Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2023/00951

 

 

 

Ө.Л-гийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, шүүгч Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 184/ШШ2023/00984 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ө.Л-гийн хариуцагч О.Ю-т холбогдуулан гаргасан зурмал шүтээн гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ө.Л-, түүний өмгөөлөгч С.Мягмарсүрэн, хариуцагч О.Ю-, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Батмэнд, хуралдааны нарийн бичгийн дарга Н.Чулуунчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

Ө.Л- 2005 онд эгч Д.Пагмын нүдний хараа муудахад эмч Д.Цэдэнхүүд үзүүлэн, үнэ төлбөргүй нүдний хагалгаа хийлгэж өгсөн бөгөөд эцэг С.Дэмчигийн өвлүүлсэн нүдний шүтээнийг хэрэг болох байх гэж өгсөн. Эгч Д.Пагма 2019 онд нас барсан. Уг шүтээнийг авах гэтэл хүүхдүүд нь өгөөгүй. О.Ю- нь дээрх шүтээнийг эзэмшиж байна. Жил ирэх тутам хараа муудаж байгаа тул эцгийнхээ үлдээсэн сахиусыг шүтэхийг хүсэж байна. Нагац эгч Д.Пагмын отгон охин О.Ю- зурмал шүтээнийг эзэмших эрхгүй. С.Өлзий зурмал шүтээнийг эгчдээ өгсөн нь гэрч Х.Шагайн мэдүүлгээр тогтоогдоно. Энэхүү шүтээн нь нүдний Талим сахиус болох нь Гандантэгчэнлин хийдийн дүгнэлтээр тогтоогдоно. Иймд соёлын эд өлгийн зүйл болох нүдний шүтээнийг О.Ю-ээс гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

О.Ю-ийн эх Д.Пагма нь эцэг эхээс дөрвүүлээ бөгөөд С.Дэмчиг буурал эцэг хамгийн том охин, харин Ө.Л- 3 дахь охин юм. Эх П.Пагмыг нас барахад С.Өлзийгийн ар гэрээс дэмжлэг үзүүлээгүй. Эхийг минь амьд сэрүүн байхдаа орж гарч, эргэж тойрч байсан ах С.Баярсайхан, С.Батжаргал, эгч С.Цэвээн, С.Шүрэнцэцэг, ах С.Баттогтох нарт аавынхаа өөрт нь өвлүүлэн өгсөн бурхан шүтээнээ отгон охин О.Ю-т өвлүүлж үлдээнэ гэж захиж байсны дагуу бурхныг отгон дүүдээ өвлүүлэн үлдээсэн. Энэхүү бурхан нь 2005 оноос өмнө эх Д.Пагмад байсан. Ө.Л- 2005 онд Д.Пагмад хэрэглүүлэхээр өгсөн гэдэг нь үндэслэлгүй. О.Ю- хар дарж зүүдлэх, цочиж сэрэхэд уг сахиусыг зүүж өгдөг байсан. Энэхүү бурхан шүтээн нь Ө.Л-гийн эзэмшил, ашиглалт, өмчлөлд байгаагүй. Ө.Л- уг шүтээнийг нүдний бурхан гэж тайлбарладаг. Эх Д.Пагма хэлэхдээ Талим гэх бурхныг бүхий л зүйлд шүтэж явах ёстой гэж хэлсэн. Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

3.1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан О.Ю-т холбогдох бурхан шашны зурмал шүтээн гаргуулах тухай нэхэмжлэгч Ө.Л-н гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

3.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Ө.Л-н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. О.Ю- болон гэрчүүд Д.Пагма 2005 онд нүдний болор солиулах хагалгаа хийлгэсэн үйл баримтын талаар маргаагүй. Шүүх энэхүү үйл баримтыг дүгнээгүй. Хариуцагч талын гэрчүүд ашиг сонирхлын хувьд нэгдмэл этгээдүүд байсан. Ө.Л- 2005 онд Д.Пагмыг нүдний хагалгаанд ороход нүдний сахиусыг өгсөн нь гэрч Х.Шагай, С.Батчимэг нарын мэдүүлгээр тогтоогдсон байхад гэрчийн мэдүүлгийг эх сурвалжгүй гэж шүүх үнэлээгүй. Нэхэмжлэгч Баянхонгор аймгийн Өлзийт суманд суугаа н.Цэрэн, П.Мөнхбаатар нарыг гэрчээр асуулгах хүсэлт гаргасныг шүүх хангахаас татгалзсан. Эдгээр гэрчүүд уг шүтээн нэхэмжлэгчийн гэрт байсан болон Д.Пагмад хэрэглүүлэхээр өгснийг мэдэж байсан. Д.Пагмын бие муу байхад нь уг шүтээнийг өгсөн. Ө.Л- удаа дараа хариуцагчийн эгч С.Шүрэнцэцэг, ах С.Баттогтох нартай холбогдоход ... О.Ю- үгэнд орохгүй байна гэж хэлсэн. Охин Ж.Ариунаа О.Ю-ээс шаардахад ... миний эх ч гэсэн Дэмчигийн охин байгаа биз дээ гэж хэлснийг шүүх анхаараагүй. Шүүх хэрэг авагдсан нотлох баримт гэрч С.Батчимэг, Ч.Эрдэнэбилэг, Х.Шагай нарын мэдүүлэг, Гандантэгчэнлин хийдийн дүгнэлтийг хариуцагч гаргасан мэт дүгнэсэн. Хариуцагч О.Ю- 2005 оны гэрэл зургийг 2003 оных мэт буруу мэдүүлэхдээ 6-7 сартай бус 2 нас, 6-7 сартай хүүхдийн гэрэл зураг буюу илтэд хуурамч нотлох баримт болон тэмдэглэлийн дэвтрийг шүүх нотлох баримтын хэмжээнд үнэлсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, О.Ю-ээс зурмал шүтээнийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

1.Нэхэмжлэгч Ө.Л- нь хариуцагч О.Ю-т холбогдуулж зурмал шүтээн гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргасан байна.

 

2. Хэргийн оролцогч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт тус тус зааснаар нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх үүрэгтэйгээс гадна мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3-т зааснаар хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулах зорилгоор шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлэх тухай хүсэлт гаргах эрхтэй.

 

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэгчийн төрсөн ахын охин Д.Цэрэн, түүний нөхөр П.Мөнхбаатар нарыг гэрчээр асуулгах хүсэлт гаргасан байхад анхан шатны шүүх ..тухайн этгээдүүдийн оршин суух хаяг болон гэрчээс хэрэгт ач холбогдолтой ямар нөхцөл байдлыг тодруулах зорилготой нь тодорхой бус... гэж дүгнэн хүсэлтийг хангахаас татгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт нийцээгүй байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гэрч асуулгах хүсэлтдээ Д.Цэрэн, П.Мөнхбаатар нарын гэрийн хаяг, холбоо барих утасны дугаарыг тодорхой тусгасан байхаас гадна эдгээр гэрч нарыг оролцуулах зорилгоо ...шүтээн манайд байдгийг Д.Цэрэн, П.Мөнхбаатар нар мэднэ. Учир нь манай буурай аав, буурай ээж манай ээжтэй хамт амьдарч байгаад бурхан болоход манайд шүтээн үлдсэн. Энэ шүтээнд Д.Цэрэн, П.Мөнхбаатар нар ирж мөргөдөг байсан гэж тайлбарласан байна. (хх-ийн 114, 117)

 

4.Энэ талаарх нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй, шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасныг зөрчсөн байх тул мөн хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д зааснаар шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168.1.7-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 184/ШШ2023/00984 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар улсын төсвийн орлогоос буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ

 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

Н.БАТЗОРИГ