                                                     О.ОДНЯМАА