Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 221/МА2019/0211

 

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 04 сарын 11 өдөр

 

 

 

 

 

 

Дугаар 221/МА2019/0211

 

 

 

 

 

 

Улаанбаатар хот

 

Г.А нэхэмжлэлтэй

захиргааны хэргийг хянасан тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.З нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШШ2019/0090 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.З, Б.С нарын давж заалдах гомдлоор, Г.А нэхэмжлэлтэй, Нийслэлийн Газрын алба, Баянгол дүүргийн Засаг даргад тус тус холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч Г.А 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа:

“Баянгол дүүргийн Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн А/1083 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, мөн дүүргийн Засаг даргын 2015 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн А/481 дүгээр захирамжийн Д.Э, Л.А нарт холбогдох хэсгийн нэхэмжлэгчийн эзэмшиж буй газартай давхцаж байгаа хэсгийг хүчингүй болгуулах, Нийслэлийн Засаг даргын 2015 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн А/378 дугаар захирамжаар Г.А эзэмшүүлсэн 3377 м.кв газрыг мэдээллийн санд оруулахгүй байгаа Нийслэлийн Газрын албаны хууль бус эс үйлдэхүй байгааг тогтоолгож, 3377 м.кв газрыг мэдээллийн санд оруулж бүртгэхийг даалгуулах”-ыг хүсчээ.

Хоёр. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШШ2019/0090 дүгээр шийдвэрээр:

“Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Г.А Баянгол дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Баянгол дүүргийн Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн А/1083 дугаар захирамж, 2015 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн А/481 дүгээр захирамжийн Д.Э, Л.А нарт холбогдох хэсгийн нэхэмжлэгчийн эзэмшиж буй газартай давхцаж байгаа хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 54.2 дахь хэсэгт заасныг баримтлан Г.А Нийслэлийн Газрын албанд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, “Нийслэлийн Засаг даргын 2015 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн А/378 дугаар захирамжаар Г.А эзэмшүүлсэн 3377 м.кв газрыг мэдээллийн санд оруулахгүй байгаа хууль бус эс үйлдэхүй байгааг тогтоолгож, Г.А эзэмшүүлсэн 3377 м.кв газрыг мэдээллийн санд оруулж бүртгэхийг даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийн хүлээн авахаас татгалзаж” шийдвэрлэжээ.

Гурав. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.З, Б.С нар дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

“...1.Баянгол дүүргийн Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн А/1083 дугаар захирамж нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д “Эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн” гэж заасныг үндэслэсэн байна.

Дээрх хуулийн шаардлагаар “иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний нөхцөлийг удаа дараа зөрчсөн эсхүл ноцтой зөрчил гаргасан бол газар эзэмших эрхийг хүчингүй болгох”-оор заажээ.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт “...Г.А газар эзэмших эрхийг хүчингүй болсонд тооцсон дүүргийн Засаг даргын 2014 оны А/1083 дугаар захирамж Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт заасан эрхийн гэрчилгээ эзэмшигч газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг ноцтой зөрчсөн гэж заасантай нийцсэн гэж дүгнэлээ” гэжээ.

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт заасан зохицуулалтаас үзэхэд “газар эзэмшүүлэх гэрээний нөхцөлийг удаа дараа зөрчсөн” эсхүл “ноцтой зөрчил гаргасан” гэх байдлаар ялгамжтай зохицуулсан.

Өөрөөр хэлбэл иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний нөхцөлийг удаа дараа буюу хоёр ба түүнээс дээш зөрчсөн бол газар эзэмших эрхийг хүчингүй болгох эсхүл ноцтой зөрчил гаргасан тохиолдолд газар эзэмших эрхийг хүчингүй болгуулахаар тус тусад нь ялгаж хуульчилсан байна.

Гэтэл анхан шатны шүүх “гэрээний нөхцөлийг зөрчсөн нь өөрөө ноцтой зөрчил” гэж үзэж байгаа нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Нөгөөтэйгүүр хуульд ноцтой зөрчлийг тусгайлан зааж өгөөгүй байх тул талууд иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээнд ноцтой зөрчлийн тохиолдол бүрийг зааж түүнийг зөрчсөн тохиолдолд “ноцтой зөрчил” гаргасан гэх үндэслэлээр газар эзэмших эрхийг хүчингүй болгох боломжтой юм.

2.Г.А Баянгол дүүргийн Засаг даргын 2009 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн 478 дугаар захирамжаар тус дүүргийн 20 дугаар хороо “М” ХХК-ийн зүүн талд байрлах 3800 м.кв газрыг эзэмших эрхтэй болсон. Үүний дагуу Г.А 2009 оны 12 дугаар сарын 7-ны өдөр “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх” гэрээ байгуулсан байдаг.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн Баянгол дүүргийн Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн А/1083 дугаар захирамжийн хууль зүйн үндэслэлийг шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт “...гэрээний 3 дугаар зүйлд газар эзэмшүүлэгчийн эрх, үүргийг заасан байх бөгөөд 3.2-т “уг газрыг эзэмшүүлэхийн зэрэгцээ дараахь шаардлагыг газар эзэмшүүлэгчид тавих эрхтэй. Үүнд:

Өөрийн эзэмшил газар дээр барилгын өргөтгөл, шинэтгэлийг зохих зөвшөөрлийн дагуу хийх, ...”, 3.3-т “Газрыг гэрээний дагуу эзэмшээгүй 3.2 дугаар зүйлд тавьсан шаардлагыг биелүүлээгүй буюу Газрын тухай хуулийн 40.1.1-40.1.6-д заасан нөхцөл бий болсон тохиолдолд гэрээг хүчингүй болгож, дүүргийн Засаг даргын 2014 оны А/1083 дугаар захирамж Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт заасан эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг ноцтой зөрчсөн гэж заасантай нийцсэн байна” гэжээ.

Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний “Тав: Газрын талаарх эд хөрөнгийн эрхийн зарим зохицуулалт хэсгийн 5.5-д “Гэрээний талууд шаардлагатай гэж үзсэн бусад нөхцөл,

-зөвшөөрөлгүй барилга байгууламж барьсан тохиолдолд Газрын тухай хуулийн 57.3, 57.4, 57.5-д заасны дагуу арга хэмжээ авна” гэж заасан байна. Нэхэмжлэгч Г.Алтанцэцэг өөрийн эзэмшил газар дээрх гражийн барилгыг өргөтгөсөн буюу шинэчилсэн зүйлгүй харин шинээр барьсан байдаг. Үүнээс үзэхэд иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний 3.2, 3.3-т зааснаар шийдвэрлэх бус харин гэрээний 5.5-д зааснаар газар чөлөөлөх тухай мэдэгдлийг өгөх замаар шийдвэрлэх байтал хуульд заасан журмын дагуу шийдвэрлээгүй байна.

Гэтэл нэхэмжлэгчид газар чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл болон маргаан бүхий Баянгол дүүргийн Засаг даргын актыг ч мэдэгдээгүй байдаг.

Иймд дээрх үндэслэлээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШШ/2019/0090 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэлийн зарим шаардлага ойлгомжгүй, тийм ч учраас холбогдох нотлох баримтыг бүрэн цуглуулаагүй, мөн нэхэмжлэлийн зарим шаардлагад илтэд буруу дүгнэлт өгсөн нь шийдвэр гарахад нөлөөлсөн байх тул дараах үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.

1.Г.А тухайд анх Баянгол дүүргийн Засаг даргын 2009 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн 478 дугаар захирамжаар 3800 м.кв газар эзэмшиж, улмаар Нийслэлийн Засаг даргын 2015 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн А/378 дугаар захирамжаар газрын хэмжээг 423 кв-аар багасган 3377 м.кв газрын эзэмших эрхийг баталгаажуулахдаа дүүргийн Засаг даргын 478 дугаар захирамжийн нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болсонд тооцсон нь өдгөө хүчин төгөлдөр байна.

Гэтэл нэхэмжлэгчээс өөрийнх нь эзэмшил газрын хэмжээг багасгасан Нийслэлийн Засаг даргын энэхүү захирамжтай маргаагүйгээр үл барам 3377 м.кв газрын кадастрын зургийг мэдээллийн нэгдсэн санд оруулахгүй байгаа Нийслэлийн Газрын албаны эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, оруулахыг даалгах шаардлага гаргасан атлаа Баянгол дүүргийн Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн А/1083 дугаар захирамжийг хүчингүй болгуулахыг хүссэн нь ойлгомжгүй, өөрөөр хэлбэл А/1083 дугаар захирамжаар нэхэмжлэгчид 3800 м.кв газар эзэмшүүлсэн 478 дугаар захирамжийг хүчингүй болгосон байх бөгөөд үүнийг хүчингүй болгуулснаар 478 дугаар захирамж сэргэх боломжгүй, мөн А/1083 дугаар захирамжийн улмаас нэхэмжлэгчийн ямар эрх зөрчигдсөн болох нь тодорхойгүй байна. 

Учир нь 478 дугаар захирамжийг Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/378 дугаар захирамжаар хүчингүй болсонд тооцсон талаар дээр дүгнэсэн, нөгөөтэйгүүр нэгж талбарын дугаар бүхий газрыг эзэмших эрх олгосон нийслэл, дүүргийн Засаг даргын 2 хүчинтэй захирамж байх боломжгүй, түүнчлэн хариуцагч Баянгол дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “…Нийслэлийн Засаг даргын захирамж хүчинтэй байгаа энэ тохиолдолд газар эзэмших эрхийг хүчингүй болгосон дүүргийн Засаг даргын захирамжийг хүчингүй болгосноор үр дагавар үүсэхгүй…” гэх тайлбар зэргээс үзэхэд нэхэмжлэлийн энэхүү шаардлагыг тодруулах нь зүйтэй.  

2.Гуравдагч этгээд Д.Э, Л.А нарын тухайд Баянгол дүүргийн Засаг даргын 2006 оны 281 дүгээр захирамжаар анх 6000 м.кв газар эзэмшсэнээс хойш газрын хэмжээ нь 2014 оны А/26 дугаар захирамжаар 4812 м.кв, 2015 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн А/481 дүгээр захирамжаар 5567 м.кв, мөн оны 9 дүгээр сарын 3-ны өдрийн А/655 дугаар захирамжаар 4887 м.кв болон тус тус өөрчлөгджээ.

Гэтэл Засаг даргын 2015 оны А/655 дугаар захирамжаар мөн л хүчингүйд тооцсон буюу 2015 оны А/481 дүгээр захирамжаар эзэмшиж байсан 5567 м.кв газраас өөрийн эзэмшиж буй газартай давхцал бүхий хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж буй нь ойлгомжгүй, өөрөөр хэлбэл гуравдагч этгээд нар хүчин төгөлдөр захирамжаар 5567 м.кв бус 4887 м.кв газрыг эзэмших эрхтэй байна.

Шинжээчийн дүгнэлт шүүхээс тавьсан “Г.А Баянгол дүүргийн Засаг даргын 2013 оны А/915 дугаар захирамжаар эзэмшүүлсэн 3800 м.кв болон Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/378 дугаар захирамжаар баталгаажуулсан 3377 м.кв газрууд нь Баянгол дүүргийн Засаг даргын 2015 оны А/481 дүгээр захирамжаар гуравдагч этгээд Д.Э, Л.А нарт эзэмшүүлсэн 5567 м.кв газартай хэрхэн давхацсан болох” гэсэн асуултын хүрээнд хийгдсэн, гэтэл маргааныг бүрэн гүйцэт шийдвэрлэхийн тулд нэхэмжлэгчийн хүчин төгөлдөр захирамжаар эзэмших эрх бүхий 3377 м.кв газрын кадастрын зургийг хэрэгт авч улмаар 3377 м.кв газартай гуравдагч этгээд нарын эзэмшил 4887 м.кв хэрхэн давхцаж байгаа талаар дүгнэлт гаргуулах нь зүйтэй.

Шүүхийн шийдвэрт “…Г.А нь 3377 м.кв газрын кадастрын зураг үйлдүүлж, Газрын албанд хүлээлгэж өгөөгүй болох нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдсон…” гэж дүгнэснийг нэхэмжлэгчээс үндэслэлтэй гэж үзвэл “гуравдагч этгээдийн эзэмшил газрын давхцалтай хэсгийг хүчингүй болгуулах” болон “3377 м.кв газрын кадастрыг газрын мэдээллийн нэгдсэн санд бүртгүүлэхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлагууд бүхэлдээ ойлгомжгүй болохоос гадна энэ хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжгүй нөхцөл үүснэ.

Иймд Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/378 дугаар захирамжаар баталгаажуулсан 3377 м.кв газрын байршлыг тодруулах ажиллагаа хийх шаардлагатай байна.

3.Нийслэлийн Газрын албаны эс үйлдэхүй хууль бус болох нь тогтоогдохгүй, өөрөөр хэлбэл дээрх байдлаар 3377 м.кв газрын кадастрын зургийг хавсаргасан хүсэлтийг нэхэмжлэгчээс гаргаагүй гэж үзвэл “даалгах” шаардлагыг захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” гэсэн үндэслэлээр хүлээн авахаас татгалзах бус “хэрэгсэхгүй” болгож шийдвэрлэвэл зохино.  

Учир нь “харьяаллын бус” гэдэгт угаасаа захиргааны хэргийн шүүхэд харьяалагдахгүй маргааныг ойлгох болохоос эс үйлдэхүй нь хууль бус болох нь тогтоогдвол харьяаллын, харин “эс тогтоогдвол харьяаллын бус болно” гэж дүгнэх нь хууль зүйн үндэслэлгүй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4-т заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШШ2019/0090 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны журмаар дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

                                           

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                       Б.ТУНГАЛАГСАЙХАН

ШҮҮГЧ                                                                       Э.ЛХАГВАСҮРЭН