Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2023/00950

 

 

 

СТ- ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, шүүгч Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 181/ШШ2023/00485 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч СТ- ХХК-ийн хариуцагч Б.Я-д холбогдуулан гаргасан эд зүйлийн үнэ 18,946,100 төгрөг, хохиролд 7,950,000 төгрөг, нийт 26,896,100 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Оюунцэнгэл, шүүх хуралдааны нарийн бичгийн Х.Минжээ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

СТ- ХХК хүлээн авалтын зориулалтын ширээ сандал, аяга таваг гэх мэт нийт 18,946,100 төгрөгийн үнэ бүхий эд зүйлсийг Б.Я-д хэрэглүүлж, тэрээр эд зүйл хэрэглэсний төлбөрийг төлөхөөр тохиролцсон. СТ- ХХК Б.Я-гээс 2021 оны 12 дугаар сард эд зүйлээ эргүүлэн авахаар удаа дараа хандсан боловч эргүүлэн өгөхөөс татгалзсан. Б.Я-гийн эд зүйлсийг эргүүлэн өгөөгүйгээс СТ- ХХК үйл ажиллагаа явуулж ашиг олох боломжоо алдсан. Тухайлбал, тус компанийн хамаарал бүхий Хүрээ МН ХХК нь Креста Невада ХХК-аас эд хөрөнгө түрээслэн авахад зориулж 7,950,000 төгрөг зарцуулсан. Иймд дээрх эд зүйлийн үнэ 18,946,100 төгрөг, олох байсан орлого болох 7,950,000 төгрөг, нийт 26,896,100 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзал гаргаагүй байна.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

3.1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 493.2-т заасныг баримтлан хариуцагч Б.Я-гээс 15,672,100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч СТ- ХХК-д олгож, нэхэмжлэлээс 11,224,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

3.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч СТ- ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 292,430.50 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Я-гээс 236,310.5 төгрөг гаргуулан нэхэмжлэгч СТ- ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Б.Я- Хүрээн МН ХХК-тай 2020 онд маркетингийн гэрээ байгуулж, гэрээний үнэ 500,000 төгрөгт хүлээн авалт оруулж өгнө гэж тус компанийн ажилтантай тохиролцсон. Хүрээ МН ХХК-ийн ажилтан гэх залуу манайхаас гурван хүлээн авалт авч ... манай захирлын таньдаг хүн хэрэв энэ хүлээн авалтыг өгөх юм бол нэлээн хэдэн хүлээн авалт оруулж өгнө гэж хэлсэн. Гэтэл түүний захирлыг танихгүй гэж хүлээн авалт хийж байсан 113 дугаар сургуулийн багш хэлсэн. Хүрээ МН ХХК дахин гэрээ хийж алдаагаа засаж ажиллана гэж хоолны хүргэлт хийх санал тавьсан. Хүрээ МН ХХК ширээ сандлын талыг шинэ жилийн үеэр авч явсан. Хүлээн авалт авсны дараа үлдсэн эд зүйлийг авахаар болсон. Гэтэл Б.Я-г бусдыг хохироосон гэж мөнгөн хөрөнгө нэхэмжилж байгаад гомдолтой байна гэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбарын агуулга:

Хариуцагч нотлох баримт гаргуулах, гэрч асуулгах хүсэлт гаргаагүй. Мөн эрүүл мэндийн шалтгаантай байсан боловч итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч оролцуулах эрхийг хангасан. Хариуцагчийг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлт гаргасан боловч шүүх хуралдаанд биечлэн ирээгүй тул түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн. Иймд хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх хариуцагчийн давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянахад анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл байх шаардлагыг хангасан байна.

 

1. Нэхэмжлэгч СТ- ХХК хариуцагч Б.Я-д холбогдуулан хүлээлгэн өгсөн эд зүйлийн үнэ 18,946,100 төгрөг, хохирол 7,950,000 төгрөг, нийт 26,896,100 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.

 

1.1. Анхан шатны шүүх хариуцагч Б.Я-д нэхэмжлэлийн хувийг 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр гардуулсан боловч тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт зааснаар 14 хоногийн хугацаанд буюу 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй байна. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн нь мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасантай нийцжээ.

 

2. СТ- ХХК нь Б.Я-гийн Поларис ресторанд хадгалуулахаар ширээ, сандал, бүтээлэг, аяга, таваг, халбага, сэрээ зэрэг эд зүйлийг хүлээлгэн өгсөн болох нь хүлээлгэн өгсөн эд зүйлсийн хавсралт 2-оор тогтоогдсон байна.

 

2.1. Нэхэмжлэгч СТ- ХХК нь хариуцагч Б.Я-д нийт 18,946,100 төгрөгийн эд зүйлийг хүлээлгэн өгсөн гэж тайлбарлан, 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн тус компаниас Поларис ресторанд хүлээлгэж өгсөн эд зүйлсийн нийт үнэ 18,946,100 төгрөг тэмдэглэсэн бичгийн баримтыг хавсарган ирүүлжээ. (хх-ийн 5)

 

2.2. Анхан шатны шүүх дээрх бичгийн баримтыг нэг талын баримт гэж дүгнэн 18,946,100 төгрөгийн үнэ бүхий 35 төрлийн эд зүйлийг нэхэмжлэгчээс хариуцагч авсныг нотлохгүй, харин 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Хавсралт-2 гэх баримтад тусгасан Архины 8 талт хундага 14 ширхэг, ундааны дөрвөлжин хундага 64 ширхэг, ундааны дугуй хундага 18 ширхэг, архины дугуй босоо хундага 6 ширхэг, архины бөөрөнхий намхан хундага 3 ширхэг, шал өөр хундага 3 ширхэг, чихрийн таваг 13 ширхэг, төмөр сэрээ 253 ширхэг, төмөр хутга 250 ширхэг, дессерт жижиг сэрээ 292 ширхэг, салат таваг 235 ширхэг, хоолны таваг том 58 ширхэг, хоолны таваг дунд (35см) 270 ширхэг, алтан говь 20 ширхэг, Шампанск 150 ширхэг, ус, ундаа 287 ширхэг, вино хундага 138 ширхэг, улаан сандал-169 ширхэг, хүрэн ширээ 12 ширхэг, бүтээлэг хойд 40 ширхэг, поларис сандлын паанчиг 81 ширхэг, хөх хөшиг 7 ширхэг, цагаан урт хөшиг 2 ширхэг, улаан даавуун салфетка 15 ширхэг, цагаан богино хөшиг 1 ширхэг, бөөрөнхий бүтээлэг 40 ширхэг, хананы бүтээлэг 270 ширхэг, поларис номингийн том буйдангийн бүрээс 1 ширхэг, сандлын бүтээлэг 270 ширхэг, цэцэг шиг хэлбэртэй таваг 12 ширхэгийг тус тус хүлээлгэн өгсөн гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй.

Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.2 дахь хэсэгт Үндэслэлгүй олж авсан зүйлийн чанар байдлын улмаас буюу өөр шалтгаанаар түүнийг буцааж өгөх боломжгүй бол олж авсан этгээд түүний үнийг төлнө гэж заасан тул хариуцагч Б.Я- нь дээрх эд зүйлийн үнийг нэхэмжлэгч СТ- ХХК-д төлөх үүрэгтэй.

 

2.3. Нэхэмжлэгч СТ- ХХК нь дээрх эд зүйлийг Креста невада ХХК-аас 20,019,000 төгрөгөөр худалдан авсан болох нь хэрэгт авагдсан зарлагын баримтаар тогтоогдсон байна. Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгч СТ- ХХК-аас хариуцагч Б.Я-д хүлээлгэн өгсөн эд зүйлийн үнийг Креста невада ХХК-аас худалдан авсан үнэтэй харьцуулан дүгнэж, хариуцагчаас нийт 15,672,100 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн үлдэх хэсэг болон олох ёстой байсан орлого 7,950,000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч гомдол гаргаагүй байна.

 

3. Хариуцагч Б.Я- нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлох үүргээ биелүүлээгүй байх тул давж заалдах гомдолд дурдсан тайлбарыг дүгнэх үндэслэлгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 181/ШШ2023/00485 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн зааснаар 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид Б.Я-гийн урьдчилан төлсөн 236,310 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН

 

ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН

 

Н.БАТЗОРИГ