Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 08

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч С.Өлзий-Отгон даргалж,

Нарийн бичгийн дарга Х.Ууганбат,

Улсын яллагч Д.Ганчимэг,

Шүүгдэгч С.Ө нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Өмнөговь аймгийн Ханбогд дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хоньчид овогт Сүхийн Өт холбогдох 1829002500161 тоот эрүүгийн хэргийг 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.Ө нь 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт байрлах “Ухаа худаг- Гашуун сухайт” хилийн боомт чиглэлийн нүүрс тээврийн хатуу хучилттай автозамын 117 дахь километрт тээврийн хэрэгсэл жолоодох тохирох ангилалын эрхийн үнэмлэхгүйгээр Пав маркийн 38-07 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, улмаар Т.Оюунжаргалын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Ө мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй.“ гэв.

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 13-15 дугаар хуудас/,

Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 32-37 дугаар хуудас /,

С.Өын ВСД ангилалын 1153079 дугаартай жолооны үнэмлэхийг эд мөрийн баримтаар тооцсон тогтоол /хх-ийн 39 дүгээр хуудас/,

Иргэний нэхэмжлэгч Э.Хатанбаатарын “2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр манай “Таван толгой шин” ХХК-ийн 80-13 ӨМА улсын дугаартай Нордбенз маркийн автомашиныг 60-07 АЧ улсын дугаартай чиргүүлийн араас 38-07 УБЦ улсын дугаартай автомашин мөргөж, зам тээврийн осол гаргасан гэх мэдүүлэг / хх-ийн 46-47 дугаар хуудас/,

Хохирогч Т.Оюунжаргалын “...2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр би гэртээ ганцаараа байсан болохоор уйдаад найз залуугийнхаа машинд сууж явж байсан юм. Манай найз залуу С.Ө Тавантолгойгоос Цагаанхадны чиглэлд 38-07 УБЦ улсын дугаартай Пав маркийн машинтай нүүрс ачаад явж байсан... Бид хоёрын машины урд явсан хоёр машины урд талд машин зогсож байгаа харагдсан. Тэгээд бид хоёр машины урд явж байсан хоёр машин тухайн машины хажуугаар гараад явсан. Харин манай найз залуу машиныхаа тоормозыг нь гишгэхэд ажиллахгүй байсан. Тухайн зогсож байгаа машины хажуугаар гарах гэхээр урд байсан машин гүйцэт тойрч гараагүй байсан учраас шууд явсаар байгаад нөгөө зогсож байсан машиныг мөргөсөн. Хажуугаар нь гарсан бол гүйцэж түрүүлж байгаа машины араас мөргөх байсан. Яагаад тоормоз нь барихгүй байсныг мэдэхгүй. Замын хажууруу их өндөр далантай байсан учир замаас гарах ямар ч боломжгүй байсан. Тэгээд зогсож байсан машины араас мөргөөд зогссон. ... Манай найз В,С,Д ангиллын жолооны үнэмлэхтэй” гэх мэдүүлэг /хх-ийн 50-51 дүгээр хуудас/,

Иргэний хариуцагч Б.Ууганцэцэгийн “С.Ө Е ангилалын жолооны үнэмлэхгүй байсан талаар би мэдээгүй. Осол болсны дараа мэдсэн. ... Анх осол болоход манай “Монголын Шин Хан Энежи Ресурс” гэсэн байсан. Одоо “Говь Шивээ Транс” гэдэг нэртэй болсон гэх мэдүүлэг /хх-ийн 54-55 дугаар хуудас/,

Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, ослын акт /хх-ийн 76 дугаар хуудас /,

Замын шинжээчийн дүгнэлтэд “ Пав маркийн 38-07 УБЦ улсын дугаартай, 77-81 БЧ чиргүүлтэй тээврийн хэрэгслийн жолооч С.Ө нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д заасан Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. 2.3а-д Жолооч хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, Тээвриын хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн нь уг зам тээврийн осол гарахад нөлөөлсөн байх үндэслэлтэй байна. Мөн С.Ө нь 2017 оны 03 дугаар сарын 23-нд жолооч болсон. ВСД ангилалтай 1153079 дугаарын хүчинтэй үнэмлэхтэй боловч тухайн Пав маркийн 38-07 УБЦ улсын дугаартай, 77-81 БЧ чиргүүлтэй тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй байна гэх дүгнэлт / хх-ийн 78-79 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 11750 дугаартай “Т.Оюунжаргалын биед сээрний 11,12 дугаар нугалмын их биеийн шахагдсан хугарал, сээрний 12 дугаар нугалмын харалдаах нугасны дарагдал, баруун талд 1 дүгээр хавирганы хугарал, зүүн шилбэ ясны хугарал, дух, зүүн шилбэнд шарх, баруун шилбэ, тахим, бугалга, хоёр шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. ... Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөхгүй. Уг гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна”  гэх дүгнэлт / хх-ийн 70 дүгээр хуудас/,

“Хөрөнгө-Эстимэйт”ХХК-ийн шинжээчийн “38-07 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд техникийн үнэлгээгээр тогтоогдсон дүн 18.250.000 /арван найман сая хоёр зуун тавин мянган/ төгрөг” гэх дүгнэлт /хх-ийн 87 дугаар хуудас/,

Яллагдагч С.Өын “... тухайн үед машинаа зогсоох арга хэмжээ авч кардан татаад, тоормоз гишгэсэн боловч хүнд даацын ачаатай машин болохоор тоормоз бариагүй. Тэгээд эсрэг урсгалд ороод зам дээр зогсож байсан машиныг тойрох гэсэн боловч өмнөөс машин гарч ирсэн болохоор чигээрээ явсаар байгаад зам дээр байсан машины чиргүүлийн араас машиныхаа кабины баруун булангаар мөргөсөн. ... Би 2017 онд Улаанбаатар хотод Цогтуг ХХК-ийн жолооны курст суралцаж жолооч болсон. ВСД ангилалтай. Тухайн тээврийн хэрэгсэлд тохирох Е ангиллын жолооны үнэмлэхтэй байх ёстойг мэдэж байна. Миний буруу” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, хэргийг зүйлчилсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна.

  1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч С.Ө нь 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт байрлах “Ухаа худаг” Гашуун сухайт” хилийн боомт чиглэлийн нүүрс тээврийн хатуу хучилттай автозамын 117 дахь километрт тээврийн хэрэгсэл жолоодох тохирох ангилалын эрхийн үнэмлэхгүйгээр Пав маркийн 38-07 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг жолоодож Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөнимй улмаас зам тээврийн осол гаргаж, улмаар Т.Оюунжаргалын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Энэхүү гэмт хэргийг үйлдсэн этгээд нь хохирол хор уршиг учрахыг мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлддэг, гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй байдаг бөгөөд автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам буюу шүүгдэгч С.Ө нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д заасан Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. 2.3а-д Жолооч хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, Тээвриын хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн нь уг зам тээврийн осол гарахад нөлөөлсөн байх үндэслэлтэй байна. Мөн С.Ө нь 2017 оны 03 дугаар сарын 23-нд жолооч болсон. ВСД ангилалтай 1153079 дугаарын хүчинтэй үнэмлэхтэй боловч тухайн Пав маркийн 38-07 УБЦ улсын дугаартай, 77-81 БЧ чиргүүлтэй тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй байна гэсэн заалтыг зөрчсөнөөр гэмт хэргийн үйлдлийн шинж бүрдэх юм.

Иймд шүүгдэгч С.Өыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчилж ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

  1. Хохирол төлбөрийн тухайд:

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж заасан.

 Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд энэ хэргийн улмаас хохирогч Т.Оюунжаргалын биед хүндэвтэр  гэмтэл учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 11750 дугаартай “Т.Оюунжаргалын биед сээрний 11,12 дугаар нугалмын их биеийн шахагдсан хугарал, сээрний 12 дугаар нугалмын харалдаах нугасны дарагдал, баруун талд 1 дүгээр хавирганы хугарал, зүүн шилбэ ясны хугарал, дух, зүүн шилбэнд шарх, баруун шилбэ, тахим, бугалга, хоёр шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. ... Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөхгүй. Уг гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна” гэх дүгнэлтээр тогтоогдож байна.

Хохирогч Т.Оюунжаргал, иргэний нэхэмжлэгч нар нь энэ хэрэгт холбогдуулан гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан            шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан үндэслэл болох анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид төлөх төлбөргүй зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/  жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 6 /зургаа/-н сарын хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн С.Өын ВСД ангилалын 1153079 дугаартай жолооны үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Өвөрхангай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэх нь зүйтэй.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон хураагдсан эд хөрөнгө байхгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл С.Өт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Хоньчид овогт Сүхийн Өыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар Сүхийн Өын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 6 /зургаа/-н сарын  хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5, 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь тэнсэгдсэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авсан шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах болохыг тайлбарласугай.

4. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн болон шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй С.Өын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн С.Өын ВСД ангилалын 1153079 дугаартай жолооны үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Өвөрхангай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд С.Өт урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд С.Өт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.ӨЛЗИЙ-ОТГОН