Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 06

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Ууганбат,

Улсын яллагч Д.Ганчимэг,

Шүүгдэгч Ц.Б /өөрөө өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Бд холбогдох эрүүгийн 1829002640156 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

  Шүүгдэгч Ц.Б нь Улсын Их Хурлын 1998 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 5 дугаар тогтоолоор Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон бараа болох 336 кг зэсийг 2018 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Нордбенз маркийн 21-16 ӨМӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийн 15-16 БЧ чиргүүлийн тэвшинд нуун “Гашуун сухайт” хилийн боомтоор хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон өмгөөлөх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Б хуульд заасан эрхийнхээ дагуу мэдүүлэг өгөхгүй гэв.

 

   - Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 9-10-р хуудас/,

- Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 19-20-р хуудас/,

- Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх-ийн 23-24-р хуудас/,

- “Хөрөнгө-Эстимэйт” ХХК-ийн 2018.11.15-ны өдрийн №156/01 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 31-р хуудас/,

- Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 65-р хуудас/,

- Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Мэндбаярын өгсөн мэдүүлэг /хх-ийн 25-р хуудас/,

- Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Болормаагийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 30-р хуудас/,

- Автомашин хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 83-р хуудас/,

- Шүүгдэгч Ц.Бгийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 49-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

            Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Шүүгдэгчийн гэм буруугийн тухайд:

Шүүгдэгч Ц.Б нь Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон бараа болох 336 кг зэсийг 2018 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Нордбенз маркийн 21-16 ӨМӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийн 15-16 БЧ чиргүүлийн тэвшинд нуун “Гашуун сухайт” хилийн боомтоор хууль бусаар нэвтрүүлсэн болох нь:

-“Хөрөнгө-Эстимэйт” ХХК-ийн 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн №156/01 дугаартай шинжээчийн: Зэс 336кг*7 000=2 352 000” гэх дүгнэлт /хх-ийн 31-р хуудас/,

-гэрч Б.Мэндбаярын өгсөн: “...21-16 ӨМӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийн багажны хайрцагны доод хэсэгт эгнүүлж нэг нэгээр нь тавьсан 30 ширхэг жижиг дөрвөлжин зэсийг шалгалтаар илрүүлсэн байсан. Зөрчлийн тухай хуулийн 11.21-11, 16.1-2-д зааснаар зэс нь хязгаарласан бараанд хамаарна.” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37-р хуудас/,

-гэрч Б.Болормаагийн өгсөн: “...Манай компанийн зүгээс тэрийг нь мэдээгүй байсан. Би эд зүйл хууль бусаар нэвтрүүлсэн талаар компанийн ажилтан Шүрэнчимэгээс сонссон.” гэх мэдүүлэг /хх-ийн 30-р хуудас/ болон шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх бөгөөд энэхүү үйлдэл нь Улсын Их Хурлын 1998 оны 1 сарын 8-ны өдрийн 5 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглох бүлэгт хамаарах барааны жагсаалтад нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2005 оны 7 сарын 7 өдрийн 46 дугаартай тогтоолд Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон барааны жагсаалтад “зэс” гэж нэмжээ.

Монгол улсын хилээр, гаалийн хилээр хориглосон хязгаарлалт тогтоосон барааг хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул шүүгдэгч Ц.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1  дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.

Хохирол төлбөрийн хувьд:

Хэрэгт хохирол төлбөрийн талаар дурдаагүй тул шүүгдэгч Ц.Бг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлагын хувьд:

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бгийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанарыг тал бүрээс нь харгалзан ял шийтгэл оногдуулав.

Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Иймд түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэх нь мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй бөгөөд шүүгдэгч Ц.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хохирол төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдвал зохино.

Эд мөрийн баримтаар хураагдсан нийтдээ 336 кг бүхий 30 ширхэг зэсийг шинж чанар, ашиг тусыг харгалзан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц орон нутгийн төсвийн орлого болгох нь зүйтэй.

Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Ц.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Цэдэнжавын Бг хуульд заасны дагуу хориглосон, хязгаарлалт тогтоосон барааг Монгол улсын хилээр, гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бг 800 /найман зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800 000 /найман зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бд оногдуулсан 800 /найман зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800 000 /найман зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулсугай.  

4. Шүүгдэгч Ц.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

            5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.3, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нийтдээ 30 ширэг, 336 кг зэсийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц орон нутгийн төсөвт оруулсугай.

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлүүдэд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                            Ц.УРАНГУА