Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 05

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Д.Баттулга даргалж,

Улсын яллагч: Д.Ганчимэг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Ууганбат,

Шүүгдэгч: Х.М /өөрөө өөрийгөө өмгөөлөн/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Д.Ганчимэгээс Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Зэмүүн овогт Хандцэцэгийн Мд холбогдох 1829002940163 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр  хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар агуулга /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 Шүүгдэгч Х.М нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын 3-р баг Ямаан хүрэн 7-17 тоотод 2018 оны 11 дүгээр сарын 21-ний орой иргэн Т.Мишээлтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргаж, улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

  Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.М мэдүүлэхдээ: 2018 оны 11 дүгээр сарын 21-ний орой би ажлаасаа тарж ирээд гэртээ ирж хувцсаа сольчхоод бие засах гээд гарах үед үүдний амбаарт хүн орж ирсэн. Мишээл намайг бариад авсан, тэгээд бид хоёр муудалцаад нэг нэгнийгээ цохисон үйлдэл болсон.“  гэв.

Хохирогч Т.Мишээлийн  өгсөн: “...Би Моос манай дүү буруу юм хийсэн юм уу? манай дүүг машинтай элдсэн байх юм гэж асуухад М нь намайг үгийн зөрүүгүй толгой хэсэгт цохиж авсан. Тэгээд манай ээж хажуунаас нь “чи яагаад манай хүүг зоддог юм. Бид нар ямар чамд өс сансан юм уу?” гэж хэлсэн чинь М манай ээжийг “янхан, гичий, чи дугуй бай” гэх мэтээр хэлсэн. ...М миний толгой хэсэгт 10 гаруй удаа, нэг гараараа заамдаж байгаад нэг гараараа цохиход зүүн талын нүд хавдсан, хамар мурийсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-р хуудас/

Гэрч С.Түмэнчимэгийн өгсөн: “...Мишээлийн бие эрх чөлөөнд манай хажуу айлын залуу болох М үүдний пин дотор гараараа хэд хэдэн удаа толгой хэсэгт нь цохиж, зодож байсан. М тухайн үед архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12-р хуудас/

Гэрч С.Мөнхзулын өгсөн: “...Мишээлийн биед хажуу айлын залуу болох М халдаж гэмтэл учруулсан. Мишээлийн толгой хэсэгт нь 10 гаруй удаа цохисон. Бас цээж хэсэгт нь 2-3 удаа цохиж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-р хуудас/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн №578 дугаартай шинжээчийн:

  1. Т.Мишээлийн биед тархи доргилт, хамар ясны хугарал, зүүн нүдний доод зовхины цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.
  3. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.”
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хх-ийн 18-р хуудас/

Х.Мын яллагдагчаар өгсөн: “...Би Мишээлийн толгой хэсгийн зүүн талд нэг удаа, нүүрэн тус газар нь бас нэг цохисон. ...Мишээлийн биед хоорондын таарамжгүй харьцаанаас болж гэмтэл учруулсан. Би өөрийнхөө хийсэн үйлдэлд харамсаж, гэмшиж байна.”гэх мэдүүлэг /хх-ийн 21-23-р хуудас/

Шүүгдэгч Х.Мын хувийн байдлын талаар

Шүүгдэгч Х.Мын арилжааны банкуудад харилцах болон зээлийн данстай эсэх лавлагаа /хх-ийн 28-30-р хуудас/

Шүүгдэгч Х.Мын эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 33-35-р хуудас/

Шүүгдэгч Х.Мын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 26-р хуудас/

Хохирогч Т.Мишээлийн гаргасан хүсэлт: “...Түвшинбаяр овогтой Мишээл миний бие 2018 оны 11 дүгээр сарын 22-нд Х.Мтой маргалдаж миний биед хохирол учруулсан. Цаашид миний бүх хохирлыг барагдуулна гэсэн учир гомдол саналгүй..” гэсэн хүсэлт /хх-ийн 36-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо. 

Шүүгдэгч Х.М нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын 3-р баг Ямаан хүрэн 7-17 тоотод 2018 оны 11 дүгээр сарын 21-ний орой иргэн Т.Мишээлтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргаж, улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь Хохирогч Т.Мишээлийн  өгсөн: “......М миний толгой хэсэгт 10 гаруй удаа, нэг гараараа заамдаж байгаад нэг гараараа цохиход зүүн талын нүд хавдсан, хамар мурийсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-р хуудас/, Гэрч С.Түмэнчимэгийн өгсөн: “...Мишээлийн бие эрх чөлөөнд манай хажуу айлын залуу болох М үүдний пин дотор гараараа хэд хэдэн удаа толгой хэсэгт нь цохиж, зодож байсан. М тухайн үед архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12-р хуудас/, Гэрч С.Мөнхзулын өгсөн: “...Мишээлийн биед хажуу айлын залуу болох М халдаж гэмтэл учруулсан. Мишээлийн толгой хэсэгт нь 10 гаруй удаа цохисон. Бас цээж хэсэгт нь 2-3 удаа цохиж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-р хуудас/, Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн №578 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 18-р хуудас/,  Х.Мын яллагдагчаар өгсөн: “...Би Мишээлийн толгой хэсгийн зүүн талд нэг удаа, нүүрэн тус газар нь бас нэг цохисон. ...Мишээлийн биед хоорондын таарамжгүй харьцаанаас болж гэмтэл учруулсан. Би өөрийнхөө хийсэн үйлдэлд харамсаж, гэмшиж байна.”гэх мэдүүлэг /хх-ийн 21-23-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй байна.   

Х.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Хохирогч Т.Мишээлийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба хохирогч нь Х.Моос нэхэмжлэх зүйлгүй, гомдол санал гэсэн тул шүүгдэгчийн бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Х.М урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:  

1. Шүүгдэгч Зэмүүн овогт Хандцэцэгийн Мыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Мыг 500 / таван зуу /-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 / таван зуун мянга /-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Мд оногдуулсан 500 / таван зуу /-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 / таван зуун мянга /-н төгрөгөөр торгох ялыг 2 / хоёр / сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Х.М нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.  

5. Шүүгдэгч Х.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Т.Мишээл нь гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн  болохыг дурдсугай.

6. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, Х.Мын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1,  38.2 дугаар зүйлийн 1, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Х.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.БАТТУЛГА