| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намсрайн Батзориг |
| Хэргийн индекс | 104/2022/00668/И |
| Дугаар | 210/МА2023/00959 |
| Огноо | 2023-05-08 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 05 сарын 08 өдөр
Дугаар 210/МА2023/00959
ӨР-ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Г.Даваадорж, шүүгч Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 104/ШШ2023/00135 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч ӨР-ХХК-ийн хариуцагч Г.А, Н.А- нарт холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 16,401,307 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, зээлийн төлбөрт төлсөн 17,934,164 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бүрэнбат, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Наранбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн С.Буянхишиг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
Г.А, Н.А- нар 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 20,000,000 төгрөгийг жилийн 21.6 хувийн хүүтэй, 50 сарын хугацаатай зээлсэн. Зээлдэгч нар зээлийн гэрээний төлбөрт үндсэн зээлээс 4,347,976.34 төгрөг, хүүгийн төлбөрт 14,045,024.38 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрөөс 682,936.71 төгрөг нийт 19,075,937.43 төгрөг төлсөн. 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс хойш зээл, зээлийн хүүг гэрээний дагуу хавсралтаар харилцсан тохиролцсон хуваарийн дагуу төлөх үүргээ зөрчсөн. Банкнаас зээлээ төлөхийг шаардахад Г.А, Н.А- нар нь бизнесийн үйл ажиллагаа доголдсон гэх тайлбарыг өгч байгаад удалгүй Эрүүл мэндийн төвд жолоочоор ажилд орж, нэг сарын цалингаа манайхаар дамжуулж аваад ХААН банк ХХК руу цалингийн дансаа шилжүүлж 2020 оны 6 дугаар сараас хойш зээлийн төлбөрийг төлөөгүй. Г.А- банканд хуримтлагдсан зээлийн хүүг төлж, зээлийн үлдэгдэл 9,600,000 төгрөгийг хугацааг 2 жилээр сунгая гэсэн хүсэлтийг гаргасны дагуу зээлийн гэрээг 2 жилийн хугацаатай сунгасан. Хариуцагч нь хуримтлагдсан хүүг төлснөөс хойших зээлийн хүү 638,629.93 төгрөг болсон. Үндсэн зээл 15,652,023.66 төгрөг, зээлийн хүү 638,629.93 төгрөг, торгууль 73,454.32 төгрөг, нийт 16,364,107.91 төгрөг, нотариатын зардал 37,200 төгрөг, бүгд 16,401,307.91 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч Г.А-ын тайлбар, татгалзлын агуулга:
Г.А- 2018 оны 10 дугаар сард ӨР-ХХК-аас автомашин худалдаж авахаар 20,000,000 төгрөгийн зээлсэн. 2021 оны 05 дугаар сараас ажилгүй болсон зээлийн төлбөрийг төлөх боломжгүй болсон. Банк автомашиныг хурааж авсан. Гэтэл зээлийн төлбөрт хүрэхгүй байна гэж 800 хоногийн хүү нэхэмжилсэн. Зээлийн төлбөрт 2022 оны 09 дүгээр сард 8,000,000 төгрөг, 10 дугаар сард 1,700,000 төгрөг төлсөн боловч 16,000,000 төгрөгөөс хасагдаагүй. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.
3. Хариуцагч Н.А-ийн тайлбар, татгалзлын агуулга:
Автомашин худалдан авах зорилгоор ӨР-ХХК-аас зээл авсан. Цар тахлын улмаас төлбөрөө төлж чадаагүй. Гэтэл банк 2020 оны 10 дугаар сард автомашиныг хураан авсан. Автомашиныг өгөөд зээлийн төлбөр дууссан. Гэтэл банк автомашиныг зарж, зээлийн төлбөр хаагаагүй байсан. 14,000,000 төгрөг төлбөл зээл хаана гэж мэдэгдэхэд 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 8,000,000 төгрөг, 10 дугаар сарын 03-ны өдөр 1,700,000 төгрөг нийт 9,700,000 төгрөг төлсөн. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.
4. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
2020 оны 04 дүгээр сараас хойших төлсөн төлбөр 17,934,167 төгрөгийг ӨР-ХХК-аас гаргуулна. ӨР-ХХК 20,000,000 төгрөгийн үнэтэй автомашиныг авсан. Өөрөөр хэлбэл, 2020 оны 04 дүгээр сарын байдлаар зээлийн үлдэгдэл 16,424,700 төгрөг байсан. 20,000,000 төгрөгөөс 16,424,700 төгрөгийг хасаж, үлдэх 3,575,300 төгрөгийг автомашины зөрүү үнэд нэхэмжилсэн. Мөн 2020 оны 04 дүгээр сараас, 2020 оны 12 дугаар сар хүртэлх 3,101,796 төгрөг, 2021 онд 915,160 төгрөг, 2022 онд 10,346,902 төгрөг нийт 17,934,164 төгрөгөөр үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэжээ.
5. Сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбар, татгалзлын агуулга:
Фидуцийн гэрээний хугацаа дууссан гэж тайлбарлаж байна. Бид барьцаа хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг үзэх гэж хариуцагч Г.А-ыг дуудсан. Барьцаа хөрөнгийг ямар нэг нь акт үйлдэж хүлээж аваагүй. Зээлийн гэрээ дуусгавар болсон гэж үзэж болохгүй. Зээлийн гэрээ хүчин төгөлдөр. Г.А-, М.Нандин- Эрдэнэ нар 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хүсэлт гаргасан. Уг хүсэлтэд асуудлаа тодорхой бичсэн. Үүнд: 2018 оны 10 дугаар сард 20,000,000 төгрөгийг банкнаас зээлж авсан. Зээл аваад төлж байх хугацаанд эхнэр, бид 2 ажилгүй болж зээлээ төлж чадахгүй байх нөхцөлд байдалд хүрсэн. Эхнэр бид 2 ажилгүй байснаас зээлээ төлж чадахгүйд хүрсэн. Одоо бид ажилтай болсон тул зээлийн хуримтлагдсан хүүг төлж, үлдсэн төлбөр болох 15,000,000 төгрөгийг 2 жилийн хугацаатай зээлийг шинэчлэн байгуулж өгнө үү гэх хүсэлтийг гаргасан. Хариуцагч нар хугацаа хэтэрсэн хүүг төлье, зээлийн хугацаа дуусахаас өмнө нийт 1,700,000 төгрөгийг төлнө гэж нийт хуримтлагдсан хүү 9,700,000 төгрөгийг 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр төлсөн. Энэ төлснөөс хойш зээлийн хүү 638,629.93 төгрөг, алданги 73,454.32 төгрөг, нийт 16,364,107.91 төгрөг болсон. Фидуцийн гэрээ дуусгавар болоогүй. Хариуцагч нар автомашинаа аваад 24 сарын хугацаанд зээлээ төлөөд дуусгана гэсэн. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
6. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:
6.1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Г.А, Н.А- нараас зээлийн гэрээний үүрэгт 16,401,307.91 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ӨР-ХК-д олгож, хариуцагч нарын 17,934,164 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
6.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 239,957 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамж 239,957 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагч нарын сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 257,950 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.
7. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
7.1.Хариуцагч нарын зүгээс Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ байгуулж нэхэмжлэгч үүргийн гүйцэтгэлд автомашиныг биет байдлаар нь авснаар зээлийн төлбөр шаардах эрх дуусгавар болсон. Анхан шатны шүүх талуудын тайлбар, гэрч нарын мэдүүлэг, үзлэг хийсэн тэмдэглэл. сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нотолж буй бусад бичгийн баримт зэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1. 40.2 дахь хэсэгт зааснаар үнэн зөв. эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хууль хэрэглээний алдаа гаргасан.
Гэрч А.Л-гын машиныг 2020 оны 05 дугаар сард хураан авсан. Машиныг тухайн үед зарахад зээлийн үнэд хүрэхгүй учраас зараагүй, намайг ажлаа өгөөд явсны дараа зарна гээд зурагтай нь банкны мэдээллийн санд орчихсон байсан. Машиныг хүлээж авахдаа бичлэг хийж хүлээж авсан, гэрч Г.Жаргалын Надад уг машиныг 18,000,000 төгрөгөөр зарчихмаар байна гэсэн. Тухайн үед машинд сэв зураас гадна, өнгө үзэмжид асуудал байгаагүй, боломжийн юм байна гэж харж байсан" гэх мэдүүлэг, шүүхээс тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг, тайлбар зэрэг нотлох баримтуудыг харьцуулан дүгнэвэл ӨР-ХХК 2020 оны 05 дугаар сард эргэн төлөлтийн хуваарийг зөрчсөн гэж үзэж, 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан зээлийн гэрээ, фидуцийн гэрээний 3.2.4-т гэрээний 5.1-д заасан үндэслэл бий болсон тохиолдолд хөрөнгийг Банкны анхны шаардлагаар биет байдлаар шилжүүлэн өгөх 5.1, 5.2-т хөрөнгийг Банк биет байдлаар шилжүүлэн авахад акт үйлдэж хүлээлцэх бөгөөд боломжгүй нөхцөл байдалд бусад нотолгооны аргаар баталгаажуулах буюу хүлээн авсантай холбоотой баримтыг бүрдүүлэх нь банкны үүрэг бөгөөд банк гэрээнд заасан эрхээ хэрэгжүүлэн тээврийн хэрэгслийг биет байдлаар нь хүлээн авсан гэх үйл баримт хангалттай тогтоогдож, акт үйлдэлгүй дүрс бичлэг хийж хүлээн авсан талаар тухайн үед салбарын захирлаар ажиллаж байсан гэрч А.Л-гын мэдүүлсэн.
7.2. Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1, 235.4-д зааснаар нэхэмжлэгч фидуцийн зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангаж болох боловч Г.А-. Н.А-э нарын зөвшөөрлийг авч чадаагүй, хүлээн авсан акт байхгүй тул зарж чадаагүй гэж маргадаг хэдий ч тээврийн хэрэгслийн гэрчилгээ ӨР-ХХК-ийн нэр дээр шилжүүлсэн гэрчилгээний хуулбар хэрэгт хавсаргасан. Фидуцийн гэрээ байгуулагдахтай зэрэгцэн фидуцийн зүйлийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлдэг буюу Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д заасан эрх үүсэх буюу үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь фидуцийн зүйлийг худалдан борлуулах болон зээлдэгч талд энэ тухай мэдэгдэх үүрэг хүлээхгүй бөгөөд өмчлөх эрх нь фидуцийн үндсэн дээр шилждэг тул эд хөрөнгийг үндсэн үүргийг гүйцэтгэх хугацаа болохоос өмнө үүрэг гүйцэтгүүлэгч захиран зарцуулах эрхтэй байна.
Зээлийн гэрээгээр зээлдэгч Г.А, Н.А- нар нь зээл зээлийн хүүг Зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр төлж дуусгахаар тохиролцсон байх тул мөнгө төлөх үүргээ хугацаанд нь биелүүлээгүй гэж үзэх үндэслэлгүй байна.
Мөн Г.А, Н.А- нар нь зээлийн төлбөрийг төлөх үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд фидуцийн зүйл болох автомашиныг бодитойгоор гаргуулан авснаар зээлийн болон фидуцийн гэрээ дуусгавар болохоор дээрх хуульд зохицуулсан тул ӨР-ХК нь зээлийн төлбөрийг гаргуулахаар шаардах эрхгүй ба шаардах эрхээ алдсанаас хойш хариуцагч нарын төлсөн төлбөрийг гаргуулахаар шаардсан нь хариуцагч нарын зөрчигдсөн эд хөрөнгийн эрхийг сэргээн тогтоож сөрөг нэхэмжлэлийг хангаж болох байтал үндэслэл бүхий дүгнэлтийг хийж чадаагүй. Хариуцагчийн зүгээс фидуцийн зүйлийг хүлээн авсантай холбогдуулан Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай 22 дугаар зүйлд гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар сонгосон арга хэлбэр, түүнтэй холбогдох мэдээлэл, хувийн хэрэгт байхаар хуульчилсан байх тул тухайн мэдээллийг авах хүсэлтийг шүүхэд гаргаж анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн захирамжаар нэхэмжлэгчээс нотлох баримт гаргуулах хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
8. Давж заалдах гомдол гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга:
Зээлдэгч Г.А, Н.А- нар нь зээлийн гэрээний үндсэн үүрэг буюу зээл, зээлийн хүүг хуваарийн дагуу төлөх үүргээ бүрэн биелүүлээгүй. Мөн банк 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр зээлдэгчид барьцаа хөрөнгийг хураан авч худалдах болсон, барьцаа хөрөнгө үүргийн гүйцэтгэлийг бүрэн хангахгүй бол үлдэгдэл төлбөрийг шүүхэд хандаж гаргуулна, иймд зээлдэгч нар зээлийн хүүгийн зөрчлийг арилгавал зээлийн гэрээнд өөрчлөлт оруулж шинээр төлбөрийн хуваарь үүсгэж автомашиныг буцаан өгөх боломжтой гэж тохиролцсон. Ингээд хариуцагч нар 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 8,000,000 төгрөг, мөн оны 12 дугаар сарын 03-ны өдөр 1,679,175 төгрөгийг зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүд төлсөн. Энэ төлөлтийг хийсний дараа хүүгийн зөрчил арилсан тул зээлийн гэрээг өөрчлөх боломжтой болсон. Ингээд зээлийн хорооны хурлаар тухайн зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулахаар хуралдаж, зээлийн хорооны гишүүд санал нэгтэй дэмжсэн. Гэтэл хариуцагч нар зээлийн гэрээнд өөрчлөлт оруулаагүй. Хариуцагч нар зээлийн гэрээний үндсэн үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч тал сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянаад анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримтад хэрэглэвэл зохих хуулийг зөв хэрэглээгүй алдаа гаргасныг залруулан дүгнэж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй.
1. Нэхэмжлэгч ӨР-ХК, хариуцагч Г.А, Н.А- нарт холбогдуулж зээлийн гэрээний үүрэгт 16,401,307.91 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч зээлийн төлбөрт шилжүүлсэн 17,934,164 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.
2. Зохигчдын хооронд 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 313000071855 дугаартай зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр зээлдүүлэгч нь 20,000,000 төгрөгийг жилийн 21.60 хувийн хүүтэй, 50 сарын хугацаатай зээлдэгч нарт зээлдүүлэх, гэрээгээр тохирсон эргэн төлөх хуваарийн дагуу зээлийн төлж барагдуулах, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ байгуулж, Hyundai Starex маркийн маркийн 8433 УНТ дугаартай автомашиныг 20 000 000 төгрөгөөр үнэлж, өмчлөх эрхийг ӨР-ХК-д шилжүүлсэн байна. /хх-ийн 21-26,123/
Зээлийн гэрээ болон Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгийг өмчлөлд шилжүүлэх гэрээ хуулийн шаардлага хангасан, хүчин төгөлдөр хэлцэл байх бөгөөд зохигчид гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар, зээлийн гэрээний дагуу 20,000,000 төгрөгийг авсан, зээлдэгч нар зээлийн гэрээний үүрэгт нийт 19,075,937.43 төгрөгийг төлсөн талаар тус тус маргаагүй байна. Зээлдэгч нар нь зээлийн үлдэгдэл 15,000,000 төгрөгт дахин зээлийн гэрээг шинэчлэх хүсэлт гаргасны дагуу ӨР-ХК-иас зээлийн хорооны шийдвэр гарсан ч уг шийдвэр хэрэгжээгүй байна.
3. Зохигчийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, зээлдэгч нар нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөлт хийгээгүй зөрчил гарсан, зээлдэгчид удаа, дараа мэдэгдэл хүргүүлсэн зэрэг үйл баримтыг анхан шатны шүүх зөв дүгнэсэн боловч Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4-т зааснаар эд хөрөнгийг зээлдүүлэгчийн өмчлөлд шилжүүлснээр гэрээний үүрэг дуусгавар болсон үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй, автомашиныг банкинд албан ёсоор хүлээлгэн өгсөн баримтгүй гэж дүгнэсэн нь буруу байна.
3.1. Фидуцийн гэрээний 5.2-т хөрөнгийг биет байдлаар шилжүүлэн авахад акт үйлдэж хүлээлцэх бөгөөд боломжгүй нөхцөлд бусад нотолгооны аргаар баталгаажуулна гэж заасны дагуу акт үйлдэх, баталгаажуулах үүрэг нь зээлийн үйл ажиллагаа эрхэлдэг мэргэжлийн оролцогч банкинд ногдож байхад хариуцагч нар уг автомашиныг банкинд албан ёсоор хүлээлгэн өгсөн баримтгүй гэж дүгнэсэн шүүхийн дүгнэлт үндэслэлгүй болсноос гадна гэрч А.Л-гын мэдүүлэг, Төрийн банкны Дэнж тооцооны төвийн 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн албан бичиг, автомашин хадгалагдаж байгаа газарт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлээгүй орхигдуулжээ.
3.2. Төрийн банкны Дэнж тооцооны төвийн 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн албан бичигт ... 2020.04 сард зээлийн барьцаанд байгаа автомашиныг хураан авсан./8433УНТ/ ... гэсэн тодорхойлолт, тухайн үед Дэнж тооцооны төвийн захирлаар ажиллаж байсан гэрч А.Л-гын ...машиныг 2020 оны 4 юм уу 05 дугаар сард хурааж авсан... акт үйлдээгүй, машиныг хурааж авахад зураг авсан... машинд сууц Дэнжээс Хангай сервис руу ирсэн... гэсэн мэдүүлэг, Дэнж тооцооны төвд хадгалагдаж байгаа автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл, түүнд хавсаргасан гэрэл зургууд зэргээс үзэхэд нэхэмжлэгч ӨР-ХК нь фидуцийн зүйл болох автомашиныг 2020 оны 04 дүгээр сараас хойш өөрийн эзэмшилд байлгаж байгаа үйл баримт тогтоогдсон байна. /хх-ийн 91-96,102-104, 111/ Гэтэл анхан шатны шүүхээс ...хариуцагч нар автомашиныг хадгалалт хамгаалалтыг хариуцах үүрэгтэй... гэж үзсэн нь хэргийн бодит байдалд нийцсэнгүй.
3.3. Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/-р үүрэг хүлээгч нь мөнгө төлөх үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хөдлөх эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх, үүрэг хүлээгч үндсэн үүргээ хугацаанд гүйцэтгэсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч уг эд хөрөнгийг түүнд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ. Үүрэг хүлээгч мөнгө төлөх үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгч бодитойгоор гаргуулан авснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ дуусгавар болохыг Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1, 235.4.-т тус тус зохицуулсан.
3.4. Нэхэмжлэгч фидуцийн зүйл болох автомашиныг 2020 оны 04 дүгээр сард хураан авах үед хариуцагч нарын зээлийн үлдэгдэл 16,424,700 төгрөг байжээ. Талуудын хооронд байгуулсан фидуцийн гэрээний зүйлийн үнийн дүнг талууд 20,000,000 төгрөгөөр тохиролцсон. Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4 дэх хэсэгт зааснаар 2020 оны 04 дүгээр сард 20,000,000 төгрөгийн үнээр тохиролцсон автомашиныг нэхэмжлэгч эзэмшилдээ бодитоор гаргуулан авснаар Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон буюу 16,424,700 төгрөгийн үүрэг хангагдсан гэж үзнэ.
3.5. Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4-т зааснаар автомашиныг өөрийн өмчлөлд бодитоор шилжүүлж авснаар зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон гэж үзэх үндэслэлтэй бөгөөд фидуцийн гэрээний 4.1.2, 5.1-д тус тус заасан фидуцийн зүйлийг захиран зарцуулах, зээлийн гэрээний үүргийг хангуулах эрхээ хэрэгжүүлээгүйд зээлдэгч нарыг буруутгах үндэслэлгүй.
Иймд хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус заасан үндэслэлгүй тул нэхэмжлэгч ӨР-ХК-ийн хариуцагч Г.А, Н.А- нарт холбогдуулж гаргасан зээлийн гэрээний үүрэгт 16,401,307.91 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрт өөрчлөлт оруулна.
4. Хариуцагч Г.А, Н.А- нар нь нэхэмжлэгч ӨР-ХК-аас зээлийн гэрээний төлбөрт төлсөн 17,934,164 төгрөгийг буцаан гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасны зарим хэсгийг хангах үндэслэлтэй.
4.1.Нэхэмжлэгч фидуцийн зүйл болох автомашиныг өөрийн өмчлөлд бодитоор шилжүүлж авснаар зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон гэж магадлалын Хянавал хэсгийн 3.5-д дүгнэсэн тул хариуцагч нар 2020 оны 04 дүгээр сараас хойш зээлийн төлбөр төлөх үндэслэлгүй тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар төлсөн төлбөрөө буцаан шаардах эрхтэй.
4.2 Төрийн банкин дахь хариуцагч Г.А-ын зээлийн дансны харилцагчийн хуулганаас үзэхэд 2020 онд 3,390,216 төгрөг, 2021 онд 910,166 төгрөг, 2022 онд 9,707,098 төгрөгийг тус тус үндэслэлгүй төлсөн гэж үзэх тул нийт 14,007,488 төгрөгийг нэхэмжлэгч ӨР-ХК-аас гаргуулж хариуцагч нарт олгож шийдвэрлэв. /хх-ийн 107-108/
Харин Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4-т зааснаар нэхэмжлэгч автомашиныг өөрийн өмчлөлд бодитоор шилжүүлж авснаар зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон гэж үзсэн тул зээлийн үлдэгдэл болон автомашины үнэлгээний зөрүү 3,575,300 төгрөгийн сөрөг нэхэмжлэлийн хангах үндэслэлгүй болно.
Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасан өөрчлөлт оруулах нь зүйтэй давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 104/ШШ2023/00135 дугаартай шийдвэрийн ТОГТООХ хэсгийн
1 дэх заалтыг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д тус тус заасан үндэслэлгүй тул хариуцагч Г.А, Н.А- нараас 16,401,307.91 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч ӨР-ХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар нэхэмжлэгч ӨР-ХК-аас 14,007,480 төгрөг гаргуулж хариуцагч Г.А, Н.А- нарт олгож, сөрөг нэхэмжлэлийн 3,926,684 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,
2 дах заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 239,957 төгрөгийг, хариуцагч нараас төлсөн 257,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч ӨР-ХК-аас 227,987 төгрөг гаргуулж хариуцагч Г.А, Н.А- нарт олгосугай тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ
ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ
Н.БАТЗОРИГ