Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 2019/ШЦТ/09

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Баттулга даргалж,

нарийн бичгийн дарга Х.Г,

улсын яллагч Э.Н,

шүүгдэгч Н.Э, түүний өмгөөлөгч С.Г нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,

 

Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б овогт Н-ын Э-т холбогдох эрүүгийн 1817002180109 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Б овогт Н-ын Э /РД:ЕВ88032416/, Дорноговь аймгийн Сайншанд суманд 1988 оны 03 дугаар сарын 24-ны өдөр төрсөн, 30 настай, эрэгтэй, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, 1-3-41 тоотод оршин суух, хувиараа мал малладаг, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, урьд ял шийтгэлгүй гэх,

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/

 

Яллагдагч Н.Э нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай буюу эхнэр Д.Б-г 2018 оны 07 дугаар сарын 24-25-ны өдрийн орчим Дундговь аймгийн Говь-Угтаал сумын нутаг дэвсгэрт толгой болон нүүрэн тус газар гараараа цохиж, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, 1-3-41 тоот гэртээ 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр зүүн гар руу нь хаалгаар цохиж, 2018 оны 10 дугаар сарын 27-28-нд шилжих шөнө нүүрэн тус газар нь гараараа цохих, боох, өшиглөх гэх зэргээр байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн,

мөн 2018 оны 10 дугаар сарын 27-28-нд шилжих шөнө Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, 1-3-41 тоотод гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай буюу эхнэр Д.Б-г зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

НЭГ. Шүүгдэгч Н.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Д.Б-г 2018 оны 07 дугаар сарын 24-25-ны өдрийн орчим Дундговь аймгийн Говь-Угтаал сумаас хөдөө гэр лүүгээ явах замдаа хардалтын улмаас хэрүүл маргаан үүсгэн түүний үснээс зулгааж  газарт унаган гар утсаар нь толгойн хэсэгт цохих, гараараа нүүрэнд хэд хэдэн удаа цохих, хацар луу нь алгадах, хоолойг нь гараараа боох зэргээр, 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, 1-3-41 тоот гэртээ хардалтын улмаас хэрүүл маргаан үүсгэн 00-ын өрөөний хаалгаар савах, 2018 оны 10 дугаар сарын 27-28-нд шилжих шөнө Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, 1-3-41 тоот гэртээ хардалтын улмаас хэрүүл маргаан үүсгэн нүүрэн тус газар нь гараараа цохих, боох, өшиглөх зэргээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байнга зодсон,

Мөн шүүгдэгч Н.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ  2018 оны 10 дугаар сарын 27-28-нд шилжих шөнө Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, 1-3-41 тоотод гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Д.Б-г хардалтын улмаас хэрүүл маргаан үүсгэн нүүрэн тус газар нь гараараа цохих, боох, өшиглөх зэргээр зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:

 

1.1. Шүүгдэгч Н.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2018 оны 10 дугаар сарын 27-нд ээж хагалгаанд ороод би хотод байсан. Ээжийн эмчилгээнд хэрэглэх мөнгө эхнэр данс руу хийх ёстой байсан юм. Эхнэр лүү залгасан боловч утсаа авахгүй болохоор нь шөнө ирсэн чинь мөнгөө хулгайд алдсан гэснээс болж маргалдсан. Би утсыг нь аваад хана руу савахад манай хүн цагдаа дуудна гээд орилж чарлаад байхаар нь эхнэрээ араас нь тэвэрч аваад амыг нь гараараа дарсан чинь над руу отвёртка бариад дайрсан. Би отвёрткийг нь булааж аваад дээр нь дараад суучихсан. Тэгсэн аллаа, хядлаа гээд чарлаад байсан. 2018 оны 07 дугаар сарын 24-25-ны өдөр манай хүн хот яваад арав гаруй хоног хэл сураггүй алга болоод ирж байна гэхээр нь сумын төв дээрээс тосож аваад утсаа унтраагаад хаагуур алга болдог юм бэ гэсэн чинь чамд ямар хамаатай юм бэ, ажилтай явж байгаад ирлээ гэснээс болж муудсан. Би жаахан юм уусан байсан. Баруун хацар луу нь хоёр алгадсан. Утсаар толгой руу нь цохиогүй, тэр үед утас нь ч байгаагүй. 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр бид хоёр намайг хөдөө яваад алга болчихлоо гэж муудалцсан. Би хөдөө мал дээрээ очоод 5-6 хоног байж байгаад ирсэн. Тэгээд орой гэртээ орсон чинь манай хүн намайг загинаад сандал барьж далайхаар нь би 00-ын өрөөний хаалгыг дотор талаас нь бариад суусан чинь өөрөө татаж байгаад гараа цохисон. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

 

1.2. Хохирогч Д.Б мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “2018 оны 10 дугаар сарын 27-28-ны шилжих шөнө гэртээ унтаж байсан чинь манай нөхөр Э Улаанбаатар хотоос шөнийн 02 цагийн үед архи уусан ирээд чамайг утсаа авахгүй болохоор Улаанбаатар хотоос такси хөлсөлөөд ирлээ гэж хэлээд надаас утас чинь хаана байна гэж асуугаад миний утсыг аваад гэрийн хана руу шидээд эвдэлсэн. Тэгээд гэрийн хаалга түгжиж байгаад намайг газар унагаад нэг гараараа үснээс атгаж барьж байгаад нөгөө гараараа миний ам, хамар луу 2 удаа цохисон. Тухайн үед миний хамраас цус гоожоод дээд уруулын дотор талын баруун хэсэгт язарсан байсан. Э миний үснээс зулгааж байгаад миний хэвлий рүү хөл нүцгэн хөлөөрөө 2 удаа өшиглөсөн. Би зугатаах гэтэл гар нүүрийн алчуур авч ирээд миний хоолойг боогоод ар талаас татахад миний амьсгал боогдоод ирэхээр алчуураа суллаад байсан. Энэ үйлдэл нь 2 удаа давтагдсан. Тэгээд би хүмүүс сонсож магадгүй гээд хашгирсан чинь алчуураар миний амыг дараад байсан. Э нүдний шилээ авах гээд надаас холдох үед би гэрээс гараад зугатаагаад хойшоо гүйгээд 1 дүгээр байрны ар талаар тойрч байгаад Э-т баригдсан. Э надад одоо чамайг зодохгүй гэр лүүгээ оръё гэхээр нь дагаад гэртээ орсон. Э гэрт намайг жижиг өрөөнд оруулаад үсдээд хоолой боогоод хэл амаар доромжилоод байсан. Э надад хандаад чи цагдаа дуудаж өгөх үү гээд жижиг ширээ бариад над руу далайгаад байсан. Би 2018 оны 07 дугаар сарын 24-25-ны үед Улаанбаатар хот руу яваад ирэхэд манай нөхөр Э намайг Говь-Угтаал суман дээр архи уусан тосож аваад урагш хөдөө гэр лүүгээ явж байгаад чи утсаа авсангүй гээд уурлаад намайг хардаад байсан. Э явж байгаад зогсоод шууд мотоциклио данхараадахгүй унагаад над руу дайрахад би мотоциклийн халуун яндан дээр баруун гараараа дараад түлсэн. Тэгээд миний үснээс зулгаагаад арагш нь дарж унагаад гар утас чинь хаана байна гээд миний гар утсаар толгойн зүүн орой хэсэгт цохиод хуйхыг язлахад цус гарсан. Нүүр лүү хэд хэд цохиход зүүн талын нүд хавдсан. Мөн 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр ажилаасаа тараад 00 цагийн үед гэртээ ирсэн чинь манай нөхөр Э согтуу байж байсан. Намайг гэрт орсон чинь Э янхан гэх зэргээр доромжлоод байхаар нь би 00-ын өрөөнд орох гэхэд намайг хаалгаар савсан. Миний зүүн талын буглаг орчимд хөхөрсөн байсан. Мөн сандал бариад намайг цохих гээд далайгаад байсан. Э-ын архи нь гарахаар ахиж ийм асуудал гаргахгүй гээд амлалт өгдөг мөртлөө архи уухаараа энэ байдал нь давтагдаг. 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр зодуулахдаа цагдаад дуудлага өгөөд маргааш нь цагдаад дээр ирээд мэдүүлэг өгөхдөө би хаалгаар цохисон асуудлыг нуугаад хэл амаар доромжилсон гэж хэлээд хэргийг нь хаалгаж байсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 13-17 хуудас/

 

1.3. Гэрч Б.О мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “2018 оны 10 дугаар сарын 28-ны өглөө 07 цагийн үед манай найз Б гэрт орж ирсэн. Б-ийн уруул нь хавдаад  цус хурсан, хүзүү нь боолгосон юм шиг ором гарсан байсан. Б надад хэлэхдээ Э шөнө ирээд агсан тавиад зодсон гэж хэлсэн. Б бид хоёр эмнэлэг орж үзүүлээд цагдаад Э-ын талаар мэдэгдсэн” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 18 хуудас/

 

1.4. Насанд хүрээгүй гэрч Э.М-д мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “2018 оны 10 дугаар сарын 27-ны өдөр ээж, дүү бид гурав гэртээ унтаж байтал аав шөнө дунд гэрийн хаалга нүдээд Улаанбаатар хотоос ирлээ гээд орж ирсэн. Аав гэрт орж ирээд ээжид хандаад утсаа авахгүй гэж уурлаад дэрэн доор байсан ээжийн утсыг газар шидээд эвдэлсэн. Ээж мөн уурлаад аавтай хэрэлдэж байгаад аавын утсыг аваад хана руу шидээд эвдэлсэн. Тэгсэн аав нүүр гарын алчуураар ээжийн хоолойг боогоод газар унагаахад ээж орилоод байсан. Аав дуугүй болгох гээд амыг нь гараараа дарсан. Дараа нь харахад ээжийн амнаас цус гарсан байсан. Би цагдаа дуудах гээд гарах гэсэн боловч гэрийн хаалга дотор талаасаа түгжигдээд онгойхгүй байсан. Тэгээд аав ээж нар гайгүй болоод 00-ын өрөөнд ороод гар нүүрээ угаасан. Ээж гэрээс гараад гүйхэд аав араас нь гараад ээжийг дагуулаад ороод ирсэн. Аав ээж хажууд хааяа маргалдаж байдаг. Түүнээс бие биеэ цохиж зодож байгаагүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 22 хуудас/

 

1.5. Гэрч Т.Б мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “Э манай төрсөн эгчийн охин Б-тай суусан. 2018 оны зун би сар, өдрийг нь санахгүй байна Б хоёр хүүхдийнхээ хамт манайд ирсэн. Б-ийн нэг талын хацар нь хавдсан байсан, аль хацрыг нь санахгүй байна. Мөн нэг талын гарын алга нь түлэгдсэн байсан. Би яасан юм бэ гэж асуухад мотоциклиос унаад янданд гараа түлсэн гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 23 хуудас/

1.6. Шинжээч Л.Ж мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “Б-ийн биед үзлэг хийхэд хүзүүний 2 талаар нилээн эмзэглэлтэй байсан. Энэ нь хүзүү хоолойг боож багалзуурдсанаас үүссэн байх боломжтой, дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэмтэл. Дээд уруулын баруун өнцөгт, дотор салстын цус хуралт гэмтлүүд нь мохоо зүйлээр үүсгэгдсэн, эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтлүүд юм. Харин зүүн тохойны цус хуралт нь дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй, баруун зүүн өвдөгний зулгаралт гэмтлүүд нь дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэмтлүүд” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 27-28 хуудас/

 

1.7. Шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 302 дугаар дүгнэлтэнд: Д.Б-ийн биед хүзүүнд зөөлөн эдийн няцрал, дээд уруулын баруун өнцөгт, дотор салстанд цус хуралт, зүүн тохойнд, баруун өвдгөнд, зүүн өвдгөнд зулгаралт гэмтэл учирчээ. Уг гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй болно.

Дүгнэлт гаргасан: Ахлах зэргийн шинжээч эмч, ахмад Л.Ж гэжээ. /х.х-ийн 25 хуудас/

 

1.8. Аюулын зэргийн үнэлгээ, Гэр бүлийн хүчирхийлэлийн нөхцөл байдлын үнэлгээ /х.х-ийн 8-9,64-68 хуудас/

 

1.9. Шүүгдэгч Н.Э-т холбогдох 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн зөрчлийн материалын хуулбарууд /х.х-ийн 69-78 хуудас/  

 

1.10. Гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээ, төрсний гэрчилгээний хуулбарууд /х.х-ийн 80-82 хуудас/ зэрэг болно.

 

Иймд шүүгдэгч Н.Э-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож үйлдсэн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Прокурорын яллах дүгнэлтэнд шүүгдэгч Н.Э-ын үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэлийг зөв зүйлчилэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. Шүүгдэгч Н.Э нь согтуугаар эхнэр Д.Б-г хардаж хэрүүл маргаан үүсгэж түүний бие махбодид нь халдан хүч хэрэглэн зоддог ба энэ нь цаг хугацаа болон үйлдлүүд нь байнгын шинжийг агуулж байна. Мөн түүнчлэн шүүгдэгч Н.Э-ын хохирогч Д.Б-ийн бие махбодид нь халдан хүч хэрэглэж байгаа үйлдлүүд нь хохирол, хор уршгийн шинж чанар нь нэмэгдэж түүний амь насанд аюул учирхуйц нөхцөл байдал үүсгэж байгаа болно.  

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Г нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл дээр ямар нэгэн маргаагүй болохыг дурдлаа.

 

ХОЁР. Шүүгдэгч Н.Э-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг үнэлэв. Үүнд:

 

2.1. Хохирогч Д.Б мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “ Манай нөхөр Э надаас уучлалт гуйж буруугаа ойлгосон тул нөхөртэйгээ сайн дураараа эвлэрсэн. Хохирлын тал дээр маргаангүй. Надад одоо ямар нэгэн санал гомдол байхгүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 15-16 хуудас/

 

2.2. Гэрч Т.Б мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “Э-ын хувьд ажилсаг, хүнтэй эвсэг харилцаатай.” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 23 хуудас/

 

2.3. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /х.х-ийн 61 хуудас/

 

Шүүгдэгч Н.Э-ыг анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдлаа.

 

Улсын яллагчаас шүүгдэгч Н.Э нь хохирогчид халдан зодсон үйлдлүүдээ хүлээн зөвшөөрдөггүй учир түүнийг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж үзэх боломжгүй, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэхдээ хүчирхийлэлийн хүнд хэлбэр болох боох үйлдэл хийсэн. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж, 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг нэг хоног хорих ялаар тооцон нэмж нэгтгэн нийт 1 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар тогтоох,

шүүгдэгчийн өмгөөлөгч С.Г нь шүүгдэгч Н.Э нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн буруутай үйлдэл гэмт хэрэг гарахад нөлөөлсөн, түүний хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хөнгөн гэмт хэрэг үйлдсэн зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжээр торгох ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Д.Б-тай уулзахыг 6 сарын хугацаагаар хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх гэсэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх саналуудыг тус тус шүүхэд гаргасан болно.

Шүүхээс шүүгдэгч Н.Э-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлуудыг тус тус харгалзан улсын яллагчийн шүүхэд гаргасан саналыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

Харин шүүгдэгч Н.Э-т эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал болон хувийн байдлыг харгалзан хорих ялын доод хэмжээг оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Н.Э-ын цагдан хоригдсон 1 /нэг/ хоногийн хугацааг түүний эдлэх ялд оруулан тооцов.

Шүүгдэгч Н.Э нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

         

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Н-ын Э-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож үйлдсэн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч Н.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 320 /гурван зуун хорь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.8 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Н.Э-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 /зургаа/  сарын хугацаагаар хорих ял дээр, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 320 /гурван зуун хорь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын 1 хоногоор тооцон нийт 40 хоног хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг нийт 7 /долоо/ сар 10 /арав/ хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.   

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Э оногдуулсан 7 /долоо/ сар 10 /арав/ хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Э-ын цагдан хоригдсон 1 /нэг/ хоногийн хугацааг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

 

6. Шүүгдэгч Н.Э нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Э-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.БАТТУЛГА