Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 07

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

               Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж,

               Нарийн бичгийн дарга: Х.Ууганбат,

               Улсын яллагч: А.Амгалан,

               Шүүгдэгч: Ч.Ч /өөрөө өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

               Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Чид холбогдох 1829002580155 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

  Шүүгдэгч Ч.Ч нь 2018 оны 10 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө согтуугаар болон тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр “Хероесвин” ХХК-ийн эзэмшлийн 18-03 ӨМҮ улсын дугаартай Норд бенз маркийн тээврийн хэрэгслийг жолоодож, улмаар Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2, 2.7а дахь хэсгийн заалтуудыг зөрчин, Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын Могойт багийн нутаг дэвсгэрт буюу Ухаа худаг уурхайгаас 71 дэх км-т замын хажуугийн зогсоол дээр зогсож байсан 19-04 УНМ, 48-27 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийг мөргөж, зам тээврийн осол гарган, иргэн Л.Жанчивын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

   Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Ч хуульд заасан эрхийнхээ дагуу мэдүүлэг өгөхгүй гэв.

- Мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч Л.Жанчивын мэдүүлэг /хх-ийн 22-23-р хуудас/,

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-13-р хуудас/,

- Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 14-р хуудас/,

- Зам тээврийн осол, хэргийн газрын үзлэгээр тогтоосон байдал /хх-ийн 15-16-р хуудас/ ,

- Мөрдөн байцаалтын шатанд гэрч О.Пүрэвхүүгийн мэдүүлэг /хх-ийн 36-37-р хуудас/

- Мөрдөн байцаалтын шатанд гэрч Т.Бат-Эрдэнийн мэдүүлэг /хх-ийн 38-40-р хуудас/

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №12842 дугаартай дүгнэлт /хх-ийн 47-р хуудас/,

- Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 10 сарын 26-ны өдрийн №144 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 53-р хуудас/,

- Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 10 сарын 26-ны өдрийн №145 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 62-р хуудас/,

- “Вендо” ХХК-ийн  2018 оны 11 сарын 02-ны өдрийн №11872606, 2018 оны 10 сарын 31-ний өдрийн №11851228, 2018 оны 10 сарын 31-ний өдрийн №11854005 дугаартай автомашин техникийн үнэлгээний тайлан /хх-ийн 72, 80, 83-р хуудас/,

- Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 130-133-р хуудас/,

- “Дэлгэрэх говь” ХХК-ийн захирлын 2018 оны 11 сарын 01-ний өдрийн 001/31 дугаартай албан бичиг /хх-ийн 137-р хуудас/,

- Шүүгдэгч Ч.Чийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг шалгасан лавлагаа /хх-ийн 110-р хуудас/,

- Шүүгдэгч Ч.Чийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 109-р хуудас/,

    - Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 134-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

            Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

  Шүүгдэгчийн гэм буруугийн тухайд:

  Шүүгдэгч Ч.Ч нь 2018 оны 10 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө согтуугаар болон тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр “Хероесвин” ХХК-ийн эзэмшлийн 18-03 ӨМҮ улсын дугаартай Норд бенз маркийн тээврийн хэрэгслийг жолоодож, улмаар Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2, 2.7а дахь хэсгийн заалтуудыг зөрчин, Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын Могойт багийн нутаг дэвсгэрт буюу Ухаа худагийн уурхайгаас 71 дэх км-т замын хажуугийн зогсоол дээр зогсож байсан 19-04 УНМ, 48-27 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийг мөргөж, зам тээврийн осол гарган, иргэн Л.Жанчивын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь:

 - хохирогч Л.Жанчивын: “... 2018 оны 10 дугаар сарын 19-ний орой 21 цагийн орчимд хятадын хил талаас 66 дахь км дээр уулзаад 102 дахь км хүртэл хамт явсан тэгээд 102 дахь км дээр унтаж амрахаар болоод миний машины кабинд байсан “Хараа” нэртэй 0.75 граммын архийг Чтой хувааж уугаад унтсан. Тэгээд осол болсны дараа машиныхаа кабинд хавчуулагдсан байдалтай сэрсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23-р хуудас/,

- гэрч О.Пүрэвхүүгийн: “...2018 оны 10 дугаар 19-нөөс 20-ныг шилжих шөнө машиндаа унтаж байтал машин мөргөлдөх маш чанга дуу чимээ гарч, миний машин доргин урагшаа түрэгдээд зогссон ингээд би машинаас бууж харахад машины ар талд ирж зогссон байсан. 19-04 УНМ улсын дугаартай автомашины чиргүүлийн ар талаас нь 18-03 ӨМҮ улсын дугаартай машин кабинаараа мөргөөд замын хоосон талд зорчих хэсэг буюу урдаас хойш зорчих хэсэг дээр зогссон байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 35-37-р хуудас/

- гэрч Т.Бат-Эрдэнийн: “...2018 оны 10 дугаар сарын 19-ний орой 23 цагийн үед би хойшоо зорчих талд машинаа байрлуулчихаад кабиндаа унтаж байтал тар түр гэх чимээ гараад явчихсан би машин өнхөрч байна гэж бодоод кардаанаа татаад гэрлээ асаагаад хартал урд талд байсан машины чиргүүлтэй миний машин урд талаараа наалдчихсан байсан учир машинаас буугаад хартал миний машины ард талаас буюу чиргүүл рүү араас нь 18-03 ӨМҮ улсын дугаартай машин мөргөөд зогссон байсан. “гэх мэдүүлэг /хх-ийн 38-40-р хуудас/

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №12842 дугаартай: “Л.Жанчивын биед зүүн дунд чөмөг ясны хугарал, цээж, зүүн мөр, зүүн бугуйнд зөөлөн эдийн няцрал, баруун шуунд зулгаралт, шарх, зүүн шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайлбал авто ослын үед үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 47-р хуудас/,

- Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 10 сарын 26-ны  өдрийн №144 дугаартай хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний: “Т.Бат-Эрдэнийн биед тархины доргилт, хуйхны зулгаралт, зөөлөн эдийн няцрал, гэмтэл үүсчээ. Уг гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд зам тээврийн ослын улмаас үүсгэгдсэн байх боломжтой, дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 53-р хуудас/,

- Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 10 сарын 26-ны  өдрийн №145 дугаартай хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний: “Ч.Чийн биед тархины доргилт, баруун хөмсөгний язарсан шарх, баруун зовхины цус хуралт гэмтэл үүсчээ. Уг гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд зам тээврийн ослын улмаас үүсгэгдсэн байх боломжтой, дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 62-р хуудас/,

-“Вендо” ХХК-ийн 2018 оны 11 сарын 02-ны өдрийн №11872606 дугаартай авто машин техникийн үнэлгээний: “үнэлгээгээр тогтоогдсон дүн 1 845 000 /нэг сая найман зуун дөчин таван мянган төгрөг/” гэх тайлан /хх-ийн 72-р хуудас/,

-“Вендо” ХХК-ийн 2018 оны 10 сарын 31-ний өдрийн №11851228 дугаартай автомашин техникийн үнэлгээний: “үнэлгээгээр тогтоогдсон дүн 15 525 000 /арван таван сая таван зуун хорин таван мянган төгрөг/” гэх тайлан /хх-ийн 80-р хуудас/,

-“Вендо” ХХК-ийн 2018 оны 10 сарын 31-ний өдрийн №11851228 дугаартай автомашин техникийн үнэлгээний: “үнэлгээгээр тогтоогдсон дүн 15 525 000 /арван таван сая таван зуун хорин таван мянган төгрөг/” гэх тайлан /хх-ийн 80-р хуудас/,

-“Вендо” ХХК-ийн 2018 оны 10 сарын 31-ний өдрийн №11854005 дугаартай автомашин техникийн үнэлгээний: “үнэлгээгээр тогтоогдсон дүн 413 000 /дөрвөн зуун арван гурван мянган төгрөг/” гэх тайлан /хх-ийн 83-р хуудас/,

- Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.

Хохирогч Л.Жанчивын “энэ хэрэгтэй холбоотойгоор ямар нэгэн гомдол, санал байхгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх тэмдэглэл /хх-ийн 142-р хуудас/-ийг үндэслэн шүүгдэгч Ч.Чийг хохиролд одоо төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлагын тухайд:

Шүүхээс шүүгдэгч Ч.Чид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн” нөхцөл байдлуудыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Дээрх нөхцөл байдлаас гадна шүүгдэгч Ч.Чийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ болон түүний хувийн байдал зэргийг харгалзан үзэв.

Шүүгдэгч Ч.Ч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдвал зохино.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Хөвдүүд овогт Чагнаадоржийн Чийг согтуурсан мөн тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар шүүгдэгч Ч.Чийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2, 3, 4-т зааснаар шүүгдэгч Ч.Чийг тэнссэн хугацаанд согтууруулах ундаа хэрэглэхгүй байх                                                       хязгаарлалт тогтоож, энэхүү үүрэг, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Чийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг хязгаарлалт тогтоосон албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолсугай.

5. Шүүгдэгч Ч.Ч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Ц.УРАНГУА