| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Болдын Амарбаясгалан |
| Хэргийн индекс | 105/2020/1111/Э |
| Дугаар | 672 |
| Огноо | 2020-12-18 |
| Зүйл хэсэг | 20.16.1., |
| Улсын яллагч | Ц.Батцэнгэл |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2020 оны 12 сарын 18 өдөр
Дугаар 672
Б.Ж-д холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Батцэнгэл, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Дээд Шүүх таслах газрын 1939 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр таслан шийтгэсэн эрүүгийн хэргийн 57 дугаар тогтоолтой, Б.Ж-д холбогдох 7659 дугаартай эрүүгийн хэргийг Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Батцэнгэлийн бичсэн дүгнэлтийг үндэслэн 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Амарбаясгалангийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
Б.Ж нь тус улсын хувьсгалт нам засгийг элдвээр муучлан гүтгэж, гадаадын эзэрхэг түрэмгий японы фашистыг магтан сайшаах буюу дайн байлдаан болж, ардын төр өөрчлөгдөн суларна гэх зэргээр ард олны амгалан тайван байдлыг алдагдуулан үймүүлэхийг зорьж эсэргүү цуурхлыг тарааж дэмжсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх цаазын бичгийн тусгай ангийн 47 дугаар зүйлд заасныг баримтлан Б.Ж-г 5 жил хорьж шийтгэсэн байна.
Прокурор Ц.Батцэнгэл хяналтын шатны шүүхэд бичсэн болон шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “... Б.Ж-г хувьсгалт нам засгийг элдвээр муучлан гүтгэж, гадаадын эзэрхэг түрэмгий японы фашист нарыг магтан сайшааж, дайн байлдаан болж ардын төр өөрчлөгдөн устна гэх зэргээр ард олны амгалан тайван байдлыг алдагдуулан үймүүлэхийг зорьж, эсэргүү цуурхлыг тараасан гэж 1934/1936/ оны Шүүх цаазын бичгийн тусгай ангийн 47 дугаар зүйл /Ардын хувьсгалт засгийг эсэргүүцэх зорилгоор албан татваруудыг үл гүйцэтгэхийг уриалан дуудах чанартай суртал нэвтрүүлэх буюу ятгах хийгээд хувьсгалд эсэргүүцэх зорилготой ном дэвтэр бичгийг зохиох, хэвлэх ба тараах буюу хадгалсан бол 1 жилээс доош бус хугацаагаар хорьж, хөрөнгийг хураах буюу хураахгүйгээр ял шийтгэвэл зохино.
Мөнхүү явдлуудыг ард олны санаа сэтгэл үймсэн цагт сүсэгтэн ардын шашин шүтлэг бишрэлийг далимдуулан ашиглаж үйлдэх буюу дайн байлдааны цагт үйлдсэн бол энэхүү шүүх цаазын бичгийн 42 дугаар зүйлд заасан ялуудаар шийтгэвэл зохино/-д заасан гэмт хэрэгт БНМАУ-ын Дээд Шүүх таслах газрын 1939 оны 09 сарын 13-ны өдөр таслан шийтгэсэн эрүүгийн хэргийн 57 дугаар тогтоолоор 5 жил хорих ялыг улс төрийн хэрэгт хилсээр шийтгэсэн нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
1. Б.Ж-г байцаасан өөрийнх нь 1 удаагийн мэдүүлэгт үндэслэн хувьсгалын эсэргүү цуурхал тараасан хэрэгт ял төлөвлөж, 5 жил хорих ял шийтгэсэн. Түүний үйлдсэн хэргийг нотолсон ямар ч баримт хэрэгт хавсаргаагүй.
2. Б.Ж-н хувьсгалт нам засгийг элдвээр муучлан гүтгэж, гадаадын эзэрхэг түрэмгий японы фашист нарыг магтан сайшаасан цуурхлаас болж улс нийгэмд учирсан хохирол байхгүй, хэн гэгч этгээдэд цуурхал тараасныг гэрчилсэн зүйл байхгүй байна.
3. Б.Ж-н тараасан цуурхал гэгч нь ард олны дотор нийтээрээ ярьдаг байсан зүйлийн талаар ярьсан яриа байх ба ард олны амгалан тайван байдлыг алдагдуулан үймүүлэхийг уриалсан гэх баримтууд хэрэгт авагдаагүй байна.
Иймд Б.Ж-г ард олны амгалан тайван байдлыг алдагдуулан үймүүлэхийг уриалж, цуурхал тараасан гэж зориудаар улс төрийн хэрэгт холбогдуулан хилсээр шийтгэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэг /... гэм буруугүй хүнд ял оногдуулахад хүргэсэн .../-т заасан шинээр илэрсэн нөхцөл болж байна.
Хэрэгт цугларсан дээрх баримтуудаас дүгнэвэл Б.Ж-д БНМАУ-ын Дээд Шүүх таслах газрын 1939 оны 09 сарын 13-ны өдөр таслан шийтгэсэн эрүүгийн хэргийн 57 дугаар тогтоолоор 5 жил хорих ял оногдуулж, улс төрийн хэрэгт хилсээр шийтгэсэн гэж үзэх үндэслэлтэй байх тул уг шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, 6556 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгуулан, Бишрэлт овогтой Жадамбыг улс төрийн хэрэгт хилсээр хэлмэгдсэнд тооцож, цагаатгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйл, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсгийн заалтыг баримтлан прокурорын дүгнэлт бичсэн. Дүгнэлтээ дэмжиж байна” гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Батцэнгэлээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээх тухай дүгнэлтээ бичиж, хэргийг шүүхэд ирүүлсэн байна.
Б.Ж-г хувьсгалт нам засгийг элдвээр муучлан гүтгэж, гадаадын эзэрхэг түрэмгий японы фашист нарыг магтан сайшааж, дайн байлдаан болж ардын төр өөрчлөгдөн устна гэх зэргээр ард олны амгалан тайван байдлыг алдагдуулан үймүүлэхийг зорьж, эсэргүү цуурхлыг тараасан гэх үйлдэлд Шүүх цаазын бичгийн 47 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинж тогтоогдоогүй байхад түүнийг гэм буруутайд тооцож, ял шийтгэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.
Хэргийн баримтаас үзэхэд Б.Ж-г 1 удаа байцаасан байх бөгөөд түүний гэм бурууг нотолсон ямар ч нотлох баримт авагдаагүй байхад зөвхөн өөрийнх нь мэдүүлгийг үндэслэн хувьсгалын эсэргүү цуурхал тараасан гэж ял шийтгэсэн, түүнчлэн Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Дээд шүүх таслах газрын тогтоолд дурдсан дээрх цуурхлыг тараасан гэх үйлдлийн улмаас нийгэмд учирсан хохирол байхгүй, хэн гэгч этгээдэд цуурхал тараасныг гэрчилсэн баримт тогтоогдоогүй байхад хүчээр хэрэг хүлээлгэж, гэм бурууг тогтоосон нь улс төрийн хилс хэрэгт хэрэгт ял шийтгүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Өөрөөр хэлбэл, энэ нь Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 3.1.2-т заасан “улс төрийн хилс хэрэг”, “улс төрийн хэлмэгдүүлэлт”, мөн дээрх хилс хэрэгт гэм буруутайд тооцсон Шүүх цаазын бичгийн 47 дугаар зүйл нь Монгол Улсын Их Хурлаас батлан гаргасан “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай” хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн в-д заасан /Шүүх, шүүхийг орлон ажилласан тусгай комисс, онцгой бүрэн эрхт комиссын шийдвэрээр 1934 оны Шүүх цаазын бичгийн тусгай ангийн 1 дүгээр бүлгийн 42-50 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт хилсээр ял шийтгүүлсэн/ үндэслэлд тус тус хамаарч байна.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “... Гэм буруугүй хүнд ял оногдуулахад хүргэсэн, шүүх шийдвэр гаргах үед мэдэгдээгүй байсан нөхцөл байдал илэрсэн ...” гэх үндэслэлээр Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Дээд Шүүх таслах газрын 1939 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр таслан шийтгэсэн эрүүгийн хэргийн 57 дугаар тогтоолыг хүчингүй болгож, Б.Ж-д холбогдох 6556 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгуулан, цагаатгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйл, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсгийн заалтыг баримтлан прокурорын бичсэн дүгнэлтийг хүлээн авч, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Дээд Шүүх таслах газрын 1939 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр таслан шийтгэсэн эрүүгийн хэргийн 57 дугаар тогтоолыг хүчингүй болгож, түүнд холбогдох хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Б.Ж-г цагаатгах хууль зүйн үндэслэлтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1. Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Дээд Шүүх таслах газрын 1939 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр таслан шийтгэсэн эрүүгийн хэргийн 57 дугаар тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “Гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр Б.Ж-д холбогдох хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатсугай.
ДАРГАЛАГЧ Б.ЦОГТ
ШҮҮГЧ Б.АМАРБАЯСГАЛАН
С.БАТДЭЛГЭР
Б.БАТЦЭРЭН
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН