Шүүх | Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Одцэрэнгийн Однямаа |
Хэргийн индекс | 136/2022/00179/И |
Дугаар | 216/МА2023/00005 |
Огноо | 2023-05-17 |
Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 05 сарын 17 өдөр
Дугаар 216/МА2023/00005
Говьсүмбэр аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч О.Однямаа даргалж, шүүгч Х.Байгалмаа, шүүгч Г.Мягмарсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн нээлттэй хийсэн хуралдаанаар, Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 134/ШШ2023/00046 дугаар шийдвэртэй, Нэхэмжлэгч “Ө” ХХК, Хариуцагч Б.Б холбогдох Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохиролд 45 355 829 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.О, хариуцагчийн өмгөөлөгч М.Хандармаа нарын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн шүүгч О.Однямаагийн илтгэснээр хянан хэлэлцэв. Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Э, түүний өмгөөлөгч Ч.Отгонбаатар, хариуцагч Б.Б, түүний өмгөөлөгч М.Хандармаа, нарийн бичгийн дарга Ж.Хонгорзул нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь :
Нэхэмжлэгч Ө ХХК нь Б.Б холбогдуулан гэм хорын хохиролд 45,355,829 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: 1.1. Шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч Ө ХХК нь өөрийн өмчлөлийн Б ш худалдааны төвийн 2 давхарт Тулгатай цай, цайны газрыг 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл нэг жилийн хугацаатайгаар, сарын 1,500,000 төгрөгөөр иргэн Б.Б түрээсэлсэн. Гэтэл 2021 оны 07 дугаар сарын 31-ний өдөр цайны газарт гал түймэр гарч, ихээхэн хэмжээний хохирол учирсан. Гал гарсан үйлдлийг Дорноговь аймгийн Цагдаагийн газар шалгаж, Онцгой байдлын газрын шинжээчийн дүгнэлтээр Цайны газрын гал тогооны өрөөний зүүн урд хэсэгт байрлах хуушуурын цахилгаан зуухан дээр тос хэт удаан халаасны улмаас буцалж, үсрэн цахилгаан зуухан дээр унаж гал түймэр гарсан байна гэж гал гарсан шалтгаан нөхцөлийг тогтоосон. Хохирлын хэмжээг Хөрөнгө эстимэйт ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар 40,270,856 төгрөг гэж тогтоосон. Гэвч гал гарсан хэсгийг засварлаж хэвийн байдалд оруулахад 40,447,530 төгрөг болсон. Засварын ажил хийх, барилгын материал авах зорилгоор Ө ХХК-ийн хувьцаа эзэмшигч Г.Э 2,021,500 төгрөгийн, түүний гэр бүлийн хүн болох Ж.А 8,501,000 төгрөгийн тэтгэврийн зээлийг авч зээлийн хүүд 408,299 төгрөгийг төлсөн. Гал гарсаны улмаас цайны газрыг 2021 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл гурван сарын хугацаанд засварласан тул түрээсийн төлбөрт 4,500,000 төгрөг, нийт 45,355,829 төгрөгийг нэхэмжилж байна. Засвар хийх материалын хувьд зах зээлийн хамгийн муу материалыг авчирсан. Хар тоосгон судалтай хавтан авчирсан. Би буцаасан нь үнэн. Надаас нэг ч удаа юу авчирах вэ гэж асуугаагүй. Лампирыг нь 2 хүүхэд нь солих гээд ирсэн байхад нь би болиулсан. Яагаад болиулсан бэ? гэхээр шатсан байгаа прүс модыг нь солихгүйгээр хэдхэн дранк мод хадаад шууд лампирдах гэж байсан. Үүдэн хэсгийн таазыг би одоо засвар хийгээд сольж байгаа. Яагаад сольж байгаа вэ гэхээр хүмүүс орж ирэхдээ танай байшингаас муухай үнэр үнэртээд байна гээд байсан. Тэгээд таазыг нь хуулаад харахад шатсан моднууд нь тэр чигтээ байсан. Арга буюу тэр тортогтой лампирыг нь хуулж хаяад шинээр хийж байгаа. Дээврийн ажил дээр намайг бүтэн дээврээ сольсон гээд аймгаар нэг зарлаад шуналтай гэж элдвээр нь доромжлоод байгаа. Дээврийг очоод үзэхэд андашгүй. Хуучин хормой хэсэг нь бороороо байгаа. Шатсан оройн хэсгийг сольсон. Ийм тооцоо гарах юм байна шүү гээд энэ хүнийг модны хүн дээр аваачиж уулзуулсан. Би ганцаараа дураараа шийдээд, үнэтэй юм аваад хийе гэж шийдээгүй. Үнэ ханш нь ийм байна гээд хэлэхэд энэ хүн тэг, тэг аваад хийлгэж бай би мөнгийг нь төлнө гэж хэлээд алга болчихсон. Дээврийн төмөр дээр асуудал гарсан. Яагаад вэ гэхээр дээврийн шувуун нурууны төмөр байгаа. Манайх дээвэр дээрээ зуны сууц буюу мансард орно гээд өндөр дээвэр хийсэн. Тэгэхээр энэ дотор бүхэл бүтэн өрөө гаргана гэсэн төлөвлөгөөтэй байсан. Тэрний 3/1 нь шатсан байгаа. Тэрийг сольсон. Дам нурууны 15-ын палкууд шатсан байна. Энийг солъё гэхэд нөгөө хүмүүс залхуураад, аргалчихсан гээд шар будгаар будчихсан байгаа. Одоо хүртэл шар будаг нь байгаа. Манай дээвэр маш их бэхэлгээ хийсэн дээвэр байсан. Дээврийн талыг нь хуулахгүй байж болохгүй байсан. Манай гэрт учирсан хохирол гэх юм бол 2 галын машин дүүрэн ус гал унтраах гэж манай гэр лүү шүршсэн. Тийм их хэмжээний ус асгахаар гэр ямар болох нь ойлгомжтой. Би ам бүл цөөтэй болохоор хивсээ давхарлаад дэвсээд байдаг байсан. Тэр их ус асгаж байхад тэр хананы шохой, замаск урсахгүй яах юм бэ? Хивсээ хими цэвэрлэгээнд аваачиж өгсөн. Ийм олон асуудал гарсан. Материалын зардал гээд эдний гаргаж өгсөн тооцоо миний санаанд огт нийцэхгүй байна. Яагаад гэхээр хийсэн засварт нь 15 шуудай затирка орно гэж хаана ч байхгүй. Ямар ч тоосго ороогүй. Тэр байтугай хувцас сольдог өрөөний тортог нь яг хэвээрээ байгаа. Бид нар засвар хийсэн гээд байгаа боловч яг юу хийсэн юм бэ гэхээр хэлдэггүй. Дээврийн 200 ширхэг төмөр, хайрцаг хадаас авч өгсөн нь үнэн. Бид нар энэ хүний гаргасан зардлыг үгүйсгээгүй. Зөвхөн өөрийнхөө дансаар гүйлгээ хийсэн, өөрсдөө худалдаж авсан материал, засвар үйлчилгээний зардлаа шаардаад байгаа гэдгийг шүүхэд дахин хэлмээр байна. Хариуцагчийн хэлээд байгаа шиг 28,000,000 төгрөгийн зардал гарсан эсэх нь маш их эргэлзээтэй байна. Бид нарын хийсэн ажил, ажил гүйцэтгэх гэрээнүүд, гэрээний дагуу төлбөр төлсөн баримтууд, гэрээний ажлын гүйцэтгэлийг хүлээж авсан актуудаар тогтоогдоно. Бид нар дотоод заслын ажил дээр маргаж байгаа. Баримтыг нь үзэхээр 2,388,000 төгрөгийн баримт байгаа. 5,000,000 төгрөгийг мод буулгасан хөлсөнд өгсөн гэдгийг мэдэж байгаа. Шинжээчийн дүгнэлтэнд 2 дугаар давхрын материалын зардал байхгүй байгаа нь техникийн алдаа байх. Түүнээс биш задаргааг нь харахаар үнэлгээний тайланд орсон харагдаж байна. Үнэлгээг дахин гаргуулах шаардлагагүй, зөвшөөрч байна. Гэхдээ хөрөнгийн үнэлгээний тайлан тухайн үед үүссэн хохирлын хэмжээг тогтоож байгаа болохоос биш үнэлгээний тайлангийн дүнгээр хохирлыг арилгасан тохиолдол ховор байдаг. Хэзээ ч бодитой үнэлгээ тэндээс гардаггүй. Хэрвээ хохирлын үнэлгээгээр явна гэх юм бол 176,000 төгрөгийн зөрүү байгаа юм байна. Бид нар Б.Б гаргасан зарим зардлуудыг хүлээн зөвшөөрсөн. Хийсэн гээд байгаа ганц хоёр ажлууд байгаа. Гэхдээ тэр нь шаардлага хангаагүй, дахин хийх шаардлага гарсан. Манай нэхэмжилж байгаа нэхэмжлэлийн шаардлага бол компаниас гаргасан зардал, И баримт, төлбөрийн баримтаар баталгаажсан байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэж хүсэж байна гэжээ.
Хариуцагч тал хариу тайлбартаа: Нөхөр бид хоёрыг эзгүй хөдөө яваад ирэх хооронд тогоочийн хариуцлагагүй үйлдлийн улмаас 2021 оны 07 дугаар сарын 31-ний өдөр гал гарсан. Манайх гэрээний дагуу хариуцлагаа хүлээж тухайн байгууллагыг өөрсдийнхөө хэмжээнд 28,900,000 төгрөгийн засвар хийсэн. Бүтэн шатаагүй төмөр дээвэр 15,000,000 төгрөгөөр дээвэрлэж өгсөн. Дотоод заслыг нь 2, 3 давхартай нь хийж өгсөн. Чанаргүй байна гэж хуулуулсан. Тэр хуул гэснийх нь дагуу манайх хуулаад хий гэснээр нь хийж өгсөн. Энэ хүн маш их загнадаг, уурладаг, хатуу, хахир ханддаг. Нэг удаа засвар яаж хийх талаар ярилцъя гэхэд өнөөдөр миний ярьдаггүй өдөр гэсэн. Одоо болохоор материал асуугаагүй гээд байна. Төмрийг нь өөрийнх нь хэлсэн Хятад хүнээс очиж авсан. Энэ хүнд сэтгэл ханамж гэж байдаггүй. Манайх ч гэсэн энэ галын улмаас хохирсон. Миний хавсаргаж өгсөн зурган дээрээс өмнө нь ямар байсан талаарх зураг нь байгаа. Одоо хүртэл манай хийсэн засвар хэвээрээ байгаа. Гэрийнхээ засварыг мөн манайхаас нэхэмжилсэн. 4 өрөө байрны засвар хийлгэнэ гэхэд манай нөхөр зөвшөөрөөгүй. Гал яагаад дээвэр лүү гарсан бэ гэхээр зориулалтын бус тааз, хуванцар хоолойтой байсан учраас гал гарсан гэсэн дүгнэлт гарсан. Хэрвээ хариуцлага хүлээх ёстой гэвэл эднийх ч гэсэн зориулалтын бус материалаар хийсэн гэдгээрээ хариуцлага хүлээх ёстой. Галын дүгнэлтийг би 2 талтай зөв гарсан гэж үздэг. Энэ айлын хүсэлт бол манайхаар 100 хувь дээврийн засвараа даалгах гээд байгаа. Би 100 хувь дээврийг хариуцаж чадахгүй. 70, 30 хувиар тохиръё гэсэн боловч эднийх зөвшөөрөөгүй. Тэгэхээр нь 50, 50 хувиар хийе гэсэн чинь бас зөвшөөрөөгүй тул тэгвэл шүүхээрээ шийдүүлье гээд салсан. Би дээврийн төмөр 7,900,000 төгрөгөөр авсан баримт байгаа. Шрүп тээврийн зардалтайгаа нийлээд 10-аад сая төгрөг болсон. Шатаагүй төмөр дээврийг би цоо шинэ болгож өгсөн. Дээврийн мод 100 хувь шатаагүй. Дээврийн мод буулгаж байсан хүмүүс 50 хувь буулгана гэж хэлж байсан. Гэтэл бид нараар 90 хувь буулгуулсан. Хэрвээ гэрчлэх шаардлагатай гэвэл гэрчлэхэд бэлэн гэж мод буулгаж байсан залуу хэлсэн. Дээврийн мод буулгасан хөлсөнд 5,000,000 төгрөгийг манайх бас өгсөн. Бүх зардлаа манайхаар даалгах гээд байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжилж байгаа эд зүйл дотроо хивсний цэвэрлэгээг хүртэл оруулсан байна. Би тоосго авсан гэж огт хэлээгүй. Тоосгоны хэлбэртэй хуулга наасан. Тэрийг хэлээд байх шиг байна. 15 уут затирка ороогүй гэж хэлээд байна. 1 давхарт хүртэл затирк татсан байгаа. Бид шатсаны дараах болон засвар хийсний дараа, засвар хийж байх үеийн процессын зургийг өгсөн. Зургаас анх хүлээж авахад байсан байдал болон засвар хийсний дараах байдал дүйцэхүйц харагдаж байгаа. Хуульд зааснаар гэм хор учруулсан этгээд гэм хор учрахаас өмнөх байдалд нь сэргээх ёстой. Хариуцагчийн зүгээс сэргээсэн гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтаар харагдаж байгаа. Үнэлгээний тайлангаар 40,000,000 төгрөг гарсан. Гэтэл нэхэмжлэгч тал өнөөдөр 45,000,000 төгрөг нэхэмжилж байгаа. Үнэлгээний тайланг хүлээн зөвшөөрөхгүй байсан юм бол үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаар хүсэлт гаргахгүй яасан юм бэ? Манай тал үнэлгээг хүлээн зөвшөөрсөн. Мөн түрээсийн төлбөрийн үлдэгдэл нэхэмжлээд байна. Түрээсийн төлбөрийн үлдэгдэл нэхэмжлэх хууль зүйн үндэслэл байхгүй гэж үзэж байна. Яагаад гэхээр Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлснээр хүчин төгөлдөр болно. Энэ шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус юм. Тэгэхээр хуулийн шаардлагаараа энэ түрээсийн гэрээ хүчин төгөлдөр байгаагүй. Мөн зээлийн гэрээний хүү нэхэмжлээд байгаа. Үүнийг мөн хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ. 3. Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: 2 тал хоёулаа засвар хийсэн байна. Хариуцагч нь засвар хийсэн зардлаа хасуулаад үлдсэн мөнгийг нь төлье гэсэн боловч нэхэмжлэгч тал зөвшөөрөөгүй. Иймд, хариуцагч тал зардлыг бүрэн төлөх ёстой гэж үзэж байна гэжээ.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 229 дүгээр зүйлийн 229.1-д зааснаар хариуцагч Б.Б гэм хорын хохиролд 28,994,856 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ө ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 16,360,973 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2.-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 384,729 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 302,924 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч М.Орхоны 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 334/ШЗ2023/00012-1 дугаартай Хариуцагчийн хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тухай тогтоолын дагуу хариуцагч Б.Б өмчлөлийн 2 үл хөдлөх эд хөрөнгийг захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн арга хэмжээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар энэ хуулийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлэхийг талуудад болон шийдвэр гүйцэтгэгчид мэдэгдэж ... гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Отгонбаатар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 134/ШШ2023/00046 дугаартай шийдвэрээр хариуцагч Б.Б 28,994,856 /хорин найман сая есөн зуун ерэн дөрвөн мянга найман зуун тавин зургаа/-н төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ө ХХК-д олгох, Ө ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас 16,360,973 /арван зургаан сая гурван зуун жаран мянга есөн зуун далан гурав/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Ө ХХК-ийн өмгөөлөгч миний бие Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 134/ШШ2023/00046 дугаартай шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Анхан шантны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй. Анхан шатны шүүх нэхэмжлэгчид учирсан хохирлыг “Хөрөнгө эстимэйт” ХХК-ийн гаргасан хохирол үнэлгээний тайланг үндэслэл болгон 40,270,856 төгрөгөөр тогтоож, улмаар энэ дүнгээс хариуцагч талаас гаргасан зардлыг хасаж тооцон нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасан. Шүүх шийдвэрийнхээ ҮНДЭСЛЭХ нь хэсэгт “... хохирлын үнэлгээ 40,270,856 төгрөгөөс хариуцагчийн гаргасан зардал болох 15,776,000 төгрөгийг хасаж 24,494,856 төгрөг, мөн түрээсийн гэрээний төлбөр нь олох ёстой байсан орлогод хамаарах тул 4,500,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, зээлийн хүү болон гарсан зардал нь гэм хор учруулсны бодит хохиролд тооцогдохгүй үндэслэлээр 16,360,973 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй” гэж дүгнэсэн байдаг. Нэхэмжлэгч “Ө” ХХК-д учирсан хохирол буюу гал түймэр гарсны улмаас эвдэрч, гэмтсэн барилгыг өмнөх байдалд нь оруулах засвар үйлчилгээнд гаргасан зардал нь нэхэмжлэгчээс гаргаж өгсөн дансны хуулга, зарлагын баримт болон санхүүгийн анхан шатны үндсэн баримт болох ибаримтаар тус тус нотлогдож байгаа. Хэдийгээр “Хөрөнгө эстимэйт” ХХК-ийн гаргасан хохирол үнэлгээний тайлангаар хохирлын хэмжээг 40,270,856 төгрөг гэж тогтоосон боловч энэ нь эрүүгийн хэрэг бүртгэлийн шатанд хэргийн зүйлчлэл тогтооход ач холбогдолтой байсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирлын хэмжээг тогтооход мөнгөн төлбөрийн хувьд санхүүгийн анхан шатны баримтууд ач холбогдол бүхийн нотлох баримтуудад тооцогдоно. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үнэлэхдээ тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь өөрийн дотоод итгэлээр үнэлэх ёстой. Нэхэмжлэгч учирсан хохирлыг арилгахын тулд гаргасан зардлаа холбогдох нотлох баримтуудаар нотолсоор байхад ийнхүү шийдвэрлэсэнд гомдолтой байна. Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ нэхэмжлэгчид учирсан хохирлын хэмжээг “Хөрөнгө эстимэйт” ХХК-ийн гаргасан хохирол үнэлгээний тайлангаар тогтоосон мөртлөө хариуцагчийн гаргасан зардлын хэмжээг зөвхөн түүний дансны хуулгаар тогтоосон нь шүүхийн өмнө эрх, тэгш байх зарчмыг хөндлөө. Хариуцагчаас зөвхөн арилжааны банк дахь дансны хуулга болон худалдан авагч нь үл мэдэх зарлагын баримтуудыг гаргаж өгсөн. Дансны хуулга дээр байх гүйлгээнүүд нь нэхэмжлэгчийн хохирлыг барагдуулахад зарцуулсан гэдэг нь бусад нотлох баримтаар тогтоогдохгүй байхад шүүгч субьектив хандлагаар шууд нэхэмжлэлийн шаардлагаас хассан нь хууль хийгээд шударга ёсонд нийцэхгүй. Анхан шатны шүүх шийдвэрийнхээ ҮНДЭСЛЭХ нь хэсэгт “... хариуцагч талаас гаргасан 14,258,200 төгрөгийн зарлагын баримтууд нь шууд нотлох баримт болохгүй боловч төлбөрийн гүйлгээ хийсэн ХААН банкны дансны хуулгаас үзэхэд ... нийт 15,776,000 төгрөгийн зардлыг хариуцагч Б.Б гаргасан гэж үзэхээр байна.” гэж дүгнэсэн байдаг. Зарлагын баримтаар 14,258,200 төгрөг нь банкны дансны хуулгаар 15,776,000 төгрөг болж нэмэгдэж тогтоогдсон гэж шүүх дүгнэж, түүнийг өөр бусад нотлох баримтаар тогтоогдохгүй байсан ч нэхэмжлэлийн шаардлагаас хасагдах ёстой гэж үзсэн нь хэт субьектив дүгнэлт болжээ. Хэрвээ анхан шатны шүүх нэхэмжлэгчид учирсан хохирлын хэмжээг “Хөрөнгө эстимэйт” ХХК-н гаргасан хохирол үнэлгээний тайлангаар тогтоож байгаа тохиолдолд нэхэмжлэгчээс гаргасан хөдөлшгүй нотлох баримттай зардлууд нь нэхэмжлэгчид орох ёстой орлого юм. Өөрөөр хэлбэл хэрвээ гал түймэр гараагүй бол нэхэмжлэгч ийм хэмжээний зардлыг гаргахгүй бөгөөд энэ нь нэхэмжлэгчид үлдэх ёстой мөнгө байсан. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа зөвхөн өөрөө гаргасан зардлуудыг тооцож нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон гэдгээ тайлбарласан. Хариуцагчаас гаргасан зардлууд нэхэмжлэлийн шаардлагад ороогүй. Хариуцагчаас гаргасан зардлыг нэхэмжлэгч нэхэмжлэх хууль зүйн үндэслэлгүй. Анхан шатны шүүх ийнхүү хариуцагчийн гаргасан зардлыг дансны хуулгаар тогтоож хассан мөртлөө нэхэмжлэгчид учирсан хохирлыг бусад нотлох баримтыг үгүйсгэн зөвхөн хохирлын үнэлгээний тайланг үндэслэл болгож байгаа нь хариуцагч талд хэт давуу байдлыг бий болгосон гэж үзэж байна. Иймд хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв. Хариуцагчийн өмгөөлөгч М.Хандармаа давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 134/ШШ2023/00046 тоот шийдвэрийг хүлээн аваад дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Ө ХХК нь Б.Б холбогдуулан гэм хорын төлбөрт нийт 45 355 829 төгрөг нэхэмжилсэн бөгөөд хариуцагч Б.Б хувьд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй учир нь учруулсан гэм хорыг нөхөн төлсөн буюу Цайны газрын засвар үйлчилгээг бүрэн хийж дуусгасан гэх үндэслэлээр талууд шүүх хуралдаанд маргаж оролцсон юм. Харин анхан шатны шүүхээс 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцээд хариуцагч Б.Б 28 994 856 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн юм. Хариуцагчийн зүгээс дээрх мөнгөн дүнг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь хариуцагч Б.Б нь гал гарсан цаг хугацааны дараа цайны газарт засвар үйлчилгээ бүрэн хийж дуусгасан болох нь хэрэгт нотлох баримтаар хавсаргаж өгсөн гэрэл зураг, гэрчүүдийн мэдүүлэг, бараа материал авсан падаан зэргээр бүрэн нотлогдож байгаа юм. Нэхэмжлэгч компани нь Б.Б хамгийн сүүлд засвар хийгээд үлдээсэн байдлаар одоо үйл ажиллагаа явуулдаг болох нь хэрэгт хавсаргаж өгсөн гэрэл зургаар нотлогдож байгаа юм. Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар “бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнөх байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж заасан байдаг. Хуулийн энэ заалтын дагуу хариуцагч Б.Б нь өмнөх байдалд нь бүрэн сэргээсэн байдаг ийм учраас нэхэмжлэгчид дахин мөнгө төлөх үндэслэлгүй. Мөн нэхэмжлэгч Ө ХХК-ийн захирал А гэх хүн нь өмнө Прокурорын байгууллагад олон жил прокуророор ажилласан хүн байдаг гэтэл шүүх хуралдааны бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н нь А гэх хүнтэй нэг байгууллагад олон жил хамт ажилласан хүн болохыг бид анхан шатны шүүх хуралдаанаас хойш мэдсэн юм. Энэ тохиолдолд шүүгч нь тухайн хэрэг маргааныг шийдвэрлэхдээ хувийн сонирхолтой байж болзошгүй гэх таамаг бий болох юм. Бид шүүгчийг өмнө нь хаана юү хийж байсан тухай тэр бүр мэдэхгүй харин дээрх тохиолдолд шүүгч энэ байдлаа урьдчилан хэлж өөрөө татгалзан гарах бүрэн боломжтой, үүрэгтэй байтал татгалзаагүй шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн нь анхан шатны шүүхийн шийдвэр үнэн зөв бөгөөд эргэлзээгүй гэж үзэх хуулийн боломжгүй байгаа юм. Иймд Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 134/ШШ2023/00046 тоот шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ. ХЯНАВАЛ: 1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч болон хариуцагчийн давж заалдсан гомдлын үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, маргаанд холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна гэж дүгнэв. 2. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байх ба … нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь “ хариуцагч Б.Б 28,994,856 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ө ХХК-д олгох, Ө ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас 16,360,973 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иймд хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү “ гэсэн агуулга бүхий давж заалдсан гомдол, ... хариуцагчийн өмгөөлөгч нь “Ө” ХХК нь Б.Б холбогдуулан гэм хорын төлбөрт нийт 45 355 829 төгрөг нэхэмжилсэн бөгөөд хариуцагч Б.Б хувьд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй учир нь учруулсан гэм хорыг нөхөн төлсөн буюу Цайны газрын засвар үйлчилгээг бүрэн хийж дуусгасан. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэсэн агуулга бүхий давж заалдсан гомдол тус тус гаргажээ. 3. Нэхэмжлэгч нь ... хариуцагч Б.Б нь цайны газрын зориулалтаар талбай түрээслэж байхдаа гал түймэр гаргаж, гэм хор учруулсан тул засварын зардал 40.447.530 төгрөг, 2021 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 11 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэлх түрээсийн төлбөр 4.500.000 төгрөг, зээлийн хүү 408.299 төгрөг нийт 45.355.829 төгрөгийг гаргуулах гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. 4. Хариуцагч Б.Б нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Гэм хор учруулахаас өмнөх байдалд нь сэргээн зассан, түрээсийн гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй учир хүчин төгөлдөр бус, зээлийн хүүг төлөх үндэслэлгүй хэмээн маргажээ. 5. Нэхэмжлэгч, хариуцагч нарын өмгөөлөгчдийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, шийдвэрлэх үндэслэлгүй байна. Учир нь Иргэний хуульд зааснаар зөрчлийн улмаас үүсэх үүрэг буюу гэм хор учруулснаас хариуцлага хүлээлгэх үндэслэл нь хариуцагчийн хууль бус, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйгээр бусдын эд хөрөнгөд гэм хор учирсан байх, үйлдэл болон хохирлын хооронд шалтгаант холбоо тогтоогдсноор бусдын эд хөрөнгөд болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр хохирол учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй. 6. Түүнчлэн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар хариуцагч Б.Б нь нэхэмжлэгчийн байранд түрээсийн гэрээгээр үйл ажиллагаа явуулж байхдаа гал алдаж бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан байх тул уг гэм хорыг хариуцан арилгах буюу өмнөх байдалд сэргээн засах, учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй. 7. Хэрэгт авагдсан нотлох баримтууд болон нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбараас үзэхэд 2021 оны 07 дугаар сарын 31-ний өдөр гал гарч Ө ХХК-ийн өмчлөлийн байранд гэм хор учирсан ба талууд гэм хор учирсан талаар маргаагүй байна. 8. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 497, 510 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч нь өөрт учирсан хохирлыг гэм хор учруулагчаас шаардах эрхтэй болохыг тайлбарлан хэрэглэсэн ба энэ талаар хийсэн дүгнэлт нь үндэслэлтэй зөв болжээ. 9. “Хөрөнгө эстимэйт” ХХК-ийн хохирол үнэлгээний тайлангаар Ө ХХК-ийн эд хөрөнгөд 40.270.856 төгрөгийн хохирол учирсан гэж тогтоосон ба үнэлгээн дээр талууд маргаагүй тул хохирлыг 40.270.856 төгрөгөөр тооцож шүүх шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна. 10. Хариуцагч нь тухайн байрыг бүрэн засварлаж өмнөх байдалд нь сэргээсэн гэсэн хэдий боловч нотлох баримтуудыг хэрэгт ирүүлээгүй, татгалзалаа бүрэн нотлож чадаагүй байна. Харин хариуцагчийн засвар хийснийг нь нотлогдсон хэмжээгээр нь шүүх хасаж тооцсон нь үндэслэлтэй байна. 11. Тэтгэврийн зээлийн хүү 408.299 төгрөг нь нэхэмжлэгчид учирсан шууд зардал биш тул энэ талаарх нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна. 12. Анхан шатны шүүх хохирлын үнэлгээ 40.270.856 төгрөгөөс хариуцагчийн гаргасан зардал болох 15.776.000 төгрөгийг хасч 24.494.856 төгрөг, мөн түрээсийн гэрээний төлбөр 4.500.000 төгрөг нийт 28.994.856 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, зээлийн хүү болон илүү гарсан зардал нь гэм хор учруулсны бодит хохиролд тооцогдохгүй үндэслэлээр 16.360.973 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч болон хариуцагчийн өмгөөлөгчдийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.1 дэх хэсэгт заасныгудирдлага болгон ТОГТООХ нь: 1. Говьсүмбэр аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 134/ШШ2023/00046 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, хариуцагчийн өмгөөлөгчдийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай. 2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн 239755 төгрөг, хариуцагчийн 305000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийн Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОДНЯМАА ШҮҮГЧ Х.БАЙГАЛМАА ШҮҮГЧ Г.МЯГМАРСҮРЭН |