Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2023/00949

 

 

2023 05 05 210/МА2023/00949

 

 

Ц.Э-ийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, шүүгч Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 182/ШШ2023/00911 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ц.Э-ийн хариуцагч ИК- ХХК-д холбогдуулан гаргасан 24,120,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Амгаланбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн Х.Минжээ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

Ц.Э ИК- ХХК-аас 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 20,000 ам.долларыг 1 жил 6 сарын хугацаатай, 3 хувийн хүүтэй авсан. 1 ам.доллар нь 1,860 төгрөг, 20,000 ам.доллар нь 36,000,000 төгрөг, хүү 5,000 ам.доллар ба 9,000,000 төгрөг, нийт 45,000,000 төгрөг төлөх байсан. Ц.Э зээлийн төлбөрт 14,000 ам.доллар буюу 28,000,000 төгрөг төлсөн. ИК- ХХК-ийн дарамтаас болж дахин 24,430,000 төгрөг, 2022 оны 08 дугаар сард 20,000,000 төгрөг, 2016 онд 60,000 төгрөг, 2019 онд 1,500,000 төгрөг, нийт 73,000,000 төгрөг төлсөн. Иргэний хуульд зааснаар үндсэн үүргийн 50 хувиас хэтрэхгүй хүү, алданги төлөх ёстой гэвэл 36,000,000 төгрөг + 18,000,000 төгрөг, 50 хувь гэвэл 54,000,000 төгрөг төлөх байсан. Гэтэл 73,000,000 төгрөг төлүүлж 21,100,000 төгрөг илүү төлсөн. ИК- ХХК-ийн буруутай үйл ажиллагаанаас өмгөөлөгч авч хөлсөнд 1,500,000 төгрөг төлсөн. Мөн тус байгууллагаас илүү төлсөн төлбөрөө авахаар очиход хөөж гаргаснаас болж зүрхний хэм алдагдаж эмнэлэгт хэвтэж 1,500,000 төгрөг төлсөн. Улсын тэмдэгтийн хураамж 6 удаа төлсөн. Шуудангийн хөлс 20,000 төгрөг төлсөн. Иймд ИК- ХХК-д илүү төлсөн 21,100,000 төгрөг, өмгөөлөгчийн зардал 1,500,000 төгрөг, эмчилгээний төлбөр 1,500,000 төгрөг, шуудангийн хөлс 20,000 төгрөг, нийт 24,120,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

Ц.Этэй 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр ЗГ2014/11/01 дугаар зээлийн гэрээ байгуулсан бөгөөд тус зээлийн гэрээгээр нэхэмжлэгчид 20,000 ам.долларыг зээлдүүлсэн боловч тэрээр гэрээнд заасан хуваарийн дагуу зээлийн төлбөрийг төлөөгүй. ИК- ХХК нь Ц.Эд холбогдуулан үндсэн зээлийн 17,605.91 ам.доллар буюу 32,298,110 төгрөг, хүү 3,913.70 ам.доллар буюу 8,068,873 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 204.23 ам.доллар буюу 421,058 төгрөг, нийт 21,723.84 ам.доллар буюу 44,788,041 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Ц.Э нь тус зээлийн төлбөрийг төлөхөө илэрхийлж, талууд нэхэмжлэлийн үндсэн дүнгээр эвлэрлийн гэрээ байгуулсныг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 04839 дугаар захирамжаар баталгаажуулсан. Ц.Э- шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг 2 жил хүлээсэн боловч сайн дураар биелүүлэхгүй байсан тул шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлсэн. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдөр дуусгах үед Ц.Э нь 20,374,000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байсан ч тэрээр хүсэлт гаргасны дагуу ИК- ХХК-ийн зүгээс 1,374,000 төгрөгөөс төлбөрөөс татгалзсан. Гэтэл Ц.Э төлбөр илүү төлсөн гэж үндэслэлгүй нэхэмжлэл гаргасан. Зээлийн гэрээтэй холбоотой маргаан нь шүүхээр шийдвэрлэгдсэн тул түүний нэхэмжлэл үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 227 дугаар зүйлийн 227.1-д заасныг баримтлан хариуцагч ИК- ХХК-аас 24,210,000 (хорин дөрвөн сая нэг зуун хорин мянган) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ц.Э-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нэхэмжлэгчийн 326,880 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Ц.Э 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр ИК- ХХК-аас 20,000 ам.доллар буюу 36,000,000 төгрөгийг 3 хувийн хүүтэй, 1 жил, 6 сарын хугацаатай зээлж эргэн төлснөөр 28,000,000 төгрөгийг өгсөн. Гэтэл төлсөн төлбөрийг бүхэлд нь хүүд тооцож дахин зээл гаргана гэж 44,780,000 төгрөгийн эвлэрлийн гэрээ төөрөгдөлд оруулж хийлгээд зээл өгч, зээлийг хийж, дахин зээлийн гэрээ хийж үлдэгдэл дээр мөнгө өгнө гээд өгөөгүй. Харин эвлэрлийн гэрээг ашиглаж шүүхийн шийдвэрээр төлүүлж авсан. Гэтэл Ц.Э бэлнээр 1,500,000 төгрөг, 600,000 төгрөг, 380,000 төгрөг тус тус төлж ИК- ХХК-д 30,000,000 төгрөгийг 2016 оны 06 дугаар сард төлж барагдуулсан. Мөн дахин зээлийн төлбөрт 44,470,000 төгрөг төлсөн. Иймд 36,000,000 төгрөг буюу 20,000 ам.долларыг 74,000,000 төгрөг болгон төлсөн. 44,470,000 төгрөгийг хүү, алдангид авсан нь буруу байгааг шүүгч анхаараагүй. Ц.Э болон түүний нөхөр Н.Даваадорж нар тэтгэврээ 2026 он хүртэл авсан, санхүүгийн хүнд байдалд байна. Иймд илүү төлсөн 20,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:

2014 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний хүүг хэт өндөр гэх агуулгаар гомдол гаргасан байна. ИК- ХХК нь хууль зөрчсөн болон үндэслэлгүй хөрөнгөжсөн зүйл байхгүй. Ц.Э зээлийн төлбөрөө төлөөгүйгээс ИК- ХХК шүүхэд нэхэмжлэл гаргаж Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШШ2016/04839 дугаар захирамжаар 44,788,041 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар эвлэрснийг баталгаажуулсан. Ц.Э шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад удаа дараа төлбөрийн хэмжээг багасгах хүсэлт гаргасныг үндэслэн захирамжид заасан төлбөрийг багасгасан. Хэрэгт авагдсан баримтаар Ц.Э төлөх ёстой төлбөрөөс 24,000,000 төгрөг илүү төлсөн нь тогтоогдохгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянахад анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

1. Нэхэмжлэгч Ц.Э хариуцагч ИК- ХХК-д холбогдуулан зээлийн төлбөрт илүү төлсөн 21,100,000 төгрөг, өмгөөллийн хөлс 1,500,000 төгрөг, эмчилгээний төлбөр 1,500,000 төгрөг, шуудангийн зардал 20,000 төгрөг зэргийг хохиролд тооцож, нийт 24,120,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

1. Ц.Э болон ИК- ХХК-ийн хооронд 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр ЗГ2014/11/01 дугаар зээлийн гэрээ байгуулагдаж, энэ гэрээгээр зээлдүүлэгч Эй Ар И Си Моргаж корпорэйшн ББСБ ХХК нь зээлдэгч Ц.Эд 20,000 ам.долларыг зээлэх, зээлдэгч нь 20,000 ам.долларыг сарын 3 хувийн хүүгийн хамт 14 сарын хугацаанд буцаан төлөхөөр тохиролцжээ.

1.1. Зээлдэгч Ц.Э нь зээлийн төлбөрийн гэрээнд заасан хуваарийн дагуу төлөөгүй гэх үндэслэлээр зээлдүүлэгч Эй Ар И Си Моргаж корпорэйшн ББСБ ХХК нь үндсэн зээл 17,605.91 ам.доллар буюу 32,298,110 төгрөг, хүү 3,913.70 ам.доллар буюу 8,068,873 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 204.23 ам.доллар буюу 421,058 төгрөг, нийт 21,723.84 ам.доллар буюу 44,788,041 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШШ2016/04839 дугаартай захирамжаар Эй Ар И Си Моргаж корпорэйшн ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 44,788,041 төгрөгийг хариуцагч Ц.Э төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. (хх-ийн 67-69)

 

1.2.Эй Ар И Си Моргаж корпорэйшн ББСБ ХХК нь 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр оноосон нэрээ өөрчилж ИК- ХХК болсныг улсын бүртгэлд бүртгэсэн байна. (хх-ийн 114)

 

1.3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэнэ гэж заасны дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулж төлбөр төлөгч Ц.Э 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн байдлаар нийт үлдэгдэл төлбөр 20,373,986 төгрөгөөс 19,000,000 төгрөг төлөгдөж, төлбөр авагч 1,373,986 төгрөгийг авахаас татгалзаж төлбөр төлөгчтэй тохиролцсоноор шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа мөн өдөр дуусгавар болсон, уг шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд нэхэмжлэгч гомдол гаргаагүй байна. (хх-ийн 66-75)

 

1.4.Зохигчийн эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн дээрх шүүгчийн захирамж нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхээс гадна уг захирамжийг хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр гэж үздэг тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.Э нь шүүхээр нэгэнт хянан шийдвэрлэгдсэн маргааны талаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах буюу шүүхээс нэгэнт тогтоогдсон үйл баримт, эрх зүйн харилцаа, иргэний хэрэг хянан шийдвэрлэх өөр ажиллагааны талаар маргах эрхгүй болно.

 

1.5. Иймд нэхэмжлэгч Ц.Э 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр ЗГ2014/11/01 дугаар зээлийн гэрээний үүрэгт 21,100,000 төгрөг илүү төлсөн гэх асуудлаар шүүх дахин дүгнэлт хийх боломжгүй, анхан шатны шүүх Ц.Э зээлийн гэрээний үүргийг биелүүлэхдээ илүү төлбөр төлсөн гэж үндэслэлгүй, хариуцагчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн үндэслэл тогтоогдоогүй гэж Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй гэж үзлээ.

 

2. Нэхэмжлэгч Ц.Э-ийн өмгөөллийн хөлс 1,500,000 төгрөг, эмчилгээний төлбөр 1,500,000 төгрөг, шуудангийн зардал 20,000 төгрөг гаргуулах шаардлагын талаар.

 

2.1. Иргэний хуулийн 219 дугаар зүйлийн 219 дэх хэсэгт Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж зааснаас дүгнэвэл үүрэг гүйцэтгэгчийн хохирол төлөх үндэслэл нь үүргийн зөрчил гаргасан, уг зөрчилд гэм буруутай байх явдал юм.

 

Хариуцагч ИК- ХХК нь нэхэмжлэгч Ц.Э-ийн өмнө хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүйн улмаас үүргийн зөрчилтэй холбоотой хохирол нэхэмжлэгчид учирсан гэж үзэх шалтгаант холбоо хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

 

2.2. Нэхэмжлэгч Ц.Э нь хариуцагч ИК- ХХК-аас өмгөөллийн хөлс 1,500,000 төгрөг, эмчилгээний төлбөр 1,500,000 төгрөг, шуудангийн хөлс 20,000 төгрөг, нийт 3,020,000 төгрөгийг гаргуулахаар Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхгүй юм.

Анхан шатны шүүх Хариуцагч ИК- ХХК-ийн буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгчид хохирол учирсан гэж үзэх боломжгүй, бусдаас эрх зүйн туслалцаа авсны хариуд төлсөн төлбөрийг хариуцагчаас шаардах эрхгүй гэж тус тус дүгнэсэн нь үндэслэлтэй боловч гэрээнээс татгалзсантай холбоотой хохирол шаардах эрхийг зохицуулсан Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг баримталсан нь буруу байгаа тул залруулах нь зүйтэй.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2023/00911 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын 227 дугаар зүйлийн 227.1 гэснийг 219 дүгээр зүйлийн 219.1 гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН

 

ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН

 

Н.БАТЗОРИГ