Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 2019/ШЦТ/10

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Баттулга даргалж,

нарийн бичгийн дарга Х.Г,

улсын яллагч Э.Н,

шүүгдэгч С.С, түүний өмгөөлөгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт С-ын С-д холбогдох эрүүгийн 1817001080098 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Б овогт С-ын С /РД:ЕУ90032519/, Дорноговь аймгийн Сүмбэр суманд 1990 оны 03 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, 28 настай, эрэгтэй, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг, Хувийн байрны 25-2 тоотод оршин суух, “Алхана трейд” ХХК-ний ШТС-52 салбарт түгээгч ажилтай, бүрэн бус дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, ял шийтгүүлж байгаагүй гэх,

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/

 

Яллагдагч С.С нь 2017 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс 2017 оны 07 дугаар сарын 23-ны өдөр хүртэл “Алхана трейд” ХХК-ний Говьсүмбэр аймаг дахь салбарын Шивээговь суманд байрлах шатахуун түгээх станц “ШТС-46”-ийн эрхлэгчээр ажиллах хугацаандаа албан тушаалын байдлаа ашиглаж байгууллагын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгөөс борлуулалтын орлого, талон, тос зэрэг нийт 3 261 250 төгрөгийг хувьдаа завшсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

НЭГ. Шүүгдэгч С.С нь 2017 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс 2017 оны 07 дугаар сарын 23-ны өдөр хүртэл “Алхана трейд” ХХК-ний Говьсүмбэр аймаг дахь салбарын Шивээговь суманд байрлах ШТС-46-д эрхлэгчээр ажиллах хугацаандаа албан тушаалын байдлаа ашиглаж байгууллагын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгөөс борлуулалтын орлого, талон, тос зэрэг нийт 3 261 250 төгрөгийг завшсан гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:

 

1.1. Шүүгдэгч С.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би анх 2016 оны 12 дугаар сард Шивээговь суманд “Алхана трейд” ХХК-ийн ШТС 46-д түгээгчээр ажилд орсон. Тэгээд 2017 оны 5 дугаар сар хүртэл ажиллах хугацаанд ямар нэгэн зөрчил дутагдал гаргаагүй гээд намайг 2017 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс тус шатахуун түгээх станцын эрхлэгчээр томилсон. Эрхлэгчээр ажиллаж байх хугацаанд байгууллагын талоныг хувьдаа өдөр болгон бага багаар ашиглаж байгаад нэг мэдэхэд ийм өрөнд орсон. Эхнэр хүүхэд хот руу явсан байсан болохоор 2017 оны 07 дугаар сарын 23-ны өдөр эхнэр хүүхэд рүүгээ байгууллагын орлого аваад явсан. 5 ширхэг тосыг хүний машинд хийгээд мөнгийг нь авсан. Завшсан мөнгөний тооцоо болон шинжээчийн дүгнэлттэй маргаан байхгүй, тохирч байгаа. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

 

1.2. Хохирогч О.Э мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “С-ыг Шивээговь сумын ШТС 46-д 2017 оны 06 дугаар сарын 01-ны өдрөөс эхлэн эрхлэгчээр дэвшүүлэн томилсон. С нь 2017 оны 07 дугаар сарын 23-ны өдрөөс хойш ажилдаа ирээгүй ажлаа хаяад явахдаа ээж Ж-нд сейфнийхээ түлхүүрийг үлдээсэн байсан. Үүнээс хойш ажилдаа ирээгүй учир  ээжийг нь байлцуулаад сейфэнд нь байсан шатахууны талон, бэлэн мөнгө, анхан шатны баримтуудыг тэмдэглэл үйлдэн авсан. С нь 2017 оны 07 дугаар сарын 19-ны өдрийн орлого мөнгө 578 400 төгрөг, 2017 оны 07 дугаар сары 21-ны өдрийн орлогын мөнгө 856 150 төгрөг, 1 500 000 төгрөгийн талон хүлээн авсанаас 1 155 000 төгрөгийн талоныг, байгууллагуудаар тараасан 2 759 000 төгрөгийн шатахууны талоноос 149 000 төгрөг, тос тослох материалыг борлуулсан орлогын мөнгө 42 700 төгрөгийн дутагдал тус тус гаргасан. Мөн шүүхийн тэмдэгтийн хураамж 70 200 төгрөг дээр нь эрхлэгчээр ажиллаж байхдаа 24 513 төгрөгийн Денсиметр-1 ширхэг, 25 000 төгрөгийн 60 литрийн хуванцар сав 1 ширхэг, 30 000 төгрөгийн гар утас тус тус үрэгдүүлсэн. Байгууллагад нийт 3 340 763 төгрөгийн хохирол учирсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 49-56 хуудас/

 

1.3. Гэрч Б.Ж мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “Манай  хүү С “Алхана трейд” ХХК-ний Шивээговь суманд байрлах шатахуун түгээх станцын түгээгчээр 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүртэл ажиллаж, 2017 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс тус ШТС-ын эрхлэгч болсон. 2017 оны 07 дугаар сарын 23-ны өдөр байх С надад албаны сейфнийхээ түлхүүрийг өгөөд ээж би юманд яваад ирье гэсэн. Би тухайн үед нь С-ыг Улаанбаатар хот руу явна гэж бодоогүй, түлхүүрийг нь аваад үлдсэн. Тэрнээс хойш 2 хоногийн дараа Э дарга нь ирж уулзаад би С-ын сейфний түлхүүрийг нь гаргаж өгсөн. Намайг Э дарга байлгаж байгаад С-ын албаны сейфийг нь нээж дотор нь байгаа эд зүйлсийг тоолж авсан. Тухайн үед сейфнээс хэдэн төгрөг, шатахууны хэдэн төгрөгний талон байсан талаар нарийн ширийн тоог би хэлж мэдэхгүй байна. Ямар ч байсан С алга болж ирээд өөрийн дутаасан зүйлсээ хэлдэг юм. Тэрэнд нь ямар нэгэн маргаан байхгүй юм шиг байна лээ” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 63-64 хуудас/

 

1.4. Гэрч Ж.Б мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “Шивээговь сумын манай компаний шатахуун түгээх станцын эрхлэгчээр ажиллаж байсан С нь ажлаа хаяад алга болсон гээд намайг 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдөр түр хугацаагаар томилон ажиллуулсан. Анх ажлыг хүлээж авахад салбарын дарга Э надад С-ын сейфийг онгойлгоод 185 000 төгрөгийн шатахууны талон, 46 520 төгрөг бэлнээр хүлээлгэн өгсөн. Мөн сейфэнд хүчингүй болгосон 2 610 000 төгрөгийн талон байсныг Э дарга аваад явсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 66 хуудас/

 

1.5. Гэрч А.Е мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...Тухайн үед ажиллаж байхад хар товчлууртай, цэнхэр өнгийн Нокиа маркийн гар утас байсан. Намайг 2017 оны 07 дугаар сарын 12-ны өдөр ажлаасаа гараад явахад уг гар утас ажил дээр байсан бөгөөд бүрэн ажиллагаатай байсан. Манай ажил дээр десиметр, 60 литрийн усны хуванцар сав байдаг байсан. Усны 60 литрийн хуванцар сав одоо ч байна лээ. Харин шатахуун хэмжигч десиметрийг 2017 оны 05 сарын үед байх С орлого авч байгаад алдаад хагалсан юм. Тэгэхэд би хамт байсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 73-74 хуудас/

 

1.6. “Монголтакс ТМЗ” ХХК-ний 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 09 дүгээр дүгнэлт /х.х-ийн 77-81 хуудас/

 

1.7. Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын үнэлгээний комиссын дүгнэлт /х.х-ийн 84 хуудас/

 

1.8. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 11-ны өдрийн 184 дүгээр дүгнэлтэнд: “Монгол такс ТМЗ” ХХК-аас 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдөр аудит хийж, тооцоо бодсон актыг шалгахад тухайн саруудын тайлангаар нийт 74 863 654.80 төгрөгийн шатахууны борлуулалтын орлогоос 73 429 104.80 төгрөгийн орлогыг төвлөрүүлсэн бөгөөд 1 434 550 төгрөгийн шатахууны орлого тушаагаагүй, дутагдуулсан байна. Иймд шинжилгээнд ирүүлсэн баримтын хүрээнд С.С нь 1 434 550 төгрөгийн борлуулалтын орлогыг хариуцахаар байна. Мөн тосны борлуулалтын тайланг тулган шалгахад  2017 оны 07 дугаар сарын тосны борлуулалтын тайлангаар 3 873 900 төгрөгийн тосыг эхний үлдэгдлээр хүлээн авч, 320 400 төгрөгийн тосыг нэмж орлогодож авсанаас 285 000 төгрөгийн тосыг ШТС-52 луу ачуулж, 1 124 600 төгрөгийн тосыг борлуулж, 2 742 000 төгрөгийн тос хүлээлгэн өгснийг хасч тооцоход, нийт 42 700 төгрөгийн тос дутаасан байна. Шинжилгээгээр 2017 оны 6 дугаар сарын талон тайлангаар эхний үлдэгдэлээр 10 000 төгрөгийн үнэтэй 5 ширхэг талон хүлээн авч, татан авалтаар 300 ширхэг талоныг орлогод авч, гэрээт байгууллагуудад 3 050 000 төгрөгийн талоныг борлуулсан боловч байгууллагад 2 570 000 төгрөгийн талоныг орлогыг тушааж, нийт 480 000 төгрөгийн талоны орлогыг тушаагаагүй байна. Мөн 2017 оны 07 дугаар сарын талоны тайлангаар 5 000 төгрөгийн үнэтэй 422 ширхэг талоныг орлогод авч, гэрээт байгууллагуудад 245 000 төгрөгийн талоныг борлуулж, 710 000 төгрөгийн талоныг сейфэндээ үлдээж явсаныг тооллогын комисс тоолон хүлээн авсаныг тооцооноос хасч тооцоход нийт 1 155 000  төгрөгийн талон дутаасан байна. 2017 оны 06 дугаар сарын 27-ноос 07 дугаар сарын 27-ны өдрийн хооронд хайчилсан буюу буцаж орж ирвэл зохих 2 759 000 төгрөгийн талоноос 2 610 000 төгрөгийн талоныг буцаан тушааж, нийт 149 000 төгрөгийн талон дутаасан байна. Шинжилгээгээр С.С нь 2017 оны 06, 07 саруудын талоны тайлангаар нийт 1 784 000 төгрөгийн талоны орлогыг байгууллагад тушаалгүй, дутаасан байна. Шинжилгээгээр С.С нь 2017 оны 6 сараас хойш ажиллах хугацаанд 3 340 763 төгрөгийн борлуулалтын орлого болон бараа материалын дутагдал гаргасан нь тогтоогдож байна. Үүнээс шинжилгээ хийлгэх явцад 2018-10-09-ны байдлаар 3 340 763 төгрөгийг компанидаа бүрэн төлсөн байх тул хасч тооцлоо. Шинжилгээний явцад “Алхана трейд” ХХК-ийн Говьсүмбэр аймаг дах салбараас 2018 оны 10 сарын 09-ний өдөр ирүүлсэн 02/39 тоот албан бичигт С.С нь байгууллагад учруулсан хохирлоо бүрэн төлж, барагдуулсан болохыг тодорхойлсон байна.”

Дүгнэлт гаргасан Эдийн засгийн мэргэшсэн шинжээч цагдаагийн ахмад Ж.Ж гэжээ /х.х-ийн 88-92 хуудас/

 

1.9. С.С-той хийсэн хөдөлмөрийн гэрээ, ажил олгогчийн тушаалууд, ажлын байрны тодорхойлолт, зарлагын падаан, материал зарцуулсан тайлангийн хуулбарууд /х.х-ийн 16-24, 30-46, 141-143 хуудас/ зэрэг болно.

 

Иймд шүүгдэгч С.С-ыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Прокурорын яллах дүгнэлтэнд шүүгдэгч С.С-ын үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэлийг зөв зүйлчлэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

 

Шүүгдэгч С.С нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний өмгөөлөгч Б.Б нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл дээр ямар нэгэн маргаангүй гэснийг тус тус дурдлаа.

 

ХОЁР. Шүүгдэгч С.С эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг үнэлэв. Үүнд:

 

2.1. Хохирогч О.Э мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “С нь байгууллагад 3 340 763 төгрөг болон надад өгөх ёстой 572 000 төгрөгөөс 500 000 төгрөгийг төлж барагдуулсан учир ямар нэгэн санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй. С нь ахуй амьдралын шалтгаанаас болоод ийм асуудалд холбогдсон юм байна. 2018 оны 08 дугаар сараас Говьсүмбэр аймаг дахь ШТС 52-д түгээгчээр ажиллаж байгаа. С нь зан байдлын хувьд төлөв даруу, нөхөрсөг, ажилдаа их нямбай, өгсөн үүрэг даалгаврыг сайн биелүүлдэг тусархаг хүн учраас байгууллагын зүгээс алдаа дутагдал дахин гаргахгүй, хамт олныхоо итгэлийг дааж сайн ажиллана гэж үзээд ажилд нь эргүүлэн авсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 56 хуудас/

 

2.2. Гэрч Б.Ж мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “Би 4 хүүхэд төрүүлсэн. Манай хамгийн том хүүхэд С нь эхнэр 3 хүүхэдтэй одоо эхнэр нь төрөх болсон жирэмсэн. Ажилсаг, архи уудаг байж байгаад архинаас гараад архи дарс уухаа больсон, ар гэрээ авч явдаг, ямар ч ажил байсан хийх чадалтай, манай Шивээговь сумынхан ам сайтай байдаг” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 62 хуудас/

 

2.3. Гэрч Г.Т мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “С-той 2013 оноос эхэлж 5 жил цуг амьдарч байна. Цуг амьдрах хугацаандаа 2 охинтой болсон, одоо 3 дахь хүүхэд минь төрөх гэж байгаа. С нь сайхан ааштай, сайн аав сайн хань. Ямар ч ажил хийгээд явдаг. Олсон мөнгөөрөө бид нарыг болгоод л байдаг ажилсаг” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 65 хуудас/

 

2.3. Хохирол барагдуулсан тухай баримт /х.х-ийн 94-95 хуудас/,

 

2.4. Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /х.х-ийн 123-124 хуудас/ зэрэг болно.

 

Шүүгдэгч С.С нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдлаа.

 

Улсын яллагчаас шүүгдэгч С.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэх,

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б-ээс шүүгдэгч С.С нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн болон түүний гэр бүл, хувийн байдал, бусдад учруулсан хохирлын хэмжээ зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг доод хэмжээгээр нь оногдуулж, 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож өгнө үү гэсэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх саналуудыг тус тус шүүхэд гаргасан болно.

Шүүхээс шүүгдэгч С.С-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлуудыг тус тус харгалзан шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б-ийн шүүхэд гаргасан саналыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч С.С нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт С-ын С-ыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.С-ыг 10 000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10 000 000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.С-д оногдуулсан 10 000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10 000 000 /арван сая/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.С-д торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч С.С нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.С-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч авсанаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.БАТТУЛГА